| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00281/И |
| Дугаар | 298 |
| Огноо | 2017-05-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 298
| 2017 оны 05 сарын 23 өдөр | Дугаар 156/ШШ2017/00298 | Хэнтий аймаг |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00281/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Батширээт сумын 2 дугаар багт оршин суух, Хуацай овогт Гончигийн Жаргалсайхан /РД:СБ60112416/-гийн нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Жаргалсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд малчнаар ажилласан. Архиваас баримтыг шүүлгэхэд гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болоход ажилласан жил маань хүрэхгүй болоод байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Нэхэмжлэгч Г.Жаргалсайхан нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд Ардын армийн 133 дугаар ангид цэргийн жинхэнэ алба хаасан. 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд малчнаар тасралтгүй ажилласан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хуацай овогт Гончигийн Жаргалсайхан нь Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор, түүнчлэн 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд Ардын армийн 133 дугаар ангид цэргийн жинхэнэ алба хааснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч Г.Жаргалсайханы улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Хуацай овогт Гончигийн Жаргалсайхан нь Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1, 11х/, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 4х/, Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 85 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 5х/, Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 125 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 6х/, Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн зөвлөлийн даргын 1991 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 51 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 7х/, Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 8928 дугаартай архивын лавлагаа /хх-ийн 9х/, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 10-11х/, гэрч П.Батсуурийн мэдүүлэг /хх-ийн 20х/, гэрч Я.Гэрэлмаагийн мэдүүлэг /хх-ийн 22х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Г. Жаргалсайхан нь 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд Ардын армийн 133 дугаар ангид цэргийн жинхэнэ алба хаасан болох нь Батлан хамгаалахын төв архивын лавлагаа /хх-ийн 9х/ нотлогдож байх тул уг байдлыг шийдвэрт оруулан дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хуацай овогт Гончигийн Жаргалсайхан /РД:СБ60112416/-ыг Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч Г.Жаргалсайхан нь 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Ардын армийн 133 дугаар ангид цэргийн жинхэнэ алба хаасан болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Жаргалсайханаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгосугай.
4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР