Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/136

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

            Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигин овогтой Б.Ут холбогдох эрүүгийн 2107 00008 0143 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй, 33 настай, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, аав, дүүгийн хамт ......................................................... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд:

-2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 520 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

-2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 637 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял,

-2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан,

/РД: /, ******* овогт Б.У.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/        

 

Шүүгдэгч Б.У мэдээллийн технологи болох гар утас ашиглан, ашиг олох зорилгоор хөзөр /техас покер/ мөрийтэй тоглоомыг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн нийт 5 удаа зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв..” гэв.

 

            Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би Улаанбаатар хотод ...................д хамгаалалтын албанд ажилладаг. Хааяа жижүүрт гарахдаа шөнө ажил дээрээ байхдаа Фэйсбүүкээр хүмүүс лайв хийгээд “Техас” нэртэй мөрийтэй тоглоом тоглуулаад байхаар нь тэр лайвт нь өөрийн Б.Б гэх фэйсбүүк хаягаар орж хэсэг тоглодог байсан ба ихэнхдээ мөнгө алддаг, мөнгө хожиж байгаагүй. Би мөрийтэй тоглоом тоглохдоо өөрийн ................... дугаарын данснаас ................... дансруу мөнгө шилжүүлж тоглодог байсан. Би Мобайл банкаар мөнгө шилжүүлэхэд Б.У гэх нэртэй данс эзэмшигч байсан. Би тухайн хүнийг танихгүй фэйсбүүк нэр нь "..................." гэсэн хаягаар лайв хийж тоглуулдаг байсан. Хэдэн удаа хэдэн төгрөг шилжүүлснээ мэдэхгүй байна....800.000-гаад мянган төгрөг алдсан. Ашиг олсон зүйл байхгүй...Би хууль бус гэдгийг нь мэднэ. Тухайн үед фэйсбүүк хүмүүс тоглуулаад байдаг болохоор нь зүгээр юм байх гэж тоглосон. Би анх тоглохдоо өөрөө фэйсбүүкээр хүмүүс тоглуулаад байхаар нь тоглодог байсан. Ихэнхдээ би “...................” гэх фэйсбүүк хаягаар лайв хийж тоглуулдаг хүнтэй холбогдож тоглодог байсан. Сүүлдээ уг “...................” гэх фэйсбүүк хаягаас над руу чат бичээд лайв эхэллээ одоо тоглох уу гэж чат бичдэг байсан. Тэгээд би орж тоглодог байсан. Би одоо тоглохоо больсон. Ахиж тоглохгүй..." /хх-14-15/ гэх мэдүүлэг,

            Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Манайх 2020 оны 12 дугаар сарын 12 ны өдөр манай аав Бийн төрсөн өдөр болоод Б.У ах Улаанбаатар хотоос ирж аавын төрсөн өдрийг бид нар хамтдаа тэмдэглэсэн. Тэгээд гэрт ирээд 2 хоногийн дараа Б.У ах оройхон байхаа цагийн сайн санахгүй байна гэр дотор хойморт байрлуулсан ширээн дээр утсаарай лайв хийж хөзрөөр "Техас покер" тоглуулж байсан.....Ер нь 3 хоног тоглуулсан байхаа, фэйсбүүкээр лайв өдөрт 4 цаг л хийдэг юм, Б.У 4 цаг тоглуулсан байх гэж бодож байна....Би хууль бус гэдгийг нь мэднэ. Би ахад “наад тоглоом чинь ингэж тоглуулж болдог юм уу” гэсэн чинь “фэйсбүүк дүүрэн ийм тоглоом тоглуулж байгаа хүмүүс байна” гэсэн юм..." /хх-18-19/ гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ................................. тоотод гэртээ байх үедээ 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрийн "..................." нэртэй фэйсбүүк хаягаар лайв хийж "Техас покер" тоглуулсан юм. Тэрнээс хойш би 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл завтай үедээ лайв хийж покер тоглуулсан.....Би өөрийн ашигладаг "..................." нэртэй фэйсбүүк хаягаар лайв хийж, миний эзэмшлийн хаан банкны ................... тоот дансруу 10.000 төгрөгийг хийсэн хоёр хүнийг Техас покерийн дүрмээр халз тоглуулж хожсон хүнд нийт цугларсан 20.000 төгрөгнөөс 18.000 төгрөг өгч, би 2000 төгрөгийг өөртөө ашиг болгон авдаг байсан. Нэг тоглолтоос хоёр мянган төгрөг авч хоёр хүнийг хооронд нь тоглуулдаг байсан......Би өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна....” /хх-27/ гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-06-08/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа /хх-28/,

Шүүгдэгчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-34-68/,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 520 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-78-80/,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08

дугаар сарын 27-ны өдрийн 637 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-81-83, 87-91/,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-84-86/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.У мэдээллийн технологи болох гар утас ашиглан, ашиг олох зорилгоор хөзөр /техас покер/ мөрийтэй тоглоомыг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн нийт 5 удаа зохион байгуулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Фэйсбүүкээр хүмүүс лайв хийгээд “Техас” нэртэй мөрийтэй тоглоом тоглуулаад байхаар нь тэр лайвт нь өөрийн Б.Б гэх фэйсбүүк хаягаар орж хэсэг тоглодог байсан ба ихэнхдээ мөнгө алддаг, мөнгө хожиж байгаагүй. Би мөрийтэй тоглоом тоглохдоо өөрийн ................... дугаарын данснаас ................... дансруу мөнгө шилжүүлж тоглодог байсан. Би Мобайл банкаар мөнгө шилжүүлэхэд Б.У гэх нэртэй данс эзэмшигч байсан. Би тухайн хүнийг танихгүй фэйсбүүк нэр нь "..................." гэсэн хаягаар лайв хийж тоглуулдаг байсан. Хэдэн удаа хэдэн төгрөг шилжүүлснээ мэдэхгүй байна....800.000-гаад мянган төгрөг алдсан...” гэх мэдүүлэг, Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Манайх 2020 оны 12 дугаар сарын 12 ны өдөр манай аав Бийн төрсөн өдөр болоод Б.У ах Улаанбаатар хотоос ирж аавын төрсөн өдрийг бид нар хамтдаа тэмдэглэсэн. Тэгээд гэрт ирээд 2 хоногийн дараа Б.У ах оройхон байхаа цагийн сайн санахгүй байна гэр дотор хойморт байрлуулсан ширээн дээр утсаарай лайв хийж хөзрөөр "Техас покер" тоглуулж байсан.....Ер нь 3 хоног тоглуулсан байхаа, фэйсбүүкээр лайв өдөрт 4 цаг л хийдэг юм, Б.У 4 цаг тоглуулсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг, Шүүгдэгч Б.Уын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрийн "..................." нэртэй фэйсбүүк хаягаар лайв хийж "Техас покер" тоглуулсан юм. Тэрнээс хойш би 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл завтай үедээ лайв хийж покер тоглуулсан.....Би өөрийн ашигладаг "..................." нэртэй фэйсбүүк хаягаар лайв хийж, миний эзэмшлийн хаан банкны ................... тоот дансруу 10.000 төгрөгийг хийсэн хоёр хүнийг Техас покерийн дүрмээр халз тоглуулж хожсон хүнд нийт цугларсан 20.000 төгрөгнөөс 18.000 төгрөг өгч, би 2000 төгрөгийг өөртөө ашиг болгон авдаг байсан. Нэг тоглолтоос хоёр мянган төгрөг авч хоёр хүнийг хооронд нь тоглуулдаг байсан....” гэх мэдүүлэг, Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Ут холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

           

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Б.Ут холбогдох гэмт хэрэгт улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх явцдаа өөрийн дансаар тоглоомны бооцоо хэлбэрээр авсан мөнгөн дүнгээс 509130 төгрөгийг орлого олсон байх тул шүүгдэгчээс Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хурааж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдах зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ут 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ут оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай

           

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Уаас 509.130 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД