Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лодойн Цэрэндулам |
Хэргийн индекс | 156/2016/00042/И |
Дугаар | 292 |
Огноо | 2017-05-22 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 292
2017 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 156/ШШ2016/00292
| Хэнтий аймаг
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2016/00042/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны ”Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Монгол-Эмимпекс” концерны харъяа Хэнтий-Эм хангамж компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, С-29 дүгээр байрны 15 тоотод оршин суух, иргэн Авгадай овогт Мажигсүрэнгийн Нарангэрэлд холбогдох
“эм бараа дутагдуулсны төлбөр, холбогдох зардлын 58 319 667 төгрөгийг гаргуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Анхмаа, түүний өмгөөлөгч Ч.Жадамба, хариуцагч М.Нарангэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Монгол-Эмимпекс” концерны Хэнтий Эм хангамж ХХК-ийн захирал С.Сувд-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус “Хэнтий эм хангамж” ХХК нь Улаанбаатар хот дахь “Монгол эмимпекс концерн” ХХК-ийн салбар компани бөгөөд иргэн Мажигсүрэнгийн Нарангэрэл нь “Монгол эм импекс концерн” ХХХ-ийн захирлын шийдвэрээр 2002 оноос 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл манай компанийн захирлаар бүрэн хариуцлагын гэрээтэй ажиллаж байсан юм. Тийнхүү ажиллах хугацаандаа М.Нарангэрэл нь холбогдох хууль, дүрэм, журмыг бүрэн мөрдөж ажиллагаагүйгээс 58 319 667 төгрөгийн хохирол учруулсан болно. Энэхүү дутагдлын 42 005 609 төгрөг нь нэхэмжлэлд хавсаргасан аудитын тайлан, шинжээчийн дүгнэлт зэрэг олон нотлох баримтаар нотлогдож байгаа ба 10 300 000 төгрөгийг аудитын тайлан, шинжээчийн дүгнэлт гаргуулсны хөлсөнд, 1 833 616 төгрөгийн уг дутагдлыг Монгол эмимпекс концерн ХХК-ийн эрх хэмжээнд шалган тогтоох, шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэгт гаргасан зардал юм. М.Нарангэрэл нь өөрөө төлбөрийн зарим хэсгийг төлөх талаар бидэнд хэлж байснаас гадна эрүүгийн хэрэгт энэ талаар мөн мэдүүлсэн байна. Иймд хариуцагч М.Нарангэрэлээс тус компанид 58 319 667 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (1хх-ийн -3 тал)
Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Анхмаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол эмимпекс концерн нь Нарангэрэлээс 58 319 667 төгрөг нэхэмжилсэн байгаа. Үүнээс 42 005 609 төгрөг нь аудитын дүгнэлт болон шинжээчийн дүгнэлтээр батлагдсан дутагдал, тооцооны зөрүү байгаа. 10 300 000 төгрөг нь аудитын тайлан, шинжээчийн дүгнэлт гаргуулсны хөлсөнд төлсөн байгаа. 1 833 616 төгрөгт уг дутагдлыг шалган тогтоох, шүүхэд нэхэмжлэл гаргахад тэмдэгтийн хураамж, шалгалтаар ирж, буцсан хүмүүсийн унаа, хоол унд, буудлын зардлууд зэрэг багтсан байгаа. 4 180 442 төгрөг нь бусад байгууллагаас авах ёстой дүн ба тэр байгууллагууд нь М.Нарангэрэлээс эм, бараа зээлдэж аваагүй гэж хэлсэн учраас М.Нарангэрэлээс авах ёстой мөнгөн дүн юм. Ингээд нийт 58 319 667 төгрөг болж байгаа юм. 42 005 609 төгрөг нь 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд хийсэн тооллогоор гарсан дүн бөгөөд энэ мөнгийг М.Нарангэрэлээс гаргуулж өгнө үү гэж хүсч байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Жадамба нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нарангэрэл гуай олон жил энэ байгууллагад үр бүтээлтэй ажилласныг үгүйсгэхгүй. Эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлгүүд, болон өмнөх шүүх хуралдаан дээр өгч байсан тайлбаруудаар Нарангэрэл гуай гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Гагцхүү санаатайгаар гаргасан зүйл байхгүй, санамсаргүй учруулсан гэж түрүүнд тайлбар хэлэхдээ хэлж байна. “Хэнтий Эм хангамж” ХХК-г тодорхой хэмжээнд 14 жил удирдсан. Байгууллагын удирдлагын хувьд доорх ажилтнуудаа хянаж, шалгах үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээг дагаад менежментийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, нууцын баталгааны гэрээ зэргийг байгуулсан. Байгууллагад хохирол учруулсан бол түүнийг төлнө гэж баталгаа хүртэл гаргаж өгсөн. Мөн 2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ нийт 44 сая төгрөгийн дутагдал гаргаснаа хүлээн зөвшөөрсөн, баталгаа гаргаж байна гээд гарын үсгээ зураад, хуудас бүр дээр миний хэлсэн ярьсан зүйл үнэн гэж гарын үсэг зурчихсан байна. Гол нь үнийн дүнгийн хувьд хүлээн зөвшөөрдөггүй юм шиг байна. Түрүүнд тайлбараа хэлэхдээ нягтлан бодогч нарын буруутай үйлдлээс бол ганц, хоёр сая төгрөгийн илүү, дутуу гарч ирж байна гэж байна. Удирдлагууд руу бараа, материалаа хэрхэн хүргүүлж байсан талаараа хэлж байна. Тэгэхээр Нарангэрэлийн хувьд санамсаргүй байдлаар энэ мөнгийг дутааснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд, харин хэрхэн яаж энэ хохирлыг учруулсан гэдгээ Нарангэрэл санахгүй байна гэдгээ хэлсэн. Гэм буруугийн асуудлыг бид тогтоодог зүйл биш юм. Мөрдөн байцаалтын явцад эрх бүхий байгууллагаас шүүхээс гадуур шинжилгээний байгууллага томилогдсон. Санхүү, тооцоо нягтлан няравын тусгай мэдлэг эзэмшсэн хүмүүс дүгнэлт гаргасан гэдгийг анхаарах хэрэгтэй. Манай зүгээс уг дүгнэлт гаргахад нөлөөлсөн зүйл байхгүй. Хариуцагчийн зүгээс хууль бус нотлох баримтуудыг үндэслэж гарсан учраас шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж яриад байна. Хэрвээ зөвшөөрөхгүй байгаа бол тухайн үед нь дахин шинжээч томилуулах, эргэлзээг нэг мөсөн гаргуулах эрх нь хариуцагч талд нээлттэй байсан. Иргэний хуульд хуулийг мэдэхгүй буюу буруу тайлбарлаж хэрэглэсэн нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн зарчим бий. Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1-д заасан хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан. Хөдөлмөрийн гэрээний гол, гол нөхцлүүдээ тохирсон. эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, нууцын гэрээг байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад хохирол учирсан бол эрүүгийн болон бусад хариуцлага хүлээсэн эсэхээс үл хамаарч хохирлыг нөхөн төлнө гэсэн байгаа. Хариуцагч Нарангэрэлийн тайлбар дээр “...эд хариуцагч гэдэг орон тоон дээр хүн авч ажиллуулсан боловч тэр нь бараа дутаагаад байсан учраас өөрөө сайн дураараа давхар хийгээд явсан...” гэж хэлдэг. “Мишээл Од аудит” ХХК-ийн 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гаргасан 42 506 087 төгрөгийн дутагдал гаргасан нь үндэслэлтэй эсэх гэдэг асуултанд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч Баяртогтох нь үндэслэлтэй гэж хариулсан байгаа. Мөн Хэнтий Эм хангамжийн захирлаар ажиллаж байсан Нарангэрэл нь хэдэн төгрөг дутагдуулсан бэ гэсэн асуултанд “Мишээл Од аудит” ХХК-ийн 42 506 087 төгрөгийн дутагдал гаргасан нь үндэслэлтэй байна гэж хариулсан байгаа. Тэгэхээр энэ дүгнэлт нь шат, шатандаа батлагдаад явсан байна. Нарангэрэлийн мэдүүлэг, тайлбар, шүүх хуралдаанд ярьж буй зүйлээс харахад гэм буруугийн асуудлаа хүлээн зөвшөөрсөн байна. Харин төлбөрийн асуудал дээрээ уян хатан хандахыг хүсээд байна гэж ойлгож байна. Санхүүгийн программ дээр тусгай мэдлэг эзэмшсэн хүмүүс баримтуудыг шалгаж үзээд энэ бүх дүгнэлтийг гаргасан. Бидний нэхэмжилж байгаа бодит зардлуудын нэг нь аудитын зардал 9.900.000 төгрөг байна. Уг мөнгөн дүнгийн гүйлгээний баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч томилсон зардал буюу 450 000 төгрөгийн зардал байгаа. Ингээд нийт 10 300 000 төгрөгийн бодит зардлуудыг нэхэмжилж байна. Мөн өмгөөлөгчийн хөлс, 2014 оны 11 сарын 01-ний өдөр Нарангэрэлийн гаргаж өгсөн баталгаанд дурдсан, урьд өр үүсгэсэн байсан 4 180 442 төгрөгийн өр гээд нийт 58 319 667 төгрөгийг Нарангэрэл нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гаргасан хохирол тул үүнийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Энэ хэргийг урьд анхан шатны шүүхээр шийдвэрлээд, Давж заалдах шатны шүүхээс буцсан шалтгаан нь шүүх хуралдаан даргалагчийг албажуулсан захирамжтай холбоотойгоор буюу хэргийн процессын алдаагаар буцсан гэдгийг хэлмээр байна гэв.
Хариуцагч М.Нарангэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: “Хэнтий эм хангамж” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие төвөөс эм, бараа хүлээж авч худалдан борлуулах үйл явцад хууль, журамд заасны дагуу шударгаар ажиллаж эмийн хугацаа дуусах болоход урьдчилан төв рүү удаа дараа мэдэгдэж дууссан тохиолдолд буцаалт хийх талаар мэдэгдэж байсан боловч төв байгууллагын холбогдох ажилтнууд шаардлагатай арга хэмжээг авдаггүй, цааш танилцуулна гээд хариу өгөхгүй уддаг, боловсон хүчнүүд ойр ойрхон олон удаа солигдох зэргээр төв байгууллагын ажилтнуудын ажлын уялдаа холбоо муу, дотоод зохион байгуулалтгүй, удирдлагуудын шаардлага хяналт сул байдлаас шалтгаалан эмийн хугацаа дуусах, буцаан татан авалт хийхгүй, өр авлага, агуулахын үлдэгдэл үүсгэх байдлууд гардаг байсан. Би өөрөөс шалтгаалах бүх арга хэмжээг тухай бүр авдаг байсан.Гэнэтийн шалгалт хийж тоолохдоо эмийн нэрээ ч ялгаж танихгүй, мэргэжлийн бус, ажилд ороод удаагүй хүмүүс тоолж эм дутагдуулсан гэж тогтоосон тул ямар ч үндэслэлгүй юм.Мөн хугацаа дууссан эм буцаан авч явахдаа тоолоогүй, надтай баримтаар хүлээлцээгүй, замбараагүй ачиж явснаас хэдийн хэрийн эм тариа авч явсан нь тодорхойгүй. Намайг яаруулж шахамдуулах, цагдаа шүүхэд хандах гэх мэтчилэн ярьж төөрөгдүүлэн, би өөрөө олон жил ажилласан байгууллагаасаа их эм, бараа дутагдуулсан хүн болох нь уу дээ гэж гайхаж, нэрэлхэх зэрэгцэн танилцсан гэдэг агуулгаар гарын үсэг зурах болсон болохоос дутагдуулснаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй юм. Аудитын дүгнэлт дээр тус байгууллагын нягтлан санхүүгийн программ дээр буруу ажилладаг, орлого, зарлагыг хүчээр тулгаж бариулдаг гэх мэт алдаатай зөрчилтэй үйлдлүүд хийдэг байсан талаар, мөн удирдах төв байгууллагын хяналт, бүртгэлийн тогтолцоо муу, үйл ажиллагаа нь доголдолтой зэргээс болж алдаа зөрчил гардаг байж гэж дүгнэсэн байдаг.
Тэгтэл дан ганц намайг буруутан болгож, нэг насаараа, хоёргүй сэтгэлээ хөлс хүчээ өгч ажилласан байгууллага минь гавъяаныхаа амралтанд нэр төртэй гарах байсан намайг цагдаагийн байгууллагад хандаж эрүүгийн хэрэг үүсгүүлж сэжигтэн, яллагдагч болгон олон сарын турш цагдаа, прокурорын байгууллагын үүд сахиулж байцаалган, цаг зав, ажил амьдрал алдуулан энэ насандаа үзээгүйгээр мууг минь үзүүлж, олон түмний дунд нэр хүнд муутгаж ар гэр хамаатан садангаар минь сэтгэл санаагаар унагаж зовж шаналгасанд маш их гомдолтой байна. эрүүгийн хэрэг биш, үндэслэлгүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ нь угаасаа тодорхой байсан. Эрүүгийн байтугай Иргэний хэрэг ч биш шүү дээ. Өөрсдийн хариуцлагагүй байдлаасаа болж алдагдал дутагдалд орсныгоо над руу тохсон.
Миний хоёр хүү өөрсдийн хөдөлмөрлөж олсон мөнгө, нөхөр бид хоёр хүнсний дэлгүүр олон жил ажиллуулж хуримтлуулсан мөнгө зэрэг дээрээ нэмж банкнаас зээл авцгаан орон сууцны барилга барьж ашиглалтанд оруулсан. Энэ байдлыг анзааран намайг мөнгөтэй хүн, төлбөрт унагаачихвал төлчих чадвартай гэж тооцоолон ор үндэслэлгүй дахин нэмж тоолох зэргээр өр авлага, дутагдал гэгчийг үүсгэн эмийн хугацаа дуусах гэж байна, дууссан шүү арга хэмжээ аваарай гээд байхад арга хэмжээ авдаггүй зэрэг өөрсдийн хариуцлагагүй үйлдлээс болж учирсан алдагдлаа төлүүлэх гэсэн арга гэж бодож байна.
Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Миний бие үндэслэлгүйгээр гүтгэгдэн хуулийн байгууллагад шалгуулах явцад цаг зав, ажлаа нэр хүндээ алдаж олох ёстой байсан орлого, өмгөөлөгч авсны хөлс, эрүүл мэнд болон сэтгэл санааны хохирол зэрэг гэм хор учирсан байна гэжээ. (1 хх-ийн 94-95 тал)
Хариуцагч Ц.Нарангэрэл нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие оюутны ширээнээс энэ байгууллагад орж, нийт 33 жил ажилласан. Энэ хугацаанд янз бүрийн ажил хийж, хариуцлагын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй. “Хэнтий эм Хангамж” ХХК нь нягтлан, жор хүлээн авагч зэрэг нийлээд 8 ажилтантай, толгой компаниас эм бараа ирдэг, нэг агуулахтай компани юм. “Хэнтий Эм хангамж” баланс тайлан гаргадаг бас нэг агуулахтай. Нягтлан бодогч нь толгой компаниас ирсэн барааг компьютерийн программд зарлага хийчихээд, “Хэнтий Эм хангамж” ХХК-ийн агуулах дээр орлого хийдэг байсан. Сардаа нэг удаа төвөөс эм, бараа татдаг байсан. Нэг бараа ирэхдээ 30-50 орчим сая төгрөгийн бараа ирдэг. Толгой компанийн агуулахад 100 гаруй сая төгрөгийн үлдэгдэлтэй явдаг. 2011 онд бөөний агуулахыг нээсэн. Бөөний үнээр худалдах үйл ажиллагаатай холбоотойгоор эд хариуцагч гэсэн ажлын байр бий болж би энэ ажлыг 2005 оноос давхар хийж байсан. Хэдий хоёр хүний ажил хийж байсан ч нэг л хүний цалин авч байсан. Тооллого тооцоог 2012 оноос хойш нэг ч хийгээгүй. 2014 оны 8 сард Монгол Эм Импексээс хүмүүс ирж тооллого хийсэн. Энэ үед байрны хойд талд өргөтгөл барих тул засвар хийнэ гээд бид нарыг нүүж гар гэсэн. Тэгээд би агуулахаа нүүлгэж эхэлсэн. Надад агуулахыг нүүлгээд, байрлуулах газар олдоогүй. Складаа нүүлгэж байтал комиссын шалгалт ирсэн. Их эмх замбараагүй байдалд тооллого хийж байтал эмийн санг нүүлгэх болж, эмийн сангийн барааг тоолохоор болсон. Дараагийн 3 дахь өдөр тооллогыг үргэлжлүүлэн тоолоход Пүрэвхүү Сарантуяа нар өдөр 1 цагт ирээд хугацаа дууссан эмийг авч явна гээд машиндаа ачаад, багтахгүй юм байна араас явуулаарай гээд тооллого дууссан маягтайгаар бид хэд өндөрлөсөн байгаа. Тэд нар мэргэжлийн биш хүмүүс учраас эмийн нэрийг бичихдээ буруу бичиж орхисон, хугацааг харж тоолоогүй, маш яаруу сандруу замбараагүй тооллого хийсэн. Хугацаа дууссан эмийг авч явахдаа гарын үсэг зурж баримт үйлдэхгүйгээр авч явсан байгаа. Тооллого хийсэн комисс тоолж дуусаад, тооллогын бүртгэлээ зочид буудлын нэг өрөөнд нягтланг аваачиж байгаад компьютер руу тооллогыг шивсэн. Энэ явцад тооллогын гар бүртэл дээр байсан зүйл маш их хаягдсан. Хугацаа дууссан эмнүүдийг байгаа бараанд дээр нэмж бичсэн байсан. Зарим тооллогын комиссийн гишүүд хугацаа дууссан эмийг тооллогонд оруулаагүй. Би ийм дутагдалтай гарах ёсгүй дахин тоолж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу 11 сард эргээд байрандаа нүүж ороод 3 хонож байхад дахин тооллого хийхээр тамгын газрын хүний нөөцийн дарга Мөнгөнбөгж, орон нутаг хариуцсан менежер Батболд, ня-бо Сарантуяа нар ирж тооллого хийсэн. Ингээд дахин тооллого хийхэд 8 сард тоолсон тооллогоос орхигдсон эм гэж 6,9 сая төгрөгийн эмийг эргүүлж орлого авсан, хугацаа дууссан гээд хот авч явсан эмүүд нь дутагдал болж 14 орчим сая төгрөгийн эмийг дутсан гэсэн ба миний нийт дутагдал 41 сая төгрөг боллоо гэсэн тооцооны акт гаргасан. Би тэр актыг нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн чинь таны энэ хугацаа дууссан эмийг чинь очоод акталж устгуулах арга хэмжээ авна, Дундговь аймагт 17 сая төгрөгийн эмийг нь хасч өгсөн тэдниийх одоо цэвэрхэн болсон тийм болохоор та айлтгүй ээ, тэтгэвэртээ гарсан таниар ийм мөнгө юу гэж төлүүлэх юм бэ гэж хэлээд хурдан гарын үсгээ зурчих, маргааш Даваа гарагийн өглөө хуралтай болохоор одоо яараад байна, эртхэн явахгүй бол болохгүй гээд байсан. Би гарын үсгээ зурахгүй, цаг гаруй байж байгаад гарын үсгээ зурсан. Би энэ дутагдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй. 2010 оны 3 сараас Анхмаа нягтлан бодогч болсон. Анхмаа 4 жил надтай хамт ажилласан. 2014 оны 2 сараас Анхмаа хүүхэд гаргаад эмнэлэгт хэвтсэн. Тэгээд Анхмаа 7 сарын сүүлээр ажилдаа орсон. Шинэ нягтлан орлого зарлагыг оруулахдаа буруу зөрүү хийх, падаан хийхгүй орхих, орлого давхардуулж авсан зэргээс макс программд орлого авсан эм нь үлдэгдэл болж байгаад тооллогоор дутагдал болсон байна. Жишээ нь нифедипин 115, виагра 25 зэрэг эмүүд дутах ёсгүй эм дутаж байна. Аудитын шалгалтаар миний дутагдал дээр 2 070 000 төгрөг нэмж гарсан. Эм Импексээс эм, бараа ирэхдээ баримттайгаа ирдэг, тэрийг би эмтэйгээ тулгаж аваад нягтланд өгдөг. Нилээн их зүйл зөрүүтэй гарсан. Эм Импексийн санхүүгийн программ үнэхээр алдаатай программ байдаг. Надад дутуу зүйлээ эргэж харах боломж олдоогүй. 2008 онд 253.000 төгрөгийн, 2009 онд 263.000 төгрөг гээд нийт 600.000 төгрөгийн л хугацаа дууссан эмтэй байсан байна. Хугацаа дууссан эмийг тухайн үед байгууллага акталж устгаж өгдөг байсан. Монгол эмимпекс концерн 2007 онд хувьчлагдаж “Бишрэлт холдинг” ХК худалдан авч ажиллуулсан. Тэгээд 2010 онд 20 нэрийн 1.870.000 төгрөгийн эмийн хугацаа дууссан. 2011 онд 1.400.000 төгрөгийн, 2012 онд 2.700.000 төгрөгийн, 2013 онд 8.800.000 төгрөгийн, 2014 онд 11 сая, 2015 онд 5.400.000 гээд миний тооцож үзсэнээр нийт хугацаа дууссан эм 28 900 000 төгрөгийн хугацаа дууссан эм байгаа. Гэтэл энэ замбараагүй тооллогын үеэр 14 сая төгрөгийн эм, бараа хугацаа дууссан гэж гаргасан. Аудитын хүмүүс 2010 оноос хойш тооллого хийж байгаагүй учраас эхний үлдэгдлийг яаж тооцохоо мэдэхгүй байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Нарангэрэл нь “Хэнтий Эм Хангамж” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан. Эд хариуцагчийн албан тушаалыг 2013 оноос давхар гүйцэтгэсэн. Давхар ажил эрхэлж байгаа тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах ёстой боловч байгуулаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу ямар нэг байдлаар эд хариуцагчийн болон давхар ажил гүйцэтгэх гэрээ хэлцэл байгуулаагүй байж энэ асуудлыг ингэж тавьж байна. Мөн Хөдөлмөрийн хуульд зааснаар гэрээний гол нөхцөлөө тохироогүй, цалин хөлсөө тохироогүй бол тухайн хийсэн хөдөлмөрийн гэрээг хийгдээгүйд тооцох асуудал байдаг. Эд хөрөнгийн тооллого хийнэ гэдэг зохицуулалт нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн нэг зүйл заалт болоод явж байгаа. Тухайн байгууллагад хэдэн төгрөгийн эм бараа ирсэн бэ гэдэг нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа. Зөвхөн 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 8 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар эд хөрөнгийн тооллого хийсэн. Эд хөрөнгийн тооллого хийх юм бол тухайн эд хөрөнгө хариуцаж байгаа хүний хөтөлдөг, анхан шатны баримтаар баталгаажсан бүртгэл дээр тулгуурлаж, гарын үсэг зурж байж тооллого хийх ёстой. Тэгэхээр хууль, журмынхаа дагуу энэ тооллого явж байна уу. Хэзээ өгсөн, ямар эм бараа дутсан бэ гэдэг нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа. Нарангэрэлд 42 сая төгрөгийн акт тавиад байгаа энэ үйлдэл нь ямар баримтаар нотлогдоод байна вэ. 2014 оны 1 сарын 01-ний өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Нарангэрэлийг 20-иод сая төгрөгийн эм, бараа дутагдуулсан гэж нэхэмжлэл гаргаад байна. Гэтэл энэ байгууллага жилдээ 100 гаруй сая төгрөгийн эм, бараа хүлээж авдаг гэнэ. Гэтэл 100 гаруй сая төгрөгийн 20% хувийг алга болгож дутаасан, мөн хугацаа дууссан эм нь 27 сая төгрөг болж байгаа. Ингээд бодохоор нийлүүлсэн эм, барааных нь 50% нь алга болчихсон гэж харагдахаар байна. Энэ бодит байдалд хэр нийцэж байна вэ. Хэзээ нийлүүлсэн, ямар эм дутаасан юм бэ гэдэг талаар нэг ч баримтыг нэхэмжлэгч хэрэгт өгөөгүй. Нэхэмжлэгч талд нотлох баримтууд хангалттай байгаа. Нарангэрэл 42 сая төгрөгийн эм, хэрэгсэл бараа материал дутагдуулсан гэх үйлдэл нь тогтоогдохгүй байна. 10.300.000 төгрөгийн томилолтын зардал нэхэмжлээд байгаа. Энэ бол нэхэмжлэгч талын дотоод ажилтай холбоотой асуудал юм. Тэгэхээр Нарангэрэлийн хувьд “Хэнтий Эм хангамж” ХХК-тай ямар ч тооцоо байхгүй. Тэгэхээр уг нэхэмжлэлийг нэхэмжлэх эрхгүй этгээд гаргасан байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал нэхэж байгаа мөнгөө яагаад Нарангэрэл төлөх ёстойг нотолж чадахгүй байна, ямар байдлаар нотлогдож байгаа нь тодорхой бус байна. Ийм учраас нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна гэв.
Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Монгол-Эмимпекс” концерны харъяа Хэнтий-Эм хангамж ХХК нь хариуцагч М.Нарангэрэлээс “Монгол-Эмимпекс” концерны харьяа Хэнтий Эм хангамж ХХК-ийн гүйцэтгэх захирал, эд хариуцагчаар ажиллаж байхдаа дутагдуулсан эм бараа материалын төлбөр 42 005 609 төгрөг, “Мишээл-Од Аудит” ХХК-иар аудитын дүгнэлт тайлан гаргуулсны хөлс 9 900 000 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 400 000 төгрөг, М.Нарангэрэлээс иргэд аж ахуй нэгжид зээлээр эм бараа, материал олгосон (авлага) 4 180 442 төгрөг, өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагвын ажлын хөлс 300 000 төгрөг, хуульч Б.Мөнхбаяраас хуульзүйн зөвлөгөө авсан хөлс 190 516 төгрөг, Монгол Эмимпекс концерноос Мөнгөнбөгж, Баярмаа нарын ахлагчтай 2 ажлын хэсэг 2014 оны 8 болон 11 дүгээр саруудад томилолтоор ирж тооллого, шалгалт хийж ажилласан зардал 1 343 100 төгрөг, нийт 58 319 667 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч “Монгол-Эмимпекс” концерны харъяа “Хэнтий эм хангамж” компани нь хариуцагч М.Нарангэрэлээс холбогдох хууль, дүрэм, журмыг бүрэн мөрдөж ажиллаагүйгээс дутагдуулсан эм бараа материалын төлбөр, холбогдох зардал, нийт 58 319 667 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч тал нь санаатайгаар “Монгол-Эмимпекс” концерны харъяа Хэнтий-Эм хангамж компанийн эм, бараа материалын төлбөр болон бусад зардлын 58 319 667 төгрөгийн дутагдал гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Ажил олгогч “Монгол-Эмимпекс” концерн ХХК-нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар, ажилтан М.Нарангэрэлтэй 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдөр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж талууд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна. (хх-ийн 15-16 тал)
Иймд ажил олгогч компани нь Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1, 369.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.1.2-т зааснаар хариуцагч (ажилтан) М.Нарангэрэлээс эм бараа дутагдуулсан төлбөр, холбогдох зардлын 58 319 667 төгрөг гаргуулахыг шаардах эрхтэй байна.
Хариуцагч М.Нарангэрэл нь “Монгол-Эмимпекс” концерны харъяа Хэнтий-Эм хангамж компанид 2002 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс захирлаар, 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл захирлын ажлыг эд хариуцагч буюу дефекторын ажилтай хавсран гүйцэтгэж байсан бөгөөд 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд 2001 оны Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан: Эд хөрөнгийн тооллого хийх зохион байгуулалтын асуудлыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хариуцна, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасан: Эд хөрөнгийн тооллогыг дараах дараах тохиолдолд заавал хийнэ, 11 дүгээр зүйлийн 11.2.1-д заасан: Жилийн санхүүгийн тайлан гаргахын өмнө эд хөрөнгийн тооллогыг заавал хийнэ, 17 дугаар зүйлийн 17.1-д заасан: Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүрэг хариуцлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хүлээнэ гэсэн заалтуудыг зөрчсөн, Монгол-Эмимпекс концерны харъяа Хэнтий-Эм хангамж компанийн “Эм бараа материалын дуусах хугацаа мэдээлэх болон буцаалтын журмын 2 дугаар зүйлийн 2.1-д заасан: Орон нутаг болон салбар нэгжүүд жил бүрийн 12 дугаар сард дараа онд дуусах бүтээгдэхүүний жагсаалтыг гаргаж Монгол-Эмимпекс концерн компанид хүргүүлэх ба тус жагсаалтыг 6 сар тутам шинэчилнэ, мөн журмын 3 дугаар зүйлийн 3.3-т заасан: Гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан тухайн онд хугацаа дуусах нөөц ихтэй барааны жагсаалтанд орсон бүтээгдэхүүнийг салбар, нэгжүүдээс хугацаа дуусахаас 1 сарын өмнө буцаан татах үйл ажиллагааг салбар нэгжийн дефектор чанарын менежерийн удирдлага дор зохион байгуулна, журмын 3 дугаар зүйлийн 3.7-д заасан: Орон нутаг, салбар нэгжийн захирал, дефектор нь тус журамд заасан хугацаанд өөрийн салбарын буцаалтын үйл ажиллагааг гүйцэтгэх ба дээрх хугацаанаас хоцорсон тохиолдолд буцаалтыг гүйцэтгэхгүй гэх заалтуудыг зөрчиж нэхэмжлэгч компанид 42 005 609 төгрөгийн эм барааг дутагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
1. “Монгол-Эмимпекс” концернг төлөөлж тамгын газрын захирал М.Нямсүрэн (ажил олгогч) Мажигсүрэнгийн Нарангэрэл (ажилтан) нарын 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдөр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан хуулбар (1 хх-ийн 15-16 тал
2. Монгол Улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 176 дугаартай шинжээчийн дүгнэлт.
Дүгнэлт хэсгийн асуулт 4 дүгээрт: Хэнтий Эм хангамж компанийн захирлаар ажиллаж байсан М.Нарангэрэл нь “Мишээл-Од Аудит” ХХК-ийн дүгнэлтээр 42 005 609 төгрөгийг зөрчил дутагдал тооцсон нь үндэслэлтэй байна гэжээ. (1 хх-ийн 59-61 тал)
3. “Мишээл-Од Аудит” ХХК-ийн аудитын тайлангийн хуулбарт: ...М.Нарангэрэлийн дутагдуулсан нийт дүн 42 005 609 төгрөг... гэжээ. (1 хх-ийн 28-58 тал)
4. Эрүүл мэндийн яамны “Монгол-Эмимпекс” концерны захирлын 45 дугаартай тушаалын хуулбарт:
1 дүгээрт: “Хэнтий эм хангамж” компанийн захирал Д.Бат-Оюуныг өөртэй нь тохиролцсоны дагуу захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, ...М.Нарангэрэлийг Хэнтий Эм хангамж компанийн захирлын албан тушаалд 2002 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн томилсугай гэжээ. (1 хх-ийн 6 тал)
5. Хэнтий аймгийн прокурорын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5/181 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын хуулбарт: ... М.Нарангэрэл нь “Монгол-Эмимпекс” концерны харъяа “Хэнтий эм хангамж” компанийн захирлаар ажиллаж байхдаа 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд компанийн эм бараа бүтэгдээхүүн борлуулсан 42 005 609 төгрөгийн дутагдал гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Болортуяа, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбаяр, гэрч Т.Мөнгөнбөгж, ..У.Баярмаа нарын мэдүүлэг, “Мишээл-Од аудит” ХХК-ийн дүгнэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 176 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон... Харин хэрхэн, яаж, ямар хэлбэрээр завшиж, үрэгдүүлсэн болох нь тогтоогдохгүй байх тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгов гэжээ. (1 хх-ийн 21-22 тал)
6. Иргэн Г.Анхмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: М.Нарангэрэл эм дутагдуулсан мөнгөө хүлээн зөвшөөрсөн үү? гарын үсэг зурсан уу? гэж мөрдөн байцаагч Б.Батбаярыг асуухад: Зөвшөөрөөд тооцоо бодсон актанд гарын үсэг зурсан. ...зарим хугацаа дууссан эм тариаг төлөхгүй... гэсэн мэдүүлэг (1 хх-ийн 26-27 тал)
7. “Монгол-Эмимпекс” ХХК-ийн захирлын 53 дугаартай тушаалын хуулбарт: ...тус компанийн “Хэнтий эм хангамж” ХХК-ийн захирал Мажигсүрэнгийн Нарангэрэлийн ажлын ачаалал бага байгааг харгалзан үзэж ажлын ачааллыг нэмэгдүүлэх зорилгоор 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс дефекторын ажлыг хавсран гүйцэтгүүлсүгэй гэжээ. (1 хх-ийн 7 тал)
8. Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Анхмаагийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар: Тус “Хэнтий эм хангамж” ХХК-нь Улаанбаатар хотын “Монгол-Эмимпекс” концерны салбар компани бөгөөд иргэн М.Нарангэрэлээс 58 319 667 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс 42 005 609 төгрөг нь аудитын тайлангаар, 10 300 000 төгрөг нь аудитын тайлан, шинжээчийн дүгнэлт гаргуулсны хөлс, 1 833 616 төгрөг нь уг дутагдлыг “Монгол-Эмимпекс” ХХК-ийн эрх хэмжээнд шалгаж тогтоох, шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэгт гаргасан зардал, 4 180 442 төгрөгийг харилцагч нараас авах авлагыг өөрөө би төлнө гэж баталгаа гаргасан байгаа. Иймд хариуцагч М.Нарангэрэлээр тус компанид 58 319 667 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. (1 хх-ийн 89-90 тал)
9. “Монгол-Эмимпекс” ХХК-ийн захирлын 69 дугаартай тушаалын хуулбарт: “Монгол-Эмимпекс” концерн ХХК-ийн эм бараа материалын дуусах хугацаа, мэдээлэх болон буцаалтын журмын хавсралт №1-ийн дагуу баталсугай гэжээ. (1 хх-ийн 62 тал)
10. Эм бараа материалын дуусах хугацаа, мэдээлэх болон буцаалтын журмын хуулбар (1 хх-ийн 63-64 тал)
11. Менежментийн гэрээний хуулбарт: ...наймд (хариуцлага) талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Монгол улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм, гэрээнд заасан хариуцлагыг бие биеийнхээ өмнө хүлээнэ... гэжээ. (1 хх-ийн 9-14 тал)
12. Хэнтий эм хангамж компанийн захирлын хариуцлага, нууцын баталгааны хуулбарт: ...хэрэв энэхүү баталгааны аль нэг заалтыг зөрчвөл ажлаас халагдахад гомдолгүй бөгөөд энэ үйлдлийн улмаас компанид хохирол учирсан бол үүссэн хохирлыг бүрэн төлж, зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлагыг хүлээнэ гээд М.Нарангэрэл захирал гээд гарын үсгийг зурсан байна (1 хх-ийн 17 тал) зэрэг болно.
Дээрх бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т зааснаар хуульд заасан арга хэрэгслээр олж авсан байна гэж шүүх дүгнэв.
Иймд хариуцагч М.Нарангэрэлээс “Монгол-Эмимпекс” концерны харъяа “Хэнтий эм хангамж” компанид захирал, эд хариуцагч буюу дефектороор 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл ажиллаж байхдаа эм бараа дутагдуулсан 42 005 609 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 400 000 төгрөг, нийт 42 405 609 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч компанид олгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Харин өмгөөлөгчийн хөлс 300 000 төгрөг, хууль зүйн зөвлөгөө авах хөлс 190 516 төгрөг, томилолтын зардал 1 343 100 төгрөг, аудитын дүгнэлтийн хөлс 9 900 000 төгрөг, хариуцагчийн зээлээр олгосон эмийн үнэ 4 180 442 төгрөг, нийт 15 941 058 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар өмгөөлөгч нь гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийг төлөөлж тэдний эрх ашгийг хамгаалж эрх зүйн туслалцаа үзүүлэх эрх үүрэгтэй байдаг. Гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд өмгөөлөгч нь өмгөөллийн хөлсөө холбогдох этгээдээс нэхэмжлэх эрхтэй байдаг. Иймд өмгөөллийн хөлс 300 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч компанид олгох үндэслэлгүй гэж дүгнэв.
Томилолтын зардлын 1 343 100 төгрөг, аудитын дүгнэлтийн хөлс 9 900 000 төгрөгийн бичгийн нотлох баримтын хувьд мөнгө олгосон, хүлээн авсан хүний гарын үсэггүй байна. (хх-ийн 69-72 тал)
Мөн хариуцагчийн зээлээр олгосон эмийн үнэ 4 180 442 төгрөгийн нотлох баримт нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байна гэж үзэв. (хх-ийн 65 тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан: “зохигч...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлагын ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан байна. Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа боловч энэ талаарх бичгийн нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй, хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримт байхгүй байна.
Мөн 2010 онд 20 нэр төрлийн 1 870 000 төгрөгийн, 2011 онд 1 400 000 төгрөгийн, 2012 онд 2 700 000 төгрөгийн, 2013 онд 8 800 000 төгрөгийн, 2014 онд 11 000 000 төгрөгийн, 2015 онд 5 400 000 төгрөгийн эмийн хугацаа дууссан гэж хариуцагч нь шүүхэд тайлбар өгсөн боловч эмийн жагсаалт, тайлан, тооцоо болон холбогдох нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй байна.
Түүнчлэн “Монгол-Эмимпекс” концерноос 2014 оны 08 болон 11 дүгээр сард 2 удаагийн ажлын хэсэг “Хэнтий эм хангамж” ХХК-д ирж хариуцагч М.Нарангэрэлийн хариуцсан ажлыг шалгаж, тооллого хийж, тооцоо бодсон актуудыг хариуцагч М.Нарангэрэл нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулж байсан байдал, эрүүгийн хэргийн журмаар энэхүү нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг урьд шалгаж шийдвэрлэсэн шийдвэрийг хариуцагч М.Нарангэрэл нь тухайн үедээ хүлээн зөвшөөрч байсан зэрэг байдлуудыг шүүх шийдвэр гаргахад харгалзан үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т: Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ, Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2-т: Хохирлын хэмжээг учирсан шууд хохирлоор тодорхойлох бөгөөд орох байсан орлогыг түүнд оруулан тооцохгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т: Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан,
Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т: Ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг гэрээ байгуулна гэж тус тус хуульчлан заасан байна.
Хэргийн үйл баримтаас үзэхэд хуулийн энэ шаардлагыг нэхэмжлэгч “Монгол-Эмимпекс” концерн албаны ашиг сонирхлын үүднээс хэрэгжүүлж, хариуцагч М.Нарангэрэлтэй хөдөлмөрийн эрхийн харилцаанд тухай бүрт нь холбогдох гэрээ, контрактыг байгуулж, эрх эдлүүлж, үүрэг хүлээлгэж ажлын байраар хангаж байсан байна. Гэсэн хэдий ч хариуцагч М.Нарангэрэлийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан: Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг...сахин биелүүлэх үүрэгтэй гэсэн заалтыг зөрчиж “Хэнтий эм хангамж” ХХК-ийн захирал, эд хариуцагчийн хувьд үүрэгт ажлаа хариуцлагагүй хандаж дээрх их хэмжээний эм бараа, материалын дутагдлыг гаргасан байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж 024 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна. (2 хх-ийн 31-35 тал)
Эдийн засгийн шинжилгээний орон тооны бус мэргэжлийн комиссын хурлын протоколд: ...Ахлах шинжээч Ж.Бадамсүрэн нь: ...Бид Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн 7 хавтас санхүүгийн баримтанд үндэслэн шинжилгээ хийсэн болно. Энэ хүний өмнө 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “Мишээ-Од аудит” ХХК аудитын дүгнэлт гаргасан 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №176 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан байна. ...эдийн засгийн бүрэлдэхүүнтэй шинжилгээнд 2014 оны 7 хавтас санхүүгийн материал ирүүлсэн бөгөөд аудитын шалгалт хийж байх үед 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны авлагын журнал, 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хийсэн тооцоо бодсон актууд, касс харилцахын журнал зэрэг баримтууд байсан нь дахин шинжилгээнд ирүүлээгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтуудаар “Мишээл-Од аудит” ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гаргасан дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн байна.
Иймд Шүүх Монгол улсын шүүхийн шинижлгээний 024 дугаартай 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт үнэн зөв гэж үнэлэх боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2, 135 дугаар зүйлийн 135.1.2, 135.3-т зааснаар хариуцагч М.Нарангэрэлээс 42 405 609 (дөчин хоёр сая дөрвөн зуун таван мянга зургаан зуун ес) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Монгол-Эмимпекс” концерны харъяа “Хэнтий эм хангамж” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 15 941 058 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч компанийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 449 549 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Нарангэрэлээс 369 978 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Монгол-Эмимпекс” концерны харъяа “Хэнтий эм хангамж” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ