Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0182

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0169/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Батмөнх,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч П.Ү, Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 18.15 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ц овгийн П-ийн Ү, Б овгийн Г-ын Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2118000800155 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1976 онь 11 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, тэтгэвэрт гарсан, ам бүл 6 эхнэр, 4 хүүхдийн хамт, Дархан-Уул аймаг, Дархан сум, ......... тоотод оршин суудаг, урд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт П-ийн Ү /РД:ХХХХХХХХ/,

Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй ХХХ ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, Дархан-Уул аймаг, Дархан сум, ......... тоотод оршин суудаг, урд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г-ын Б /РД:ХХХХХХХХ/,      

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас П.Үт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 18.15 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар, Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.15 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч П.Ү нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар багийн нутаг дэвсгэр, Цагдаагийн газрын байранд “Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч”-ийн ажил үүргээ гүйцэтгэж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Г.Бтай үгсэн тохирч, түүний гуйлтаар “Г.Б нь Alcotest AL7510 багаж ашиглан шалгахад 3.28 хувийн согтолттой, согтуурсан үедээ 2020 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 4 замын уулзварын орчим байрлах шон мөргөсөн зам тээврийн ослын бодит байдлыг нуух зорилгоор, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, худал буюу 0.0%-н согтолттой гэсэн тодорхойлолт гаргасан, Г.Бгийн хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар даатгалын нөхөн олговор авахыг завдсан хэрэгт хамтран оролцсон,

Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Alcotest AL7510 багаж ашиглан шалгахад 3.28 хувийн согтолттой ***** улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Дархан-Уул аймгийн Дархан сум, 8 дугаар баг, 4-н замын уулзварын хажууд байрлах гэрлийн шонг мөргөсөн ослын бодит байдлыг нууж, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч П.Үтай үгсэн тохирч 2020 оны 12 дугаар сарын 29-ны өдөр 0.0%-н согтолттой гэсэн худал тордорхойлолт гаргуулан авсан, уг тодорхойлолт болон бусад баримт бүрдүүлэн 3,054,100 төгрөгийн даатгалын нөхөн олговор авахыг завдсан болох нь:

 

Гэрч Б.Г-ын “...2021 оны 01 сарын 8-ны өдөр Г.Б гэдэг иргэнээс даатгалын нөхөн төлбөр олгож өгнө үү гэх нэхэмжлэлийг гаргаж, материал бүрдүүлж өгсөн байсан. Манай компанийн салбарын ажилтан тус иргэний ирүүлсэн материалыг 2021 оны 01 сарын 13-ны өдөр бүртгэлд оруулж миний бие хянан шалгасан. Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч П.Үаас ирүүлсэн тодорхойлолттой танилцахад 2020 оны 12 сарын 27-28-нд шилжих шөнө 00:05 цагийн үед Дархан-Уул аймаг, Дархан сум, 8-р баг, Алтны 4 замын уулзварт Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дахь хэсгүүдийг зөрчиж гэрлийн шон мөргөсөн гэж буруутгасан, мөн түүний согтуурлын зэргийг шалгаж үзэхэд 0.00%-ийг заасан гэж бичсэн байсан. Жолооч зөрчилд хариуцлага тооцуулсан эсэхийг цахим сайтаар Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн сангаас шүүж үзэхэд түүний жолоо барих эрх хасагдсан гэсэн төлөвтэй, 2020 оны 12 сарын 30-ны өдрөөс 2021 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар хасагдсан, Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1 дэх хэсэгт зааснаар эрх хасах шийдвэр ноогдуулсан байсан. Энэ нь даатгалын гэрээний нөхцөлийг зөрчиж байгаа, Даатгалын тухай хууль, даатгуулагчтай байгуулсан гэрээний “Согтууруулах ундаа болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодис хэрэглэсэн үедээ жолоо барьснаас үүдсэн хохирлыг олгохгүй” гэж заасан заалтыг зөрчсөн байсан. Энэ шийдвэрийг Г.Бд утсаар ярьж мэдэгдээд түүнээс та согтуугаар жолоо барьж байсан уу, таны ирүүлсэн материалыг шалгаж үзэхэд та согтуугаар жолоо барьж байсан нь нотлогдож байна гэж хэлэхэд согтуугаар жолоо барьснаа хүлээн зөвшөөрсөн, мөн надтай утсаар ярьж байхдаа та энэ асуудлыг цааш нь мэдэгдэхгүй байж болох уу, цагдаад ямар нэгэн зүйл болохгүй биз дээ гэж гуйсан. Би түүнд манай компанийн удирдлагууд энэ талаар мэдэж байгаа гэж хэлээд шийдвэрээ танилцуулсан, нийтдээ манайхаас 3,054,100 төгрөгийн даатгалын нөхөн олговор олгохыг нэхэмжилсэн. Манай компани даатгалын нөхөн олговор олгоогүй учраас учирсан бодит хохирол байхгүй” гэх мэдүүлэг /хх-85-87/,

Бан хас ХХК-ийн 2021 оны 01 сарын 04-ны өдрийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн 21/01/00126 дугаартай “автомашин техникийн үнэлгээний тайлан”-ийн үнэлгээгээр тогтоогдсон дүн 2,627,000 төгрөг, 2021 оны 01 сарын 06-ны өдрийн 21/0100133 дугаартай “Хөрөнгө үнэлгээний тайлан”-ийн Хохирлын дүн 427,100 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22, 26-27/,

Яллагдагч Г.Бгийн “...2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөрийн эзэмшлийн ***** улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад шон мөргөж зам тээврийн осол гаргасан. Зам тэврийн ослын дагуу Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас шалгалт явуулаад 2020 оны 12 сарын 30-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн үндэслэлээр эрх хассан, 400,000 төгрөгөөр торгосон. Осол гарах үед согтуурал хэмжих багаж үлээхэд 1 бүхэл гэж гарсан. Энэ ослын зөрчлийг шалгаад Ү гэдэг цагдаагийн алба хаагч шийтгэл оногдуулсан. 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр осол гаргасан, миний машин болон нийтийн өмчид эвдрэл гарсан учраас даатгалын компанид материал бүрдүүлж өгөхөөр болсон. Тухайн үед амралтын өдөр таарсан учраас 2021 оны 01 дүгээр сар гаргаад Хаан даатгал ХХК-ийн Дархан-Уул аймгийн салбарт материал бүрдүүлж өгсөн. Намайг материал бүрдүүлж өгөхөд цагдаагийн байгууллагын тодорхойлолт хэрэгтэй гэсэн. Үүний дагуу би зөрчил шийдвэрлэсэн Ү гэдэг цагдаатай уулзаж 2020 оны 12 дугаар сарын сүүлээр тодорхойлолт хийлгэж авсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 90-91, 243-244/

Яллагдагч П.Үын “...2020 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Г.Б гэдэг иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн зөрчлөөр манай газрын хоногийн мэдээнд орсон. ... би ажлын ачаалал, ажилдаа хайхрамжгүй хандаж албан бичигт согтуурлын хувь тавилгүй явуулсан нь миний буруутай үйлдэл болсон байна” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96, 2 хавтасны 6-7/,

Хаан даатгал ХХК-ийн 2021 оны 02 сарын 10-ны өдөр Цагдаагийн ерөнхий газарт хандаж гаргасан 0088 дугаартай “Гомдол гаргах тухай” албан бичиг /хх-ийн 3/,

Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн 2021 оны 03 сарын 15-ны өдрийн 22/536 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” “...Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 14.7.3.1 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 12 сарын 30-ны өдөр 1 жилийн хугацаагаар Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагчид хассан бүртгэлтэй байна” гэх албан бичиг, жолоочийн лавлагаа, мэдээллийн хуудас /хх-ийн 30-32/,

2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 00954 дугаартай жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан:...Alcotest AL7510 багаж ашиглан шалгахад 3.28 хувь тоот үзүүлэлт илэрч, согтууруулах хэрэглэсэн нь тогтоогдлоо” гэх тэмдэглэл, цагдаагийн газрын хоногийн рапортын “...шинээр орсон тээврийн хэрэгслийн мэдээлэл, Ганбаатарын Б ТЗ87040906, 2020.12.28. З.Т.Х-ийн 14.7.3.1 Д.С-н 8-р багт 3.28%, 2020 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн №0508318 дугаартай шийтгэлийн хуудас, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл” гэх хэсэг /хх-39, 48-49/,

Хаан даатгал ХХК-д Г.Бгийн бичгээр гаргасан хүсэлт, даатгуулагчийн нэхэмжлэхийн маягт, /хх-ийн 59-61/,

ЗЦТ-ийн ахлах зохицуулагч, цагдаагийн П.Үын 2020 оны 12 сарын 29-ны өдрийн “...*****овогтой Б нь 2020 оны 12 дугаар сарын 27-28-ны шилжих шөнө 00 цаг 05 минутын үед Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, Алтны 4 замын уулзварын орчимд ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцон явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчин Дархан-Уул аймгийн Дархан сум, 8 дугаар баг, Алтны 4 замын уулзварын хажууд байрлах гэрлийн шонг мөргөж зам тээврийн осол гаргасан байна. Зам тээврийн осолд холбогдсон жолооч *****овогтой Б /рд:ХХХХХХХ / -ыг согтуурал шалгах багаж үлээлгэн шалгахад 0.00%-ийн заалт заасан болно. Тодорхойлолт гаргасан: ЗЦТ-ийн ахлах зохицуулагч, цагдаагийн П.Ү” гэх тодорхойлолт /хх-ийн 62/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргаж, уг хүсэлтийг прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл бүрэн хангагдсан байна.

 

Шүүгдэгч П.Ү нь нийтний албан  тушаалтан буюу Дархан-Уул аймаг дахь ЗЦТ-ийн ахлах зохицуулагчаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох зорилгоор зам тээврийн ослын бодит байдлыг нуусан, худал тодорхойлолт гаргаж гарын үсэг, ахлах зохицуулагчийн тэмдгээр баталгаажуулсан үйлдэл нь “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, “эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, хэвлэмэл маягт, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн шинжийг,

 

Мөн “*****овогтой Б /рд:*****/-ыг согтуурал шалгах багаж үлээлгэн шалгахад 0.00%-ийн заалт заасан болно” гэх тодорхойлолт Г.Бд гарган өгч уг тодорхойлолтыг Г.Б даатгалын компанид нөхөн олговор авах зорилгоор гаргасан өгсөн нь “зохиомол байдлыг бий болгосон хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар даатгалын нөхөн төлбөр авахыг завдсан хэрэгт албан тушаалын байдлаа ашиглаж хамтран оролцсон”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.

 

Шүүгдэгч Г.Бгийн хуурамч баримт бичиг бусдаар үйлдүүлэн, уг баримтаа ашиглан даатгалын нөхөн төлбөр авахыг завдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.15 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

 

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан ба шүүгдэгч П.Үын албан тушаалын байдлаа ашиглан даатгалын нөхөн төлбөр авахад нь зориулж худал тодорхойлолт гарган өгсөн үйлдэл нь хэд хэдэн гэмт хэргийн шинжтэй байна.

 

Яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Г.Бгийн гаргаж өгсөн хуурамч баримтыг даатгалын компани илрүүлснээр түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй байх тул  “хууль бусаар даатгалын нөхөн төлбөр авах” гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч П.Үыг, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглаж хууль бусаар даатгалын нөхөн төлбөр авах гэмт хэрэгт хамтран оролцсон; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Г.Бг Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн хэрэгт хамтран оролцсон; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар даатгалын нөхөн төлбөр авах гэмт хэрэгт завдсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Шүүгдэгч нар прокурорт хүсэлтээ гаргаж, прокурор уг хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн ба шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан байна гэж үзэв.

 

Шүүгдэгч нарт хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч шүүгдэгч нарын 1 удаагийн үйлдэл нь хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангаж байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч П.Ү, Г.Б нар нь гэмт хэргийн улмаас бусдад материаллаг хохирол учруулсан зүйлгүй байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших ба авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас заавал материаллаг хохирол учирсан байхыг шаардахгүй ба хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Хэдийгээр шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас материаллаг хохирол учраагүй боловч Эрүүгийн хуулийн 22-р бүлэгт заасан гэмт хэрэг нь нийтийн эрх ашгийг зөрчиж, хууль хэлбэрэлтгүй мөрдөгдөх, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмуудыг гажуудуулсан, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулалд аюултай гэмт хэрэгт хамаарах болохыг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч П.Ү, Г.Б нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт заасан “ялаас өршөөн хэлтрүүлэх” хэсэгт хамаарч байна.

 

Уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан.

 

Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ү, Г.Б нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэл холбогдол, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн бусад гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9-р зүйлд заасан “өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахгүй” гэмт хэрэгт хамаарч байна.

 

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан байна гэж үзсэн  тул улсын яллагчийн санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд шүүгдэгч П.Үт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 18.15 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр, нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт хорих ялыг оногдуулахгүйгээр мөн 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээрүргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйл, 12 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Ц овогт Пийн Үыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглаж хууль бусаар даатгалын нөхөн төлбөр авах гэмт хэрэгт хамтран оролцсон; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Б овогт Г-ын Бг Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн хэрэгт хамтран оролцсон; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар даатгалын нөхөн төлбөр авах гэмт хэрэгт завдсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас П.Ү, Г.Б  нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан П.Үт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 18.15 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр, нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар, шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,  Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ү, Г.Б нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоол биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ү, Г.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД