| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00309/И |
| Дугаар | 296 |
| Огноо | 2017-05-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 296
| 2017 оны 05 сарын 23 өдөр | Дугаар 156/ШШ2017/00296 | Хэнтий аймаг |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00309/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 26-10 тоотод оршин суух, Орлой овогт Цэдэвдоржийн Сайнзаяа /РД:СФ83071600/-гийн нэхэмжлэлтэй
Нэр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Сайнзаяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 1983 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын төрөх тасагт төрсөн. 1983 оны 08 дугаар сарын 24-нд Дадал сумын захиргаанд бүртгүүлж, Цэдэвдоржийн Сайнзаяа гэх нэртэй төрсний гэрчилгээ авсан юм. Гэтэл тухайн үед ажиллаж байсан нарийн бичиг Балбар гэх хүн журнал дээрээ бүртгэхдээ Цэдэвдоржийн Нарангэрэл гэж бичсэн байна. Миний бүх бичиг баримт Сайнзаяа гэх нэрээр байдаг учир Цэдэвдоржийн Нарангэрэл гэж буруу бичигдсэнийг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тунгалаг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний охин Ц.Сайнзаяа нь 1983 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын төрөх тасагт төрсөн. 1983 оны 08 дугаар сарын 24-нд Дадал сумын захиргаанд бүртгүүлж, Цэдэвдоржийн Сайнзаяа гэх нэртэй төрсний гэрчилгээ авсан юм. Гэтэл тухайн үед ажиллаж байсан нарийн бичиг Балбар гэх хүн журнал дээрээ бүртгэхдээ Цэдэвдоржийн Нарангэрэл гэж бичсэн байна. Иймд төрсний бүртгэлд Цэдэвдоржийн Нарангэрэл гэж буруу бичигдсэнийг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Орлой овогт Цэдэвдоржийн Сайнзаяа нь Хэнтий аймгийн Дадал сумын 1983 оны төрсний бүртгэлд 1983 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Цэдэвдоржийн Нарангэрэл гэж нэр ташаа бичигдсэнээ тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч Ц.Сайнзаяагийн нэр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Орлой овогт Цэдэвдоржийн Сайнзаяа нь Хэнтий аймгийн Дадал суманд эцэг Орлой овогт Санжаагийн Цэдэвдорж, эх Халиман овогт Дугаржавын Тунгалаг нарын гэр бүлд 1983 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төрсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1, 11х/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 4х/, нэхэмжлэгчийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 5х/, гэрч Э.Шинэтуяагийн...би Ц.Сайнзаяатай 1990 оноос 1998 он хүртэл Хэнтий аймгийн Бэрх тосгонд хамт суралцаж байсан. 1999 оноос 2000 он хүртэл Хэнтий аймагт нэг ангид суралцаж байсан. Урьд нэрээ солиулж байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 14х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Хэнтий аймгийн Дадал сумын 1983 оны төрсний бүртгэлд эцэг Орлой овогт Санжаагийн Цэдэвдорж, эх Халиман овогт Дугаржавын Тунгалаг нарын гэр бүлд 1983 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Цэдэвдоржийн Нарангэрэл гэж ташаа бичигдсэн хүн нь нэхэмжлэгч Орлой овогт Цэдэвдоржийн Сайнзаяа /РД:СФ83071600/ мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Сайнзаяагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР