Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                  

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Шүүгдэгч Т.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогтой Т.Өод холбогдох эрүүгийн 2007 00183 0168  дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 30 настай, халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт ...................................................... тоотод оршин суух бүртгэлтэй,

Урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 73 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 cap хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 557 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгож байсан, /РД: /. Боржигон овогт Т.Ө.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Т.Ө нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны орой Налайх дүүргийн 2 дугаар хороо 38 дугаар байрны 11 тоотод хохирогч Э.Эыг хүргэж ирсэн таксины жолооч "Ай фон Икс" маркийн гар утсыг яриад өгье гэж хэлээд хуурч мэхлэн шилжүүлэн авч иргэн Э.Эд 1.345.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс болон хэргийн оролцогч нарын зүгээс

дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

           

            Шүүгдэгч Т.Ө шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Э.Э өөрөө Улаанбаатар хотоос такси бариад Налайхад ирээд мөнгө өгөхгүй байсан. Тэгээд мөнгө өгөхгүй байхаар “утсаа өгч бай” гээд хэлсэн чинь “үгүй” гэсэн. Тэгээд эгчийнх нь гэр лүү ороод мөнгө авах гэсэн чинь эгч нь “мөнгө байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд утсыг нь аваад “мөнгө өгөөд аваарай” гээд хэлсэн. Тэгээд цагдаа дуудсан байсан....“ гэх мэдүүлэг,

 

            Хохирогч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цагийн орчимд Улаанбаатар хот "Хууль Сахиулах" сургуулийн урд зам дээрээс цагаан өнгийн приус 20 маркын тээврийн хэрэгслийг гар өргөж зогсоогоод “Налайх руу явах уу” гэсэн чинь “явна” гэж хэлэхээр нь суугаад Налайх руу хөдөлсөн. Тэгээд Налайх руу орж ирээд ............................... тоотод ирж тэндээсээ Л.Аыг гэрээс нь аваад .................. дүгээр байранд эгчийндээ хүргүүлсэн. Уг нь би хотоос ирсэн такситайгаа буцаж явна гэж бодоод нөгөө таксиныхаа жолоочтой эгчийнхээ гэр рүү хамт орсон. Тэгсэн нөгөө таксины жолооч манай эгчийнд хамт сууж байснаа "эгчээ та гар утсаа өгч байгаач, миний нэгж дуусчихлаа” гэж хэлээд миний гар утсыг аваад гарсан. Тухайн үед би нөгөө хүнийг орцон дотор ярьж байгаа юм байх гэж бодоод эгчийндээ хүлээгээд сууж байтал орж ирэхгүй болохоор нь би араас гартал орцонд байхгүй гадагшаа гараад хартал машинаа унаад явчихсан байсан. Тэгээд өөрийнхөө дугаар руу залгасан чинь холбогдох боломжгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн..."/хх-2-3/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Л.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 09 цагийн үед би гэртээ байж байтал манай найз Э.Э над руу залгаад "найз нь одоо Улаанбаатар хотоос гарч байна яваад очьё” гэж хэлсэн. Тэгээд би гэртээ байж байтал 10 цагийн үед Э.Э гаднаас нэг танихгүй залуутай орж ирж манайд цай уусан. Тэгээд манайхаас гараад .................. тоотод Э.Эын эгчийнд очсон чинь эгч, ах хоёр нь байхгүй байсан ба тэдний гэрт нь 30 гаран минут хүлээгээд сууж байтал гаднаас Э.Эын эгч, ах хоёр нь орж ирээд бид нар хоорондоо юм яриад сууж байтал Э.Этай хамт хотоос ирсэн залуу Э.Эаас “гар утсаа өгчих хүнтэй яръя” гэж хэлээд гар утсыг нь аваад гараад явсан. Тэгээд бид нар нөгөө залууг орцонд ярьж байгаа байх гэж бодоод орж ирэхгүй болохоор нь араас нь гараад хартал алга байхаар нь буцаж орж ирээд би Э.Эын ахтай нь 38 байрны "СӨХ" орж камерыг нь шүүгээд үзсэн чинь нөгөө залуу байрны гадаа гарч ирээд утсаар ярьж байгаа бололтой гар утсаа чихэн дээрээ тавиад ийш тийшээ харж зогсож байгаад машиндаа суугаад хөдлөөд явж байгаа дүрс бичлэг байсан...." /хх-26-27/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Т.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 12 цагийн үед гэртээ ирэхэд манай дүү охин найз Т болон нэг танихгүй залуутай байсан. Тэгээд би дүүтэйгээ хоорондоо юм ярьж байхад нөгөө танихгүй залуу манай дүүд гар утасаа өгөөч гэхэд манай дүү түүнд гар утсаа өгсөн. Тэр танихгүй залуу гэрээс гараад явсан. Эргээд орж ирэхгүй болхоор нь Т тэр танихгүй залуугийн араас явсан. Удалгүй гэрт иргэж орж ирээд “тэр залуу гадаа байхгүй байна ш дээ” гэж хэлсэн. Тэгээд бид нар сандраад СӨХ-н камер шүүж үзсэн..." /хх-33-34/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Т.Өын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: 

...Би тэр эмэгтэйн хэлснээр Налайх дүүрэгт 15 цаг орчимд ирсэн. Тэгтэл тэр үл таних эмэгтэй нэг гэр хороолол дундуур явж байгаад бас үл таних эмэгтэйг гэрээс нь аваад надтай хамт хотоос ирсэн эмэгтэйн эгчийн гэрт очсон. Тэгээд тэр эмэгтэйд “таксины мөнгөө өг” гэтэл “хүлээж бай, орой хамт буцаад явна” гэхээр нь “би мөнгөө аваад явмаар байна” гэтэл “чи юун сүртэй юм бэ манай эгчийн гэр лүү хамт оръё” гэж хэлэхээр нь би юм бодолгүй хамт орсон. Тэгээд гэрт нь орж сууж байгаад “би эхнэртэйгээ утсаар ярих хэрэг гараад надтай хамт хотоос ирсэн эмэгтэйд гар утсаараа нэг яриулчих” гэж хэлээд тус гар утсыг гэрээс нь авч гарангуутаа за яадаг юм гэж бодоод тэр үл таних эмэгтэйн гар утсыг аваад явчихсан..." /хх-56/ гэх мэдүүлэг,

 

Амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-20/,

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ны үнэлгээгээр "Ай фон икс" маркын гар утсыг 1.345.000 төгрөгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-43-44/,

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т.Ө нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны орой Налайх дүүргийн 2 дугаар хороо 38 дугаар байрны 11 тоотод хохирогч Э.Эыг хүргэж өгөөд айлд хамт ороод "Ай фон Икс" маркийн гар утсыг яриад өгье гэж хэлээд хуурч мэхлэн авч зугатан  иргэн Э.Эд 1.345.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Хохирогч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгсэн нөгөө таксины жолооч манай эгчийнд хамт сууж байснаа "эгчээ та гар утсаа өгч байгаач, миний нэгж дуусчихлаа” гэж хэлээд миний гар утсыг аваад гарсан. Тухайн үед би нөгөө хүнийг орцон дотор ярьж байгаа юм байх гэж бодоод эгчийндээ хүлээгээд сууж байтал орж ирэхгүй болохоор нь би араас гартал орцонд байхгүй гадагшаа гараад хартал машинаа унаад явчихсан байсан....”гэх мэдүүлэг,

Гэрч Л.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  "...Э.Этай хамт хотоос ирсэн залуу Э.Эаас “гар утсаа өгчих хүнтэй яръя” гэж хэлээд гар утсыг нь аваад гараад явсан. Тэгээд бид нар нөгөө залууг орцонд ярьж байгаа байх гэж бодоод орж ирэхгүй болохоор нь араас нь гараад хартал алга байхаар нь буцаж орж ирээд би Э.Эын ахтай нь 38 байрны "СӨХ" орж камерыг нь шүүгээд үзсэн чинь нөгөө залуу байрны гадаа гарч ирээд утсаар ярьж байгаа бололтой гар утсаа чихэн дээрээ тавиад ийш тийшээ харж зогсож байгаад машиндаа суугаад хөдлөөд явж байгаа дүрс бичлэг байсан...." гэх мэдүүлэг, Гэрч Т.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...нөгөө танихгүй залуу манай дүүд гар утсаа өгөөч гэхэд манай дүү түүнд гар утсаа өгсөн. Тэр танихгүй залуу гэрээс гараад явсан. Эргээд орж ирэхгүй болхоор нь Т тэр танихгүй залуугийн араас явсан. Удалгүй гэрт эргэж орж ирээд “тэр залуу гадаа байхгүй байна ш дээ” гэж хэлсэн..." гэх мэдүүлэг, Шүүгдэгч Т.Өын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:  “...Тэгээд гэрт нь орж сууж байгаад “би эхнэртэйгээ утсаар ярих хэрэг гараад надтай хамт хотоос ирсэн эмэгтэйд гар утсаараа нэг яриулчих” гэж хэлээд тус гар утсыг гэрээс нь авч гарангуутаа за яадаг юм гэж бодоод тэр үл таних эмэгтэйн гар утсыг аваад явчихсан..." гэх мэдүүлэг, амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ны үнэлгээгээр "Ай фон икс" маркын гар утсыг 1.345.000 төгрөгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.Өод холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн

шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

           

Иймд шүүгдэгч Т.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Шүүгдэгч Т.Өод холбогдох гэмт хэрэгт улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдах зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогтой Т.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Өод 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Өод оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Т.Ө нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай

           

5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Өод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД