Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сеймуратын Еркеш |
Хэргийн индекс | 110/2019/0049/З |
Дугаар | 075 |
Огноо | 2019-10-23 |
Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 075
Баян-Өаймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Б.Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өаймгийн Өсумын Засаг даргад холбогдох,
“Өсумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/50 дугаар, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/123 дугаар захирамжуудын М.Жад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Б.Х” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал С.А, түүний өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч Өсумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Б, гуравдагч этгээд М.Жын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакен, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани 2011 онд аялал жуулчлалын чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд одоо Өсумын 10 дугаар баг Хуст аралд үйл ажиллагаагаа 9 дэх жилдээ тогтвор суурьшилтай явуулж байна. 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр манай компанийн манаачийн байрнаас зүүн урд чиглэлд Ховд голын эрэг дээр иргэн М.Ж гэгч нь газар шорооны ажил хийж байгаа юм байна. Бид энэ тухай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандаж гомдол гаргатал эрх бүхий албан тушаалтан надад Өсумын Засаг даргын 2019.03.05-ны өдрийн “Дуудлага худалдаа явуулах зарчмаар газар эзэмшүүлэх тухай” А/50 дугаар, 2019.04.02-ны өдрийн “Дуудлага худалдаа явуулах ажлын хэсэг байгуулах тухай” А/81 дугаар захирамжууд болон иргэн М.Жад 2019 онд олгогдсон **** дугаар иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбарыг үзүүлсэн юм. Бид дээрх Засаг даргын шийдвэрүүдийг хууль бус гэж үзэж байна. Учир нь Газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий газар нь усны сан бүхий газар хамаарч байна. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно”, 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэж хуульчилсан. Хууль журамд заасны дагуу маргаан бүхий газрыг бусдад эзэмшүүлэх ёсгүй байсан.
Жуулчны бааз нь өөрөө өвөрмөц онцлогтой байдаг. Манай байгууллагын хувьд гадаад, дотоодын жуулчдын эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэн, олон улсын түвшинд үнэлэгдэх үндэсний тур оператор компани болох зорилго тавьж ажиллаж байна. Ингэхдээ бид хууль тогтоомж, норм, нормативын дагуу ажилладаг ба эдгээр хууль тогтоомжоор жуулчны бааз хооронд зай зэргээс авхуулаад маш олон норм нормативыг зохицуулсан байдаг. Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа уг хууль журамд заасан норм, нормативыг болон бусад холбогдох хуулийг зөрчсөн. Ингэснээр манай компанийн эрх дараах байдлаар зөрчигдөж байгаа болно.
Аялал жуулчлалын стандартад баазуудын хоорондын зай 2005 онд 10 км байсан бол 2009 онд 5 км гэж заасан байгаа. Манай жуулчны баазын яг хажууд хил залгаа өөр жуулчны бааз бууснаар дуу чимээ гарах нөхцөлийг бүрдүүлж, манай жуулчны баазад амарч байгаа жуулчдын амар тайван байдлыг алдагдуулах нөхцөл бүрдүүлсэн, гол усны харагдах байдлыг хаасан. Мөн би жишээ болгож М.Жын барьж байгаа баазын жорлонг яримаар байна. Стандартаар бол баазуудын жорлон, бохирын цооног нь голын эрэг болон баазын байрлаж байгаа газраас 50 м хол байх ёстой бөгөөд М.Жын барьж байгаа бааз нь 50 м дотор бүх юм нь байгаа. Ингэснээр агаар бохирдож манай жуулчны баазад амарч байгаа жуулчдын амар тайван байдал алдагдахад хүрч байна.
Мөн Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд манай компанийг /бусдыг/ татан оролцуулах, сонсгох ажиллагаа явуулах зэрэг процессын ажиллагааг заавал хийж гүйцэтгэсэн байх ёстой боловч тэгээгүй.
Нөгөөтээгүүр, Өсумын Засаг дарга нь маргаан бүхий актыг гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайд нарын 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн тушаалаар хамтран баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг анхааралгүй орхисон байна. Нэмж хэлэхэд бусад этгээдээс /манай компани/ уг маргаан бүхий газрыг эзэмшилдээ авахаар удаа дараа хөөцөлдөж байсан бөгөөд шийдвэр гаргах эрх бүхий этгээдээс уг газрыг усны сав газар хэмээн зөвшөөрөөгүй байсан юм. Гэтэл иргэн М.Ж гэгчид уг газрыг давуу байдлаар олгосон явдалд гомдолтой байна. М.Ж 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гэрчилгээгээ аваад ажлаа шуурхай эхэлсэн. Тэрнээс өмнө би уг газрыг дуудлага худалдаагаар зарах тухай ямар ч мэдээлэл сонсоогүй. Тэгээд ч хариуцагчаас маргаан бүхий газрыг иргэн М.Жад эзэмшүүлснээр манай компанийн тодруулбал манайхаар үйлчлүүлж байгаа хүмүүс /жуулчид/-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төдийгүй дээрх байдлаар бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байгаа юм.
Тийм учраас Баян-Өаймгийн Өсумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 05-ны А/50, 2019 оны 05 дугаар сарын 09-ний 123 дугаар захирамжуудын М.Жад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байгаа. Маргаан бүхий актууд Усны тухай хууль болон стандартыг зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар болон аймгийн Засаг даргын Тамгын газрын албан бичиг, Засаг даргын захирамжаар тогтоогдож байна. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална”, 4.1.4-т “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх” гэж байгаа. Үүнээс үзэхэд газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу эзэмшүүлэх ёстой. Иргэн М.Жад эзэмшүүлсэн газар нь Ховд голын эргээс 50 м хүрэхгүй газар байгаа. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1 заалт болон бусад заалтуудыг зөрчсөн болох нь шүүхээс хийсэн үзлэгээр нотлогдож байгаа.
Монгол Улсын 2009 оны MNS 6043 гэсэн стандартын удиртгал хэсэгт энэхүү стандарт 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөнө. Энэхүү стандартын шаардлагыг заавал дагаж мөрдөнө гэсэн байгаа. Уг стандартын 4.1.6-д “амралтын газар, жуулчны бааз, гэр буудал нь байгальд сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа явуулна”, 4.1.8-д “амралтын газар, жуулчны бааз, гэр буудлуудын хоорондын зай 5 км-ээс доошгүй байна”, 4.5.6-д ”хог хаягдлын цэгийг зочны байр болон гэр барилга байгууламжаас 60 м-ээс багагүй зайд, зонхилон салхины доод зүгт байрлуулж, байгалийн салхинд хийсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн байна” гэсэн байна. Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа уг стандартыг огт хараагүй юм шиг байна. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 107 дугаартай дүгнэлтийг бас харах ёстой. Хууль зөрчсөн гэж тусгасан байгаа. Мөн Мэргэжлийн хяналтын газраас 2018 оны 06 дугаар сард “Б.Х” ХХК-ийн гаргасан гомдлын дагуу хяналт шалгалт хийгээд, Өсумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад зөрчлийг арилгах талаар албан тоот явуулж байсан. Энэ зөрчлийг арилгахын оронд 2018 оны 12 дугаар сард тогтоол гаргасан байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын холбогдох шийдвэр гарсан учраас дуудлага худалдаагаар олгосон гэж тайлбарлаж байгаа. Тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол өөрөө илт хууль бус гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасан. Маргаан бүхий актыг зөвтгөсөн байдлаар тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй. Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн газарт байгаа бусад жуулчны баазуудын хоорондын зайны талаар ярьж, нэхэмжлэгч өөрөө хууль зөрчиж сууж байгаа гэсэн байдлаар буруутгаж байна. Аялал жуулчлалын компаниуд хэрвээ эрх нь зөрчигдсөн тохиолдолд холбогдох газар, шүүхэд гомдол гаргах эрх нь байгаа. Тэд нарын эрх нь зөрчигдөөгүй учраас хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Миний үйлчлүүлэгч байгууллагын эрх нь зөрчигдөж байгаа, ирээдүйд ч зөрчигдөж болзошгүй байдалд байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлага газрын байршилтай холбоотой биш. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Өсумын Засаг даргын 2019.03.05-ны өдрийн “Дуудлага худалдаа явуулах зарчмаар газар эзэмшүүлэх тухай” А/50 дугаар, 2019.05.09-ний өдрийн А/123 дугаар захирамжуудын хүчин төгөлдөр байдлаар талаар маргаж байгаа гэж ойлгож байгаа. Дуудлага худалдаа явуулах талаар хэд хэдэн зарчим байгаа. Сонгосон газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон уу, үгүй юу гэдэг асуудал байгаа. Энэ нь Өсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар тогтоолоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон хууль ёсны газар байгаа. Дуудлага худалдаа явуулах зарчмаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, эзэмшүүлэх 10 нэгж талбарын газрын байршил, зориулалт, хэмжээ, анхны үнэ, дэнчингийн хэмжээг хавсралтаар баталж нийтэд мэдэгдсэн. Тэгээд 1 м.кв газар нь 2500 төгрөг буюу 3000 м.кв газар нь 7.500. 000 төгрөгөөр анхны үнийг аргачлалын дагуу тогтоосон. Дуудлага худалдааг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын цахим хуудсаар, мөн Өсум хариуцсан газрын даамлын facebook-ээр зарласан. Монгол улсын хэмжээнд 21 аймаг, 333 сум холбогдсон газрын биржийн цахим хуудаст дуудлага худалдаа явуулах тухай зар тавигдсан байгаа. Хаана ямар дуудлага худалдаа явагдаж байна гэдгийг цахим хуудсаар харж болно, аймгийн радиогоор ч мэдээлсэн. Тухайн үед Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/81 дүгээр захирамжаар дуудлага худалдаа явуулах ажлын хэсгийг байгуулсан. Тэгээд дуудлага худалдаа явагдаад 2 хүн оролцоод, М.Ж аялал жуулчлалын зориулалтаар эзэмшүүлэх 3000 м.кв газрыг 8.500.000 төгрөгөөр худалдан авах санал оруулж, ялагчаар тодорсон учраас Өсумын газрын даамал 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгч, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан.
Усны тухай хуульд усны онцгой хамгаалалтын бүс, энгийн хамгаалалтын бүсийн асуудлыг хуульчилсан боловч үүнийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоохоор заасан. 2018 оны 12 дугаар сарын аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чуулганд миний бие өөрөө оролцож, аймгийн хэмжээний онцгой, энгийн хамгаалалтын бүсийг тогтооё гэсэн асуудлыг оруулсан. Гэхдээ үүнийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж чадаагүй. Яагаад гэвэл Ховд голын эхээс эцэс хүртэл бүх газарт суурьшлын бүс байгаа. Өөрөөр хэлбэл аймгийн хэмжээнд 526 айл өрх голын эрэгт байгаа, мөн Улаанхус, Цэнгэл, Сагсай сумын бүх иргэд голын эрэгт байдаг. Голын эргээс ард иргэдийг нүүлгэх мөнгө төрд байхгүй. Тийм учраас энэ асуудлыг өнөө маргаашдаа шийдэх боломжгүй гэсэн шийдвэрийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын чуулганаас гаргасан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан тул зохих хууль журмын дагуу дуудлага худалдаа явуулах зарчмаар олгосон.
Баян-Өаймгийн Өсумын Засаг даргын 2019.03.05-ны өдрийн “Дуудлага худалдаа явуулах зарчмаар газар эзэмшүүлэх тухай” А/50 дугаар, 2019.05.09-ний өдрийн А/123 дугаар захирамжууд бүгд хууль ёсны шаардлага хангасан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
Гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баян-Өаймгийн Өсумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/50 дугаартай захирамжаар дуудлага худалдаа явуулах зарчмаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, эзэмшүүлэх 10 нэгж талбарын газрын байршил, зориулалт, хэмжээ, анхны үнэ, дэнчингийн хэмжээг хавсралтаар баталж нийтэд мэдэгдсэн. Мөн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/81 дүгээр захирамжаар дуудлага худалдаа явуулах ажлын хэсгийг байгуулж, тус ажлын хэсгээс 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дуудлагын худалдааг цахимаар зохион байгуулсан. М.Ж нь иргэн хүний хувьд тус дуудлагын худалдаанд оролцож аялал жуулчлалын зориулалтаар эзэмшүүлэх 3000 м.кв газрыг 8.500.000 төгрөгөөр авахаар үнийн санал хүргүүлсэн. Түүнтэй иргэн М.Габит өрсөлдөж 8.000.000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн тул М.Ж ялагчаар тодорсон. Дуудлагын худалдааны дүнгийн дагуу Өсумын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/123 дугаар захирамжаар М.Жад 3000 м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар 50 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх шийдвэр гарч, дээрх захирамжийн дагуу Өсумын газрын даамал 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгч, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна. М.Ж нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа газрыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд эзэмшиж байгаа бөгөөд ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн асуудал гаргаагүй байна. Гэтэл тухайн дуудлагын худалдаанд огт оролцоогүй, энэ асуудалд ямар ч хамааралгүй “Б.Х” ХХК нь 2019 оны 05 дугаар сараас аймгийн Засаг даргад гомдол гаргаж, дараа нь танай шүүхэд нэхэмжлэл гаргажээ. “Б.Х” ХХК-ийн нэхэмжлэл ямар ч үндэслэлгүй, энэ асуудлаас болж тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ямар нэгэн байдлаар зөрчигдөөгүй байна. Иймд тус компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн “Өсумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/50 дугаар, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/123 дугаар захирамжуудын М.Жад холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Баян-Өаймгийн Өсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар тогтоолоор[1] тус сумын 4,10 дугаар багаас 2,6 га газрыг аялал жуулчлалын бааз, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар эзэмшүүлэхээр сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж баталсан байна. Уг тогтоолыг үндэслэн Өсумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/50 дугаар “Дуудлага худалдаа явуулах зарчмаар газар эзэмшүүлэх тухай” захирамжаар[2] тус сумын 4 болон 10 дугаар багаас дуудлага худалдаа явуулах зарчмаар эзэмшүүлэх 10 нэгж талбарын байршил, зориулалт, хэмжээ, анхны үнэ, дэнчингийн хэмжээг хавсралтаар баталж, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулахаар дуудлага худалдааны товыг тогтоосон байх ба 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр facebook сүлжээ дэх Баян-Өаймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын цахим хуудсаар, мөн 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Газрын биржийн цахим системээр уг дуудлага худалдааны зарыг нийтэд мэдээлсэн[3] байна. Улмаар 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дуудлага худалдааг цахимаар зохион байгуулж, дээрх А/50 дугаар захирамжийн хавсралтын дэс дугаарын 6-д заасан 750 000 төгрөгийн дэнчин, 7.500.000 төгрөгийн анхны үнэ бүхий Өсумын 10 дугаар багаас аялал жуулчлалын зориулалтаар эзэмшүүлэх 3000 м.кв газрын цахим дуудлага худалдаанд 2 оролцогч үнийн санал ирүүлжээ. Уг 2 оролцогчоос 8.500.000 төгрөгийн үнийн санал ирүүлснээр М.Ж ялагчаар шалгарч, Өсумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/123 дугаар захирамжаар газрын үнийг бүрэн төлсөн М.Жад уг 3000 м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар, 50 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[4] тогтоогдож байна.
Нэхэмжлэгчээс дээрх захирамжуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Засаг даргын шийдвэрүүдийг хууль бус гэж үзэж байна. Уг маргаан бүхий газар нь усны сан бүхий газарт хамаарч байгаа.Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.3 дахь заалтыг зөрчсөн. Амралтын газар, жуулчны бааз, гэр буудалд тавих ерөнхий стандартыг зөрчсөн. Манай компанийн эрх дараах байдлаар зөрчигдөж байгаа. Гол усны харагдах байдлыг хаасан, гадаадын жуулчид ихэнхдээ гол усны хажууд байрлалтай жуулчны баазаар үйлчлүүлэх сонирхолтой байдаг,манай компанийн орлогод нөлөөлж болзошгүй. Манай жуулчны баазын яг хажууд хил залгаа өөр жуулчны бааз бууснаар дуу чимээ гарах нөхцөлийг бүрдүүлж, манайд амарч байгаа жуулчдын амар тайван байдлыг алдагдуулах нөхцөл бүрдүүлсэн. Иргэн М.Ж манай баазын хажууд муу усны нүх ухсан, ингэснээр агаар бохирдож манайд амарч байгаа жуулчдын амар тайван байдлыг алдагдахад хүрч байна” гэж тодорхойлжээ.
Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ““усны сан бүхий газар” гэж нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг” ойлгоно, 22 дугаар зүйлийн 22.1-д “Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно”, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно”, 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”,22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэж тус тус заасан. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 11.1.4-т “Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох” гэж зааснаар усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоох нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарч байна.
Маргаан бүхий Өсумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/123 дугаар захирамжаар[5] гуравдагч этгээдэд Ховд голын тус аймгийн төв болох Өсумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх хэсэг буюу 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс газар эзэмшүүлсэн бөгөөд Ховд гол нь усны сан бүхий газарт хамаарч байгаа боловч Ховд голд хамгаалалтын бүс тогтоогоогүй, өөрөөр хэлбэл Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т зааснаар тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Ховд голд хамгаалалтын бүс тогтоох тухай шийдвэр гаргаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[6] тогтоогдсон болно. Энэ тохиолдолд гуравдагч этгээд М.Жад Өсумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс эзэмшүүлсэн 3000 м.кв газар нь Ховд голын хамгаалалтын бүсэд багтаж байгаа гэж үзэх үндэслэлгүй тул маргаан бүхий захиргааны актууд нь Усны тухай хуулийг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.
Үүнээс гадна газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг нарийвчлан зохицуулсан хууль болох Газрын тухай хуулийн маргаан бүхий захирамжуудыг гаргах үед мөрдөгдөж байсан 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтад / 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх заалт/ “Усны сан бүхий газарт нуур, цөөрөм, тойром, мөрөн, гол ,горхи, булаг, шанд, мөнх цас, мөсөн голын эзэлж байгаа газар хамаарна” гэж заасан. Өөрөөр хэлбэл усны сан бүхий газарт голын зөвхөн эзэлж байгаа талбай нь хамаарахаар заасан, харин хамгаалалтын бүс нь хамаарахаар зохицуулаагүй байна. Түүнчлэн маргаан бүхий захиргааны актуудаар гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ: 33.1.2.энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, 33.4-т “Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон[7] тул уг шийдвэрүүд нь хуульд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага, газар эзэмшүүлэхэд баримтлах журмын талаарх зохицуулалтад нийцсэн байна гэж үзлээ.
2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдсөн “Амралтын газар, жуулчны бааз, гэр буудалд тавих ерөнхий шаардлага” MNS 6043:2009 стандартын 4.1.6-д “Амралтын газар,жуулчны бааз, гэр буудал нь байгальд сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа явуулна”, 4.1.8-д “Амралтын газар,жуулчны бааз, гэр буудлуудын хоорондын зай 5 км-ээс доошгүй байна”, 4.5.6-д “Хог хаягдлын цэгийг зочны байр болон гэр барилга байгууламжаас 60 м-ээс багагүй зайд, зонхилон салхины доод зүгт байрлуулж байгалийн салхинд хийсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн байна”, 4.5.7-д “Энгийн бие засах газар болон угаадасны нүхийг зочны байр, гэр, барилга байгууламжаас 50м-ээс багагүй зайд салхины доод зүгт байрлуулах ба “Нүхэн жорлон угаадасны нүх.Техникийн шаардлага” MNS 5924:2008 стандартын шаардлагыг хангасан байх ба эко бие засах газрыг аль болох өргөн хэрэглэнэ” гэж тус тус заасан ба нэхэмжлэгч талаас эдгээр стандартыг зөрчиж гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байна гэж маргасан.
Маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр гуравдагч этгээд М.Жад дээрх А/123 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газар болон нэхэмжлэгч “Б.Х” ХХК-ийн Өсумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 239 дүгээр захирамжаар тус сумын 10 дугаар багт эзэмшиж байгаа газрын хооронд 90 гаруй метрийн зайтай, гуравдагч этгээдийн эзэмшлийн газар нь ертөнцийн зүгээр нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын зүүн урд талд байрлалтай, нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын зүүн талаас Ховд гол харагдаж байгаа, гуравдагч этгээд эзэмшлийн газраа хашаалсан бөгөөд уг хашааны зүүн хойд талд сауны зориулалттай модон байшин барьсан, угаадасны болон хог хаягдлын цэгийн зориулалтаар нүх ухсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон[8] болно.
Дээрх байдлаар гуравдагч этгээд нь эзэмшлийн газартаа зочны байр болон гэр барилга байгууламж бариагүй тохиолдолд “Амралтын газар, жуулчны бааз, гэр буудалд тавих ерөнхий шаардлага” MNS 6043:2009 стандартын 4.5.6, 4.5.7-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүйгээс гадна уг шаардлагуудыг хангахгүй гэж урьдчилан дүгнэх боломжгүй байна. Мөн гуравдагч этгээдийн уг газарт аялал жуулчлалын бааз байгуулах төсөлд хийсэн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээгээр төслийг нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан[9], түүнчлэн гуравдагч этгээд М.Ж нь одоогоор үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй байх тул дээрх стандартын 4.1.6 -д заасан байгальд сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа явуулах тухай заалтыг зөрчсөн гэж дүгнэх үндэслэл байхгүй байна.
Харин нэхэмжлэгч “Б.Х” ХХК нь 2011 онд аялал жуулчлалын чиглэлээр үүсгэн байгуулагдан Өсумын 10 дугаар багт тогтвортой үйл ажиллагаа явуулж байна гэж тайлбарласан ба нэхэмжлэгчид дээрх 239 дүгээр захирамжаар Өсумын 10 дугаар багт эзэмшүүлсэн газар болон гуравдагч этгээд М.Жад маргаан бүхий захирамжаар аялал жуулчлалын зориулалтаар эзэмшүүлсэн газар хоорондын зай дээрх стандартын 4.1.8-д заасан шаардлагыг хангахгүй байгаа боловч үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бодит нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно. Өөрөөр хэлбэл дуу чимээ гарах нөхцөлийг бүрдүүлж, манайд амарч байгаа жуулчдын амар тайван байдлыг алдагдуулна гэж байгаа боловч ийм нөхцөл байдал үүснэ гэж урьдчилан дүгнэх боломжгүй байна.
Мөн нэхэмжлэгчээс маргаан бүхий газрыг эзэмшилдээ авахаар удаа дараа хөөцөлдөж байсан бөгөөд эрх бүхий этгээдээс усны сан бүхий газар хэмээн зөвшөөрөөгүй гэх боловч Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч талаас хуульд заасан журмын дагуу уг газрыг эзэмших хүсэлт гаргаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[10] тогтоогдож байгаагаас гадна 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр facebook сүлжээ дэх Баян-Өаймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын цахим хуудсаар болон 2019 оны 03 дугаар 30-ны өдөр Газрын биржийн цахим системээр нээлттэй зарлаж, 2019 оны 04 дүгээр сарын 05-нд зохион байгуулагдсан маргаан бүхий газрыг эзэмших эрх олгох дуудлага худалдаанд оролцоогүй байх тул гуравдагч этгээд М.Жад тухайн газрыг давуу байдлаар эзэмшүүлсэн гэх нэхэмжлэгчийн маргаан үндэслэл муутай байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно”, 106 дугаар зүйлийн 106.3-д “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргана: 106.3.1.захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж тус тус заасан.
Дээрх байдлаар маргаан бүхий захиргааны актууд нь Газрын тухай хууль болон Усны тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй, “Амралтын газар, жуулчны бааз, гэр буудалд тавих ерөнхий шаардлага” MNS 6043:2009 стандартын 4.1.8 дахь заалтад нийцэхгүй байгаа боловч үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бодит нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул эрх бүхий этгээдээс гаргасан шийдвэрээр хуульд заасан журмын дагуу зохион байгуулсан дуудлага худалдаанд оролцож, маргаан бүхий газрыг эзэмшилдээ авсан гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг буюу түүнд газар эзэмшүүлсэн шийдвэрийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй этгээдийн нэхэмжлэлээр хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 -д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б.Х” ХХК-ийн “Өсумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/50 дугаар, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/123 дугаар захирамжуудын М.Жад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ
[1] Хэргийн 38-40-р хуудас
[2] Хэргийн 105-106-р хуудас
[3] Хэргийн 121-122,129-134,150-153-р хуудас
[4] Хэргийн 79-93,115-р хуудас
[5] Хэргийн 59-р хуудас
[6] Хэргийн 48,102-р хуудас
[7] Хэргийн 38-40,79-93,123-127-р хуудас
[8] Хэргийн 123-127-р хуудас
[9] Хэргийн 66-67-р хуудас
[10] Хэргийн 50,78-р хуудас