Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 301

 

 

     2017 оны 5 сарын 25 өдөр

     Дугаар 156/ШШ2017/00301

                      Хэнтий аймаг

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          156/2017/00206/И

     Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,

     Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булагийн 14-04 тоотод оршин  суух, Харчин овогт Цэцэгмаагийн Мэгзэр (РД:СШ-78031119)-т холбогдох,

     Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн нэхэмжлэлтэй, “зээл, зээлийн хүүгийн 9 767 926 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Ц.Мэгзэр нь 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 10 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар, 0.25 хувийн хүүтэйгээр 15 тоот гэрээ байгуулж авсан юм. Тухайн зээлийг зээлийн гэрээнд зааснаар сар бүр төлж 2016 оны 05 дугаар сарын 30-нд 10 000 000 төгрөгийн зээл, 462 150 төгрөгийн хүү төлж дуусгах байснаас графикт хугацаанд төлөхгүй 8 650 000 төгрөгийн зээл, 778 500 төгрөгийн хүү, 339 426 төгрөгийн алдангийн хугацаа хэтрүүлээд байна. Иймд иргэн Ц.Мэгзэрээс төрийн мөнгө болох 8 650 000 төгрөгийн зээл, 478 500 төгрөгийн хүү, 339 426 төгрөгийн алданги, нийт 9 767 926 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал )        

Хариуцагч Ц.Мэгзэр нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би “Сум хөгжүүлэх сан”-гийн 9 767 926 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч байна. Энэ хэрэгт шинээр гаргах бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэжээ. (хх-ийн 17 тал) 

 

ҮНДЭСЛЭХ НЬ: 

Нэхэмжлэгч  Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан” нь хариуцагч Ц.Мэгзэрээс “зээл, зээлийн хүү, алдангийн 9 767 926 төгрөгийг гаргуулах” -аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ц.Мэгзэр нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн “зээл, зээлийн хүү, алдангийн 9 767 926 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөхгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч  Ц.Мэгзэрт  холбогдох, Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн нэхэмжлэлтэй, “зээл, зээлийн хүү, алдангийн 9 767 926 төгрөгийг гаргуулах”  тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Ц.Мэгзэрээс 119 490 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.   

 

 

ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ