Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2022/0943/З |
Дугаар | 221/МА2023/0349 |
Огноо | 2023-05-24 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2023/0349
“Д” СӨХ-ны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ундармаа
Нэхэмжлэгч: “Д” СӨХ
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс
Гуравдагч этгээд: М.С, Р.Б нар
Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо /одоогоор 20-р хороо/, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 57 дугаар байрны зоорийн давхрын 20а тоот хаягт байршилтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн Ү-2206032917 дугаар бүхий бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, Ү-2206032617 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2023/0256 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч, гуравдагч этгээд М.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн
Хэргийн индекс: 128/2022/0943/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Д” СӨХ нь Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо /одоогоор 20-р хороо/, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 57 дугаар байрны зоорийн давхрын 20а тоот хаягт байршилтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн Ү-2206032917 дугаар бүхий бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, Ү-2206032617 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2023/0256 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д” СӨХ-ноос гаргасан “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо /одоогоор 20-р хороо/, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 57 дугаар байрны зоорийн давхрын 20а тоот хаягт байршилтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн Ү-2206032917 дугаар бүхий бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, Ү-2206032617 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч “Д” СӨХ-ны өмгөөлөгч М.Ундармаа миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 256 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
3.1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх өөрөө гүйцэтгэдэг ч нотлох баримтыг Улсын бүртгэлийн газрын харьяа Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтсээс нотлох баримт дутуу шалгаж хэрэгт ач холбогдолтой материалыг цуглуулаагүй нотлох баримтыг дутуу үнэлсэн байгаа тул гомдол гаргаж байна.
Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.3-д “гомдол гаргагч тал анхан шатны шүүх хуралд авагдаагүй нотлох баримтыг заах эрхгүй тул гомдолд тусгасангүй.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар “Эд хөрөнгө бүртгэл хөтлөх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.4, 4.4.2-т заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Энэ нь 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн “С” ХХК-ийн захиалан бариулах тоот гэрээний дагуу захиалгын гэрээ бүрд гэрчилгээ бичигдэхгүй юм. Яг энэ хэсэгт буюу барилга байгууламж шинээр ашиглалтад оруулах “С” ХХК-ийн компанийн захиалгын гэрээ нь хууль бус, нийтийн өмчлөлөөс таслан авч гэрээ хийсэн байна гэж харахаар байна.
Энэ үйлдэл нь эд хөрөнгө бүртгэлийн тухай хууль, 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 38 дугаар ерөнхий журмын бүртгэл хөтлөх журмаа улсын бүртгэгч ноцтой зөрчсөн гэж харагдаж байхад үүнийг шүүх дүгнээгүй юм. Бүртгэгчийн оролцоотой үйлдэл байсаар байхад хариуцагч тал шүүхэд төөрөгдүүлсэн тайлбар гаргасан. Шүүх холбогдох журмыг бүхэлд нь хянаж үзээгүй шийдвэр гаргасан.
М.С “С” ХХК-ийн хооронд байгуулсан анхны орон сууц захиалан бариулах тоот гэрээ хүчин төгөлдөр эсэхийг шүүх шалгаж үзээгүй байна. Үүний дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хоёр болон гуравдагч этгээдэд шилжүүлсэн үйлдэл Эд хөрөнгө бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 13.9 дэх заалтаар мэдүүлэг гаргагч эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг өөрөө хариуцах юм. Энэ нь гуравдагч тал М.С, Р.Б нар Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан орон сууц захиалан бариулах гэрээг хууль бусаар барилгын компанитай байгуулсан. Хүчин төгөлдөр бус байх магадлалтай юм.
3.2. Хариуцагч улсын бүртгэгч нь маргаан бүхий 25 м.кв талбай хэрхэн тогтоож үл хөдлөх хөрөнгийн метр квадрат талбайг тогтоосон байгааг тодорхойлох баримт гаргаж өгөөгүй байхад хавтаст хэрэгт байгаа барилгын зоорийн давхрын зургаар жижүүр, техникийн өрөө гэсэн план зургийг хянаж үзээгүй байна. Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн Эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан доод хонгил, сууцны бус зориулалттай техникийн өрөө, орон сууцны байшингийн халаалтад халуун хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт хамаарна. Энэ нь дундын өмч юм гэх хуулийг шүүх хэрэглээгүй нь ойлгомжгүй байна.
Барилга архитектур төлөвлөлтийн анхны батлагдсан зураг Орон сууцны дундын өмчлөлийн тухай хууль, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хууль зэргийг хэрэглээгүй нь шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй юм.
3.3. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ Ү-2206032917 тоот үл хөдлөх хөрөнгө нь 25 м.кв талбай. Тус талбайг нотолсон талбайн зураг нь үл хөдлөх хөрөнгийн талбайн план зураг биш байна. Үүнийг тодруулан харвал Зоорийн байгууламжийн зурагт №3 техникийн өрөө 9.10 м.кв, №4 жижүүр 13.43 м.кв талбай нийт 22.53 м.кв байхад Ү-2206032917 дугаартай үл хөдлөх хөрөнгө нь 25 м.кв гэсэн нь барилга байгууламжийн батлагдсан зургаас зөрчсөн байгааг хянаж үзэлгүй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүртгэх боломжгүй юм. Энэ нь Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 14.1.6-д талбайг харуулсан байгууламжийн хэмжээс батлагдсан зураг байхгүй. Эд хөрөнгө бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 14.1.8-д хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл хийсэн хэлцэлтэй агуулгаараа илт зөрүүтэй бол гэсэн нь зоорийн давхрын зураг 25 м.кв талбайд хүрэхгүй байна.
Хоёр өөр зориулалт бүхий талбайг нийлүүлсэн зургийг тодруулагч харандаагаар тодруулан №20а гэж бичиж мэдүүлэг гаргахдаа хавсаргасан нь хууль бус үйлдэл байхад хянаж үзсэнгүй. Эд хөрөнгө бүртгэлийн тухай хуулийн 14.1.19-д дээрх мэдээлэл зөрүүтэй бол мэдүүлэг хүлээн авахаас татгалзах байтал улсын бүртгэгчийн бүртгэсэн анхны бүртгэл Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 13, 14 дүгээр зүйл, 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “ЭД хөрөнгө бүртгэх журам”-ын 38.4 дүгээр зүйлийг бүхэлд нь мөрдөөгүй байгаа зэрэг анхан шатны шүүх үүнийг үнэлж хуулийг хэрэглээгүйд гомдол гаргаж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч, гуравдагч этгээд нараас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болон хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй, хэрэгт авагдсан баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
3.1. Нэхэмжлэгч “Д” СӨХ нь “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо /одоогоор 20-р хороо/, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 57 дугаар байрны зоорийн давхрын 20а тоот хаягт байршилтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн Ү-2206032917 дугаар бүхий бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, Ү-2206032617 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь анхны барилгын зурагт жижүүрийн өрөө, техникийн өрөө гэж тусгагдсан байдаг. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарч байгаа ... гэвч М.С, Р.Б нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн Ү-2206032917 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон нь “Д” СӨХ болон тухайн орон сууцны оршин суугчдын эрхийг ноцтой зөрчиж байна ... өөрөөр хэлбэл, дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарч байгаа талбайг бусдын өмчлөлд бүртгэсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу улсын бүртгэл хийхээс татгалзах ёстой байсан” гэж тайлбарлан маргажээ.
3.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд маргаан бүхий Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо /одоогоор 20-р хороо/, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 57 дугаар байрны зоорийн давхрын 20а тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө анх гуравдагч этгээд М.Сын өмчлөлд 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032917 дугаарт бүртгэгдэж, 000325085 дугаар гэрчилгээ олгогдсон байна.
3.3. Улмаар 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр Ц.Ггийн өмчлөлд, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр бэлэглэлийн гэрээний үндсэн дээр Р.Бын өмчлөлд, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мөн бэлэглэлийн гэрээгээр Р.Б, М.С нарын өмчлөлд тус тус бүртгэгдэж, гэрчилгээ олгогдсон болох нь тогтоогдож байна.
4.
4.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “... үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2206032917 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүх хянаж үзэхдээ нотлох баримт дутуу шалгаж, Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтсээс хэрэгт ач холбогдолтой баримтыг цуглуулаагүй ... “С” ХХК, М.С нарын хооронд байгуулсан захиалгын гэрээ нь хууль бус, нийтийн өмчлөлөөс таслан авч гэрээ хийсэн байхад улсын бүртгэгч нь бүртгэл хөтлөх журам ноцтой зөрчиж бүртгэл хийсэн. ... зоорийн байгууламжийн зурагт техникийн өрөө 9.10 м.кв, жижүүр 13.43 м.кв, нийт 22.53 м.кв талбай гэж байхад Ү-2206032917 дугаартай үл хөдлөх хөрөнгө нь 25 м.кв гэж барилга байгууламжийн батлагдсан зургаас зөрсөн байгааг хянаж үзээгүй” гэж тайлбарлаж байгаагаас үзвэл нэхэмжлэгч “Д” СӨХ-ны гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо /одоогоор 20-р хороо/, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 57 дугаар байрны зоорийн давхрын 20а тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг анх гуравдагч этгээд М.Сын өмчлөлд 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032917 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгож, 000325085 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах” гэж ойлгогдохоор байна.
4.2. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэргийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тодруулалгүйгээр “...хамгийн сүүлд хийгдсэн бүртгэлтэй холбоотой шаардлагатай нотлох баримтуудыг хавсаргаж хүргүүлсэн болох нь тогтоогдсон, хариуцагчаас мэдүүлгийг хүлээн авч бүртгэл хийн гэрчилгээг олгосон нь зөв...” гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт ... хүчингүй болгуулах, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн” гэж тус тус заасныг зөрчсөн байна.
5. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2-т “Мэдүүлэг хүлээн авахдаа мэдүүлгийг үзүүлэлт бүрээр бүрэн гүйцэт бөглөсөн эсэх, түүнд хавсаргасан нотлох баримтууд зөрүүтэй эсэхийг шалгана. Нотлох баримтын хуулбарыг шаардлагатай тохиолдолд эх хувьтай нь тулгаж авна”, 4 дүгээр зүйлийн 4.4-т “Шинээр баригдсан барилга байгууламж, нийтийн орон сууцны зориулалттай барилгын өмчлөх эрхийг анхны удаа улсын бүртгэлд бүртгэхэд дараах шаардлагыг хангасан байвал зохино” гээд 4.4.2-т “хэд хэдэн этгээд хөрөнгө оруулж барьсан тохиолдолд хөрөнгө оруулагчдын нэрсийн жагсаалт, оногдох талбай, хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулсан огноо, тэдгээртэй холбоотой гэрээ хэлцэл зэргийг тодорхой тусгасан “Захиалгаар бариулсан орон сууцны жагсаалт” /хавсралт дугаар/-ыг улс, аймаг, нийслэлийн мэргэжлийн комиссын актын хамт албан бичгээр урьдчилан ирүүлж болно. Энэ тохиолдолд улсын бүртгэгч нь энэхүү жагсаалтыг мэдүүлгээр ирсэн нотлох баримтуудтай тулган хянаж энэхүү журмын 8.12, 8.13-т заасан үндэслэл байгаа эсэхийг шалгаж бүртгэнэ” гэж тус тус заасан.
5.1. Хэрэгт авагдсан “С” ХХК, М.С нарын хооронд байгуулсан 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 20а дугаар “Захиалгаар баригдаж байгаа орон сууцны конторын зориулалттай талбай захиалах, ашиглалтад оруулах гэрээ”-нд “... зоорийн давхрын 25 м.кв бүхий 20а тоот конторын байрыг” гэж заасан, 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 167/008 дугаар “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”-д “126 айлын орон сууц, зоорийн давхарт 26 автомашины гаражтай” гэж бичигдсэн, нэхэмжлэгчээс “... “С” ХХК, М.С нарын байгуулсан гэрээ нь хууль бус, нийтийн өмчлөлийн талбайг худалдахаар гэрээ хийсэн” гэж, гуравдагч этгээдээс “... маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авах үед оффисын зориулалттай талбай байсан” гэж зөрүүтэй байдлаар тайлбарлан маргасан байхад анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг тодруулаагүй байна.
6.1. Түүнчлэн Стандарт хэмжил зүйн газрын 2019 оны 02 дугаар сарын 28-ны №УЭЛ-046:2019 тоот “Шалгалт тохируулгын гэрчилгээ”-нд хавсаргасан барилгын анхны зурагт жижүүрийн өрөө 13.43 м.кв, техникийн өрөө 9.10 м.кв, нийт 22.53 м.кв гэж тэмдэглэсэн байхад ямар учраас улсын бүртгэлийн гэрчилгээнд 25 м.кв гэж бүртгэгдсэн, мөн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч “... 2009 онд шатны хонгил болон техникийн өрөө бүхий хэсэг хоосон цулгай өрөө байсан. Тухайн хонгилыг тус байрны оршин суугчид бид бүхэн өөрсдөө хана босгож хийсэн” гэж тайлбарласныг гуравдагч этгээд үгүйсгээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар оршин суугчид хана босгож, өрөө болгосноор объектын хэмжээ өөрчлөгдсөн эсэхийг шүүх тодруулаагүй, холбогдох баримтыг мөн цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй.
5.3. Өөрөөр хэлбэл, барилгыг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой “С” ХХК-иас улсын бүртгэлийн байгууллагад өгсөн анхны бүртгэлийн жагсаалтад маргаан бүхий объектыг хэрхэн тусгасан, гуравдагч этгээд М.С нь орон сууц захиалах гэрээ байгуулсан бол анхны бүртгэлд оруулах нийт айлуудын жагсаалтад байгаа эсэхийг тодруулж, хариуцагч Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс холбогдох баримтыг гаргуулан, хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарын зөрүүтэй байдлыг арилгаж, хэргийг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай байна.
6. Мөн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна” гээд 15.1.1-д “орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө” гэж зааснаар маргаан бүхий объект нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна гэж маргасан байхад “...М.С нь анх мэдүүлэг гаргахдаа өөрийн гарын үсгийг зураагүй, план зургийг хавсаргаагүй байх хэдий ч энэ нь бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл биш...” гэсэн байдлаар дүгнэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулсны үндсэн дээр хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн цуглуулж шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2023/0256 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ