Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 304

 

 

2017 оны 05 сарын 26 өдөр

      Дугаар 156/ШШ2017/00304

            Хэнтий аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

156/2017/00202/И

 

            Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би

           Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг А-24-05 тоотод оршин суух, Боржигон овогт Жавзандуламын Сайхантуяа /РД:КЮ76042508/-д холбогдох

           “зээл, зээлийн хүүгийн 16 083 225 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад    

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг дарга Ц.Идэрбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Монгол улсын Засгийн газрын 153 дугаар тогтоолоор улс орон даяар хэрэгжиж байгаа Сум хөгжүүлэх сангийн зээлээс Жавзандуламын Сайхантуяа болон батлан даагч, хамтран үүрэг гүйцэтгэгч Зангадын Тэмүүжин нар нь 2013 оны 04 дүгэр сарын 26-ны өдөр 15 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 0.25 хувийн хүүтэй 34 тоот гэрээгээр харилцан тохиролцож олгосон. Тухайн зээлийг зээлийн гэрээний хавсралтанд зааснаар сар бүл төлж 2016 оны 04 дүгээр сарын 30-нд 15 000 000 төгрөгийн зээл, 693 225 төгрөгийн хүү төлж дуусгах байснаас графикт хугацаанд төлөхгүй, 15 000 000 төгрөгийн зээл, 393 225  төгрөгийн хүүг хугацаа хэтрүүлээд байна. Иймд иргэн Ж.Сайхантуяагаас 16 083 225 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн1х/

Хариуцагч Ж.Сайхантуяа нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие Сум хөгжүүлэх сангаас 2013 онд 15 000 000 төгрөгийн зээл авсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2013 оноос орон сууцны 8 хувийн зээл зогссон. Байруудаа иргэдтэй гэрээ байгуулан оруулсан боловч зээл батлагдан гарахгүй байгаагаас зээлээ төлж чадахгүй байдалд хүрээд байна. Иймд Сум хөгжүүлэх сангаас нэхэмжилсэн 16 083 225 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ. /хх-ийн 15х/

Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сан нь хариуцагч Ж.Сайхантуяад холбогдуулан 16 083 225 төгрөгийг  гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ж.Сайхантуяа нь Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гэрээ байгуулж, 15 000 000 төгрөгийн зээл авсан болох 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 34 тоот зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 3-6х/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 15х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сангийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Сайхантуяа нь хүлээн зөвшөөрч 16 083 225 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

            Ийнхүү нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Сайхантуяад холбогдох 16 083 225 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх санг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                        Ж.БОЛДБААТАР