Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/140

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.ГАНБОЛД даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

Улсын яллагч Ц.Гэрэлчимэг,

            Шүүгдэгч Ж.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогтой Ж.Цэд холбогдох эрүүгийн 2107 00000 0172 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1956 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 65 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, тэтгэвэрт, ............................................................... тоотод ам бүл 6 эхнэр, хоёр хүүхэд, гурван зээгийн хамт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар  , ******* овогт Ж.Ц.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/        

 

Шүүгдэгч Ж.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ............................................................... тоотод У.Гын хэвлий тус газарт нэг удаа хутгалж улмаар түүний хэвлийн хэсэг хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй....” гэв.

 

Хохирогч У.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ............................................... тоотод өөрийн хамт ажилладаг найз Гын гэрт 19 цагийн орчимд очсон юм. Тэгээд Гын гэрт архи ууж сууж байгаад гарч дэлгүүр онгорхой байгаа эсэхийг харчихаад буцаад Гын гэр лүү орох гээд явж байтал Гын дүү О таарсан юм. Бид хоёр юм яриад явж байгаад Гын гэрийн хашаагаар нь ороод гэр лүү орох гээд байж байтал Гын аав Ж.Ц таараад "чи хэн бэ" гээд надаас асуухаар нь "би Гын нөгөө ээлжнийх нь *******, бид хоёр хамт ажилладаг найзууд байгаа юм" гээд хэлтэл “аан миний хүүгийн найз юм уу, гэр чинь хаана байдаг вэ” гэх мэт зүйл яриад их л найрсаг юм ярьж байсан. Тэгээд би Ж.Ц ахад архи авч өгье гэж бодоод байшин руу нь орж Оийг гэрээс нь дуудаад, “хамт дэлгүүр явчихаад ирье” гэж хэлээд Оийг хүлээгээд зогсож байтал Ж.Ц ах араас байшин руу орж ирэхдээ гартаа хутга барьчихсан орж ирээд, миний хэвлий хэсэгт хатгачихсан..... Би тэрийг сайн мэдэхгүй байна. Уг нь бид хоёр зүв зүгээр юм яриад зогсож байтал гаднаас орж ирэнгүүтээ шууд хутгалчихсан. Яагаад тэгсэнийг нь мэдэхгүй байна. Ж.Ц ах их согтчихсон байсан... Миний хэвлий хэсэгт 3 см орчим урттай жижиг зүсэгдсэн шархтай байсан. Би эмнэлэгт оёдол тавиулсанаас өөрөөр ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй...." /хх-11-12/ гэх мэдүүлэг,

 

            Гэрч Ц.О  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.... Тэгээд би гэрлүүгээ түрүүлж орж байсан чинь аав Ж.Ц гарч ирээд У.Гаас "Чи хэн бэ гэж асуухад" У.Г " Би Гын нөгөө ээлжний ******* байна" гэж хэлсэн. Тэгээд тэр 2 тэврэлдээд учиргүй сайхан зантай ярилцаж байсан. Тэгээд У.Г орж ирээд "******* хоёулаа дэлгүүр явчихаад ирье" гэж хэлсэн. Тэгэхээр нь би " яах гэж байгаа юм бэ" гэж асуухад "Ж.Ц ахад архи авж өгье" гэж хэлсэн. Тэгээд хэлээд зогсож байсан чинь гаднаас аав "Ж.Ц" орж ирээд У.Гтай юм ярьж байсан..... Тэгээд би тэр 2 луу хартал У.Г "Хутгалчихлаа ш дээ" гэж хэлсэн. Би “худлаа яриад байгаа ч” гэж хэлсэн чинь пудволкоо сөхөөд харуултал цус гарж байсан. Тэгээд би У.Гыг эмнэлэг рүү явья гэж хэлээд авя явсан. Эмнэлэг дээр хүргэж өгсөн чинь эмч “цаанаа байж бай” гэж хэлсэн.  Тэр хоёр зодолдож цохилцсон зүйл байхгүй, аав тэр хоёр зогсож байгаад У.Г ахын хэвлий хэсгээс цус гарч байсаныг нь харсан...." /хх-13-14/ гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би хамт ажилладаг найз У.Гыг автобус бааз дээр автобусаа тавьсаных нь дараа би өөрийн жижиг машинтайгаа очиж авсан юм. Тэгээд бид хоёр манай гэрт буюу Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 14-568 тоотод архи ууж байгаад би тасраад унтсан хойгуур аав У.Гыг гэмтээчихсэн байсан...." /хх-16/ гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ж.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр би ............................................... тоотод байх гэртээ гаднаас архи уучихаад орж ирсэн юм. Тэгээд авч орж ирсэн 0.33 литрийн архиа ганцаараа ууж дуусгачихаад нэг хашаанд байдаг хүүгийнхээ байшин руу ортол найзууд нь ирчихсэн байсан. Тэгээд би нэг найзтай нь юм ярьж зогсож байгаад хутга аваад хэвлий хэсэгт нь хатгачихсан. Би яг яагаад хутга авсан, яагаад тэр залууг зүссэн гэдгээ санахгүй байна. Би их согтчихсон байсан...” /хх-33/ гэх мэдүүлэг,

            Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 401 дүгээр шинжээчийн дүгнэлтэд: 

  1. У.Гын биед хэвлийн хэсэг хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-20-21/ гэх дүгнэлт,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-01/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-03-04/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-07/,

Яаралтай тусламжийн хуудас /хх-22-23/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа /хх-34/,

Шүүгдэгч гэм хорын хохирол болох 320.000 төгрөгийг төлж барагдуулсан хүсэлт /хх-59/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ............................................................... тоотод У.Гын хэвлий тус газарт нэг удаа хутгалж улмаар түүний хэвлийн хэсэг хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Хохирогч У.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж.Ц ах араас байшин руу орж ирэхдээ гартаа хутга барьчихсан орж ирээд, миний хэвлий хэсэгт хатгачихсан..... Би тэрийг сайн мэдэхгүй байна. Уг нь бид хоёр зүв зүгээр юм яриад зогсож байтал гаднаас орж ирэнгүүтээ шууд хутгалчихсан. Яагаад тэгсэнийг нь мэдэхгүй байна. Ж.Ц ах их согтчихсон байсан... Миний хэвлий хэсэгт 3 см орчим урттай жижиг зүсэгдсэн шархтай байсан. Би эмнэлэгт оёдол тавиулсанаас өөрөөр ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй...." гэх мэдүүлэг, Гэрч Ц.О  өрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Тэгээд би тэр 2 луу хартал У.Г "Хутгалчихлаа ш дээ" гэж хэлсэн. Би “худлаа яриад байгаа ч” гэж хэлсэн чинь пудволкоо сөхөөд харуултал цус гарж байсан. Тэгээд би У.Гыг эмнэлэг рүү явья гэж хэлээд авя явсан..." гэх мэдүүлэг, Гэрч Ц.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... аав У.Гыг гэмтээчихсэн байсан...." гэх мэдүүлэг, Шүүгдэгч Ж.Цийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд би нэг найзтай нь юм ярьж зогсож байгаад хутга аваад хэвлий хэсэгт нь хатгачихсан. Би яг яагаад хутга авсан, яагаад тэр залууг зүссэн гэдгээ санахгүй байна. Би их согтчихсон байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 401 дүгээр дүгнэлт, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, яаралтай тусламжийн хуудас зэргээр тогтоогдож байна.

           

            Шүүгдэгч Ж.Цэд холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

             Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хангаж ирүүлсэн нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан байна гэж үзэв.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Ж.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Ж.Цэд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал болгосныг шүүгдэгч нь сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд торгох ялыг тохиролцсоны дагуу оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хохирогч У.Г нь шүүгдэгч Ж.Цэд гомдолгүй, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг устгуулахаар шүүхийн эд мөрийн комисст шилжүүлэх нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогтой Ж.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цэд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цэд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ж.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг устгуулахаар шүүхийн эд мөрийн комисст шилжүүлсүгэй.

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Цэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД