Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 28

 

МАГАДЛАЛ

2018      07        05                                                        28

  Ж-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

             Нарийн бичгийн дарга              Н.Энхнаран                 

            Орчуулагч                                  Т.Жавхлан

            Прокурор                                   С.Алтай

            Шүүгдэгчийн өмгөөлөгч           Ц.Өлзийбаяр, О.Сайнгэрэл,

                                                               Д.Урансувд

            Хохирогчийн хууль ёсны

                                    төлөөлөгч           Д.Б

             Хохирогчийн хууль ёсны

            төлөөлөгчийн өмгөөлөгч           М.Энхтуяа

            Шүүгдэгч                                    Ж нар оролцов.

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд, Ц.Өлзийбаяр, О.Сайнгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлоор, шүүгдэгч Ж-д холбогдох эрүүгийн 201611000447 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж, 1969 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, БНХАУ-ын иргэн, дунд боловсролтой, ковшийн жолооч мэргэжилтэй, ХХК-д ковшийн оператор ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ХХК-ийн хот дахь төлөөлөгчийн газарт оршин суух, ял шийтгэлгүй.

 

Ж нь 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн орчим, Дорнод аймгийн сумын багийн нутагт дэвсгэрт орших ХХК-ний далд уурхайн 1005 дугаар түвшинд 35-23 УБ дугаартай Sinome ACY-2C  маркийн ачигч машинаар  Jin Fang маркийн 97-34 ДОА дугаартай ачааны машиныг мөргөж, машины гадна талд байсан Н.О-г ачааны автомашин болон уурхайн хананы завсар хавчуулан болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон гэмт   гэмт  хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтай шүүгдэгч Ж-г “болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон” гэж үзэн,  2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор:

1/Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж-ийн үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг болгон зүйлчилж;

2/ Шүүгдэгч Ж-ийг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож;

3/2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж-ийг нэг жил зургаан сарын хорих ялаар шийтгэн;

4/2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж-д оногдуулсан нэг жил зургаан сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож;

5/Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь  бусдад төлөх төлбөргүй, компанийн зүгээс хохирогчийн төлөөлөгчид 150,000,000 төгрөг өгсөн, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус  дурдан;

6/Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт баримт бичгээр хураагдаж ирсэн хоёр ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээг ХХК-д буцаан олгож, шүүгдэгчийн гадаад паспортын хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,  2 ширхэг Си Ди, 1 ширхэг флаш дискийг хэрэгт хавсаргаж үлдээхээр тогтоож;

7/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан  хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар ...шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж давж заалдах гомдолдоо:

“Би хүний амь насыг хохироогоогүй. Шүүх бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, үнэн зөвийг олж чадаагүйд гомдолтой байна.

Ачааг нь ачиж өгөөд би дараагийн ачилт хийхээр хонгилийн ам руу явсан. Хонгил руу явдаг зам нарийн учраас ковшийн шанага хонгил руу харсан байдлаар очиж, тэр байдлаараа буцаад ирдэг. Ачаагаа ачаад ирэхэд талийгаачийн машин хананд ойртоод уурхайн аманд зогсож байсан. Намайг машины гэрлээр хэд хэдэн удаа тусгахад байрандаа байсан. Энэ хүнийг осолд орсон байна гэх бодол надад төрөөгүй. Н бид хоёр энэ үйл явдлыг хамгийн түрүүнд хоёр талаас нь харсан гэрч. Хэрэв би Монгол хүн, монгол хэл мэддэг байсан бол тэр үед учрыг нь олох гэж Н-тай адилхан гүйх л байсан. Хэл мэдэхгүй болохоор осол болсныг хараад дарга нартаа хэлэхээр явсан маань Монгол хүнд зугтаасан болж ойлгогдсон.

Н-н олон янзаар ярьсан,  үндэс угсаагаар ялгаварласан, гүтгэсэн мэдүүлгийг эрүүл, зөв ухаанаар ялган харж бодит байдлыг шударга үнэнээр тогтоож өгөхийг хүсье” гэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд давж заалдах гомдолдоо:

“Ж-г гэм буруутай гэсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй учраас түүнийг цагаатгах үндэслэлтэй гэж гомдол гаргаж байна.

Шүүх  гэрч Д.Б, Э.Т, М.О, Ц.М нарын мэдүүлгийг үндэслэсэн нь буруу. Учир нь, тэдгээр хүмүүс хэргийн бодит байдлыг хараагүй, мэдэхгүй, дамжмал байдлаар мэдүүлж байгаа ба яг Ж бусдыг болгоомжгүй алсан талаар мэдүүлээгүй.  Гэрч Ц.М хэргийн газарт ослын схем зураг үйлдэн, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч цагдаагийн ажилтан байтал түүнийг гэрчээр асуусан нь зөрчилтэй байна. Тэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 –д заасан гэрч байх этгээд биш.

Ачааны автомашины порчик зурагдсан, ковшийн шанага ба сэрээний үзүүр зурагдсан, ачааны автомашины баруун зүүн талын дугуйны ард талд 1.20 метр гулссан мөр зэрэг нь хохирогчийн машиныг шүүгдэгчийн машин мөргөсөн гэдгийг нотлохгүй. Дугуйн гулссан мөр үүсэхэд Ж-н ямар үйлдэл нөлөөлсөн гэдгийг юугаар тогтоогоод байгаа юм бэ? Тээврийн хэрэгслүүдэд үүссэн зурагдсан ул мөр нь байнга хатуу биеттэй харьцаж байдаг үйлдвэрлэлийн ажлын онцлогоос шалтгаалан хэзээ ч үүссэн байж болох нь гэрчүүдийн мэдүүлгээс харагддаг. Эдгээр ул мөрийг хэзээ үүссэн, яг тухайн үйлдэлтэй холбоотой гэдгийг эргэлзээгүйгээр нотолж чадаагүй байтал шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь тогтоолыг эргэлзээтэй болгож байна.

Хэрвээ шанага дотроо хүдэр ачсан ковшоор ачааны автомашиныг мөргөсөн тохиолдолд хүдэр газраар асгарах байсан гэдэг нь туршилтаар тогтоогдож байдаг. Тэгвэл хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл дээрээс үзвэл осол болсон газар шороо, хүдэр унасан болох нь тогтоогдоогүй. Энэ нь тухайн үед мөргөх үйлдэл хийгдээгүй гэдгийг нотолдог. Ер нь осол талийгаачийн өөрийнх нь үйлдэлтэй холбоотой болохыг МХЕГ-ын шинжээчийн 2016 оны 11-р сарын 24-ний өдрийн дүгнэлтээр нотлогдсон.

Хэрэв машины араас мөргөж урагш хүч үйлчилсэн бол хана машин хоёрын дунд хавчуулагдсан биет нэгээс нөгөө орон зайд өөрчлөгдөхөд нүүрэн хэсэгт шарх илүү үүсэх магадлалтай. Гэтэл талийгаачийн нүүрэн хэсэгт ийм ул мөр байхгүй байгаа нь араас нь мөргөн урагш түлхэх нөхцөл байгаагүй болохыг нотолж байна.

Гэрч Н-ын мэдүүлэг тогтвортой бус. Мэдүүлгээс мэдүүлэгт үйл явдлыг өөрчлөн ар талд нь байсан, ард талд тулаад зогсож байсан, мөргөөд арагш ухраад зогсож байсан, мөргөж байсан, машинаа ухрааж байсан гэж зөрүүтэй мэдүүлж байгаа нь үнэн зөв гэж үзэхэд эргэлзээ үүсгэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ  гэж заасныг үндэслэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, Ж-г цагаатгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр давж заалдах гомдолдоо:

“Шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1.Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Гэрч, хохирогч нар нь  хэрэг учрал болох үед тухайн газарт байж болсон нөхцөл байдлыг хараагүй тул тэдний мэдүүлэг шууд нотлох баримт болохгүй. Гэрч Н-ын мэдүүлэг нь тогтворгүй, Ж-г буруутгасан өнгө аяс нь цаг ямагт нэмэгдэж ирсэн, бусад нотлох баримтаар эргэлзээгүй нотлогдоогүй, бусад баримтаар үгүйсгэгдэж байгааг шүүх анхаараагүй.

Гэрч Н нь хамгийн анх Ж-д хэлсэн зүйлийг тэрээр хэл мэдэхгүйн улмаас ойлгоогүй, дараа нь М.О, М.Х нарт хэлсэн зүйл дотор “ковшийн жолооч Ж дүүгийн машиныг түрээд алчихлаа” гэсэн зүйл огт хэлээгүй байдаг.

Туршилтаар ачааны машин нь кардан татаагүй үед өөрөө өнхөрч явсан, ачааны машиныг ковшоор түлхэж үзэхэд газарт их хэмжээний шороо чулуу унаж байгаа нөхцөл байдал нь Ж талийгаачийн машиныг мөргөсөн гэдгийг үгүйсгэж байна.

Н-ын мэдүүлж байгаагаар Ж-н ковшийн шанага талийгаачийн машин руу харсан байсан юм бол хэргийн газрын үзлэг хийх үед яагаад эсрэг зүг рүү харж зогссон байх билээ. Энэ хооронд гэрчүүд хөдөлгөж болохгүй гээд сумын хэсгийн төлөөлөгч нарыг иртэл хөдөлгөөгүй гэдэг нь гэрч М.О-н мэдүүлэгт тусгагдсан байдаг.

2.Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

Нэр томъёоны хувьд 2002 оны Эрүүгийн хуульд алах, алсан гэсэн санаатай гэмт хэргийн шинжийг агуулсан байдлаар томъёолсон бол 2015 оны Эрүүгийн хуульд амь насыг хохироох гэж зөөлрүүлж томъёолсон. Мөн 2002 оны Эрүүгийн хуульд хүнийг биечлэн ял эдлүүлэх зохицуулалт зонхилж байсан бол 2015 оны Эрүүгийн хуулийн эрүүгийн хариуцлагын зорилго нь илүү хүмүүнлэг тал руугаа хөгжиж, хүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хохирлыг нөхөн төлүүлэх, нийгэмшүүлэх болж өөрчлөгдсөн. Түүнчлэн 2015 оны Эрүүгийн хуульд хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжууд тусгагдсан тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэн 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь зүйтэй юм.

Ж нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, журам зөрчсөн гэх нотлох баримт байхгүй, харин осолдогч Н.О нь автомашиныг зогсоох үед тохиромжтой газрыг сонгох бөгөөд хаа хамаагүй зогсож болохгүй, машиныг зогсоосны дараа түлхүүрийг авч, гар тоормосыг татах журмыг зөрчсөн болох нь МХЕГ-ын улсын байцаагч нарын дүгнэлтээр нотлогдсон. Иймд Ж нь талийгаачийн машиныг түрсэн нь нотлогдсон ч гэсэн түүний үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр авч үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, талийгаачийн машин асаалттай үед хууль, журам, дүрэмд зааснаар талийгаач машин дотроо байх үүрэгтэй боловч үүргээ биелүүлээгүй, мөргөсний улмаас амь хохирогч гэмтэж, үхэж болох хор уршиг учирч болохыг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан гэдэг нь үндэслэлгүй юм.

3.Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 11 хоногийн дараа шийтгэх тогтоолыг гардаж авах үедээ шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах хүсэлт гаргасан боловч тэмдэглэл гараагүй шалтгаанаар хүсэлтийг хангаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлд заасан 7 хоногийн хугацаа хэтэрсэн. Иймд хуулийн хугацаандаа шүүх хуралдааны тэмдэглэл байгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8-р зүйлийн 1.7-ийн  “хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл, түүнд хавсаргасан нотлох баримт байгаагүй бол ноцтой зөрчил” гэж үзэхээр заасан нөхцөлийг хангасан гэж үзэж байна.

Өмгөөлөгчийн зүгээс, хэргийн газрын үзлэгээр ковшийн шанага ачааны машинаас эсрэг байрлалд байсан, энэ нь Н-ын мэдүүлэгтэй зөрүүтэй байгаа, хэргийн газрын үзлэгээр ачааны машин ковш хоёр мөргөлдсөнөөс үүдэж газарт шороо чулуу унасан зүйл байхгүй байгаа, туршилтаар шороо чулуу газарт унах нь тогтоогдсон гэсэн байр суурь илэрхийлсэн боловч энэ талаар үгүйсгэсэн үндэслэл шүүхийн шийдвэрт байхгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасан өмгөөлөгчийн саналын үндэслэл болсон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг шүүхийн шийдвэрт тусгах шаардлагыг ноцтой зөрчсөн.

Дээр дурдсан үндэслэлүүдээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сайнгэрэл давж заалдах гомдолдоо:

“Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, өөр хоорондоо зөрчилтэй нотлох баримтад үндэслэн, хэт нэг талыг баримталж Ж-г гэм буруутайд тооцож, нэг жил зургаан сарын хорих ял биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Гэрч Н хэргийн газарт бодит байдлыг анх харсан гэх боловч түүний гурван удаагийн мэдүүлэг болон бичиж өгсөн хүсэлт гомдлууд нь хоорондоо бүгд зөрүүтэй, эргэлзээ төрүүлэхээр байсан тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болох учиргүй. Тэрээр анхны мэдүүлэгтээ “О-ын машины ард ковш тулж зогссон байдалтай байсан ба намайг машинаас бууж байхад ковшийн жолооч машинаа ухрааж байсан” гэсэн бол, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “кабин дотроос дүүгийн машиныг харахад дүүгийн машины ачааны ард хятад жолооч барьдаг ковш тулаад зогсчихсон тулаад мөргөөд зогсож байсан” гэж үйл явдлын дарааллыг өөрөөр мэдүүлсэн байдаг.

Гэрч Н-н өгч буй “мөргөөд ухарсан” гэх мэдүүлгийг хэрэгт авагдсан баримтууд үгүйсгэдэг юм. Тухайлбал, гэрч Х, Э нарын мэдүүлэг болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр ковшийн шанага нь ачааны машины эсрэг зүг рүү харсан байдалтай зогсож байсан нь тогтоогдсон. Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн байцаагч Э-н мэдүүлэг, туршилт хийсэн тэмдэглэлээр гар тормос татуулахгүй, асаалттай орхих тохиолдолд өөрөө өнхрөх боломжтой гэдэг нь тогтоогдсон юм.

Гэрч үзсэн харсан бодит зүйлийг үнэн зөвөөр, өөрийн субьектив хандлагаар гуйвуулахгүйгээр өгсөн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар нотлогдсон тохиолдолд эх сурвалж болно. Харин гэрч Н нь талийгаачтай төрсөн ах дүүгийн холбоотой гэдгийг шүүхэд анхаараагүй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотлогдохгүй бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмыг зөрчиж, нотлогдохгүй бол яллана гэсэн зарчмаар хандсан.

Түүнчлэн, Ж-н хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 болон 61 дүгээр зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг бүрэн хангасан байхад заавал хорих ялаар шийтгэж байгаа нь ял шийтгэлийн энэрэнгүй ёсны зарчмыг зөрчсөн.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг цагаатгаж өгнө үү ” гэжээ.

Прокурор С.Алтай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Гэрч Н-н мэдүүлэгт зөрүүтэй зүйл байхгүй. Нэг үйл явдлыг нэг мэдүүлэхдээ эхнээс нь, өөр мэдүүлэгтээ дундаас нь ярьсан асуудал л байдаг. Хэрэг болсны дараа тухайн компанийн хамгаалалтын ажилтнууд Ж-г  хайгаад, хятадуудын хооллодог гал тогооны өрөөнд нуугдаж байхад нь олсон байдаг. Туршилтаар ачааны автомашин тодорхой зайд өнхөрсөн боловч маш удаан өнхөрсөн, хана руу шахаж өнхрөөгүй, урагшаа л өнхөрсөн байдаг. Тухайн үед  машины араас нилээд хүчтэй мөргөсөн болохоор л осол маш хурдан хугацаанд болж, хохирогч хавчуулагдан нас барсан байх боломжтой. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргаж буй цагаатгах саналыг үндэслэлгүй гэж үзэж байна. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сайнгэрэлийн гаргасан тэнсэх саналыг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан тохиолдолд прокурорын зүгээс татгалзахгүй” гэв.

Хохирогчийн төлөөлөгч Б, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч ямар ч байсан ажлын байрандаа, ажил үүргээ гүйцэтгэж байгаад нас барсан. Тийм болохоор үйлдвэрлэлийн осол болсон гэдэгтэй санал нийлж байна. Үүнд Ж буруутай эсэхийг мэдэхгүй, энэ талаар ямар нэг байр суурь илэрхийлэхгүй. Ж нь өндөр настай ээж, эхнэр, хүүхэдтэй хүн юм байна. Давж заалдах шатны шүүх эрхийнхээ хүрээнд тэнсэж, Ж-г шоронгоос гаргаж өгнө үү” гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд, Ц.Өлзийбаяр нар  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Ж-г цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сайнгэрэл давж заалдах гомдолдоо: “Давж заалдах гомдлоо өөрчилж, Ж-г 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү гэсэн саналтай байна. Ж-н үйлдлийг нотлогдсон гэж үзлээ гэхэд  машин зогсоох үедээ кардан татаагүй, машинаасаа буусан гээд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, Ж-н үйлдэл гэм буруу бүрэн нотлогдохгүй, эргэлзээтэй байгаа гэх мэтээр ял шийтгэлийг хөнгөрүүлэх, тэнсэх нөхцөл байдал бүрдсэн” гэв.

Шүүгдэгч Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд бусдын амь насыг хохироох үйлдэл хийгээгүй. Хэргийг нягт нямбай хянан үзэж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх  тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

            Шүүгдэгч Ж нь Дорнод аймгийн сумын  дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг  ХХК-ний туслан гүйцэтгэгч “ТГ” ХХК-д ачигч машины жолоочоор ажиллаж байхдаа 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн орой 23 цагийн орчим далд уурхайн 1005 дугаар түвшинд Sinome ACY-2C маркийн 35-23 УБ дугаартай автомашинаар Jin Fang маркийн 97-34 ДОА дугаартай ачааны автомашиныг мөргөсний улмаас машины гадна талд байсан амь хохирогч Н.О-г ачааны машин болон уурхайн хана хоёрын завсар хавчуулан болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч Н, Т, О  нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг зэрэг нотлох баримтаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

            Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна.

             Гэрч Н-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь  “ачааны автомашины дөнгөж ард талаас шүүгдэгч Ж жолоодож байсан ковш ухарч байхыг Н харсан” гэсэн дүгнэлтэд хүргэж байна.  Мөрдөн  байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан түүний мэдүүлгүүдэд дээрх дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхүйц зөрүүтэй зүйл тусгагдаагүй байна.

            Гэрч Т, О нарын мэдүүлэг нь тухайн үед гэрч Н-н хэлсэн зүйлийг гэрчлэн хэлж байгаагаас гадна шүүгдэгч Ж осол болсны дараа “айж сандарсан, уйлсан, ослын газар болон өөрийг нь буруутгаж буй хүмүүсээс зайлсхийсэн” байдалтай байсныг гэрчилж байгаагаараа осолд Ж-г буруутай гэдгийг нотлох баримт болсон байна.

            Түүнчлэн  ачааны машины дугуйны ар талын гулссан мөр, арын почикний хэсэгт гагнаас төмөр салж зурагдсан шинэ мөр зэрэг “шүүгдэгчийн машин хохирогчийн машины араас мөргөсөн” гэж үзэх дүгнэлтийг дэмжсэн баримтууд хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зурагт тусгагджээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдагдсан “хэргийн газрын үзлэгээр ковшийн шанага нь ачааны машины эсрэг зүг рүү хараад зогсож байсан, туршилт хийхэд ачааны машин өөрөө өнхөрч байсан, шанага дотроо хүдэр ачсан ковшоор мөргөх үед газарт хүдэр, шороо асгарч байсан” гэх тайлбарууд нь шүүгдэгчийн гэм бурууг нотлох дээрх нотлох баримтуудад  эргэлзэхэд хүргэхүйц үндэслэл болохгүй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Тээврийн хэрэгслийг өөр тээврийн хэрэгслээр мөргөх явдал нь техникийн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл мөн бөгөөд шүүгдэгч Ж нь өөрийн хайхрамжгүй үйлдлийн улмаас бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас зайлсхийж, болгоомжлох үүрэгтэй юм.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д “хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл, түүнд хавсаргасан нотлох баримт байгаагүй” гэснийг давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах шаттай холбон үзэх нь зүйтэй тул “шүүхийн шийдвэр гардан авах үедээ тэмдэглэлтэй танилцах хүсэлт гаргахад тэмдэглэл бэлэн болоогүй гэсэн шалтгаанаар танилцуулаагүй учраас тэмдэглэл хэрэгт байгаагүй гэж үзнэ” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Өлзийбаярын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Түүнчлэн М-ээс гэрчийн мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

            Дээр дурдсан үндэслэлүүдээр “хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгуулах”-аар гаргасан шүүгдэгч Ж, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            Харин анхан шатны шүүхийн “...зорчих эрхийг хязгаарлах ялыг шинэ Эрүүгийн хуулиар нэмсэн боловч уг ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар тогтоогдсон тул хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэсэн дүгнэлт нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болов. Энэ гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулиар  “таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр заасан, 2015 оны Эрүүгийн хуулиар “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр заасныг харьцуулан үзвэл хоёр хуулиар тогтоосон хорих ялын хэмжээ адил боловч 2015 оны хуулиар зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулж болохоор хуульчилсан нь оногдуулах ялыг хөнгөрүүлсэн байна. 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар “...зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх”-ээр тогтоосон нь “энэ хугацаанд оногдуулах ялыг хүндрүүлэх” санаатай бус, зөвхөн тухайн ялыг эдлүүлэх бэлтгэл ажилд шаардлагатай хугацаагаар хойшлуулах агуулгатай юм. Иймд зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлж эхлэх хугацааны асуудал нь оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй.

            Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, хөнгөн ялтай хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

            Давж заалдах шатны шүүхээс хөнгөн ялтай хуулийг хэрэглэж байгаа тул анхан шатны шүүхээс оногдуулсан  хорих ялын хугацааг багасган нэг жилийн хугацаагаар тогтоохоор шийдвэрлэв. Харин Ж-н хувьд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан нөхцөлийг хангаагүй, тухайлбал гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй учраас түүнийг тэнсэх талаарх өмгөөлөгч О.Сайнгэрэлийн саналыг хүлээн авах боломжгүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дор дурдсан өөрчлөлт оруулсугай. Үүнд:

            А/ тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж-н үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг болгон зүйлчилсүгэй” гэснийг  хүчингүй болгон;

Б/ тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Шүүгдэгч Ж-г бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Шүүгдэгч Ж-г хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж;

В/ тогтоох хэсгийн 3 дахь заалтад “2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж-г 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Шүүгдэгч Ж-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж;

            Г/ тогтоох хэсгийн 4 дэх заалтад “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж-д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй” гэснийг “Шүүгдэгч Ж-д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай” гэж тус тус өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж,  шүүгдэгч Ж, түүний өмгөөлөгч Д.Урансувд, Ц.Өлзийбаяр, О.Сайнгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ж-н 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны  07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоногийг  ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                        Ж.ДОЛГОРМАА

                                    ШҮҮГЧИД                             З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                    Л.НАРАНБАЯР