Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 29

 

МАГАДЛАЛ

2018      07        05                                                       29

 Т-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                Н.Энхнаран

           Прокурор                                                     Л.Мөнхбаяр

                                  Шүүгдэгчийн өмгөөлөгч                              М.Энхтуяа, Ө.Батболд                  нар оролцов.                                   

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж шийдвэрлэсэн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатарын давж заалдах гомдлоор Т-д холбогдох эрүүгийн 1721000990037 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, ХХК- д газрын тосны оператороор ажиллаж байсан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн сумын баг, дугаар байрны  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Й овогт Э-н Т. /РД:/

                       Шүүгдэгч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017

оны 8 сарын 05-ны өдөр Дорнод аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ХХК-ийн  дүгээр талбайгаас  дүгээр талбай орох засмал зам дээр 47-90 УНК улсын дугаартай “Тоёота кровн” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д заасан “...замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...”, мөн дүрмийн 9.9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 2.2.2/а/-д заасан “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, мөн дүрмийн 2.7.а-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас О-н амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяр шүүгдэгч Т-д холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Й овогт Э-н Т-г согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Т-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Шүүгдэгч Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн төлөөлөгч С-д 12600000 /арван хоёр сая зургаан зуун мянга/ төгрөг өгсөн болохыг тус тус дурдаж,

- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Т-с 100000 төгрөг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, түүнд буцаан олгож,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол уншиж сонгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С-н өмгөөлөгч С.Төмөрбаатар давж заалдах гомдолдоо: “Өмгөөлөгч С.Төмөрбаатар миний бие, ... шийтгэх тогтоолыг 2018 оны 05 сарын 21-ний өдөр гардан авч, шийдвэрийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “...шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэх үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, шүүгдэгч Т-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн хувьд зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” заалтаар шүүгдэгч Т нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд шүүх хуралдааныг дуусталх шатанд хүртэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож иргэн О-н амь насыг хохироосон зам тээврийн осол үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөөгүй нь түүний ялыг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан заалтыг журамлаж ял оногдуулж байгаа нь буруу байх тул гомдолтой байна.

2. Анхан шатны шүүх 2018 оны 04 сарын 17-ны өдөр шүүгдэгч Т-н гэм буруугийн талаарх шүүх хурлыг явуулах явцдаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгчийн эцсийн үгийг сонсолгүй хуралдааныг явуулсан нь шүүх хуралдааны дэгийг зөрчсөн тул дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн 115 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: “... Хууль зөрчигдсөн, шүүх хуралдаан даргалагчаас тогтоосон хуралдааны дэг зөрчигдөөгүй болно. Иймд хохирогч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Т давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: …Би 2018-04-17-ны өдрийн 115-р шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчийн талаас уучлалт гуйж ажил явдалд нь оролцсон. Хамт ажилладаг хуурай ахыгаа санаандгүй байдлаар ийм байдалд хүргэсэндээ маш их харамсаж сууна. Би анхнаас энэ аваарын хэргийг өөрийн буруугаас болж ийм осол болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байсан. Одоо ч хүртэл хүлээн зөвшөөрч шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй болно. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Мөнхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж, хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүчингүй болгох саналтай байна. Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, бусад нотлох баримт, тусгай мэргэжлийн шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн улсын яллагч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч М.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ... Архи үнэртсэн нь машинд явж байсан 4 хүн архи нэлээд уусан байсан. Т-н хувьд аваар хийгээд тэр аймшигтай нөхцөл байдлыг хараад шоконд орчихсон, хамаг бие нь салгалж, нүүр ам нь улайчихсан байдалтай байсан бөгөөд түүнд тариа хийсэн эмч архи уусан зүйл огт мэдэгдэхгүй байсан гэдэг. Үүнээс болж л маргаан үүсч байсан. Эцсийн эцэст Т, би ямар ч байсан хүний амь нас хохироосон юм чинь уусан уугаагүй гэдэг асуудал дээр маргаж цаг хугацаа алдаж, хүнд сэтгэл зүйн асуудал үүсгээд яахав гэсний үндсэн дээр хүлээн зөвшөөрсөн гэв.     

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Ө.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: …Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу талуудын тайлбарыг сонсоод явсан байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрөө өмгөөлөгчтэй орсон учир өмгөөлөгч нь дүгнэлт тайлбараа хэлсэн байдаг. Архи уусан эсэх асуудал дээр маргаан үүсдэг. Гагцхүү шүүх шийдвэр гаргахдаа яллах талын нотлох баримтуудыг баримталсан нь харамсалтай байна. Давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэргийг бүхэлд нь хянан үзэж, тэнсэж хянан харгалзах бүрэн боломжтой хэрэг юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох, эсхүл хэргийн зүйлчлэлийг өөрчилж, тэнсэж өгнө үү гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 8 сарын 05-ны өдөр Дорнод аймгийн сумын  дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ХХК-ийн  дүгээр талбайгаас дүгээр талбай орох засмал зам дээр 47-90 УНК улсын дугаартай “Тоёота кровн” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д заасан “...замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...”, мөн дүрмийн 9.9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 2.2.2/а/-д заасан “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, мөн дүрмийн 2.7.а-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас О-н амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-12/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-18/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С /хх-ийн 25-26/, гэрч Г /хх-ийн 37-38, 2-р хавтаст хэргийн 40-41/, М /2-р хавтаст хэргийн 42-43/, Ц /хх-ийн 28-29/ Б /2-р хавтаст хэргийн 45/ нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч М /хх-ийн 30-31, 2-р хавтаст хэргийн 48-49/, Ч /хх-ийн 33-34, 2-р хавтаст хэргийн 56-58/, гэрч Г /хх-ийн 51-52/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтаст хэргийн 34-38/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтаар нотлогдсон ба энэ тухай дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Т нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас иргэн О-н амь насыг хохироосон гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт “согтуурсан үедээ” тээврийн хэрэгсэл жолоодоогүй талаар мэдүүлсэн, түүний өмгөөлөгчид энэ талаар шүүх хуралдаан дээр мэтгэлцсэн ч шүүх түүнийг “согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ. Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэн  Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан хорих ялын доод хэмжээний /хоёр жил/ хоёрны нэгээс багагүй хэмжээний хорих /нэг жил/ ял оногдуулсан нь хуульд нийцэхгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах үндэслэл нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулан хохирлоо нөхөн төлсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хэрэглэх эсэх асуудал юм.

Дээр дурдсан үндэслэлүүд болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатарын “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан заалтыг журамлаж ял оногдуулсан нь буруу…” гэсэн гомдол нь үндэслэлтэй байх тул зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хүндрүүлж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Харин өмгөөлөгч С.Төмөрбаатарын “шүүгдэгч Т-н гэм буруугийн талаарх шүүх хурлыг явуулахдаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгчийн эцсийн үгийг сонсолгүй хуралдааныг явуулсан нь шүүх хуралдааны дэгийг зөрчсөн...” гэсэн гомдлыг хянахад  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С шүүх хуралдаанд биечлэн оролцож мэдүүлэг өгсөн /2-р хавтас 154-169-р тал/, түүнчлэн улсын яллагч дүгнэлт, өмгөөлөгч дүгнэлт, тайлбараа хэлсний дараа шүүгдэгч Т эцсийн үг хэлсэн /2-р хавтас 231-р тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч дүгнэлт, тайлбар /шүүх хуралдааны тэмдэглэл 2-р хавтас 144-232-р талд/ гаргасан байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Иймд өмгөөлөгч С.Төмөрбаатарын энэ тухай гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.5 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн  1.4, 39.7 дугаар зүйлийн 1.3, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлтийг оруулсугай.

 А/ 2 дугаар заалтад “Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Т-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Т-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,       

Б/ 3 дугаар заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан   5 /тав/ жилийн ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхэлж тоолсугай” гэж,

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Т-н 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 79 /далан ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                ДАРГАЛАГЧ                             Л.НАРАНБАЯР

                                ШҮҮГЧИД                                  З.ЭНХЦЭЦЭГ 

                                                                                   Ж.ДОЛГОРМАА