Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 299

 

 

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 156/ШШ2017/00299

                     Хэнтий аймаг

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00195/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанаар:

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 37-07 тоотод оршин суух, Гомбын Дугарын “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 26-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Дугар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Миний бие 1972 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан тал” нэгдэлд илгээлтийн эзэн малчнаар анх ажилд орж 1976 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Энэ хооронд ажиллаж байсан халагдсан тушаал, гарсан тушаал, хөдөлмөрийн дэвтэр байхгүй. Архиваас шүүлгэж үзэхэд халагдсан тушаал олдохгүй байна. Иймд 1972 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1976 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан тал” нэгдэлд малчин, галчаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)

                                      

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Боржигон овогт Гомбын Дугар нь 1972 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1976 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан тал” нэгдэлд малчин, галчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

Хүсэлт гаргагч Г.Дугар нь хөдөлмөрийн дэвтэргүй, ажлаас халагдсан тушаал байхгүй тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.

Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г.Дугар нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй юм.

Хүсэлт гаргагч СФ-57061510 регистрийн дугаартай, Боржигон овогт Гомбын Дугар нь 1972 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1976 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Баян-Овоо багийн “Алтан тал” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. Хэнтий аймгийн архивын газрын цалингийн тодорхойлолтод:...Хүсэлт гаргагч Г.Дугарыг 1972 оны 6,10,11,12 дугаар саруудад, 1973 оны 5,6,9,10,11,12 дугаар саруудад, 1974 оны 2,3,6,7,10,11,12 дугаар саруудад, 1975 оны 1,2,4 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1976 оны 1,2,6,7 дугаар саруудад авч байсан цалинг он, сараар нь бичсэн байна. (хх-ийн 7-8 тал)

2. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Боржигон овогт Гомбын Дугар, 1957 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, СФ-57061510 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 6 тал)

3. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан тал” нэгдлийн даргын 1972 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 31 дугаартай тушаалын хуулбарт:...Ерөнхий боловсролын сургуулиас эвлэлийн илгээлтээр малчнаар ирсэн сурагчдыг 1972 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн авч ёсоор тус тус бригадын малчнаар томилсугай....хавсралтын 7 дугаарт...Гомбын Дугар...гэжээ. (хх-ийн 9-10 тал)

4. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан тал” нэгдлийн даргын 1974 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаартай тушаалын хуулбарт:...нэгдлийн зөвлөлийн аппаратын ажилчин албан хаагчдад төл бойжуулахаар гарсан хүмүүст цалингийн 80 хувийг олгосугай, 80 хувийн цалинг олгох хүмүүсийн нэрсийг хавсралтаар баталсугай....хавсралтын 9 дүгээр...Г.Дугар (дизелийн галч) 03 дугаар сарын 01-ний өдрөөс...гэжээ. (хх-ийн 11-12тал)

5. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан тал” нэгдлийн даргын 1974 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 66 дугаартай тушаалын хуулбарт:...гражийн галчаар Гомбо овогт Дугарыг 1974 оны 11 дүгээр сарын 01-нээс томилон ажлуусугай гэжээ. (хх-ийн 13 тал)

6. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан тал” нэгдлийн даргын 1974 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 47 дугаартай тушаалын хуулбарт:...гражийн галчаар Гомбо овогт Дугарыг 1974 оны 12 дугаар сарын 01-нээс томилсугай гэжээ. (хх-ийн 14 тал)

7. Гэрч Б.Долгорын: ...Би 1972 онд илгээлтээр гарч 1991 оныг дуустал Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан тал” нэгдлийн Наран бригадад малчин, саальчнаар ажиллаж байсан. ...Г.Дугарыг бага байхаасаа танина. Г.Дугар нь 1972 онд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан тал” нэгдэлд илгээлтээр гарч 1976 оныг дуустал малчин, галчаар ажиллаж байсан...  гэсэн мэдүүлэг (хх-ийн  22 тал) зэрэг болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Нэхэмжлэгч Г.Дугар нь миний бие Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд хөдөө ажлаар их явдаг тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ. (хх-ийн 25 тал)

          Нэхэмжлэгч нь өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СФ-57061510 регистрийн дугаартай, Боржигон овогт Гомбын Дугарыг 1972 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1976 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан тал” нэгдэлд малчин, галчаар ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Г.Дугарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.ЦЭРЭНДУЛАМ