| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00189/И |
| Дугаар | 277 |
| Огноо | 2017-05-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 277
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00189/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, шүүгч Ж.Болдбаатар, Л.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 11-13 тоотод оршин суух, Морьт овогт Аюушийн Энхтүвшин /РД:СР73060411/-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Л-46 дугаар байрны 3-08 тоотод оршин суух, Хашаат овогт Эрдэнэпүрэвийн Зоригт /РД:СЧ86050572/-д холбогдох
“Гэм хорын хохиролд 5 841 500 гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Энхтүвшин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг, хариуцагч Э.Зоригт, иргэдийн төлөөлөгч Л.Цэцэгсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Энхтүвшин нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 17 цаг өнгөрч байх үед Энхтүвшин миний бие Эвт худалдааны төвийн баруун хойноос хүн аваад таксины үйлчилгээ үзүүлж 3 дугаар багийн нутагт төв гудамжаар Капитал банкны харалдаа хойгуур нь 2 дугаар замаар 53-73 ХЭҮ Тоёото королла филдэр маркийн авто машинтайгаа явж байтал 1 дүгээр замаар явж байсан Приус 20 маркийн машин 1 дүгээр эгнээнээс зүүн гар тал руугаа огцом эргэж мөргөсөн. Уг хэргийн газар замын цагдаагийн зохицуулагч ахлах дэслэгч Мөнгөнцэцэг ирж шалгасан. Приус 20 маркийн машины жолооч Зоригт нь согтуу байсан. Энхтүвшин миний бие өөрийн машиныг 2016 оны 05 дугаар сарын 28-нд 11 000 000 төгрөгөөр худалдан авсан юм. Эхнэр бид 2 хоёулаа зээлтэй. Эхнэр маань 12 дугаар сард ажлаасаа халагдсан. Тэгээд зээлээ төлж чадахгүй болж машиныг 10 000 000 төгрөгөөр зарах гэж зар өгчихөөд би машинаараа таксины үйлчилгээнд явж 20 000-30 000 төгрөг олж түүгээрээ гэр бүлээ тэжээдэг. Үүнээс өөр орлого байхгүй учир хүнд болоод байгааг харгалзаж үзнэ үү.
Иймд Э.Зоригтоос хохирлын үнэлгээ 8 000 000 төгрөг, машиныг 11 000 000 төгрөгөөр аваад 01 дүгээр сард 10 000 000 төгрөгөөр зарах гэж байсан юм. Үнийн зөрүү 2 000 000 төгрөг, машинд зарцуулсан хохирлын нийт үнэлгээ 2 191 500 төгрөг, осол гарснаас хойш миний өдөр бүр олох ёстой байсан 60 хоногоор бодоход 1 200 000 төгрөг, Улаанбаатар хот руу засварын газарт засуулахаар ачиж явах тээврийн зардал болох 450 000 төгрөг, нийт 5 841 500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-3х/
Нэхэмжлэгч А.Энхтүвшин нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би энэ машиныг он гаргаад 10 000 000 төгрөгөөр зарах гэж байсан юм. Вендо үнэлгээний газраас гаргасан үнэлгээгээр хохирлыг 8 000 000 төгрөгөөр үнэлсэн. Үүний үнийн дүнгийн зөрүү 2 000 000 төгрөг болж байгаа юм. Би таксинд яваад өдөрт 20 000 төгрөгийг орлого олдог. Үүнийг 60 хоногоор бодоход 1 200 000 төгрөг, машинд зарцуулсан хохирлын нийт үнэлгээ 2 191 500 төгрөг, Улаанбаатар хот руу засварын газарт засуулахаар ачиж явах тээврийн зардал болох 450 000 төгрөг, нийт 5 841 500 төгрөгийг Э.Зоригтоос гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Зоригт нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Эрдэнэпүрэв овогтой Зоригт миний бие А.Энхтүвшингийн машинд нь хохирол учруулсан нь үнэн юм. А.Энхтүвшинтэй осол болсноос хойш машинд нь учирсан хохирол болох машины эд анги сэлбэгийг худалдаж авч өгөхөөр харилцан тохиролцож би Улаанбаатар хотын “Да хүрээ” захаас копут, крыло, их гэрэл, радиатор, гупер /урд/, урд нүүр, лонжром зэрэг эд ангиудыг худалдаж авч өгсөн юм. Одоо А.Энхтүвшин нь эдгээр эд ангийг машиндаа авч тавихгүй гээд надаас 5 841 500 төгрөгийг төлөхийг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн үед нэн даруй Улаанбаатар хот орж машины эд ангийг худалдан авч ирж, машиныг нь засаж өгөх талаар удаа дараа утсаар ярьж байсан. Миний зүгээс үнэлгээний дагуу.... эд ангиудыг нийт 1 900 000 төгрөгөөр худалдан авчирч өгсөн. Би Улаанбаатар хотод машин засварын газар ажилладаг тул удаа дараа нааш цааш явах боломжгүй байсан тул дээрх нөхцөл байдлыг хүлээн авахыг хүсэе гэжээ. /хх-ийн 42х/
Хариуцагч Э.Зоригт нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Осол болсноос хойш машинд учирсан хохирол болох машины эд ангийг худалдаж авч өгөхөөр харилцан тохиролцож би Улаанбаатар хотын “Да хүрээ” захаас сэлбэг, эд ангиудыг худалдаж авч өгсөн юм. Одоо А.Энхтүвшин нь эдгээр сэлбэг, эд ангийг машиндаа авч тавихгүй гэсэн. Би машиныг сайн засаж янзлаад өгөхөд бэлэн байгаа гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын өгч буй тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Энхтүвшин нь Э.Зоригтод холбогдуулан “автомашиныг мөргөж эвдэлсэн гэм хорын хохиролд 5 841 500 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч Э.Зоригт нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота Приус маркийн 69-88 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2,7а-д заасан зөрчил гаргаж иргэн А.Энхтүвшингийн эзэмшлийн 53-73 ХЭҮ улсын дугаартай Тоёото королла филдэр маркийн автомашиныг мөргөж гэмтэл учруулсан байна.
Хэрэгт авагдсан Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн гаргасан хохирлын үнэлгээ /хх-ийн 7х/-гээр нэхэмжлэгч иргэн А.Энхтүвшингийн 53-73 ХЭҮ Тоёото королла филдэр маркийн автомашинд 2 191 500 төгрөгийн шууд хохирол учирсан байна. Энэ хохирол гэм хорыг хариуцагч Э.Зоригтоос гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т: бусдын эрх,...эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэл/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.
Харин нэхэмжлэгч А.Энхтүвшин нь өөрийн өмчлөлийн 53-73 ХЭҮ Тоёото королла филдэр маркийн автомашиныг 2016 оны 05 дугаар сарын 28-нд 11 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ машинаа он гаргаад 10 000 000 төгрөгөөр зарах гэж байсан. Вендо үнэлгээний газраас гаргасан үнэлгээгээр хохирлыг 8 000 000 төгрөгөөр үнэлсэн. Үүний үнийн дүнгийн зөрүүнд хариуцагчаас 2 000 000 төгрөг нэхэмжилнэ гэж байгаа боловч хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд байх Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч нь уг автомашиныг Улаанбаатар хотын иргэн Д.Отгонсайханаас 8 000 000 төгрөгөөр худалдаж авсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Түүнчлэн таксинд яваад өдөрт 20 000 /хорин мянга/ төгрөгийг орлого олдог. Үүнийг 60 хоногоор бодоход 1 200 000 төгрөг болно. Энэхүү олох ёстой байсан мөнгийг нэхэмжилнэ гэсэн шаардлагын хувьд нэхэмжлэгч нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу харьяа татварын албанд бүртгүүлж, орлогоо тодорхойлуулж, зохих татварыг төлж байсан байдал тогтоогдохгүй байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм.
Мөн Улаанбаатар хот руу эвдэрсэн автомашинаа засварын газарт засуулахаар ачиж явах тээврийн зардалд 450 000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн шаардлагын хувьд хавтаст хэргийн 14 дүгээр хуудсанд Б.Батжаргал гэгч нь өөрийн эзэмшлийн 28-93 ХЭҮ улсын дугаартай Ниссан Кондор маркийн автомашинаар уг эвдэрсэн машиныг ачиж явна гэж тохиролцож 450 000 төгрөгийг авсан гэсэн тодорхойлолт үйлдсэн байгаа хэдий ч эвдрэлтэй байгаа нэхэмжлэгчийн автомашин Улаанбаатар хот руу тээвэрлэгдээгүй байх ба мөнгийг өгсөн гэх өөр баримт алга байна.
Иймд нэхэмжлэгч А. Энхтүвшингийн хариуцагч Э.Зоригтоос гэм хорын хохиролд 5 841 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим болох 2 191 500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 3 650 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар шүүхийн зардлыг нэхэмжлэгч, хариуцагч нарт тэнцүү хэмжээгээр хуваарилан хариуцуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар хариуцагч Э.Зоригтоос 2 191 500 /хоёр сая нэг зуун ерин нэгэн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А. Энхтүвшинд олгож, нэхэмжлэлээс үлдэх 3 650 000 /гурван сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч А.Энхтүвшингээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 101 241 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нөхөн төлүүлэх шүүхийн зардалд 50 014 төгрөгийг хариуцагч Э.Зоригтоос гаргуулж, нэхэмжлэгч А.Энхтүвшинд олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА
ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ