| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00186/И |
| Дугаар | 286 |
| Огноо | 2017-05-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 286
| 2017 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 156/ШШ2017/00286 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00186/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Өргөөгийн 02-05 тоотод оршин суух, Дашдэлэг овогт Санжаасүрэнгийн Отгонсүх /РД: ЛИ90032863/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Өргөөгийн 02-05 тоотод оршин суух, Хардал овогт Чогдорсүрэнгийн Ганбат /РД: ЛИ91071117/-д холбогдох
"гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, дундын өмч хуваалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Отгонсүх, түүний өмгөөлөгч Б.Болортунгалаг, хариуцагч Ч.Ганбат, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Отгонсүх, түүний өмгөөлөгч Б.Болортунгалаг нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч нь гэрлэлтээ цуцлуулж, хүү, охин хоёроо өөрийн асрамжид авч хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, дундын өмчөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах, “Toyota Ipsum” маркын авто машиныг авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
С.Отгонсүх Ч.Ганбат нар 2008 онд танилцаж, 2010 оноос гэрлэлтээ батлуулж хамт амьдрах болсон. 2010 оны 05 сарын 18-ны өдөр хүү Амин-Эрдэнэ, 2014 оны 08 сарын 19-ний өдөр охин Шүрэн-Эрдэнэ нарыг төрүүлсэн. С.Отгонсүх нь өөр хүнтэй гэр бүл болж байгаа. Мөн Ч.Ганбат ч гэсэн өөр хүнтэй амьдарч байгаа. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон учраас ийм нэхэмжлэл гаргасан.
2014 оны “Hyundai Mighty” маркын авто машиныг нэхэмжлэхгүй Ч.Ганбатад өгнө. Мөн Ч.Ганбат, С.Отгонсүхийн хамт амьдарч байсан хашаа байсан газрыг хариуцагчид үлдээнэ. 2016 оны малын А дансны малын тоогоор бодож үзээд 387 тооны мал, “Toyota Ipsum” маркын авто машиныг нэхэмжилж байна” гэв.
Хариуцагч Ч.Ганбат, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нар нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Малын хувьд 2016 оны малын А дансны хэмжээнээс дутсан. Цас зудтай байсан, мөн айлын хүмүүсээр малаа харуулж байсан учраас мал дутсан. Гэхдээ малыг очоод газар дээр нь тоолоод тэгээд ногдох хувийг нь өгье гэж хариуцагч хэлж байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 517 тооны мал хүрэхгүй болсон. Гэхдээ одоо байгаа малнаас оногдох хувийг нь өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа” гэв.
Шүүх хэрэгт цугларсан /хх 5-6, 7, 8, 9, 10, 11, 12, 13/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Отгонсүх нь хариуцагч Ч.Ганбатад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, дундын өмчийг хуваалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч С.Отгонсүх нь 2014 оны “Hyundai Mighty” маркын авто машин, Хэнтий аймаг Хэрлэн сумын 2 дугаар баг Өргөөгийн 2-05 тоотод байрлах хашаа байшинг нэхэмжлэхээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.
Зохигчид нь 2010 оны 06 дугаар сарын 16 өдөр гэр бүл болж, 2010 оны 05 дугаар сарын 18 өдөр хүү Г.Амин-Эрдэнэ, 2014 оны 08 дугаар сарын 19 өдөр охин Г.Шүрэн-Эрдэнэ нарыг төрүүлсэн болох нь №0131971 дугаарт гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх 5/, №0360042, №2301000411 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарууд /хх 5, 6/, өрхийн эмчийн эрүүл мэндийн тодорхойлолт /хх 11/, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх 10/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Зохигчид зан харьцааны таарамжгүй байдлаас болж 2016 оны 11 сараас хойш тус тусдаа амьдарсан, одоо хэн хэн нь өөр хүнтэй хамтран амьдарч байгаа, гэрлэлтээ цуцлууна гэж байгаа зэрэг нөхцөл байлаас шалтгаалан гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авах боломжгүй болжээ.
Иймд С.Отгонсүх, Ч.Ганбат нарын гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийн дассан орчин, гэрлэгчидийн тохиролцсон тохиролцоо зэргийг харгалзан 2010 оны 05 сарын 18-ны өдөр төрсөн хүү Амин-Эрдэнэ, 2014 оны 08 сарын 19-ний өдөр төрсөн охин Шүрэн-Эрдэнэ нарыг эх С.Отгонсүхийн асрамжид хэвээр үлдээж, Гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр эцэг Ч.Ганбатаас сар бүр тэтгэлэг гаргуулж, Г.Амин-Эрдэнэ, Г.Шүрэн-Эрдэнэ нарыг хуульд заасан насанд хүртэл тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Ч.Ганбат нь хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба малын А дансанд 398 тооны мал байхгүй гэх боловч энэ тухай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дагуу шийдэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасныг баримтлан хамтран өмчлөх дундын өмчлөлөөс “Toyota Ipsum” маркын авто машин болон 387 толгой 37 705 000 төгрөгийн үнэлгээ бүхий малыг С.Отгонсүх болон хүү Г.Амин-Эрдэнэ, охин Г.Шүрэн-Эрдэнэ нарт, “Hyundai Mighty” маркын авто машин болон 99 м2 талбай бүхий орон сууц, граш, газар, 3 тал хашаа, 130 толгой, 12 573 750 төгрөгийн үнэлгээ бүхий малыг хариуцагч Ч.Ганбатад тус тус хуваан ногдуулах боломжтой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, ... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөр зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг /165700₮*50%*2 хүүхэд*12 сар=1 988 400₮/ тодорхойлж, үүнээс улсын тэмдэгтийн хураамж тооцож, хариуцагчаас 46 764 төгрөгийг тэмдэгтийн хураамжид нөхөн гаргуулж улсын төсвийн орлого болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Ч.Ганбат, С.Отгонсүх нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу 2010 оны 05 сарын 18-ны өдөр төрсөн хүү Амин-Эрдэнэ, 2014 оны 08 сарын 19-ний өдөр төрсөн охин Шүрэн-Эрдэнэ нарыг эх С.Отгонсүхийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хүү Г.Амин-Эрдэнэ, охин Г.Шүрэн-Эрдэнэ нарыг 11 нас хүртэл амьжиргааны түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас, мөн насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй болвол/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, сар бүр эцэг Ч.Ганбатаас тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасныг баримтлан хамтран өмчлөх дундын өмчлөлөөс, “Toyota Ipsum” маркын авто машин болон 387 толгой 37 705 000 төгрөгийн үнэлгээ бүхий малыг С.Отгонсүх болон хүү Г.Амин-Эрдэнэ, охин Г.Шүрэн-Эрдэнэ нарт, “Hyundai Mighty” маркын авто машин болон Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Өргөөгийн 02-05 тоот хаягт байршилтай 99 м2 талбай бүхий орон сууц, граш, газар, 3 тал хашаа, 130 толгой, 12 573 750 төгрөгийн үнэлгээ бүхий малыг хариуцагч Ч.Ганбатад тус тус хуваан ногдуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 446 675 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ганбатаас 446 675 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 46 764 төгрөг гаруулж улсын төсвийн орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба 119.4, 119.7-д зааснаар энэ өдрөөс 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуулийн дагуу тоолоход саад болохгүй болохыг зохигчдод мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА