Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
Хэргийн индекс | 188/2021/0722/Э |
Дугаар | 2021/ШЦТ/725 |
Огноо | 2021-06-25 |
Зүйл хэсэг | 17.5.1., |
Улсын яллагч | У.Анхжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/725
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,
Улсын яллагч У.Анхжаргал /томилолтоор/,
Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.О-д холбогдох 2108006380864 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, барилгын бригад ажиллуулдаг, ам бүл 6, хүргэн ах эгч хүүхдүүдийнх нь хамт, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Шинэ цэргийн хотхон ** байрны 26 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Б.О /РД:****/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ :
Шүүгдэгч Б.О нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хувиараа таксинд явж байхдаа Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны Драгон төвийн орчим хүргэж өгөх үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан Д.Гантулгын интернэт банкаар 100,000 төгрөгийг таксины төлбөрт шилжүүлэх гэж байгаад андуурч төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж 1,000,000 төгрөг шилжүүлснийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр хувьдаа завшиж бага хэмжээнээс дээш хохирол буюу 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Б.О нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хувиараа таксинд явж байхдаа Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны Драгон төвийн орчим хүргэж өгөх үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан Д.Г-ын интернэт банкаар 100.000 төгрөгийг таксины төлбөрт шилжүүлэх гэж байгаад андуурч төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж 1,000,000 төгрөг шилжүүлснийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр хувьдаа завшсан болох нь :
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...миний Хаан банкны данснаас мөнгө гарсан байна...гэх тэмдэглэл /хх-04/,
- иргэн Д.Г-ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-05/,
- Хаан банкны дэлгэрэнгүй лавлагаа...2020.11.05-ны өдөр **** тоот данснаас 5420295965 дугаарын данс руу 1,100,000 төгрөгийн гүйлгээг мобайл банкаар шилжүүлсэн...**** тоот дансыг **** регистрийн дугаартай Б.О эзэмшдэг.../хх-11-14/
- хохирогч Д.Г-ын... 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооллын орчмоос такси бариад Баянгол дүүргийн 20-р хорооны Хар хорин зах ирж найзтайгаа уулзаад буцаад Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо Драгон төв дээр очоод хүнсний дэлгүүрээс архи худалдаж аваад бас хүнтэй уулзаж тус такси дотор архиа уугаад байж байтал тус таксины жолооч гар утсаараа яриулаач гэхээр нь би өөрийн гар утсаа өгч яриулж байсан бөгөөд би тухайн архийг уугаад нэлээн согтсон байсан...Би тус жолоочийг ахыгаа нэг зочид буудалд оруулаад өгчих ах нь согтсон байна гэж хэлтэл тус жолооч за гэж хэлээд намайг Драгоны орчим нэг зочид буудалд оруулж унтуулсан байсан. Тэгээд маргааш нь буюу 2020.11.06-ны өглөө зочид буудалд ганцаараа сэртэл миний гар утас байхгүй байхаар нь би тус буудлын ресепшнгийн гар утсаар өөрийн найзаа дуудаж тус зочид буудлын мөнгийг төлүүлээд тус зочид буудлаас гараад гэр рүү очиж амарсан юм. 2020.11.07-ны өдөр манай ажил болох Төв аймгийн Заамар сумаас дуудахаар нь би тус өдрөө Төв аймаг руу яваад 2020.11.08-ны өдөр би өөрийн **** дугаарыг сэргээгээд өөрийн **** тоот дансны үлдэгдлээ шалгатал миний данснаас 1,100,000 төгрөг гарсан байхыг мэдсэн...Тухайн үеийн гар утасны дэлгэрэнгүй лавлагааг авах гэсэн боловч сүүлийн 3 сарын ярианы дэлгэрэнгүй хуулга гардаг гэсэн болохоор авч чадаагүй юм. Би эхний 100.000 төгрөгийг таксины жолоочид шилжүүлсэн. Харин удаах 1.000.000 төгрөгийг өөр газарт очоод тухайн таксины жолоочоос бэлэн мөнгө аваад орой би чамайг дуудна гэж хэлээд 100.000 төгрөг шилжүүлэхдээ андуурч шилжүүлсэн байсан. Мөн тухайн жолооч нь 170 см өндөртэй 25-26 орчим насны шар царайтай, дунд зэрэг махлаг биетэй үл таних эрэгтэй байсан...гэх мэдүүлэг /хх-19, 23-24/,
- гэрч Б.Ою-ын...Би тухайн өдөр Хархорин зах дээр байрлах ажил дээрээ байсан ба өдөр 12 цагийн манай дүү О над руу залгаад эгчээ дансаа өгчих гэхээр нь **** тоот хаан банкны дансаа өгсөн. Тэгээд орой ажлаа тараад явж байгаад утсаа үзэхэд 1.000.000 орсон дансны мэдээлэл миний гар утсанд ирсэн байсан. Тэгээд би гэртээ очоод О-с ямар учиртай мөнгө шилжүүлсэн юм бэ? гэж асуухад би өдөр таксинд яваад нэг хүн над руу 100.000 төгрөг хийх гэж байгаад 1.000.000 төгрөг андуураад хийчихсэн байна гэж хэлсэн, тэгээд хаан банкны данс рүү буцаагаад шилжүүлсэн гэх мэдүүлэг /хх- 31/
- шүүгдэгч Б. О... Би 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өглөө 09 цагийн үед хувиараа такси үйлчилгээнд явж байхад СХД-ийн толгойт руу явах замд байрлах “Арвайн үндэс” үйлдвэрийн хойд талын буудал дээр нэг хүн гараа өргөхөд нь авсан, Хархорин худалдааны төв орно гэж хэлсэн. Тухайн хүн миний машинд суухад архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгээд Хархорин худалдааны төв ороод буулгах гээд 3.000 төгрөг гарсан гэж хэлэхэд бэлнээр өгсөн. Тэгтэл надаас таксинд үргэлжлүүлээд явах юм уу? гэж асуухад би явна гэж хэлсэн. Та хаашаа явах юм бэ гэж асуухад улсын их дэлгүүр гэж хэлсэн. Тэгээд тухайн хүн жимс зардаг хэсгээс тортой жимс авчихаад түр хүлээж байгаарай гэж хэлээд цааш зах руу ороод гарч ирэхдээ шуудайны талд хийсэн зүйл авч ирээд миний машины тээшинд хийсэн ба надад хэлэхдээ мах болон жимс авсан гэж хэлсэн. Тэгээд Хархорин захаас улсын их дэлгүүр лүү явсан. Улсын их дэлгүүр дээр очиход нэг хүн рүү залгаад юм яриад маргалдаж байгаад утсаа таслаад надад хандаж ах нь боксын спортоор хичээллэдэг. Миний зураг спортын ордонд байдаг юм гэж хэсэн. Би тийш явмаар байна гэж хэлэхэд би та энэ хүртэл явсан мөнгөө өгчих гэж хэлэхэд ах нь очих ёстой газраа оччихоод бүгдийг нь нэг дор шилжүүлчихье гэж хэлсэн. Тэгээд явж байтал гэнэт буцаад анх суусан газар болох “Арвайн үндэс”-рүү явъя гэсэн. Тэнд очиход ах нь чамд ашиг оруулна гээд ийш эргэ, тийш эргэ гэх зэргээр явсаар байгаад Тахилтын ойролцоо очоод нэг дэлгүүрийн үүдэнд ирээд надаас бэлэн мөнгө байна уу? ах нь архи авах гэсэн юм. Тэгээд нөгөө ахад бэлэн 12.000 болох уу? гэж асуугаад өгөхөд Миний **** гэх дансанд 100.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тухайн ах миний өгсөн 12.000 төгрөгөөр архи аваад машинд эргээд суусан. Хаашаа явах уу ? гэхэд чигээрээ гэсэн. Тэгээд СХД-ийн баруун талын автобусны буудал дээр зогсож бай гээд зогсоход тухайн ах миний машинд архиа ууж эхэлсэн. Тэгээд надаас бэлнээр 50.000 төгрөг асуухад би бэлнээр өгсөн бөгөөд надаас үлдэгдэл хэд гарч байна гэхэд 10.000 төгрөг гарсан гэж хэлсэн. Тэгтэл ах дахиад 100.000 төгрөг шилжүүлчихье гэсэн. Та надаас 50.000 төгрөг авсан тэгээд таксины мөнгөтэй нийлээд 60.000 гэж хэлэхэд ах нь чамайг орой дуудна гээд мөнгөө шилжүүлчихлээ гэсэн. Тэгээд би тухайн үед дансаа хараагүй байж байгаад хэсэг хугацааны дараа дансаа харахад нөгөө ах андуураад 1.000.000 төгрөг шилжүүлсэн байсан. Тэгээд би өөрийн эгч Б.Ою эгч рүүгээ залгаж тухайн мөнгийг эгчийн дансанд хийсэн. Тэгээд болсон явдлыг хэлэхэд эгч уурлаад чи наад мөнгөө дансандаа байлгаж бай гээд над руу 20 цагийн үед буцаагаад явуулсан. Тэгээд би 7 хоног байлгаж байгаад бага багаар аваад дуусгасан...гэх мэдүүлэг. /хх-41-43/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.О-г алдаатай гүйлгээ бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, гомдол саналгүйгээ илэрхийлсэн байх /хх-84/ тул шүүгдэгчийг бусдад төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдаж /хх-45, 51-56, 57-65, 72-78, 65/ судлагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б.О-г алдаатай гүйлгээ бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР