Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 274

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

156/2017/00260/И

           Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би Хэнтий аймгийн Хэрлэн сум, 5 дугаар баг, Саригийн 05-11 тоотод оршин суух, Батаагийн Баатархуягт холбогдох,

Зээл 10 314 453 төгрөг гаргуулах тухай,

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 17 өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 24 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Б.Баатархуяг болон батлан даагч, хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.Сүхбаатар нар нь 2013 оны 05 дугаар сарын 08 өдөр тус сангаас 15 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 0.25 хувийн хүүтэйгээр гэрээ байгуулан харилцан тохиролцож зээл авсан. Б.Баатархуяг, Ж.Сүхбаатар нар нь 2016 оны 05 дугаар сарын 30 өдөр үндсэн зээл      15 000 000 төгрөг, зээлийн хүү 693 225 төгрөгийг төлж дуусгах байсан боловч үндсэн зээл 9 393 855 төгрөг, хүү 657 570 төгрөгийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байна.

Иймд Б.Баатархуягаас үндсэн зээл 9 393 855 төгрөг, зээлийн хүү 657 570 төгрөг, алданги 263 028 төгрөг, нийт 10 314 453 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Б.Баатархуяг нь шүүхэд гаргасан тайлбартаа:

“Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сангийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би тус сангаас 2013 оны 5 дугаар сарын 08 өдөр тус сангаас 15 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 0.25 хувийн хүүтэй зээл авсан нь үнэн юм. Уг зээлийн үлдэгдэл 9 393 850 төгрөг, зээлийн хүү 657 570 төгрөг, нэмэгдүүлсэн хүү буюу торгууль 263 028 төгрөг, нийт 10 314 453 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасныг танилцаж ойлголоо. Энэ хэрэгт дахин гомдол гаргахгүй болно” гэжээ.

                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сан нь хариуцагч Б.Баатархуягт холбогдуулж 10 314 453 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Баатархуяг нь нэхэмжлэлийн шаардлага 10 314 453 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, бичгээр тайлбар гаргаж гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу хариуцагч  Б.Баатархуягаас 10 314 453 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 179 981 төгрөгийн 50 хувь болох 89 990,5 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Б.Баатархуягт холбогдох, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй, “зээл 10 314 453 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сан нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Баатархуягаас улсын тэмдэгтийн хураамж  179 981 төгрөгийн 50 хувь болох 89 990,5 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн   75.6-д заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч Б.Баатархуяг нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                          Э.АРИУНАА