Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 293

 

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 156/ШШ2017/00293

                  Хэнтий аймаг

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 156/2016/00673/И

 

         Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, “Тунсаг” дэлгүүрийн хашаанд оршин суух Дамдингийн Маргад-Эрдэнэд (РД: СЭ-84052031) холбогдох,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, “Хан-Хэнтий язгууртан” хотхоны К-17 дугаар байрны 1-4 тоотод оршин суух Батдэлгэрийн Халиуны нэхэмжлэлтэй,

"ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр 1 050 000 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Нэхэмжлэгч Б.Халиун нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би барилгын засал чимэглэлийн “Органик болор” ХХК-ийн барилга хариуцсан менежер Д.Маргад-Эрдэнэтэй 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Улаанбаатар хот дахь Олимп хотхоны 10 дугаар давхрын 1-7 айлын заслын ажил болон 20 ширхэг цонхны амалгаа хийх ажлын хөлс 3 800 000 төгрөгөөр тохиролцож 1 000 000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг 5935351892 дугаарын дансанд хийсэн. Ингээд ажил эхэлсэн боловч гурван хоног ажиллаж үлдсэн ажлыг дутуу орхиж, гэрээнд заагдсан ажлыг чанарын шаардлага хангаагүй хийж гүйцэтгэсэн байсан.

Иймд хариуцагч Д.Маргад-Эрдэнээс урьдчилгаа төлбөрт өгсөн 1 000 000 төгрөг, ажилчдын хоолны төлбөр 50 000 төгрөг, нийт 1 050 000 гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)

Нэхэмжлэгч Б.Халиун нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Би Д.Маргад-Эрдэнэтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэлэлцэн тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав. Би анх нэхэмжилсэн 1 050 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын  550 000 төгрөгөөс татгалзаж, 500 000 төгрөгийг сар бүр 100 000 төгрөгөөр бодож  2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийг дуустал хугацаанд сар бүрийн 5-ны өдөр өөрийн нэр дээрх ХААН банкны 5059166858 дугаарын дансаар авахаар тохиролцлоо. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Маргад-Эрдэнэ нь хүлээн зөвшөөрсөн болно. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт гаргахгүй болно гэжээ.(хх-ийн 28 тал)

 

Хариуцагч Д.Маргад-Эрдэнэ нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Б.Халиунтай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж  Б.Халиун нь анх нэхэмжилсэн 1 050 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа 550 000 төгрөгөөс татгалзаж 500 000 төгрөгийг сар бүр 100 000 төгрөгөөр бодож  2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийг дуустал хугацаанд сар бүрийн 5-ны өдөр Б.Халиуны нэр дээрх ХААН банкны 5059166858 дугаарын дансаар дамжуулан төлөхөөр тохиролцлоо. Энэ хэрэгт маргаантай зүйлгүй тул өмгөөлөгч авахгүй, нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 28 тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Халиун нь, хариуцагч Д.Маргад-Эрдэнээс "ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр 1 050 000 төгрөгийг гаргуулах"-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.                              

 

Зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч Б.Халиун нь шүүхэд гаргасан "ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр 1 050 000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагынхаа 550 000 төгрөгөөс татгалзаж, Д.Маргад-Эрдэнээс 500 000 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч Д.Маргад-Эрдэнэ нь 500 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч Д.Маргад-Эрдэнэд холбогдох, Б.Халиуны нэхэмжлэлтэй"ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр 1 050 000 төгрөгийг гаргуулах” тухай  иргэний хэрэгт зохигчид 500 000 төгрөгт эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Б.Халиуны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  29 750 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 14 875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 14 875 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Д.Маргад-Эрдэнээс 14 875 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Халиунд тус тус  олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Д.Маргад-Эрдэнэ нь 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.   

 

 

ШҮҮГЧ                                    Л.ЦЭРЭНДУЛАМ