Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 303

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 25 өдөр

    Дугаар 156/ШШ2017/00303

                Хэнтий аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2017/00096/И

 

             Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

             Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 8-8 тоотод оршин суух, Боржигин овогт Эрдэнэхуягийн Мөнхцэцэг /РД:СЮ93080808/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 12-10 тоотод оршин суух, Ширнэн овогт Төмөрбаатарын Азжаргал /РД:СД92120919/-д  холбогдох 

 

          “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Мөнхцэцэг, хариуцагч Т.Азжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцов.

         

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Э.Мөнхцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь 2010 онд Т.Азжаргалтай танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 09 дүгээр сарын 21-нд хүү Хүслэнжаргал маань төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан. Т.Азжаргал нь 2012 оны 09 дүгээр сарын 28-нд хугацаат цэргийн албанд татагдсан. 2013 оны 07 дугаар сарын 20-нд гэрээт цэргээр явж, үүнээс хойш бид холбоогүй болж бид 2013 онд салж, тусдаа амьдрах болсон. Тэр үеээс хойш хүү маань миний асрамжинд амьдарч байна. Иймд Т.Азжаргалын хүү Хүслэнжаргал мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/

 

Нэхэмжлэгч Э.Мөнхцэцэг нь шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Нэхэмжлэл гаргасантай холбогдуулан замын зардал 26 400 төгрөг, 2 хоногийн цалин 60 000 төгрөг, нийт 86 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 21х/

 

Нэхэмжлэгч Э.Мөнхцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх Т.Азжаргалтай 2010 онд Хэнтий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурч байгаад танилцсан. 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүү маань төрсөн. Төрөөд удаагүй байхад Азжаргал цэрэгт явсан. Ар гэрийн асуудлаас болоод салсан. Аав ээжтэй нь таарч нийлэхгүй байсан. Одоо эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Т.Азжаргал нь  шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Э.Мөнхцэцэгтэй 2010 онд танилцаж, үерхсэн. Үерхэх хугацаанд Э.Мөнхцэцэг араар өөр хүмүүстэй нэр холбогдож байсан. Өмнөговь аймагт ажиллаж байхад утсаар 3 сартай жирэмсэн гэж хэлсэн. Миний бие цэрэгт явах хүртлээ хамт амьдарсан. Цэрэгт байхад утсаар ярьж, салах тухай ярьж сэтгэлийг маань их хөргөдөг байсан. Гэрээт цэргийн албанаас чөлөөгөөр ирэхэд өөр хүнтэй хамт нэг өвөрт байсан. Ийм учир би өөрийн хүүхэд гэдгийг мэдэхийн тулд эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна гэжээ. /хх-ийн 13х/

 

Хариуцагч Т.Азжаргал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид 2012 оны 09 дүгээр сард хүүхэдтэй болсон. Удалгүй би 10 дугаар сард цэрэгт явсан. Манай аав, ээж Мөнхцэцэг дээр байнга очдог байсан. Авсан зүйлийг нь голж өөдөөс нь шиддэг байсан. Утсаар над руу ярихдаа сална, чиний хүүхэд биш гэдэг байсан. Шүүхийн дагуу шинжилгээ хийгээд миний хүүхэд гэдэг нь тогтоогдсон болохоор маргах зүйлгүй. Хүүхдийн эцэг гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин Мөнхцэцэг шуудангаар ирж очих зардал 26 400 төгрөг, 2 өдрийн цалин 60 000 төгрөг, нийт 96 400 төгрөг нэхэмжилсэн байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

 

             Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                            

                                                                                                                        

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.Мөнхцэцэг нь хариуцагч Т.Азжаргалаас эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

           

          Нэхэмжлэгч Э.Мөнхцэцэг нь хариуцагч Т.Азжаргалтай 2010 онд үерхэж, эр эмийн холбоотой болж, тэдний дундаас 2012 оны 09 дүгээр сарын 21-нд хүү Хүслэнжаргал төрсөн болох нь №0000808956 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 3х/, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар /хх-ийн 1х/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 13х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 3267 дугаартай ДНХ-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27х/ зэрэг  баримтуудаар тогтоогдож байна.

 

           Хариуцагч Т.Азжаргалын хувьд хүү Хүслэнжаргалыг өөрийн хүү мөн гэдгийг шүүхэд өгсөн тайлбартаа хүлээн зөвшөөрч байна.

 

           Иймд нэхэмжлэгч Э.Мөнхцэцэгийн хариуцагч Т.Азжаргалтай эр эмийн харьцаатай байж, хамтран амьдарч байсан үедээ буюу 2012 оны 09 дүгээр сарын 21-нд төрсөн хүү Хүслэнжаргалын эцэг нь хариуцагч Т.Азжаргал мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

          Нэгэнт Хүслэнжаргал хүүгийн эцэг нь хариуцагч Т.Азжаргал мөн болох нь ДНХ-гийн шинжилгээ болон хариуцагчийн өөрийнх нь зөвшөөрлөөр тогтоогдож байх тул нэхэмжлэгч Э.Мөнхцэцэгийн хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Т.Азжаргалаас Гэр бүлийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

          

            Мөн нэхэмжлэгч Э.Мөнхцэцэгийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох замын зардал 26 400 төгрөг, 2 хоногийн цалин 86 400 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

        

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:        

          1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар нэхэмжлэгч Боржигин овогт Эрдэнэхуягийн Мөнхцэцэг /РД:СЮ93080808/-ийн 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрүүлсэн хүү Хүслэнжаргал /РД:СЮ12292130/-ын эцэг нь хариуцагч Ширнэн овогт Төмөрбаатарын Азжаргал /РД:СД92120919/ мөн болохыг тогтоосугай.

         2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2.1-т зааснаар хүү М.Хүслэнжаргалыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Т.Азжаргалын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос хүүхдийн тэтгэлгийг сар бүр мөнгөн хэлбэрээр тоооцон гаргуулж, хүү М.Хүслэнжаргалыг тэжээн тэтгүүлсүгэй.

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Мөнхцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлого болгож, хариуцагч Т.Азжаргалаас нөхөн төлүүлэх шүүхийн зардалд 70 200 төгрөг, түүнчлэн Т.Азжаргалд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор нэхэмжлэгчээс гарсан замын зардал 26 400 төгрөг, 2 хоногийн цалин 60 000, нийт 86 400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Э.Мөнхцэцэгт олгосугай.

        4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

         5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР