Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2023/0329

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   Д.Дгийн нэхэмжлэлтэй

                                       захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0223 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч Д.Д

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд Б.Б

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.

 

Хэргийн индекс: 128/2022/1071/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0223 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4 дэх хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Дгийн гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/270 дугаар захирамжийн Х.Мд холбогдох хэсэг, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/196 дугаар захирамжийн Б.Бт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.1, 121.3.3, 121.3.5-т тус тус заасан хууль зүйн үндэслэлийг бүрдүүлсэн тухайд:

1. Миний бие Л.Б нь 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авч, Бүгд найрамдах Солонгос улс руу ажлаар явсан. Улмаар 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр анхан шатны шүүхээс товлогдсон шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн хэдий ч шүүхээс нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүйгээр хариуцагч болон гуравдагч этгээд нарын хэт нэг талыг барьсан шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналыг дэмжин шүүх хуралдааныг хуралдуулсан байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр 121.3.1-д “анхан шатны шүүх хэргийн оролдогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүй хэргийг шийдвэрлэсэн бол” гэх үндэслэлд хамаарч байгаа ба өмгөөлөгч миний шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн явдал хуулийг зөрчсөн үйлдэл болсон байна.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-т ‘Шүүх энэ хуулийн 91.2-т заасан этгээдийг заавал байлцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг хойшлуулж, дахин дуудан ирүүлэх бөгөөд хоёр дахь удаагаа ирээгүй бол нэхэмжлэлийг буцаана” гэж хуульчилсан. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь оролцоогүй байдаг. Энэ тохиолдолд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангах нь дээрх зүйл заалтын агуулгаас дүгнэгдэж байгаа ба шүүхээс шүүх хуралдааныг хойшлуулах эсхүл нэхэмжлэлийг буцаах хууль зүйн зохицуулалттай байна. Гэтэл нэхэмжлэгч талыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3.3-т заасныг зөрчсөн хэрэг болсон ба нэхэмжлэгч талын хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хөндсөн шийдвэрийг гаргасан байна.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр  зүйлийн 121.3.5-т “шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, эсхүл буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй” гэж заажээ. Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч Т. нь Д.Дг газар эзэмших эрхгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэн анхнаасаа хэргийн үйл баримтын шууд дүгнэлт хийж, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 7235 тоот захирамжаар нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэж байсан. Түүнчлэн удаа дараа нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож шийдвэрлэж байсан нь нэхэмжлэгч талыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх үндэслэл болсон байна.

4. Анхан шатны шүүхээс тухайн газарт эзэмшил хэн тогтоосон гэдгийг чухалчилгүйгээр газар эзэмших эрх авсан этгээд нь давуу эрхтэй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл байх шаардлагыг хангаагүй учир дутагдалтай болсон гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг хангалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

1. Нэхэмжлэгч Д.Дгээс “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/270 дугаар захирамжийн Х.Мд холбогдох хэсэг, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/196 дугаар захирамжийн Б.Бт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

2. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/270 дугаар захирамжаар /хавсралтын 14-д/ Х.Мын тус дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой хаягт байрлах зуслангийн зориулалттай 441 м.кв газрыг эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгаж, мөн дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/196 дугаар захирамжаар /1 дүгээр хавсралтын 338-д/ С.Бааас тус дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой хаягт байрлах зуслангийн зориулалттай 400 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг Б.Бт  шилжүүлж тус тус шийдвэрлэжээ.

2.1. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хуралдаан хойшлуулах хүсэлтийг “хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй гэж хангаагүй, мөн “... Газрын тухай хуулиар олон жил амьдарсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг газар эзэмших эрхтэй гэж үзэхгүй, гуравдагч этгээдийн хувьд хууль ёсоор эзэмшиж байсан эцэг С.Бааас өв залгамжилж авсан ...” гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

  3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд оролцох, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

3.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б-аас ирүүлсэн “ээлжийн амралт” авсан гэх шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг анхан шатны шүүх “хүндэтгэн үзэх шалтгаан”-д хамаарахгүй гэж хүлээж аваагүйг буруутгах үндэслэлгүй боловч энэ тохиолдолд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд оролцох, хууль зүйн туслалцаа авах эрх хангагдахгүй үлдэж байгааг анхааралгүй шүүх хуралдааныг нэхэмжлэгч талын оролцоогүйгээр үргэлжлүүлж, улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 91 дүгээр зүйлийн 91.2, 91.3-д заасныг зөрчжээ.

3.2. Нэхэмжлэгч Д.Д нь 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд ирээгүй, тухайн шүүх хуралдаанаар өмгөөлөгчийнх нь гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосныг мэдэх боломжгүй байснаас үзвэл уг хуралдаанаас өмнөх үйл явдал буюу өмгөөлөгч хэргийн маериалтай танилцаж, шүүх хуралдааны тов мэдсэн, нэхэмжлэгч “хүүхдээ харж байна очиж чадахгүй” гэх, төлөөлөгч нь “нэхэмжлэгч өөрөө хуралд оролцоно” гэх тайлбарууд нь нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд оролцох эрхийг хангасан, энэ боломжийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл болохооргүй байна. Учир нь нэхэмжлэгч нь тухайн хурал дээр үүссэн нөхцөл байдлыг мэдээгүй тул “өмгөөлөгчөө солих, эсхүл өөрөө шүүх хуралдаанд оролцох” зэргээр мэтгэлцэх, хууль зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд оролцох эрхээ хэрэгжүүлэх бололцоо байгаагүй байна.

3.3. Мөн хэрэгт хангалттай нотлох баримт цугларсан гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгч талыг байлцуулахгүйгээр хурлыг үргэлжлүүлэх тухай хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хийж, хэргийг шийдвэрлэж болохоор дээрх хуульд заасан  нөхцөл бүрдээгүй байжээ.

4. Шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийг шийдвэрлэсэн тухайд:

4.1. Нэхэмжлэлийн үндэслэлд “... Миний эцэг, эх болох Т.Д, Я.Д нар нь тус дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой зусланд тухайн үеийн засаг захиргаанаас зөвшөөрөл авч 1998 оноос хашаагаа хатган байшингаа барьсан, миний бие нөхөр хүүхдүүдийн хамтаар 2000 оноос эхлэн жил бүр тус зусланд тасралтгүй 22 жил амьдарсан ....” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан маргасан.

4.2. Харин хэрэгт гуравдагч этгээд Б.Бын эцэг С.Ба нь 2006 онд 400 м.кв газар эзэмших гэрчилгээ (Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 74 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын 466-д) авсан талаар баримт авагдсан боловч тухайн үед кадастрын мэдээлийн санд бүртгэгдсэн кадастрын зураглал,  С.Баын нэр дээр 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн кадастрын зурагт 842 м.кв газраар тэмдэглэгдсэн, тухайн газрын аль хэсэгт 400 м.кв газрыг хэрхэн эзэмшиж ашиглаж байсан талаар баримт авагдаагүйгээс С.Ба агсаны хууль ёсоор эзэмшиж байсан 400 м.кв газрын байршил хаана болох нь, гуравдагч этгээд Х.Мын (хүргэн гэх) газар эзэмших хүсэлтэд 2012 онд зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа гэх боловч С.Баын нэр дээрх кадастрын бүртгэлтэй, нэхэмжлэгчийн эцэг эхийн барьсан гэх хашаан дотор тухайн газрыг хэрхэн эзэмшиж, ашиглаж байсан зэрэг нь тодорхойгүй байна.

4.3. Үүнээс үзвэл анхан шатны шүүхийн “...  Б.Бын газар эзэмших эрх 2021 онд өв залгамжлалын үндсэн дээр үүссэн, анх С.Баын газар эзэмших эрх 2006 онд үүссэн нь тогтоогдож байх тул даруй 14 жилийн дараа гаргасан хүсэлт гаргагчийн тухайд эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэснийг үндэслэл бүхий болсон гэж үзэх боломжгүй юм.

4.4. Өөрөөр хэлбэл маргаан бүхий актуудаар гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн газрын байршил нь нэхэмжлэгчийн олон жил ашиглаж амьдарч байгаа газар болох нь эргэлзээтэй тохиолдолд зөвхөн” нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь учир дутагдалтай юм.

5. Гэтэл С.Ба агсны эзэмших эрхийн гэрчилгээтэй 400 м.кв газар нь түүний нэр дээрх кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй 842 м.кв газрын аль хэсэгт байрлаж байгаа нь тодорхойгүйгээс уг 842 м.кв газрыг хувааж эзэмшсэн гуравдагч этгээд Б.Бын газрыг нэхэмжлэгчийн эцэг, эхийн барьсан, хамт амьдарч байсан гэх байшин байрлаж байгаа газартай давхцсан гэж үзсэн нь эргэлзээтэй, мөн маргаан бүхий актаар эзэмшиж буй Х.Мын газар эзэмших эрх хэзээ, хэрхэн үүссэн, 2012 онд тухайн газар нь С.Баын нэр дээр кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй байхад хэрхэн шилжүүлж авсан нь тодорхойгүй байх тул энэ талаарх баримтыг цуглуулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх шаардлагатай. 

5.1. Тухайлбал, С.Ба агсаны 2006 онд эзэмшсэн 400 м.кв газрын байршил тусгагдсан кадастрын зураг, 1998 оноос хойш маргаан бүхий газрыг нэхэмжлэгч, гуравдагч этгээд болон бусад этгээд эзэмшиж, ашиглаж байсан эсэх талаар газрын мэдээллийн сангийн түүхчилсэн лавлагаа болон бодит байдлыг харуулсан зураглал, холбогдох бусад баримтуудыг бүрэн цуглуулах нь хэрэгт ач холбогдолтой байна.

5.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн энэ талаар гаргасан “...Анхан шатны шүүхээс тухайн газарт эзэмшил хэн тогтоосон гэдгийг чухалчилалгүйгээр газар эзэмших эрх авсан этгээд нь давуу эрхтэй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн...” гэх давж заалдах гомдлыг шууд үгүйсгэх үндэслэлгүй байна.

6. Мөн тухайн захиргааны хэргийн улмаас Х.Мын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр байх тул гуравдагч этгээдээр татаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

7. Анхан шатны шүүх дээрх байдлаар хэргийн оролцогчийн эрхийг хангалгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэрэгт авагдсан, нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт заасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/270 дугаар захирамжийн огноо зөрүүтэй байгааг  хэргийг дахин шийдвэрлэхдээ арилгах шаардлагатайг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0223 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Дгийн өмгөөлөгч Л.Б-ын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй..

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БААТАРХҮҮ

                    ШҮҮГЧ                                                     Г.БИЛГҮҮН

      ШҮҮГЧ                                                                С.МӨНХЖАРГАЛ