Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 291

 

2017 оны 05 сарын 22 өдөр

      Дугаар 156/ШШ2017/00291

              Хэнтий аймаг

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

156/2017/00218/И

            Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би

           Нэхэмжлэгч: “Аз Өсөх Билэг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дүгээр баг Хайлаастын 18 дугаар байрны 02 тоотод оршин суух, Хичин овогт Лувсандашийн Баатар /РД:СУ64121473/-т холбогдох

           “Бусдын хууль бус эзэмшлээс тээврийн хэрэгсэл гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад                                                                                                                                                                                                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Аз Өсөх Билэг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Аз Өсөх Билэг” ХХК-иас Б.Мөнхбаяр нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 2 000 000 төгрөгийг зээлсэн. Энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Б.Мөнхбаяр нь өөрийн эзэмшлийн Хюндай портер маркийн 18-68 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Аз Өсөх Билэг” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байдаг. Энэхүү тээврийн хэрэгслийн гэрээний дагуу Б.Мөнхбаяр нь ашиглаж байсан. Б.Мөнхбаяр нь зээлийнхээ дийлэнх хэсгийг төлөлгүй нас барсан. Б.Мөнхбаярын ганц өв залгамжлагч болох түүний эцэг О.Баярсайхан нь зээлийг төлөх боломжгүй гэсэн тул “Аз Өсөх Билэг” ХХК-ийн  өмчлөлд шилжүүлсэн Хюндай портер маркийн 18-68 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулах авах гэтэл Л.Баатар нь тус тээврийн хэрэгслийг хууль бусаар эзэмшиж өгөхгүй байна. Биднийг тээврийн хэрэгслийг авах зорилгоор очиход өгөөгүйгээр үл барам, биднийг хүч хэрэглэн буцаасан болно. Хюндай портер маркийн 18-68 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 2 500 000 төгрөг болно. Иймд Хюндай портер маркийн 18-68 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Л.Баатарын хууль бус эзэмшлээс гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн1х/

Хариуцагч Л.Баатар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр техникийн захаас 01035117 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээ бүхий Хюндай портер маркийн 18-68 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Очирдаваа гэх иргэнээс 8 000 000 төгрөгөөр худалдан авсан. Худалдан авах үед 2 000 000 төгрөг дутсан тул очоод шилжүүлье, одоо машинаа аваад хивэг ачаад явья хадлан оройтох гээд байна гэж санал тавьсан. Бид найдвартай улс гэж хэлсэн боловч зөвшөөрөөгүй. Гэтэл Багануур дүүргийн Цагдаад ажилладаг манай хүүхдийн найз Б.Мөнхбаяр тэр зах дээр тааралдсан. Би түүнд хүсэлт тавьж, цагдаа хүнд итгэх байх чи гуйгаад өг ах нь 2 000 000 төгрөгийг найдвартай төлнө гэж хэлсэн. Тэгээд бид дахин хамт явж гуйсан. Төрийн цагдаад би итгэнэ. Гэхдээ энэ цагдаагийн нэр дээр шилжүүлнэ гээд дагуулаад явсан. Би Мөнхбаяраас нэгэнт өөрийнх нь нэр дээр юм чинь Багануурын дугаар авч өгөөч гэсэн. Мөнхбаяр миний ах Эрдэнэжаргал автын төвд ажилладаг би танд гоё дугаар авч өгье гэж хэлсэн. Тэгээд Багануурын дугаар авч Цэнхармандал суманд надад хүргэж өгсөн. 2017 оны 02 дугаар сард Б.Мөнхбаяр манай охин Б.Дулмаа руу утасдан хамт цагдаад ажилладаг найз Батсайхан маань нас барчихлаа. Надад мөнгөний хэрэг гараад байна. Би портерийг чинь барьцаанд тавиад хүнээс мөнгөө зээлэх гэсэн юм. Санаа зовох зүйлгүй. Би цувуулаад төлчихнө гэсэн байсан. Охин надад хэлэхэд бид үхэл зовлон тохиолдоод хэцүү байгаа юм байна. Бид хавар болтол унахгүй юм чинь гээд орхисон. Тэгээд 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр техникийн үзлэг эхэлж, татвараа төлөх гээд очтол татварын байцаагч таны машин Аз Өсөх Билэг ХХК-ийн нэр дээр шилжсэн байна гэж хэлсэн. Би Б.Мөнхбаяртай утсаар ярьсан чинь 1 500 000 төгрөг зээлсэн санаа зоволтгүй гэж хэлсэн. 2016 оны 05 дугаар сард үл таних хүмүүс утсаар ярьж, мөнгөө төл, төлөхгүй бол машиныг чинь хураана гэсэн. 2016 оны 08 дугаар сард Мөнхбаяр ажлаасаа гарч Оюутолгой руу ажиллахаар явж, тэндээ авто ослоор нас барсан байсан. 2017 оны 10 дугаар сарын 17-нд үл таних хүмүүс машиныг чинь төмрөөр хөшиж онгойлгоод аваад явах гэж байна хэмээн дүү маань мэдэгдсэн. Гадаа харанхуй болж байсан тул би шууд цагдаад мэдэгдсэн. Уг автомашин нь Б.Мөнхбаярын нэр дээр байдаг боловч түүний өмчлөлийн хөрөнгө биш. Б.Мөнхбаярын аав О.Баярсайхан нь миний хүүгийн өмч биш гэдгийг тодорхойлсон. Ар гэр, ах дүү нар түүний өмч биш гэдгийг мэдсэн тул зарга тэмцэл хийгээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх-ийн 17-20х/

Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                               

                                                                                                     

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Аз Өсөх Билэг” ХХК нь хариуцагч Л.Баатарт холбогдуулан хууль бус эзэмшлээс тээврийн хэрэгслийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

“Аз Өсөх Билэг” ХХК-нь тус шүүхэд хариуцагч Л.Баатарт холбогдуулан 18-68 БРА улсын дугаартай Хьюндай Портер маркийн авто машиныг хариуцагчийн хууль  бус эзэмшлээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, 18-68 БРА улсын дугаартай  Хьюндай Портер маркийн авто машиныг хариуцагч Л.Баатарын эзэмшилд шилжүүлэхээр, хариуцагч Л.Баатар нь авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авсны дараа Б.Мөнхбаярын “Аз Өсөх Билэг” ХХК-наас авсан зээлийн үлдэгдэл болох 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрсэн болно гэжээ.

            Ийнхүү зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                       

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. “Аз Өсөх Билэг” ХХК-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Баатарт холбогдох бусдын хууль бус эзэмшлээс тээврийн хэрэгслийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, 18-68 БРА улсын дугаартай  Хьюндай Портер маркийн авто машиныг хариуцагч Л.Баатарын эзэмшилд шилжүүлэхээр, хариуцагч Л.Баатар нь авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авсны дараа Б.Мөнхбаярын “Аз Өсөх Билэг” ХХК-наас авсан зээлийн үлдэгдэл болох 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Аз Өсөх Билэг” ХХК-наас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 54 950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Л.Баатараас        24 475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР