Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 295

 

 

 

2017 оны 05 сарын 23 өдөр

    Дугаар 156/ШШ2017/00295

                  Хэнтий аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2017/00211/И

       Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Цаг уурын 1б-03 тоотод оршин суух, Төгс овогт Оргодолын Саранчимэг /РД:СФ78032807/-ийн нэхэмжлэлтэй

          Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 15-07 тоотод оршин суух, Боржигон овогт Бадмаагийн Лхагвасүрэн /РД:СА73071714/-д холбогдох

          Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөний өөрт болон 4 хүүхдэд оногдох хувийг гаргуулах, банкнаас хамтран зээлдсэн зээлийн тал хэсгийг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудтай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Сарангэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг, хариуцагч Б.Лхагвасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцов.

         

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч О.Сарангэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь 1994 онд Б.Лхагвасүрэнтэй гэр бүл болсноор 1996 онд охин Гармаа, 1997 онд охин Рэгзэдмаа, 2001 онд хүү Баасандорж, 2003 онд охин Буд нарыг төрүүлэн өсгөсөн. Улмаар 2001 оны 04 сарын 02-ны өдрийн гэрлэлтийн тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд нөхөр Б.Лхагвасүрэн маань анхнаасаа л архи их уудаг, хэд хоногоор хаяад явчихдаг, ширүүн хатуу зан авир гаргадаг бүх зүйлийг өөрийн хүсэл санаагаар шийддэг байсан. Хэнтий аймгийн Батноров суманд гэр бүл болсноос хойш бид хоёр эрхэлсэн тодорхой ажилгүй өөрсдийн эцэг, эхчүүдийн өгсөн хэдэн малынхаа ашиг шимээр амьжиргаагаа залгуулан амьдарч ирсэн. Энэ хугацаанд хэцүү бэрхшээлтэй, занал зүхэл, сэтгэлийн гүн дарамтанд орох үе олон гарч амьдарсаар ирсэн. 2000 онд Хэнтий аймгийн төвд орж ирж амьдарсан боловч нөхөр маань хардаж сэрдэн ажил төрөл хийлгэхгүй гэдэг байсан боловч миний хүсэл эрмэлзэл дийлэн хэдэн жил гуйсаар байгаад 2007 онд Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгт хүний оронд 1 сар туслах багшаар ажиллан улмаар сургуульд суух бодол төрөн Дорнод ДС-ийн СӨНХ-д эчнээгээр суралцаж ажлын гараанд залгасан болно. Нөхөр Лхагвасүрэн нь 2013 оны 3 сараас эхлэн ажил хийх болсон гэвч зан байдал нь засраагүй хэвээр бүр улам дордсон, гараанд гараагүй үедээ тогтмол архи ууж орой ажил тараад ирэхэд л архидалт, хэрүүл болсоор байсан. Сүүлийн үед нөхөр маань архи уухаараа агсран загнаж янз бүрийн асуудал гаргах, хэрэлдэж муудалцахаараа элдвээр басамжлан доромжилж худлаа гүтгэн хардаж сэрддэг нь улам ихсэж зодож занчих тэр бүү хэл эрүүл саруул мөртлөө хутга мэс барин дайрч дарамталдаг тохиолдол олноор гарах болсон. Гэвч би бага залуугаасаа ханилсан болохоор энэ хүний царайг харж эвийг нь олох гэж хичээн 4 хүүхдийнхээ ирээдүйн амьдралыг бодож энэ бүхнийг тэвчсээр ирсэн. Гэвч яаж ч зүтгээд энэ хүнээс хайр халамжийг олох битгий хэл эцсийн сүүлд нь амь насаа алдахвий гэх айдасыг мэдрэх болсон. Хамгийн сүүлд муудалцсан шалтгаан гэвэл 2015 оны 03 дугаар сарын 22-нд Батноров суманд хөдөө очиж хэдэн ямаагаа самнаж, хоолтой болох мөн хүү Баасандоржийн адууг хүнтэй азрагаар солио хийж, бэлэгнийх нь даагыг Хурх сумаас авч ирэх зорилготой явсан. Бүх ажлаа амжуулаад буцах замдаа машины бензин хүрэхгүй болсон шалтгаанаас болж муудалцан машин тэргэндээ ч уураа гарган өшигчиж бас бус юмыг нь эвдсэн, мөн нисэж үхэцгээе гэж айлгаж сүрдүүлэн машинаа барьж маш хурдтай давхиж мушгин айлгасан сумын төв дээр ирж зогсох үед нь би дахин машин бариулан цуг явахаас айж түлхүүрийг амжин авч нууснаас шалтгаалан түлхүүр өг гээд зодож хөлийн шагайг өшиглөн эвгүй болгож гар хөлийг хөхөртөл цохиж зодон, доромжилж, дарамтлан сүрдүүлсэн би цуг явахаас үнэхээр их айсан гэвч өглөө ажилтай тул надад маш хэцүү байсан. Бидний амьдрал байнгын хэрүүл зодоонтой цагдаагийн газарт ч удаа дараа хандаж байсан баримтууд бий мөн 2008 онд сум дундын шүүхэд ч хандаж байсан. Лхагватай цуг амьдрах нь хүүхдийн минь хүмүүжил төлөвшил, амь нас, эрүүл мэндэд сөрөг муугаар нөлөөлж болзошгүй байсан тул цаашид хамтран амьдрах боломжгүй болж тусдаа амьдрах болсон. Байнгын гэр бүлийн хүчирхийлэл гардаг байснаас болоод тус тусдаа амьдарсаар 3 жилийн нүүрийг үзэж байна. Иймд энэ хүнтэй цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг хуулийн дагуу цуцалж өгнө үү? Насанд хүрээгүй 2 хүүхдээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байгаа тул миний асрамжинд үлдээж 18 нас хүртэл эцэг Лхагвасүрэнгээс хүүхдийн тэтгэлгийг гаргуулахаар тогтоож өгнө үү? Эд хөрөнгийн маргаангүй болно гэжээ. /хх-ийн 1-3х/

            Нэхэмжлэгч О.Сарангэрэл нь шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:

                 Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл 2017.03.23-ны гаргасан бөгөөд энэ нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмж О.Саранчимэг миний Бадмаа овогтой Лхагвасүрэнг хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцуулан ХААН БАНКНЫ Хэнтий аймгийн 5-р багийн сангийн аж ахуйн салбараас хамт амьдарч байх хугацаандаа авсан 12,908.609 төгрөгний зээлийн үлдэгдлийн тал 6.454,304 төгрөгийг Б.Лхагвасүрэнгээр төлүүлж мөн үл хөдлөх хөрөнгө болох хашаа байшингийн өөрт болон 4 хүүхэддээ оногдох үнийн дүнг нэхэмжилж байна. Бид хамтран амьдарч байх хугацаандаа анх 2013 оны 6 дугаар сарын 10-ний өдөр авсан зээлээ шинэчлэн сунгасаар 2015 оны 1 дүгээр сарын 29-нд 12,908,609 төгрөгийн зээлийг авсан нь үнэн, энэ зээлнээс Лхагвасүрэн нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй юм. Иймээс хамтарч авсан зээлийн талыг буюу төгрөгийг 6,454,304 Б.Лхагвасүрэнгээр төлүүлнэ. Учир нь энэ авсан цалингийн зээлээр сууцны байшингийн засвар тохижилт, эд хогшил болох хувцасны шкаф, буйдан ор, хувцасны тольтой өлгүүр, чулуун ширээ, хоолны шүүгээ, стенк тавиур дрож хулдаас, телевизор, угаалгын машин, 4 гардаг блокны машин, 380 тог цахилгаан татуулах, идэж уух зэргийн хэрэгцээндээ зарцуулсан болно.

                 Б.Лхагвасүрэн бид хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн 5-р багийн сариг-15-07 тоот 2 тал хашаанд 109 мкв талбайтай байшинд 1999 оноос хойш 2017 оны өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд байшин маань үл хөдлөх хөрөнгийн 000149777 дугаартай, улсын бүртэлийн Ү-1817002458 тоот гэрчилгээтэй, палкан байшин, 2 тал хашаа болох хөрөнгөнөөс 4 хүүхэд болон өөрт минь оногдох хувийг гаргуулан авахаар нэхэмжилж байна гэжээ. /хх-ийн 28-30х/

                 Нэхэмжлэгч О.Сарангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд 1994 оноос эхлэн нөхөр Лхагвасүрэнтэй хамтран  амьдарч 4 хүүхэдтэй болсон. Амьдраад 20 жил болох хугацаанд хатуу ширүүн зан авир гарган удаа дараа архи ууж, хутга барин дайрах асуудал гарсан. Би 4 хүүхдээ бодон энэ асуудлуудыг тэсэж ирсэн. Би 16 настай байхдаа нөхөртэйгээ суусан тухайн үед жаахан байсан болоод ч тэр үү юм хэлж чадахгүй байснаасаа болоод энэ хүнийг давраасан гэж бодож байна. Арай л дэндүү зан авиртай амьдарч байсан. Миний хувьд архи пиво огт амсаж байгаагүй. Хариу тайлбартаа намайг архи уудаг хүмүүстэй ярьдаг байсан гэж хэлсэн байдаг. Хүний эцэг хүн юм байна гээд нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаж байна. Энэ хүний хувьд голомт сахисан хүүг нь өөрт нь үлдээх бодолтой байна. Хүүгээ авч үлдэнэ гэсэн шигээ хүүдээ хариуцлагатай байгаарай гэж хэлмээр байна. Эцэг хүн өөрөө хариуцаж авч үлдэнэ гэсэн хариуцлагатай байх байлгүй дээ гэж бодож байна гэжээ.

            Хариуцагч Б.Лхагвасүрэн нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие 1994 онд О.Саранчимэгтэй танилцаж 3 охин нэг хүүтэй болсон. 2001 онд бид албан ёсоор гэр бүлээ батлуулж 3 хүүхдээ өсгөн хүмүүжүүлж нийтдээ 20 жил амьдарсан юм. Миний хувьд О.Саранчимэгтэй гэр бүл болсноос хойш Хэнтий аймгийн Батноров сумын хөдөө хэсэгт өөрсдийн малыг маллаж амьдарч байгаад 1999 онд Хэнтий аймагт шилжиж ирсэн. Бидний хамтын амьдралын 20 жилийн хугацаанд муудаж сайдах зүйл гарч байсан ч гэлээ Саранчимэгийн нэхэмжлэлд дурьдсанчлан хүний санаанд оромгүй авир араншин гаргаж байсан удаагүй. Би Хэнтий аймгийн төвд гэр бүлийн хамт шилжиж ирснээс хойш хувиараа жижиг бизнес эрхэлж байгаад 2013 онд Хэнтий аймгийн татварын газар ажилласан юм. О.Саранчимэгийн хувьд Баян-Адрага суманд 8-р анги төгсөөд надтай гэр бүл болсон бөгөөд Хэнтий аймгийн төвд орж ирсний дараагаар бид ярилцаж нэг нь ч гэсэн сургууль соёлтой болъё гэдэг утгаараа 10-р ангийн гэрчилгээ худалдаж авч өгч 2007 онд Дорнод аймгийн багшийн коллежид суралцуулахаар явуулсан. Би О.Саранчимэгийн эр нөхрийн хувьд сургалтын төлбөр мөнгөнөөс төлөлцөж нэг гэр бүл гэдэг утгаараа адилхан л бүхнийг зохицуулахыг хичээж байсан. О.Саранчимэг нэхэмжлэлдээ намайг байнга архи дарс хэрэглэж агсан согтуу тавьдаг байсан гэжээ. Тухайн үед ууж идэх зүйл хэн хэнд маань байсан боловч энэ нэхэмжлэлд дурдсанчлан өдөр болгон архи ууж агсан тавьж зодож нүдэж байнгын гэр бүлийн дарамтанд оруулж байсан гэвэл худлаа. Энэ талаар миний 4 хүүхэд хаана ч хэлнэ намайг муу эцэг биш байсан гэдгийг. Хэрвээ 20 жил би дарамталж зовоож хань ижил үр хүүхдээ зовоож байсан бол энэ олон жил дэргэдэх хань үр хүүхэд минь битгий хэл хажуу айл, хамаатан садан минь хүртэл залхах байсан бизээ. О.Саранчимэг 2011 онд Дорнод дээд сургууль төгс ч ирснээс хойш зан ааш нь эрс өөрчлөгдөж надтай харьцахдаа үргэлж хараалын үг хэрэглэж зүс царай бие хааг минь гоочилж элдвээр хэлж харьцдаг болсон төдийгүй орой үдшийн цагаар утас нь байнга дуугарч эрэгтэй хүн ярьдаг байсан. Энэ зэргээс нь болж бидний хооронд гэр бүлийн хэрүүл маргаан гардаг болсон. Бид 2015 оны 03 сарын сүүлээс өнөөг хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд тусдаа амьдрах хугацаандаа айлган сүрдүүлж хутга мэс барьж дарамталж байсан удаагүй. Харин О.Сарангэрэл намайг ямар ч шалтгаангүйгээр үл ялих зүйлээр далимдуулж хүүхдүүдийнхээ талаар утсаар ярьж, уулзах гэхээр намайг дарамталлаа гэж цагдаад дуудлага өгдөг болсон. 20 жил хамт амьдарч хүүхдүүдийн минь ээж болж ханилсан хань минь намайг худал гүтгэж хүнээс дор амьтан болгож бичсэнд гомдож сууна. Нэгэнт О.Сарангэрэлийн сэтгэл хувирч хамт амьдрахгүй гэж байгаа бол гэр бүлээ цуцлуулж тус тусын амьдралыг хөөхөд татгалзах зүйлгүй. Харин гал голомтоо сахиулах дунд хүү Баасандоржийг өөрийн асрамжиндаа үлдээж тэжээн тэтгэн өсгөх хүсэлтэй байна. Бага охин Будын хувьд нас бага учир ээж О.Сарангэрэлийн асрамжинд үлдээж хүүхдийн тэтгэлэг толгоолгоход татгалзах зүйлгүй гэжээ. /хх-ийн 20х/

            Хариуцагч Б.Лхагвасүрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1994 онд бид хоёр гэр бүл болсон. Ярьж байгаа үгэнд нь үнэн ч үг байна. Худал ч үг байна. Бид ямар амьдралтай ямар айлын хүүхэд ирээд өнөөдөр бүгдээрээ хамт цуг идэлцчихээд ингэж ярьж байгаад гомдолтой байна. Эцэг эх нь салж байхад бид хоёр эвлэрүүлэх гээд яаж явж байсан билээ. Хэрвээ би яадгаа алдсан архичин байсан бол одоо ингээд явж байхгүй гэжээ.

             Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                            

                                                                                                                       

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч О.Саранчимэг нь хариуцагч Б.Лхагвасүрэнгээс гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөний өөрт болон 4 хүүхдэд оногдох хувийг гаргуулах, банкнаас хамтран зээлдсэн ззэлийн тал хэсгийг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргажээ.         

            Зохигчид болох О.Саранчимэг нь Б.Лхагвасүрэнтэй 1994 онд гэр бүл болж, 1996 онд охин Гармаа, 1997 онд охин Рэгзэдмаа, 2001 онд хүү Баасандорж, 2003 онд охин Буд нарыг төрүүлсэн болох нь        №16 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 7х/, Лхагвасүрэнгийн Баасандоржийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 6х/, Лхагвасүрэнгийн Будын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 7х/ зэрэг  баримтуудаар тогтоогдож байна.

           Зохигчид нь гэр бүлийн маргаан, зөрчил, хүчирхийллийн улмаас 2015 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа байдал тогтоогдож байна.

           Зохигчид нь гэр бүл болж амьдрах хугацаанд хариуцагч Б. Лхагвасүрэнгийн зүгээс архидан согтуурч эхнэр хүүхдүүддээ гэр бүлийн хүчирхийлэл, дарамтыг үзүүлж, ялангуяа эхнэр О. Саранчимэгийг хардалтын шалтгаанаар эрх чөлөө, эрүүл мэндэд нь халдаж зодож цохих болсон байна. Хариуцагчийн энэ зан араншин, хүчирхийлсэн үйлдэл нь гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, хүүхдүүдийн цаашдын хүмүүжил боловсролд ноцтой хохирол учруулж болзошгүй байх тул зохигчдын гэрлэлтийг энэ удаад шууд цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

           Хүүхдүүдийн асрамж, тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэхэд зохигчдын гаргасан саналыг харгалзан үзсэн болно.  

           Зохигчид нь эд хөрөнгийн асуудал дээр маргаж байсан боловч шүүх хуралдаан дээр эвлэрэн хэлэлцсэн болно.

           Зохигчид нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ...О.Саранчимэг би 2 хүүхдээ өөрийнхөө асрамжинд авч тэтгэлэг тогтоолгож, дундын өмчлөлийн хөрөнгө хувааж, хамтран амьдарч байхдаа авсан зээлийн үлдэгдлийн талыг нь гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Б.Лхагвасүрэнтэй сайн дурын үндсэн дээр эвлэрэн хэлэлцэж, дараах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Үүнд: Хэнтий аймгийн Хэрлэн сумын Саригийн 15-7 тоотод байрлах 10*5 харьцаатай орон сууцны байшин, дэлгүүрийн зориулалттай 6*5 харьцаатай тоосгон байшин 2 тал хашааг дундын өмчлөлөөс хувааж авахаас, хүү Баасандоржийг өөрийн асрамжинд авч тэтгэлэг тогтоолгохоос татгалзаж, охин Будыг өөрийн асрамжинд үлдээж 18 нас хүртэл тэтгэлэг тогтоолгох, дундаа авсан 11 643 824 төгрөгийн зээлийн тал хувь болох  5820 412 төгрөгийг Б.Лхагвасүрэнгээр төлүүлж, үүнийгээ 2017 оны 08 дугаар сарын 23-нд 1 000 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 23-нд 1 000 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 23-нд 1 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 2 820 412 төгрөгийг 2018 ондоо багтаан эхний 6 сарын дотор 50 хувийг, дараагийн 6 сарын дотор хувийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлүүлэхээр харилцан тохиролцлоо гэжээ.

             

           Иймд нэхэмжлэгч О.Саранчимэгийн гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Харин нэхэмжлэгч О.Сарангэрэл  нь 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн    118 219 төгрөгийг хариуцагч Б.Лхагвасүрэнгээс гаргуулахаас татгалзсан болохыг шийдвэрт оруулж дурдах нь зүйтэй байна.

     

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төгс овогт Оргодолын Саранчимэг (РД: СФ:78032807), хариуцагч  Боржигон овогт Бадмаагийн Лхагвасүрэн (РД: СА73071714) нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2003 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Л.Буд (РД:СЮ03261102)-ыг нэхэмжлэгч (эх) О.Саранчимэгийн асрамжинд, 2001 оны 02 дугаар сарын 16-нд төрсөн хүү Л.Баасандорж (РД:СЮ01221615)-ийг хариуцагч (эцэг) Б.Лхагвасүрэнгийн асрамжинд тус тус үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2.1 дэх хэсэгт зааснаар охин Л.Будыг 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Б.Лхагвасүрэнгийн цалин хөлс түүнтэй адилтгах орлогоос хүүхдийн тэтгэлгийг сар бүр мөнгөн хэлбэрээр гаргуулж, охин Л.Будыг тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар  хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч О.Саранчимэгт даалгасугай.

5. Нэхэмжлэгч О.Саранчимэг нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн Саригийн 15-07 тоотод байрлалтай Ү-1817002458 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, дэлгүүрийн зориулалттай обьектын 4 хүүхэд болон өөрт оногдох хувийг гаргуулан авах, түүнчлэн хүү Л.Баасандоржийг өөрийн асрамжинд авах тухай нэхэмжлэлийн шаардлагуудаасаа тус тус татгалзсан болохыг дурдсугай.

6. Хариуцагч Б.Лхагвасүрэн нь нэхэмжлэгч О.Саранчимэгтэй гэр бүл болон амьдарч байх хугацаандаа “Хаан банк”-наас 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр авсан зээлийн үлдэгдэл 11 640 824 төгрөгийн тал хувь болох 5 820 412  төгрөгийг тодорхой графикийн дагуу буюу 2017 оны 08 дугаар сарын 23-ны дотор 1 000 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дотор 1 000 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дотор 1 000 000 төгрөг, үлдэгдэл 2 820 412 төгрөгийг хоёр хувааж, эхний 1 410 206 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 30-ны дотор, үлдэгдэл      1 410 206 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан болохыг дурдсугай.

7. Зохигчид нь одоо эд хөрөнгийн ямар нэгэн маргаангүй болохыг дурдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч хүүхдүүдийн эцэг эх болохын хувьд хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалж тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээс чөлөөлөгдөхгүй болохыг хэн алинд нь анхааруулсугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

            10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.Саранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Лхагвасүрэнгээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар нэхэмжлэгч О.Саранчимэгээс 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 118 219 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэгч нь уг зардлыг хариуцагчаас нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

  12. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       Ж.БОЛДБААТАР