Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 074

 

             Баян-Өаймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч: “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй;

              Хариуцагч: Ө-сумын хогийн цэгт хамгаалалтын хашаа барих ажлын гүйцэтгэгчийг  шалгаруулах Үнэлгээний хороо,  Ө-сумын Засаг даргын Тамгын газарт тус тус  холбогдох,

            “Ө-сумын хогийн цэгт хамгаалалтын хашаа барих ажлын гүйцэтгэгчийг  шалгаруулах Үнэлгээний хорооны 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 4 дүгээр дүгнэлт, захиалагч Ө-сумын Засаг даргын Тамгын газраас “Ж” ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Ө-сумын хогийн отвалын хамгаалалтын хашаа татах тендерийн ажлын гэрээ”-г тус тус хүчингүй болгож, уг ажлын гүйцэтгэгчээр “Ө” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах саналыг захиалагчид хүргүүлэхийг даалгах тухай”  нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, хариуцагч Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга  бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, гуравдагч этгээд “Ж” ХХК-ийн захирал Т.Т,  шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

            Нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баян-Өаймгийн Ө-сумын Засаг даргын Тамгын газраас Ө-сумын хогийн отвалын хамгаалалтын хашаа татах БӨАӨСЗДТГ/201904019 дугаартай ажил гүйцэтгэх хялбаршуулсан цахим тендерийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зарласан.Манай компани нь тус тендерт оролцохоор холбогдох материал, үнийн саналаа заасан хугацаанд хүргүүлсэн.2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр орон нутгийн цагаар 11 цаг 30 минутад тендерийг нээхэд нийтдээ 5 компани санал ирүүлсэн байсан .Манай компани үнийн саналын хувьд хамгийн бага 20,928,957 төгрөгийн санал ирүүлсэн байхад Үнэлгээний хороо хамгийн өндөр санал ирүүлсэн “Ж” ХХК-ийг шалгаруулж холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн.

Өсумын Засаг даргын Тамгын газрын дарга 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 3/357 дугаартай мэдэгдлийг тухайн өдөр үйлдсэн мөртөө манай компани болон оролцогч бусад компаниудад тухайн үед тарааж өгөлгүй хугацаа хэтрүүлж хуульд заасан гомдол гаргах 5 хоногийн хугацаа өнгөрсний дараа ирж авахыг мэдэгдсэн.Миний бие тухайн мэдэгдлийг 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаартай албан бичгээр Сангийн яаманд хандсан.Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтын гарын үсэгтэй 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 6-1/5207 дугаартай албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу гомдлоо шүүхэд гаргана уу гэсэн хариу өгсний дагуу эрх ашгаа хамгаалуулахаар танай шүүхэд хандаж байна.

Тендерийн үнэлгээний хороо гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах шийдвэр гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар сарын 27.4–т  заасны дагуу танай тендер шаардлага хангаагүй гэсэн нь ямар ч үндэслэлгүй. Манай компани нь зохих шаардлага хангасан тендерийн материал хүргүүлсэн. Бидний зүгээс Үнэлгээний хорооны дарга, гишүүдтэй уулзахад бид мэдэхгүй, манай хороо хуралдаж зохих шийдвэрээ гаргаагүй гэсэн аман хариу өгсөн. Энэ нь Үнэлгээний хороо зохих ёсоор сонгон шалгаруулалт хийгээгүй болохыг нотолж байна. Тухайн Үнэлгээний хороо мэргэшсэн сертификаттай хүмүүс үү, мэргэшсэн хүмүүс дүгнэлт гаргасан уу? гаргаагүй юу гэдэгт эргэлзсэнийг давхар хэлье. Яагаад гэвэл “Өгөөж барс” ХХК-ийн бүх зүйлийг шалгаад, өрсөлдөгч компани болох “Ж” ХХК-ийн материалыг бүрэн гүйцэд шалгаагүй гэж үзэж байгаа. Жишээ нь: тендер шалгаруулалтын үзүүлэлт  дээр тухайн компанийн барилгын инженер нь ерөнхий инженер байна. Сүүлийн 3 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байх ёстой гэж заасан  мөртлөө “Ж” ХХК-ийн  ерөнхий инженер К.Хумар гэдэг хүн 3 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байна. Мөн банкны зээлгүй гэсэн тойрох хуудсыг “Ж” ХХК 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр, шүүхийн Тамгын газрын тодорхойлолтыг бас 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр авсан байна. Тодорхойлолтыг тендер зарласнаас хойш авах ёстой. Хөдөлмөр, хамгааллын инженер Ж.Майрагүлийн диплом байхгүй, гэхдээ 1-5 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байна.  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа худалдан авах ажиллагааны гарын авлагад зааснаар 14-16 дугаар зүйлийг хангасан байх ёстой, санхүүгийн чадавхи, төсөв гээд бүх юм байх ёстой мөртлөө тухайн компанийн мэргэжлийн төсөвчин гэж К.Хумарын тамганы дардас нь дандаа дутуу байсан. Тийм учраас шалгаж өгөх тухай хүсэлт гаргасан. Хариу ирсэн байх. Үнэлгээний хороо ашиг сонирхлын зөрчилтэй, гүйцэд шалгаагүй, төсөвчний тамга,тэмдгийг шалгаж үзээгүй, хайнга хандсан гэж үзэж байгаа.

Иймд Үнэлгээний хорооны Баян-Өаймгийн Өсумын отвалын хамгаалалтын хашаа татах тендерийн ажил гүйцэтгэгчээр “Ж” ХХК-ийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулахыг санал болгосон 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 4 дугаартай дүгнэлт, Өсумын хогийн отвалын хамгаалалтын хашаа татах ажил гүйцэтгэгчээр “Ж” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулсан Өсумын Засаг даргын Тамгын газрын гэрээг хүчингүй болгож, дээрх ажлын гүйцэтгэгчээр “Ө” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах саналыг захиалагчид хүргүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

            Хариуцагч Өсумын хогийн цэгт хамгаалалтын хашаа барих ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах Үнэлгээний хорооны шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Баян-Өаймгийн Өсумын Засаг даргын Тамгын газраас Өсумын хогийн отвалын хамгаалалтын хашаа татах БӨАӨСЗДТГ/201904019 дугаартай ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны даргаар О.Емшибай, гишүүдэд Х.Болашах, Х.Алдаберген, Х.Жанибек, нарийн бичгийн даргаар С.Б нар Өсумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/30 дугаар тушаалаар томилогдон, уг цахим тендерийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зарласан. Тендерийг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр орон нутгийн цагаар 11 цаг 30 минутад нээхэд нийтдээ 5 компани санал ирүүлсэн. “Ө” ХХК нь 20,928,957 төгрөгийн, “Ж” ХХК нь 22,900,000 төгрөгийн тус тус үнийн санал ирүүлсэн. Хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Ө” ХХК нь  дараах шаардлагыг хангаагүй юм. Үүнд: 1.Харилцагч байгууллагуудын тодорхойлолтыг тендер зарлахаас өмнө авсан. 2.Голлох инженер нь 5-аас дээш жил ажилласан байх шаардлагыг хангаагүй, 2 дахь жилдээ ажиллаж байгаа. Тиймээс Үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар “Ө” ХХК-ийг шаардлага ханаагүй гэж үзэж, 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрээр дараагийн бага үнийн санал ирүүлсэн “Ж” ХХК-ийг тендерт шалгарсан гэж үзээд Өсумын Засаг даргад гэрээ байгуулахыг уламжилсан болно. Тендерийн тухай хуульд тендерт оролцогч  компаниуд төсвөө заавал мэргэшсэн  төсөвчнөөр хийлгэнэ гэсэн заалт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй учраас хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Өсумын Засаг даргын Тамгын газрыг төлөөлж дарга Ч.Бахатжан шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.3 дахь заалтыг үндэслэн “Ө” ХХК нь тендерийн болзол, шаардлага хангаагүй гэж үзсэн. “Ж” ХХК нь ажлаа эхэлсэн учир уг компанийг хохироох боломжгүй. “Ө” ХХК нь захиалагч талын тавьсан шаардлагыг хангаагүй гэж хорооны гишүүд үзэж байгаа. Гомдлоо хугацаанд нь гаргаагүй. Мэдэгдэх хуудас өгөх үед бичиг баримтад заасан утасны дугаар аваагүй. Тухайн үед хөдөө байсан гэсэн тайлбар хэлсэн. Үнийн саналаа аль зардлаас яаж буулгахаа тодорхой зааж өгөөгүй. Иймд “Ө” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “Ж” ХХК-ийн захирал Т.Т шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус тендерт нийт 5 компани оролцож тендерийн ажиллагаанд 5 компанийн төлөөлөгчид байлцаж нээлт хийхэд “Ө” ХХК 20,928,957 төгрөг, “Ж” ХХК 22,900,000 төгрөг, “Ганбарс” ХХК 23,000,000 төгрөг, “Хотын цамхаг” ХХК 23,950,000 төгрөг, “Заулим Гимарат” ХХК нь 24,700,000 төгрөгийн тус тус үнийн санал хүргүүлсэн. Үүнээс “Ө” ХХК нь хамгийн бага үнийн санал хүргүүлсэн боловч тендерт тавигдах шаардлагыг хангаагүй учир дараачийн бага үнийн санал хүргүүлсэн манай “Ж” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны дүгнэлт гарсан. Энэ талаар Үнэлгээний хорооноос 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр манай компанид албан ёсоор мэдэгдэж, урилга өгсний дагуу 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Өсумын Засаг даргын Тамгын газартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан юм.Нэгэнт тендерт тавигдах шаардлагыг хангаагүйгээс болж хасагдсан “Ө” ХХК-аас гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. Нөгөө талаар “Ө” ХХК нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлэн Сангийн яаманд хандсан гэдгээ анхаарах ёстой гэж үзэж байна. “Ө” ХХК нь хүндэтгэн  үзэх шалтгаангүйгээр Үнэлгээний хорооноос өгсөн мэдэгдлийг хугацаандаа ирж авахгүйгээр гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн байсан. Мөн “Ө” ХХК-ийн инженер болон боловсон хүчин нь тухайн тендерийн техникийн шаардлагад заасан 5 жилээс дээш жил ажилласан гэсэн шаардлагыг хангаагүй байсныг өөрсдөө үгүйсгэж чадаагүй болно.

Тендер зарлахад тухайн тендерт ямар шаардлага тавьж байна, тухайн шаардлагын дагуу тендерт оролцогч бид нар материалаа бэлддэг. Энэ удаагийн тендерт тавьсан шаардлагын дагуу материалаа бэлдэж оролцоод “Ж” ХХК шалгарсан. Мэргэшсэн төсөвчний асуудлыг ярьж байна, зарим тендерт төсвөө заавал мэргэшсэн  төсөвчнөөр хийлгэ гэж шалгуур үзүүлэлтэд оруулсан байдаг. Гэхдээ энэ тендерт тийм шалгуур үзүүлэлт оруулаагүй. К.Хумар гэдэг хүн өмнө нь төсөв хийж байсан. Барилгын төсвийг  “Estimator” гэж тусгай программаар хийдэг. Тухайн программ нь К.Хумарт байгаа, тэр программын дагуу хийсэн. Тодорхойлолтын хувьд зарим тендерт мөн адил тендер зарласнаас хойш байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. Энэ тендерт тийм шаардлага тавиагүй. Мөн сүүлд банкнуудын 06 дугаар сарын тодорхойлолтуудыг авчирч өгсөн.

Иймд Өсумын хогийн отвалын хашаа татах БӨАӨСЗДТГ/201904019 дугаартай ажил гүйцэтгэх Үнэлгээний хорооны 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 4 дугаартай дүгнэлт, Өсумын Засаг даргын Тамгын газрын “Ж” ХХК-тай байгуулсан Өсумын хогийн отвалын хамгаалалтын хашаа татах тендерийн ажлын гэрээг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгчээс тус шүүхэд  анх “Өсумын хогийн цэгт хамгаалалтын хашаа барих гүйцэтгэгчийг шалгаруулах Үнэлгээний хорооны 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 4 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгож, уг ажлын гүйцэтгэгчээр “Ө” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах саналыг захиалагчид хүргүүлэхийг даалгах тухай” шаардлагатай нэхэмжлэлийг Үнэлгээний хороонд холбогдуулан  гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиалагч Өсумын Засаг даргын Тамгын газраас  “Ж” ХХК-тай  2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Өсумын хогийн отвалын хамгаалалтын хашаа татах тендерийн ажлын гэрээ”-г хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн болно. 

Баян-Өаймгийн  Өсумын хогийн цэгт хамгаалалтын хашаа барих ажлын  гүйцэтгэгчийг шалгаруулах Үнэлгээний хороог  Өсумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/30 дугаар захирамжаар 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж[1], 25,004,324 төгрөгийн төсөвт өртөг бүхий  харьцуулалтын аргаар зохион байгуулах уг тендерийн үнийн санал авах урилгыг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр худалдан авах ажиллагааны цахим системээр буюу  tender.gov.mn вэб.сайтаар нийтэд зарлан мэдээлснээр[2] “Ганбарс” ХХК, “Заулимгимарат” ХХК, “Ж” ХХК, “Ө” ХХК,”Хотын цамхаг” ХХК-ууд  тендер ирүүлжээ[3].

Үнэлгээний хороо тендер шалгаруулалтад оролцогчдын тендерийг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр нээж, энэ талаар тэмдэглэл үйлдэж[4], улмаар 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 5 компанийн тендерийг хянан үзээд хамгийн бага үнийн санал ирүүлсэн  “Ө” ХХК-ийн тендерийг  шаардлагад нийцээгүй  гэж үнэлж,удаахь хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Ж” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үнэлээд 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 4 дугаартай дүгнэлт гаргаж,  гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгсөн[5]  байна.  Улмаар захиалагч Өсумын Засаг даргын Тамгын газраас  “Ж” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэснээр  2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр “Өсумын хогийн отвалын хамгаалалтын хашаа татах тендерийн ажлын гэрээ”-г  байгуулж[6], тус компани нь гэрээнд заасан ажлыг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гүйцэтгэж дууссанаар  2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр барилга, байгууламжийг  ашиглалтад оруулах комиссын актаар уг барилга, байгууламжийг ашиглалтад оруулсан[7] байх ба эдгээр үйл баримтууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  тус тус тогтоогдож байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн  12.1-д “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана”, 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана” гэж тус тус заасан. Мөн хуулийн  14 дүгээр зүйлийн 14.4,15 дугаар зүйлийн 15.4,16 дугаар зүйлийн 16.2-т тус тус зааснаар тендерт оролцогчийн ерөнхий нөхцөл, санхүүгийн чадавхи, туршлага болон техникийн чадавхийг тодорхойлох баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичгийг тендерийн баримт бичигт тусгайлан заахаар зохицуулсан бөгөөд энэхүү тендерийн баримт бичиг болох Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн[8] ТОӨЗ 1.1 гэсэн хэсэгт “3.Ерөнхий инженер нь үндсэн ажилтан байна. Тухайн салбарт 5-аас дээш жил ажилласан байна”, “Тендерт оролцогч нь 1.Татварын өргүй эсэхийн тодорхойлолт, 2.Харилцагч банкнаас хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай  тодорхойлолт, 3.Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт,.... 7. Нийгмийн даатгалын тодорхойлолт ирүүлэх, даатгуулагчийн тоо заасан байх НД-8 маягт сүүлийн 3 сарын байдлаар” гэж тус тус заажээ.

Хариуцагч Үнэлгээний хорооноос нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн тендерийг Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан “ерөнхий инженер нь тухайн салбарт 5-аас дээш жил ажилласан байх” гэсэн шаардлагыг хангаагүй, мөн холбогдох байгууллагуудын тодорхойлолтыг тендер зарлахаас өмнө авсан нь   шаардлага хангахгүй гэж  үзээд шаардлагад нийцээгүй тендер гэж үнэлсэн  гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн  ирүүлсэн тендерийн баримт бичгээс үзэхэд  тус компани нь худалдан авах ажиллагаанд оролцохдоо  гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг тогтоосон шүүхийн шийдвэр  байхгүй талаарх Баян-Өаймаг дахь  шүүхийн Тамгын газрын[9],  иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тухай тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын[10], нийгмийн  даатгалын шимтгэлийн өр төлбөргүй болох тухай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн[11]  тодорхойлолтыг тус тус  тендер зарлахаас өмнө буюу 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр авсан, мөн Үндэсний татварын албаны тодорхойлолтыг[12] 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр авсан байна. Гэхдээ  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтод хүчинтэй байх хугацааг 30 хоног, Үндэсний татварын албаны тодорхойлолтод  хүчинтэй хугацааг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гэж тус тус заасан, Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолтод “Ө” ХХК нь нийт 4 даатгуулагчийн  2019 оны 1-5 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн талаар тусгасан байгаагаас гадна нэхэмжлэгчээс Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд зааснаар 2019 оны 1-5 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан болон ногдуулалтын  талаарх Маягт НД-7,   Маягт НД-8-ыг тус тус ирүүлсэн[13] болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн Баян-Өаймаг дахь  шүүхийн Тамгын газрын тодорхойлолтыг тендер зарлахаас өмнө  авсан байгаа хэдий ч  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д зааснаар уг асуудлаар захиалагч тайлбар, тодруулга авах боломжтой байсан,  түүнчлэн Баян-Өаймаг дахь  шүүхийн Тамгын газрын 2019 оны  10 дугаар сарын 04-ний өдрийн 382 дугаар албан бичгээр[14]  нэхэмжлэгч “Ө” ХХК нь худалдан авах ажиллагаанд оролцохдоо  гэрээний үүрээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг тогтоосон шүүхийн шийдвэр  байхгүй болох нь тогтоогдож байх тул  энэ үндэслэлээр   тус компанийн тендерийг шаардлагад нийцээгүй  гэж үнэлсэн  нь үндэслэлгүй гэж үзлээ.

Харин нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн ерөнхий инженер бөгөөд барилгын инженер С.Ержан нь Монголын үндэсний их сургуулийн Барилгын инженерийн сургуулийг иргэний  ба үйлдвэрийн барилга мэргэжлээр 2017 онд төгссөн болох нь “Ө” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичигт байгаа С.Ержаны бакалаврын дипломоор[15] тогтоогдож байх тул тендерийн баримт бичигт заасан “ерөнхий инженер нь тухайн салбарт 5-аас дээш жил ажилласан байх” гэсэн чадавхийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: 27.1.1.энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага”, 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана”, 28 дугаар зүйлийн 28.3-д “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна”, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Тендер шалгаруулалтыг онцгой журмаар явуулахтай холбогдсон энэ хуулийн 32-34 дүгээр зүйлээр зохицуулаагүй харилцааг энэ хуулийн 2 дугаар бүлгийн холбогдох зүйл, хэсэг, заалтаар зохицуулна”, 33 дугаар зүйлийн 33.2-т “Харьцуулалтын аргыг дараахь байдлаар хэрэглэнэ: 33.2.2.техникийн болон бусад нөхцөл шаардлагыг хангаж байгаа хамгийн бага үнэ санал болгосон тендерт оролцогчид энэ хуулийн 29.1-д заасны дагуу гэрээ байгуулах эрх олгох” гэж  тус тус зохицуулсан.

Иймд захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлагыг хангахгүй байгаа “Ө” ХХК-ийн   тендерийг  шаардлагад нийцээгүй гэж үзсэн Үнэлгээний хорооны дүгнэлт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.3, 27.4,31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь заалттай тус тус нийцсэн байх ба 28 дугаар зүйлийн 28.3-д зааснаар шаардлагад нийцсэн тендерт үнэлгээ хийхээр зохицуулсан тул нэхэмжлэгчээс хамгийн бага үнийн санал ирүүлсэн  нь гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах үндэслэл  болохгүй юм.

Нэхэмжлэгчээс “Хогийн цэгийн хамгаалалтын хашаа барих ажлын хувьд ерөнхий инженер нь тухайн салбарт  5-аас дээш жил ажилласан байх гэсэн шаардлага тавьсан нь  үндэслэлгүй” гэсэн тайлбар гаргасан  боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Тендерт оролцогч тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээллийг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын таваас доошгүй хоногийн өмнө захиалагчаас авах хүсэлтийг бичгээр гаргаж болно” гэж заасны дагуу тухайн асуудлын талаар тодруулах, нэмэлт мэдээлэл авах боломжтой байсан. Мөн  хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт,... гаргана” гэж зааснаар  дээрх асуудлаар гомдол гаргах эрхтэй байсан. Гэвч нэхэмжлэгч уг хүсэлт гаргах, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, тендерийн баримт бичигтэй танилцаж ,түүнд тусгагдсан шаардлагуудыг зөвшөөрч тендерээ ирүүлсэн гэж үзэхээр байна

Түүнчлэн нэхэмжлэгчээс гуравдагч этгээд “Ж” ХХК-ийн  тендерийг шаардлага хангаагүй буюу тендер шалгаруулалтын үзүүлэлт  дээр тухайн компанийн барилгын инженер нь ерөнхий инженер байна,сүүлийн 3 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байх ёстой гэж заасан  мөртлөө ерөнхий инженер К.Хумарын 3 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, тодорхойлолтыг тендер зарласнаас хойш авах ёстой байтал  банкнуудын болон шүүхийн Тамгын газрын тодорхойлолтыг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр авсан, хөдөлмөр, хамгааллын инженер Ж.Майрагүлийн диплом байхгүй,   ажлын төсвийг мэргэшсэн төсөвчин батлаагүй гэж тус тус маргасан.

Дээр дурдсанаар Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд “Ерөнхий инженер нь үндсэн ажилтан байна. Тухайн салбарт 5-аас дээш жил ажилласан байна”, “Тендерт оролцогч нь Нийгмийн даатгалын тодорхойлолт ирүүлэх, даатгуулагчийн тоо заасан байх НД-8 маягт сүүлийн 3 сарын байдлаар” гэж тус тус заасан. Гуравдагч этгээд “Ж” ХХК-ийн тендерийн баримт бичгээс үзэхэд ажилтнуудын тушаал болон  2019 оны 1-5 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын  талаарх Маягт НД-8-ыг тус тус ирүүлсэн[16] бөгөөд 2019 оны 4,5 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын  Маягт НД-8-д тусгаснаар К.Хумарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн, тэрээр  үндсэн ажилтан  болох нь  тус тус тогтоогдож байна. Мөн харилцагч банкнуудад өргүй тухай тодорхойлолт[17] болон Баян-Өаймаг дахь  шүүхийн Тамгын газрын тодорхойлолтын[18] хувьд “Ж” ХХК нь тендер зарлахаас өмнө  авсан байгаа хэдий ч  уг асуудлаар  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д зааснаар захиалагч тайлбар, тодруулга авах боломжтой байсан,  түүнчлэн  хэрэгт цугларсан нотлох баримтаар[19] гуравдагч этгээд “Ж” ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар харилцагч банкнуудад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй, мөн тус шүүхийн Тамгын газрын 2019 оны  10 дугаар сарын 04-ний өдрийн 382 дугаар албан бичгээр[20] худалдан авах ажиллагаанд оролцохдоо  гэрээний үүрээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг тогтоосон шүүхийн шийдвэр  байхгүй  болох нь тус тус  тогтоогдсон болно.  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн  12.2, 27 дугаар зүйлийн 27.1-д тус тус зааснаар тендерт оролцогчийн тендер нь захиалагчийн тогтоож, тендерийн баримт бичигт тусгасан чадавхийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянаж үзэхээр зохицуулсан тул  уг тендер шалгаруулалтын  баримт бичигт  хөдөлмөр, хамгааллын ажилтны талаар шаардлага тусгаагүй, мөн ажлын төсвийг  мэргэшсэн төсөвчнөөр хийлгэсэн байх гэсэн шаардлага тавигдаагүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн маргаан нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иймд Өсумын хогийн цэгт хамгаалалтын хашаа барих  ажлын гүйцэтгэгчээр “Ж” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь заалттай  нийцсэн байх ба  нэхэмжлэгч “Ө” ХХК нь захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдсон тул дээрх шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээрх  үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн Үнэлгээний хорооны  “Ж” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үнэлж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгсөн  2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 4 дугаартай дүгнэлт болон  захиалагчийн тус компанитай байгуулсан гэрээ хүчингүй болгож,  уг ажлын гүйцэтгэгчээр “Ө” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах саналыг захиалагчид хүргүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

Захиалагч Өсумын Засаг даргын Тамгын газраас “Өсумын хогийн цэгт хамгаалалтын хашаа барих тендер шалгаруулалтад ирүүлсэн “Ө” ХХК-ийн тендер шаардлага хангаагүй, уг ажлын гүйцэтгэгчээр шалгарсан  “Ж” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн тухай” 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 3/357 дугаар албан бичгийг  нэхэмжлэгч “Ө” ХХК-д 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүргүүлж мэдэгдсэн[21] байна. Улмаар нэхэмжлэгчээс ажлын 5 өдрийн дотор  буюу 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаар албан бичгээр төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргаснаар Сангийн яамнаас 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 6-1/5207 дугаар албан бичгээр гомдлоо шүүхэд гаргах талаар хариу өгсөн[22], мөн “Ж” ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг захиргааны журмаар  урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангасан, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14,  107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.3, 27.4,  28 дугаар  зүйлийн 28.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.2.2-т заасныг тус тус  баримтлан нэхэмжлэгчийн “Өсумын хогийн цэгт хамгаалалтын  хашаа барих ажлын  гүйцэтгэгчийг  шалгаруулах Үнэлгээний хорооны 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 4 дүгээр дүгнэлт, захиалагч Өсумын Засаг даргын Тамгын газраас  “Ж” ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Өсумын хогийн отвалын хамгаалалтын хашаа татах тендерийн ажлын гэрээ”-г тус тус хүчингүй болгож, уг ажлын гүйцэтгэгчээр “Ө” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах саналыг захиалагчид хүргүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЕРКЕШ

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 33-р хуудас

[2] Хэргийн 52,72-73,75-р хуудас

[3] Хэргийн 67-69,70-71-р хуудас

[4] Хэргийн 67-69-р хуудас

[5] Хэргийн 70-71,78-р хуудас

[6] Хэргийн 5,13-14-р хуудас

[7] Хэргийн 55-56-р хуудас /2-р хавтас/

[8] Хэргийн 55-56-р хуудас

[9] Хэргийн 123-р хуудас

[10] Хэргийн 122-р хуудас

[11] Хэргийн 124-р хуудас

[12] Хэргийн 125-р хуудас

[13] Хэргийн 159/ар тал/,160-164-р хуудас

[14] Хэргийн 58-р хуудас/2-р хавтас/

[15] Хэргийн 167-170-р хуудас

 

[16] Хэргийн 225 /ар тал/,226, 14-19-р хуудас/2-р хавтас/

[17] Хэргийн 13-р хуудас/2-р хавтас/

[18] Хэргийн 12-р хуудас/2-р хавтас/

[19] Хэргийн 41-р хуудас/2-р хавтас/

[20] Хэргийн 58-р хуудас/2-р хавтас/

[21] Хэргийн  44-46-р хуудас /2-р хавтас/

[22] Хэргийн 6-р хуудас