Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0185

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0145/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Хохирогч Г.Э,

Хохирогчийн өмгөөлөгч Л.Цуурай,

Шүүгдэгч Г.Г-гын өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч Д.Дгийн өмгөөлөгч Э.Одончимэг,

Шинжээч эмч Г.Галиндэв,

Шүүгдэгч Г.Г, Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А овогт Г-ийн Г, Ш овогт Д-ын Д нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2118000000125 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2001 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, .......... тоотод оршин суудаг, урьд 2018 оны 06 сарын 26-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 1 сар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, А овогт Г-ийн Г/РД:ХХХХХХХХХ/,

 

Монгол улсын иргэн, 2001 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Цэцэн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 9, аав, ээж, дүү болон хүргэн ахын хамт Дархан-Уул аймгийн *****тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Д-ын Д /РД:ХХХХХХХХ/,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Г.Г, Д.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Г, Д.Д нар нь бүлэглэн 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 04 дүгээр сарын 04-нд шилжих шөнө, Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Молор” зочид буудлын 203 тоотод Г.Эг зодож, эрүүл мэндэд нь хамар яс, 38 дугаар шүд дайрсан эрүүний зүүн булангийн хугарал, тентеориумын цус харвалт, баруун нүдний зовхинд цус хуралт, дагзны хуйх, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Г.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Намайг 2021 оны 04 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн орчимд гэртээ буюу***** тоотод байхад оюутан ангийн хүүхдүүд болох Г, В, Г нар над руу залгаад Ногоон зоорины сагсны талбай дээр байна, хүрээд ир гээд байхаар нь би гэрээсээ гараад очиход манай 3 найз хамт байсан. Тэгээд бид 4-лээ нийлээд Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Молор зочид буудал орох замдаа дэлгүүрээс 3 сав 2.5 литрийн пиво аваад хувааж уусан. Тэгээд би нэлээн согтчихсон байсан. Нэг ухаан ороход Г, Д.Д хоёр нийлээд зодоод байх шиг байсан. Тэгээд нэг сэрэхэд өглөө болчихсон байсан ба миний хоёр нүд хавдаад хөхөрчихсөн, зүүн шанаа хэсэг хөндүүртэй болоод хавдчихсан байсан. Тухайн буудлын өрөөнд Г бид хоёр хоёулхнаа байсан ба Д.Д, Гхоёр өрөөнд байхгүй байсан. Тэгэхэд Г надаас чиний нүүр ам яасан аймаар болчихсон юм бэ гэж асууж байсан. Би гэртээ 2 хоног хүйтэн жин тавиад хэвтсэн ба зүүн шанаа хэсэгт хавдар нь буухгүй өвдөөд байхаар нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Саран элит эмнэлэгт тархины томографикийн зураг авхуулахад зүүн эрүүний агт арааг дайрсан цууралттай хугарал үүссэн байна. Яаралтай Улаанбаатар хотод очиж хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Тэгэхээр нь би Г, Д.Д хоёртой утсаар ярихад манай гэрт ирж надтай 2021 оны 04 дүгээр сарын 04-ний орой ирж уулзаад надаас уучлалт гуйсан. Тэгэхдээ намайг хоёулаа зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-35/,

Гэрч Х.Эийн “...Намайг явахад Г,*****Д.Д, Э, Гнар пиво уугаад үлдсэн. Намайг явахад бүгдээрээ инээлдээд сууж байсан. Маргааш өглөө нь*****Д.Д над дээр ирээд өчигдөр орой буудалд Э, Гхоёр муудалцаад ГЭг өргөж авч шидсэн чинь ухаан алдаад сэрээх гээд алгадсан. Тэгээд Э ухаан ороод босож ирээд намайг андуураад цохихоор нь би зөрүүлээд нүүр лүү нь цохиод Гантулгыг аваад гараад явсан талаар хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 40/, ...*****Д.Д 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө манай гэрт ирээд Ггэртээ ороод унтсан би ойрхон явж байсан болохоор танайд хүрээд ирлээ гэсэн юм. Тэгээд Э, Гбид гурав зодолдоод би Эгийн эрүү хэсэг рүү цохисон чинь ухаан алдаад унасан гэж онгирсон байдалтай надад ярьсан юм. Харин сүүлд уулзахдаа би эрүү рүү нь цохиогүй эрүүнээс дээшээ цохисон гэж надад хэлсэн юм. Би эхэндээ онгироод чамд ярьсан шүү цагдаа энэ тэр болно гэж мэдээгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 63/,

Гэрч Ч.Эын “...Миний хүү надад болсон асуудлын талаар хэлэхдээ Г,*****Д.Д нартай буудалд ороод гурван том пиво уугаад байж байсан чинь Гби чамайг өргөж дийлнэ шүү дээ гэж хэлээд өргөж аваад цементэн хатуу шал руу толгойгоор нь шидсэн гэж хэлсэн. Тэгээд босож ирэхэд*****Д.Д араас эрүү лүү нь цохисон, тэгэхэд эрүү сонин болсон гэж хэлсэн. Миний хүү тэр буудалдаа хоночхоод өглөө нь гэртээ ирээд үүдээр орж ирэхдээ ухаан алдах шахам байдалтай орж ирсэн. Би хүүгээ надад эрхэлдэг шигээ орж ирж байгаа юм байна даа гэж бодоод тоогоогүй байж байгаад очоод анзаараад харсан чинь нүд нь хөхөрчихсөн, хацар нь хавдчихсан байсан юм. Тэгээд би нүд ам нь яагаад хөхөрчихсөн юм бэ, яагаад хацар ам нь хавдчихсан юм бэ гэж асуусан чинь эхэндээ надад юмаа хэлэхгүй нуугаад өрөөндөө орчихоор нь би чи ядаж хэнд зодуулснаа хэлчих гэсэн чинь хэлсэн. …Г,*****Д.Д нарыг дуудаад миний хүүхдийг яагаад ийм болгож байгаа юм бэ гээд уурлатал уучлаарай эгчээ, бид хоёр Эг зодчихлоо, уучлаарай гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,

Гэрч Ц.Гын “...Би өөрийнхөө сууж байсан орон дээр шууд унтчихсан байсан. Маргааш нь буюу 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө сэртэл миний нөмөрч байсан зүйл цус болчихсон, мөн өрөөний шал нил цус болчихсон байхаар нь 00-ын өрөө рүү орж нүүрээ толинд хартал зүгээр байсан. Буцаж өрөө рүү ортол Г.Э унтаж байхаар нь сэрээх гээд очтол Г.Эгийн баруун нүд нь хөхөрчихсөн, хамар болон дээд уруулынх дунд хэсэг цус болчихсон байхаар нь сэрээгээд буудлаасаа гарцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 53/,

Гэрч Г.Бгийн “...Г,*****Д.Д хоёрын надад хэлснээр эхлээд Э, Гхоёр муудалцаад хэсэг болсны дараа Ггарч яваад дахиж орж ирээд Эг авч тархиар нь газар шал руу шидээд савчихсан чинь Э ухаан алдчихсан юм байна лээ. Э орон дээр хэвтээд сэргэж ирээд чи намайг зодчихлоо гээд*****Д.Дг цохисон юм байна лээ. Тэгэхээр нь*****Д.Д би юу гэж чамайг цохидог юм бэ гээд Эгийн нүүр рүү цохичихсон юм шиг байна лээ. Яг хаашаа цохисныг надад хэлээгүй. Намайг очиход Эгийн баруун нүд хөхөрсөн байсан. Ар дагз хавдсан би Г*****Д.Д хоёртой зодолдлоо гэж ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 61/,

Насанд хүрээгүй гэрч А.Оийн “...2021 оны 04 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө миний бие өөрийн найз залуу болох Г болон түүний найзууд Э, Г,*****Д.Д, ***** бид нар микрийн Молор зочид буудалд үйлчлүүлэхээр орсон юм. Бид нар тухайн буудалд орохоосоо өмнө гадаа саравчинд 1 том пиво уугаад дуусах дөхөж байсан чинь Г, Г хоёр хоорондоо муудалцаад Э,*****Д.Д хоёр салгасан чинь Г за за унтъя гээд бид хоёр унтаад өгсөн юм аа. Өглөө сэрсэн чинь Эгийн хөнжил хэсгээр цус болчихсон байсан, би бодохдоо хамраас нь цус гарсан юм байхдаа гэж бодсон мөн нүд нь хөхөрчихсөн явсан. Тэгээд хэд хоногийн дараа*****Д.Д над руу залгаад Гбид хоёр Эг зодчихлоо тэгээд шүүх цагдаа гээд яваад байна одоо яах вэ гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 67/,

Д.Дгийн “...би Эг харж суугаад Гд хандан чи хүн алах нь байна шүү дээ, чамд ухаан байна уу гэж хэлсэн.Тэгээд Э 5 минутын дараа сэрээд шууд над руу дайраад намайг зодсон гэж бодоод эхлээд баруун гараараа миний чихний арын хэсэг рүү цохиод дараа нь баруун гараараа эрүү чих хавьцаа цохисон. Тэгэхээр нь Гта хоёрын маргаан ямар хамаатай юм бэ гээд ор руу түлхсэн. Дахиад Э босож ирээд Гта хоёр намайг барахгүй шүү гэж хэлсэн. Тэгээд Э намайг дахиад нүүр рүү цохисон. Тэгээд би Эг уурандаа эрүү рүү нь нэг удаа гараараа цохисон. Г тухайн үед тасраад унтаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,

Дархан-уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 229 дугаартай “...Г.Эгийн биед хамар яс, 38 дугаар шүд дайрсан эрүүний зүүн булангийн хугарал, тентеориумын цус харвалт, баруун нүдний зовхинд цус хуралт, дагзны хуйх, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 74-75/,

Шинжээч Г.Галиндэвийн...38-р шүд гэдэг нь зүүн доод 8-р шүдийг хэлнэ. Тентеориумын цус харвалт гэдэг нь дагзны дэлбэн болон бага тархи хоёрын дундах зайг хэлдэг бөгөөд энд цус харвасан нь гэмтлийн шалтгаантай байна. Г.Эгийн биед учирсан 8 дугаар шүдийг дайрсан эрүүний хугарал нь хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Харин тентеориумын цус харвалт, баруун нүдний зовхинд цус хуралт, дагзны хуйх, эрүүд зөөлөн эдийн няцрал нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/,

Яллагдагч Г.Г-ын “...Надад маргаад байх зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ... Би Эгийн эмчилгээний төлбөрт 1,500,000 төгрөг шилжүүлж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 124-125/,

Яллагдагч Д.Дгийн “...Г.Эгийн эмчилгээний төлбөрт манай ээж ***** 500,000 төгрөг төлсөн” мэдүүлэг /хх-ийн 131-133/,  

 

Гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Дгийн өмгөөлөгч Э.Одончимэг шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч нарын яг хэний цохилтын улмаас эрүүний зүүн булангийн хугарал гэмтэл учирсан нь тодорхойгүй, уг гэмтлийг хэн нь учруулсныг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж тогтоох ёстой” гэж мэтгэлцжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заасан.

 

Бүлэглэн гүйцэтгэгч гэдэгт гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон этгээдийг ойлгох ба шүүгдэгч Г.Г хохирогч Г.Э нар хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар Г.Г хохирогчийг газарт унагаж ухаан алдуулсны дараа шүүгдэгч Д.Д хохирогчийг сэрээхэд хохирогч өөрийг нь зодсон гэж андууран Д.Д руу дайрахад нь зөрүүлж цохисон үйл баримт тогтоогдож байна.

 

Тухайн цаг хугацаанд шүүгдэгч нар хохирогчийг зодохоор үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэн оролцсон байх тул хэн эрүүнд учирсан гэмтлийг учруулснаас үл хамааран шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Г.Г, Д.Д нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Г.Эгийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч Г.Г 1,500,000 төгрөг, шүүгдэгч Д.Д 500,000 төгрөг төлсөн байна.

 

Хохирогч Г.Эгийн гаргаж өгсөн эмчилгээний зардал гэх баримтуудыг шинжлэн судлахад нийт 2,154,770  төгрөгийн баримт байх бөгөөд үүнээс эмчилгээ болон хоол хүнсэнд хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй 277,850 төгрөгийн худалдан авалт болон ХААН банк, ГОЛОМТ банкны АТМ-ын хуулганууд байна.

 

Иймд хохирогчийн гаргаж өгсөн баримтын хүрээнд хохирлыг нөхөн төлсөн гэж үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч нар хохирогчтой эвлэрэн хэлэлцэж цаашид гарах эмчилгээний зардалд Г.Г, Д.Д нар тус тус 1,000,000 төгрөг төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсныг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирогч Г.Э нь энэ тогтоолоор гаргуулснаас илүү гарсан, гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон гарах эмчилгээний болон бусад зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч Г.Г, Д.Д нар гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг гэмт хэргийн шинж болгон заасан байх тул хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7-р сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх” хэсэгт хамаарч байна.

 

Уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-т “энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно, Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж тус тус заасан.

 

Шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн байх тул өршөөлд хамааруулах үндэслэлтэй байна.

 

Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 4.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. А овогт Г-ийн Г, Ш овогт Д-ын Д.Д нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Д.Д нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2118000000125 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч Г.Г, Д.Д нар хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Э-д эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд тус тус 1,000,000 /нэг сая/ төгрөг төлөхөөр эвлэрсэн, шүүгдэгч нар эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол албадан гүйцэтгүүлэх, энэ тогтоолоор гаргуулснаас илүү гарсан, гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон гарах эмчилгээний болон бусад зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй, энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г, Д.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ГЭРЭЛТ-ОД