| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00155/И |
| Дугаар | 294 |
| Огноо | 2017-05-22 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 294
| 2017 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 156/ШШ2017/00294 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00155/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг Ноёны 11 дүгээр гудамжны 4 тоотод оршин суух, Буурал овогт Ганбаатарын Гансувд /РД:СО84100206/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хэнтий аймгийн Мөрөн сумын цэцэрлэгийн эрхлэгчид холбогдох
“Ажлаас үндэслэлгүй халагдсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн нөхөн бичилт хийлгүүлэх тухай” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Гансувд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг, А.Төмөрчулуун, хариуцагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмагнай, хариуцагчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Гансувд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын Цэцэрлэгт хөдөлмөрийн гэрээ байгуулан багшийн ажилд орсон. 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/05 дугаартай эрхлэгчийн тушаалаар сахилгын зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаж байгаагүй. Хамт олны хурлаар хэлэлцэхгүй шууд ажлаас халсан. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Нэхэмжлэгч Г.Гансувд нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 2013 оны 09 дүгээр сарын 09-нөөс эхлэн Мөрөн сумын цэцэрлэгт багшаар ажилд орсон. Энэ хугацаанд бага дунд бүлгийг авч ажиллаж байсан. 2008 онд Монголын үндэсний дээд сургуулийг төгссөн, 2011 оноос эхлэн Дорнод дээд сургуульд 2.5 жилээр эчнээгээр сурч байгаа. 2017 оны 02 сарын 20-ны өдрийн эрхлэгч Ц.Баярмагнайгийн Б/05 дугаартай тушаал гарч намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Ингэж чөлөөлөхдөө эцэг эхтэй буруу харьцаж харилцааны доголдол, ёс зүйн харилцааны доголдол удаа дараалан гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2. 40.1.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Би шүүхэд гомдол гаргахдаа Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Мөн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх гэсэн шаардлагыг нэмэгдүүлж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4–т Э.Соёлмааг түлсэн асуудал дээр Өнөржаргал, Ц.Саранчимэг нар Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар тодорхой шийтгэл авсан эсэхийг өнөөдрийн шүүх хуралдаан дээр дахин сөхөх шаардлагагүй гэж үзэж байна. Үүнээс хойш ажлаас халагдах хүртэл ямар ч алдаа дутагдал хөдөлмөрийн сахилгын зөрчилгүй ажиллаж ирсэн. Ц.Баярмагнай намайг энэ асуудал дээр гүтгэж байна. Чи намайг ажлаас хал, би чамтай цуг ажлаас халагдана гэж хэлсэн нь үнэн боловч тухайн үед уурандаа тэгж хэлсэн байх. Ц.Баярмагнайгийн хувьд намайг үнэхээр зөрчил дутагдал гаргаж байгаа гэж үзвэл хамт олны тушаал шийдвэр, хурлаар хэлэлцсэн протокол зэрэг байхгүй байгаа гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүй халсан тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн ажилгүй байсан хугацааны цалин нийгмийн даатгалын дэвтрийн нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэмж гаргасан. Ажилгүй байсан хугацааны цалин гэж 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөр тооцоход 93 хоногийн нийт 1 678 858 төгрөг болж байна. Мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Мөрөн сумын цэцэрлэгийн эрхлэгч эрх зүйн актыг 2017 оны 02 сарын 20-нд гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан албандаа тэнцэхгүй гэсэн шалтгаантай. 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн зөрчлийг удаа дараа гаргасан гэсэн 2 үндэслэлээр ажлаас халсан байдаг. Сахилгын зөрчил гэж 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хүүхэд түлэгдсэн асуудал дээр арга хэмжээ авч цалинг 3 сараар 20% хассан байдаг. Нэгэнт нэхэмжлэгч өөрөө гомдол гаргаагүй, гомдол гаргах хугацаа дууссан учраас үүн дээр ярихгүй, илүүц гэж бодож байна. Дараа нь тайлан өгөөгүй, эцэг эхчүүдтэй зүй бус харьцсан, өөрийн хүүхдийг өөрийн ангид явуулдаг гэж удаа дараа сахилгын зөрчил гаргасан гэх ямар нэгэн баримт байхгүй. Энэ дээр авах арга хэмжээг шаардахгүй шаардлага дээрээ тайлан өгөөгүй гэдэгт цэцэрлэгийн эрхлэгч өөрөө ингэж өгөөгүй гэснээ нотолж чадахгүй байгаа. Эцэг эхчүүдтэй зүй бус харьцсан гэдэгт ямар нэгэн нотолгоо алга. Соёлмаа гэж хүүхдийн ээж удаа дараа өргөдөл гомдлыг өгсөн байдаг. Төрийн байгууллага албан тушаалтан иргэдээс гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэхдээ 5 хоногийн дотор хариу өгөн ямарваа нэгэн тодорхой ажиллагаа хийх ёстой байтал тийм ажиллагаа хийгээгүй байдаг. Өргөдөл ороод ирэхэд нь шууд халсан байдаг. Өөрийн хүүхдээ өөрийнхөө ангид авсан сахилгын зөрчилд Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1-т ажил олгогч бол хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлэх гэсэн байдаг. Хуулинд өөрийн хүүхдийг өөрийн ангидаа авч болохгүй гэсэн заалт байхгүй. Холимог бүлэг гарах тушаал гараагүй мөртлөө холимог бүлэг ажилладаг газар..Өмнөх хурал дээр хариуцагчаас татгалзах тухай санал тавьсан. 2012 оны 06 сарын 15-ны өдөр Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай асуудлыг хянан шийдвэрлэх талаар Улсын дээд шүүхийн зөвлөмж байдаг. Уг зөвлөмжид хуульд өөрөөр заагаагүй бол ажилтан үүрэгт ажилдаа тэнцэхгүй гэж үзэхдээ мөн хуульд заасан болзол хангахаар цаашид суралцаж байгаа байдал зэргийг харгалзан үзнэ гэсэн зүйл заалт байдаг. Энэ утгаараа 2016 оны 12 сарын 28-нд сургалтын программыг хангасан байна. Дорнод дээд сургуулийг 90 А дүнтэй төгссөн баримт хэрэгт байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмагнай нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Ганбаатар овогтой Гансувд нь Монголын Үндэсний Дээд Сургуулийг 2008 онд эрх зүйч мэргэжлээр төгссөн эрх зүйч мэргэжилтэй, бакалавр зэрэгтэй юм. Г.Гансувд нь тус байгууллагад ажилд орох өргөдөл гаргасны дагуу 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Мөрөн сумын цэцэрлэгийн эрхлэгчийн №24 тоот тушаалын дагуу түр томилон ажлуулсан. Түр томилон ажиллуулсан шалтгаан нь Г.Гансувд нь 2011 онд Дорнод Дээд Сургуульд СӨНХ-ийн багш мэргэжлээр эчнээгээр 2.5 жилээр сурч 2013 ондоо багтааж төгсөнө гэсэн боловч ажлаас чөлөөлөгдөх хүртэл сургуулиа төгсөөгүй мэргэжлийн бус багш хэвээр 4 жил энэ цэцэрлэгт ажиллаж байсан юм. Одоо ч тус сургуулиа төгссөн эсэх талаар мэдээлэл байхгүй байна. 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/05 тоот Мөрөн сумын цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалын үндэслэлийг тайлбарлавал: Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт: “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй багш ажиллана” гэж заасан шаардлагыг хангаагүй ажилтан юм. Учир нь 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ажилд томилогдохдоо энэ жил Дорнод Дээд Сургуульд 2,5 жилээр 2011 оноос эхлэн сурч байгаа гэсэн боловч одоог хүртэл төгсөөгүй байна....Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дэх хэсэгт: “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэдгийг Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолд: “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчилын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно гэж тайлбарлажээ.
Багш Г.Гансувдын хариуцсан ангийн хүүхэд Соёлмаа нь халуун цайнд түлэгдэж түүний эцэг, эхийн зүгээс цэцэрлэгийн удирдлага болон Хэнтий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт гомдол гаргасан байдаг. Уг гомдлын дагуу аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамтарсан комисс тус цэцэрлэгт ажиллаж хэд хэдэн зөрчлийг илрүүлж залруулах талаар 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 59 тоот албан бичгийг хүргүүлсэн байдаг. Уг албан бичигт мэргэшлийн болон багшлах эрхтэй багшийг ажиллуулах, багш нарын ажлын хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, хүүхдийг хайрладаг сэтгэлтэй болгох талаар зөвлөмж хүргүүлсэн бөгөөд багш Г.Гансувдын мэргэжил ур чадварын хувьд тухайн албан тушаалд тэнцэхгүй болохыг тогтоосон байдаг.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт: “ажилтан хөдөлмөрийн сахилгыг давтан гаргасан”... гэдгийг Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолд; "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчилийн давтан гаргасан...” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх ёстой боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй гэж тайлбарлажээ.
2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Цэцэрлэгийн эрхлэгчийн Б/01 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.2, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Сайдын 65 дугаар тушаалын 4 дүгээр зүйлийн 4.5, Цэцэрлэгийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.19.1-дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ажлын хариуцлага алдаж ангийн хүүхдийн эрүүл мэндийг хохирол учруулсан багш Г.Гансувд, туслах багш Л.Өнөржаргал нарт 3 сарын хугацаагаар цалингийн 20%-иар бууруулах, тогооч Ц.Саранчимэгт сануулах арга хэмжээг тус тус авсан.
Гэтэл энэ хугацаандаа багш Г.Гансувдад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ангийнхаа хүүхдийн түвшингийн судалгаа өг гэсэн үүрэг даалгаврыг өгөхөд биелүүлээгүй зөрчил гаргасан. Дээрх үүрэг даалгаврыг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дахин өгөхөд биелүүлээгүй бөгөөд удирдлагын үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, “...чи намайг ажлаас хал, би чамтай хамт ажлаас халагдах болно...” гэсэн тайлбарыг гаргасан.
Мөн Хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг болох 2016 оны үр дүнгийн тайланг гаргаж өгөөгүй. Манай байгууллага 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон нийт ажилчдын жилийн эцсийн ажлын тайланг хүлээн авч дүгнэсэн байдаг. Багш Г.Гансувд нь дээрх зөрчлүүдийг удаа дараа гаргасан нь тогтоогдсон тул багш Г.Гансувдыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу ажлаас чөлөөлөх үндэслэл бүрдсэн бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/05 тоот Мөрөн сумын цэцэрлэгийн эрхлэгчийн тушаал нь хууль зөрчөөгүй, үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Мөн уг сахилгын шийтгэл ногдуулсан тушаалтай холбогдуулан эс зөвшөөрч хуулийн байгууллагад болон цэцэрлэгийн удирдлагад гомдол гаргаагүй болно. Иймд Г.Гансувдын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмагнай нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Г.Гансувдыг 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Мөрөн сумын цэцэрлэгийн эрхлэгчийн №24 тоот тушаалын дагуу түр томилуулан ажиллуулсан. 2013 онд Дорнод дээд сургуулийн сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлээр 2.5 жилээр сурч төгссөн гэсэн боловч, одоог хүртэл сургуулиа төгсөөгүй сурч байгаа. 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/05 Мөрөн сумын цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалыг тайлбарлавал, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт сургуулийн өмнөх байгууллагад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй багш ажиллана гэж заасныг хангаагүй ажилтан юм. Багш Гансувд сахилгын зөрчлүүдийг удаа дараалан гаргасан тул багш Гансувдад Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасны дагуу ажлаас чөлөөлөх үндэслэл бүрдсэн бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 тоот Мөрөн сумын цэцэрлэгийн эрхлэгчийн тушаал хууль зөрчөөгүй. Иймд нэхэмжлэгч Гансувдын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна. Г.Гансувдын анги холимог бүлэг, түлэгдсэн хүүхэд эдний ангид явдаг. Бид нар багш нартайгаа хамтран ярьж байгаад хүүхдүүдээ яг анги ангид нь авъя гээд бага бүлэгт хүүхдүүдээ эргүүлж өгнө гэсэн эдний ангийн ирц хүрэхгүй 23 хүүхэдтэй байсан. Нэг анги 25-30 хүүхэдтэй байдаг. Тэгээд эдний анги 23 хүүхэдтэй учир Соёлмааг ангидаа ав гэсэн үүрэг даалгавар чиглэл өгсөн. Гэтэл маргааш нь ангийнхаа хүүхдийг Гансувд авахгүй гээд байсан. Сургуулийн өмнөх боловсролын хуулинд бүлэгт хүүхдээ шилжүүлэх, чөлөөлөх асуудлыг эрхлэгч шийдвэрлэнэ гэсэн байдаг. Гэтэл өмнөөс маань шийдвэрлэн эцэг эхчүүдээс удаа дараалан гомдол гаргасан учраас давтан зөрчил гаргасан гэж үзэж байгаа. Дотоод журамд удаа дараалан зөрчил гаргасан бол зөрчил гэж үздэг. Цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журамд 4.19.5-д Багш ажилтан хариуцсан ажилдаа эцэг эхээс гомдол гаргасан буюу сахилгын зөрчлийг удаа дараалан буюу хоёроос 3 удаа давтан гаргасан учраас сахилгын зөрчил гэж үзэж байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу ажил албан тушаалдаа мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй гэсэн. Хуульд өөрөөр заагаагүй бол гэснийг заах ёстой, энэ дээр нарийвчилсан зохицуулалттай харилцаа байгаа. Энэ нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулиар энэ хүний ажлын байр яаж ажиллах вэ? ямар боловсролтой байх вэ? гэдгийг нарийвчилсан зохицуулалттай харилцаа юм. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйл дээр заасан байдаг. Сургуулийн өмнөх боловсролыг бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй багш байна гэж заасан. Нэхэмжлэгч Гансувд дээд боловсролтой хүн хэдий ч багш байна гэсэн байдаг. Тухайн маргаан болох үед нэхэмжлэгч маань сургуулиа төгсөөгүй шалгалтаа өгөөгүй байсан. Сүүлд ажлаас халсны дараа сургуулиа төгссөн гэдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан. Хөдөлмөрийн гэрээний 4.8.1, 4.9.2, 4.9.3, 4.9.5, гэсэн заалтууд дээр тодорхой заагаад өгсөн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т Улсын дээд шүүхийн тайлбар дээр хөдөлмөрийн сахилгын зөрчлийг нэг бүрчлэн заана гэсэн байна. Байгууллагын эрхлэгч удирдах албан тушаалтны хувьд зөрчлийг тогтоох эрх мэдэлтэй. Энэ нь гэрч Өнөржаргал, гэрч Оюунцэцэгийн мэдүүлгүүдээр нотлогдож байна. Хуулиар зохицуулаагүй асуудлыг журмаар зохицуулах гээд байгууллагын дотоод журам мөрдөгдөж байна... Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.11. 62.2. нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт эсвэл уг хураамжаас чөлөөлөх тухай хүсэлт, нэхэмжлэгчийг төлөөлж байгаа бол хавсаргах гэсэн байна. Мөн хуулийн 65.1.5-т улсын тэмдэгтийн хураамжийн үнэ гэсэн байна. Үнэ тодорхой бус, улсын тэмдэгтийн хураамжаа төлөөгүй. Ажлаас үндэслэлгүй халагдсан асуудал дээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх нь тодорхой маргахгүй байгаа. Иймд нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх хүлээн авахаас татгалзаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Гансувд нь Хэнтий аймгийн Мөрөн сумын цэцэрлэгийн эрхлэгчид холбогдуулан “ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ.
Хэнтий аймгийн Мөрөн сумын цэцэрлэгийн эрхлэгч Ц.Баярмагнай нь тус цэцэрлэгийн дунд бүлгийн багш Г.Гансувдыг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4-т үндэслэлүүд тогтоогдсон учраас ажлаас нь халсан гэж тайлбарлаж байх ба нэхэмжлэгчийн зүгээс энэ шийдвэрийг нь үндэслэлгүй гэж маргаж байна.
Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээд шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэгдүгээрт: Мөрөн сумын цэцэрлэгийн эрхлэгчийн барьсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлийн тухайд энэ нь .ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн үндэслэл бөгөөд хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудсанд байх Хэнтий аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Ажлын хэсгийн дүгнэлт, тайлангаар дунд бүлгийн багш Г.Гансувдын хувьд бүлгийн ирцийн бүртгэл дутуу хийгдсэн, эмнэлгийн чөлөө авсан хүүхдийн нэр дээр өөр хүүхдийг бүртгэсэн, өглөө бүр бүх ангийн хүүхдийн ирцийг бүртгэх ажилтны цагийн зохицуулалт дутуу хийгдсэн, туслах багш нар тогоочоос биш өөрсдөө гал тогооноос хүүхдийн цайг данханд хийж авдаг, сургалтын үйл ажиллагааны аргачлал найруулгын алдаатай, хүүхдийн үнэлгээний бичиг баримтын огноо, хөтлөлт, тоо ширхэг дутуу, сургалтын зохион байгуулалт дунд зэрэг, хүүхдийн сам, сойз, оо зэрэг хувийн ариун цэврийн хэрэгслийн ашиглалт, хадгалалт тааруу, хүүхэд хамгааллын талаар ажиллагсдын хариуцлага дутуугаас 1 хүүхэд халуун цайнд түлэгдсэн зэрэг дутагдлууд байна гэж дүгнэгдсэн байна.
Багш Г.Гансувдын хувьд мэргэжлийн байгууллагаас хийсэн шалгалтаар тухайн ажлын байранд ажиллах мэргэжлийн шаардлага хангахгүй байхаас гадна эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж байсан нь илэрхий болсон байна.
Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т.. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй багш ажиллана, мөн хуулийн 12.2-т...багш нь багшлах эрхтэй байна гэж тус тус заажээ.
Иймд ажилтан нь мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.
Хоёрдугаарт: нэхэмжлэгч Г.Гансувд нь түүнтэй ажил олгогчоос 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 2-4х/-ний 4 дүгээр зүйлийн 4.7.2-т заасан: цэцэрлэгийн удирдлагын ажил хэргийн нэр хүндийг гутаах, хамт олон болон гадны хүний дэргэд нэр хүндийг унагаж бүдүүлэг зан авир гаргаж доромжлох зөрчлийг гаргасан болох нь гэрч Л. Өнөржаргалын....2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр эрхлэгч Ц.Баярмагнай Г.Гансувдаас хүүхдийн түвшингийн судалгаагаа өг гэхэд тэрээр өмнөөс нь уурлаж, маргалдан “солиор нүүрээ буддаггүй багш нараа хэл, чи намайг ажлаас хал, хоёулаа цуг халагдана” гэсэн,...багш Г.Гансувд эрхлэгч Ц.Баярмагнайг хойлог минь гэж доромжилсон гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58, 80-82х/ болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Г.Гансувдын эрхлэгч Ц.Баярмагнайд намайг ажлаас халдаг юм бол чи ч бас халагдана гэж хэлсэн гэх тайлбараар нотлогдож байна.
Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7-д ноцтой зөрчил гэдэгт дараах зөрчлүүдийг тооцно гэж ажил олгогч болон ажилтан нь тохиролцсон байх ба Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7.2-т заасан дээрх зөрчил нь ноцтой зөрчилд тооцогдохоор байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т: ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж заажээ.
Иймээс Мөрөн сумын цэцэрлэг нь хөдөлмөрийн гэрээндээ ноцтой зөрчил гэдэгт ямар зөрчлийг хамааруулж авч үзэх вэ гэдгээ урьдчилан тохиролцож, нэрлэн заасан байх тул энэ үндэслэлээр багш Г.Гансувдыг ажлаас нь чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Г.Гансувдын хувьд Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.8.1-т заасан Ажил мэргэжлийн зөв шаардлагыг хүлээж авахгүй хэл амаар доромжилж, зүй бус харьцах дээр өгүүлсэн ёс зүйн ноцтой зөрчлөөс гадна өөрийн бүлэгт хүмүүждэг хүүхдийг анги бүлэгтээ авахгүй, ялгаварлан гадуурхах үзэл гаргаж, хүнд суртал үзүүлж, хүүхдийн эцэг, эхтэй буруу харьцсан ёс зүйн зөрчил гаргасан байна. /Хөдөлмөрийн гэрээний 4.8.3/
Мөн нэхэмжлэгч Г.Гансувд нь Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.9.3-т заасан: үүрэг даалгавар цаг тухайд нь биелүүлэхгүй байх хөдөлмөрийн сахилгын зөрчлийг гаргасан болох нь 2016 оны жилийн эцсийн тайлангаа өгөөгүй, хүүхдийн мэдлэгийн түвшингийн судалгааг хугацаанд нь өгөөгүй зэрэг байдлуудаас нь харагдаж байна.
Нэхэмжлэгч Г.Гансувдын ажлаас үндэслэлгүй халагдсан гэх гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан:..гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл мөн байх бөгөөд энэ төрлийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлнө гэж заасны дагуу нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөх нь зүйтэй байна.
Энэ нь сүүлд нэхэмжлэгч талаас 2017 оны 05 дугаар сарын 05-нд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдалд ч мөн хамааралтай юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Гансувдын Хэнтий аймгийн Мөрөн сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/05 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Гансувдыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсүгэй.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР