| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2021/0126/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/141 |
| Огноо | 2021-08-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлчимэг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,
Улсын яллагч Ц.Гэрэлчимэг /томилолтоор/,
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогтой Б.Эад холбогдох эрүүгийн 2107 00000 0160 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1972 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ........................................................ тоотод эхнэрийн хамт оршин суудаг, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг журамлан өршөөлд хамруулсан, ******* овогт Б.Э, регистрийн дугаар .
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ........................................................ тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.От "архи авч өгсөнгүй" гэх шалтгаанаар түүний зүүн талын бугуйн хэсгээс нь татаж унагааж улмаар толгойн тус газарт нь хөлөөрөө өшиглөж биед нь духанд шарх, нүүр, зүүн бугуйн үед зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй...” гэв.
Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 14 цагийн үед би гэртээ байж байтал манай нөхөр Б.Э орой 21 цагийн орчим гэртээ ирсэн. Тухайн үед би өөрийн эзэмшлийн Өөрийн Өргөө гэх хүнсний дэлгүүртэй байж байсан. Тэгтэл манай нөхөр гаднаас дэлгүүрт орж ирээд намайг архи аваад өг гэхээр нь би үгүй харин хоёулаа гэртээ хария гэж хэлтэл би гэртээ харихгүй гэж хэлээд миний зүүн гарын бугуй хэсгээс татаж унагаагаад миний толгой орчим газар нэг удаа өшиглөсөн. Би тухайн үед хамарнаас цус гойжоод байна гэж бодтол үгүй байсан... Манай нөхөр Б.Э бид хоёр л байсан... Би тухайн өдрийн 13 цагийн орчим гэртээ байжбайхдаа 0,5 литрийн нийслэл нэртэй пиво хоёр лаазыг уусан тэрнээс хойшоо би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй орой намайг зодох үед би эрүүл болчихсон байсан.... Тухайн үед би Б.Эад архи авж өгөөгүй тэрнээс болоод намайг зодсон байх гэж би бодож байгаа... Манай нөхөр болох Б.Э нь учруулсан. Намайг архи авж өгөөгүй болохоор зодсон... Намайг өмнө нь цохиж, зодож байсан удаа байхгүй.. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй.." /хх-8-9/ гэх мэдүүлэг,
Гэрч А.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Б.Э гэх хүнийг сайн танина. Бид нар 1985 оноос хойш хамар хашаанд амьдарч байгаа. 36 жилийн турш таньж мэдэж байгаа. Б.Э нь сүүлийн 3 жил архи ууж байгаа....Миний мэдэхээр Б.Эын эхнэр Б.О хэрүүл хийгээд байгаа харагддаг. Би Б.Эыг эхнэрээ зодож, цохиж байгааг хараагүй, сонсож байгаагүй...." /хх-17/ гэх мэдүүлэг,
Гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би Б.Э гэх хүнийг танина. Манай ээжийн төрсөн ах нь байгаа юм. Б.Э ах бол уриалагхан зантай бас уур уцаар бага, инээгээ л явж байдаг. Хааяа ганц нэг архи уугаад байдаг. Найз нөхөдтэйгөө их дотно..." /хх-19/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр би 15 цагийн орчим гэрээсээ гараад найзуудтайгаа уулзаж байгаад гэртээ 21 цагийн орчим ирсэн. Би гэртээ орсон чинь манай эхнэр Б.О гэртээ байхгүй байхаар нь би дэлгүүрлүү ортол дэлгүүр дотроо байсан тэгэхээр нь би эхнэрээ дэлгүүрээс авж гараад гэр лүүгээ орж байгаад гэрийнхээ үүдэнд бид хоёр маргалдсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэргэлсэн байсан болохоор тухайн юу болсноо сайн санахгүй байгаа нэг мэдсэн эрүүлжүүлэхэд сэрсэн... Би тэрийг сайн мэдэхгүй байна ямар ч байсан тухайн үед эхнэр бид хоёр хоёулахнаа л байсан... Би архи согтууруулах ундааны зүйл хэргэлсэн байсан. З шил 0,75 литрийн Хараа нэртэй архи уусан.... Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан ямартай ч би эхнэрээ алгадаад дараа түлхсэн тэгтэл эхнэр газар уначихаад тэгээд юу болсноо санахгүй байгаа. Нэг мэдэхэд эрүүлжүүлэхэд сэрсэн.” /хх-34/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 393 дугаар шинжээчийн дүгнэлтэд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-2-6/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-23-24/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа /хх-42/,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-44-46/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-47-48/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-49-56/,
“ХЭЛТРЭГЭ”ХХК-ийн тодорхойлолт /хх-68/,
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад холбогдох хэргийг маань хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэх хүсэлт баримт /хх-69/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ........................................................ тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.От "архи авч өгсөнгүй" гэх шалтгаанаар түүний зүүн талын бугуйн хэсгээс нь татаж унагааж улмаар толгойн тус газарт нь хөлөөрөө өшиглөж биед нь духанд шарх, нүүр, зүүн бугуйн үед зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэйгээр санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр гаднаас дэлгүүрт орж ирээд намайг “архи аваад өг” гэхээр нь би “үгүй харин хоёулаа гэртээ харья” гэж хэлтэл “би гэртээ харихгүй” гэж хэлээд миний зүүн гарын бугуй хэсгээс татаж унгаагаад миний толгой орчим газар нэг удаа өшиглөсөн. Тухайн үед хамарнаас цус гойжоод байна гэж бодтол үгүй байсан... Манай нөхөр Б.Э бид хоёр л байсан... Би тухайн өдрийн 13 цагийн орчим гэртээ байж байхдаа 0,5 литрийн “Нийслэл” нэртэй пиво хоёр лаазыг уусан тэрнээс хойшоо би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй орой намайг зодох үед би эрүүл болчихсон байсан....гэх мэдүүлэг, Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр би 15 цагийн орчим гэрээсээ гараад найзуудтайгаа уулзаж байгаад гэртээ 21 цагийн орчим ирсэн.Би гэртээ орсон чинь манай эхнэр Б.О гэртээ байхгүй байхаар нь би дэлгүүрлүү ортол дэлгүүр дотроо байсан тэгхээр нь би эхнэрээ дэлгүүрээс авж гараад гэрлүүгээ орж байгаад гэрийнхээ үүдэнд бид хоёр маргалдсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэргэлсэн байсан болхоор тухайн юу болсноо яг тоочны сайн санахгүй байгаа нэг мэдсэн эрүүлжүүлхэд сэрсэн... гэх мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 393 дугаар дүгнэлт, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Яаралтай тусламжийн хуудас, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Эад холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хангаж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Эад холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал болгосныг шүүгдэгч нь сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд торгох ялыг тохиролцсоны дагуу оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогтой Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/
хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД