Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 00021

 

Голомт банкны Хөвсгөл салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Хосбаяр, хариуцагч Я.Эрхэмбаяр нарыг нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 431 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Голомт банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Я.Эрхэмбаяр, Л.Дүүрэнжаргал нарт холбогдох

Үндсэн зээл 41,085,787 төгрөг, хүү 1,260,750 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,296 төгрөг, нийт 42,374,835 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Л.Дүүрэнжаргал, хамтран зээлдэгч Я.Эрхэмбаяр нар нь 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Голомт банкны Хөвсгөл салбараас зээл авах хүсэлт гаргаж, ЗГ4905100286 зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийн зээлийг 38 сарын хугацаатай, сарын 0.66 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч нь банктай байгуулсан зээлийн гэрээг зөрчин төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тул банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээний дагуу зээлийг төлүүлэхээр дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болон хариуцагчийн бусад хөрөнгөөс гаргуулах тухай шүүхийн шийдвэрт дурдаж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлага: 1. Үндсэн зээлийн төлбөр 41,085,787.63 төгрөг, 2. Үндсэн хүүгийн төлбөр 1,260,750.58 төгрөг, 3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 28,296.77 төгрөг, 4.Нийт төлбөр 42,374,835 /дөчин хоёр мянга гурван зуун далан дөрвөн мянга найман зуун гучин тав/ төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Л.Дүүрэнжаргал, Я.Эрхэмбаяр нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...бид энэхүү төслийн зээлийн хүрээнд санхүүжилт авч хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр 50 сая төгрөгийн зээл авч Олны өтөгт хавар, намрын хүлэмж байгуулан ашиглалтад оруулан үйл ажиллагаа явуулан ажиллаж байсан. Зах зээлийн эдийн засгийн нөхцөл байдлаас болоод уг үйл ажиллагаа маань доголдож зээлээ эргүүлэн төлж чадахгүй байна. Иймд зээлийн барьцаанд байгаа эд хөрөнгөөс өөрийн орон сууцаа чөлөөлүүлж, Олны өтөгт байрлах 10 га газар, 6х60 харьцаатай 360 м2 хүлэмж, 4х4 хэмжээтэй 2 байшингийн хамт эд хөрөнгийг зээлийн барьцаанд оруулах хүсэлтэй байна. Манай гэр бүл хамтдаа энэ аж ахуйг хөгжүүлэхийн тулд их зүтгэл гарган ажилласан боловч цаашид үйл ажиллагаагаа явуулахад санхүүгийн хүндрэл учирч зээлээ төлж чадахгүй болсон тул өөрийн орон сууцаа чөлөөлж, бүтээн байгуулсан эд хөрөнгүүдийг худалдан борлуулах замаар авсан зээлээ төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул эдгээр хөрөнгүүдийг зээлийн барьцаанд бүртгүүлэн борлуулах шийдвэр гаргаж өгнө үү. Бид авсан санхүүжилтээр уг хүлэмжийн аж ахуйг барьж байгуулахад зарцуулсан, түүнийхээ хэрээр уг аж ахуй үүсэж бий болсон. Авсан хөрөнгөө зориулалтын дагуу зориулан бий болсон аж ахуй тул уг аж ахуйн хөрөнгийг худалдан борлуулж зээлээ төлөх боломжтой гэж бидний бие үзэж байна гэжээ.

Хариуцагч Я.Эрхэмбаяр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай гэр бүлийн хүн жижиг дунд үйлдвэрлэлт төсөл бичиж Голомт банкны Хөвсгөл салбараас 2014 оны 10 сард 50,000,000 төгрөгийн зээл авсан юм. Анх зээл авахаар хүсэлтийг 2013 өгөхөд 2014 оны 10 дугаар сард зээл бүтэж тухайн 10 сард хүйтэрч зориулалтын дагуу үйлдвэрлэлээ эхлэх боломжгүй болсон учраас тэр өвөлдөө ажлаа эрхэлж чадаагүй зээлийнхээ хүүгээ төлж явсаар он гаргасан. Одоо банк барьцаанд тавьсан хөрөнгө болох өөрийн эзэмшлийн орон сууцыг авна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Учир нь зээлийг зориулалтын дагуу ашиглаж одоо би болсон бүтээн  байгуулалт буюу хүлэмжээ өгөхийг хүсэж байгаа юм. Банк заавал айлын гэр оронг авах гээд байгааг ойлгохгүй байна. Гэхдээ банкнаас авсан үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж банкийг хохиролгүй болгох нь зүйтэй боловч одоо надад хугацаа л хэрэгтэй байгаа болно. ...зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгааг шүүх анхаарч өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 431 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Голомт банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Л.Дүүрэнжаргал, Я.Эрхэмбаяр нарт холбогдох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 42,374,835 /дөчин хоёр мянга гурван зуун далан дөрвөн мянга найман зуун гучин тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 369,825 /гурван зуун жаран есөн мянга найман зуун хорин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” тухай  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Голомт банкны Хөвсгөл салбар нь Л.Дүүрэнжаргал, Я.Эрхэмбаяр нарт холбогдуулан  үндсэн зээл 41,085,787 төгрөг, хүү 1,260,750 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,296 төгрөг  нийт 42,374,835 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч нар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар маргаагүй,  “...зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, барьцаанд тавьсан орон сууцыг авна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбар гаргажээ.

Нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбар нь 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Л.Дүүрэнжаргал, Я.Эрхэмбаяр нартай зээлийн гэрээ /ЗГ4905100286/ байгуулж, 50,000,000 төгрөгийг 38 сарын хугацаатай, сарын 0,66 хувийн хүүтэй зээлсэн байх ба зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дуусахаар байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ  “...Зээлдэгч нь банктай байгуулсан зээлийн гэрээг зөрчин төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй”  гэжээ.

Хоёр талын гэрээний нэг тал үүргээ зөрчсөн тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй боловч энэ талаараа гэрээний талдаа мэдэгдэх учиртай бөгөөд  Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тохиолдолд гэрээний нэг тал гэрээнээс татгалзах эрхтэй.”, 225.2-т “...нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ.” гэж  заасан.

Голомт банкны Хөвсгөл салбар нь хариуцагчаар Л.Дүүрэнжаргал, Я.Эрхэмбаяр нарыг татсан байх боловч Л.Дүүрэнжаргалд хүргүүлсэн мэдэгдлийг нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагч Я.Эрхэмбаярт  мэдэгдсэнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэх үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүх  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн  нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагч 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан ЗГ4905100286 тоот зээлийн гэрээний үүргийг зөрчиж, төлбөрийг төлөөгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу нэхэмжлэгч гэрээг цуцлахад магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “дөчин хоёр сая”-ыг “дөчин хоёр  мянга” гэж бичсэн техникийн алдааг гаргасныг зөвтгөж дөчин “хоёр сая” гэж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 431 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “дөчин хоёр мянга” гэснийг “”дөчин хоёр сая” гэж өөрчилсүгэй.

2. Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 369825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.СОСОРБАРАМ                                                                                              

                        ШҮҮГЧИД                              Ё.БЯМБАЦЭРЭН                                                                     

                                                           Т.ГАНБАТ