| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00756/И |
| Дугаар | 307 |
| Огноо | 2017-05-29 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 307
| 2017 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 156/ШШ2017/00307 | Хэнтий аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
156/2016/00756/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: “Цагаан Цахир Уул” ХХК-д холбогдох,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 12-9 тоотод оршин суух, Дашнямын Эрдэнэбатын нэхэмжлэлтэй,
"ажлын хөлс 600 000 төгрөгийг гаргуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Эрдэнэбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Би “Цагаан цахиурт” ХХК-д 2015 оноос 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд жолоочоор ажилласан юм. Ажиллаж байх хугацаандаа ажлаа зохих ёсоор гүйцэтгэж, 2016 оны 09 дүгээр сарыг дуустал хугацааны цалинг тохиролцсон ёсоор авсан. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны цалинг өгөхгүй, цалингаа авахыг хүсэхэд машины бинзенг ихээр хэрэглэсэн, машин техникт бага масло, тос түлш хэрэглэсэнгүй гэх шалтгаанаар өгөөгүй ба 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр намайг ажлаас халсан. Анх ажилд ороход хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ба Д.Тунгалаг захиралтай амаар нэг сарын цалин хөлс 400 000 төгрөг гэж тохиролцоод ажил, үүргээ гүйцэтгэж ирсэн. Иймд 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 600 000 төгрөгийг “Цагаан цахиурт” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Хариуцагч “Цагаан Цахир Уул” ХХК-ийн захирал Д.Тунгалаг нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Цагаан Цахир Уул” ХХК-д жолоочийн ажилтай байсан Д.Эрдэнэбатыг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн юм. Д.Эрдэнэбат нь Хятад улсад үйлдвэрлэгдсэн Донг-Фэнг модельтай 87-59 УБР улсын дугаартай өөрөө бутлагч авто машинаар тус компанийн нүүрсийг тээвэрлэдэг байсан. Бэрх-Уул ХК-ийн уурхай нь Чандгань талд нүүрс олборлолт хийдэг, талдаа 45 км зайтай юм. Уг өөрөө бутлагч нь 100 км-д 35 литр түлш зарцуулдаг нормтой вм. Гэтэл Д.Эрдэнэбаатар нь 1 удаагийн нүүрс таталтаар 50-10 литр түлш авдаг. Авто машиндаа үйлчилгээ, тохиргоо хийдэггүй, 2 удаа мотор цохиулсан. Олон удаа анхааруулга өгч, хэлж ярьсаар байтал шатахууныг хэмжээнээс хэтрүүлж хэрэглэсээр ирсэн. Ямар учраас ажлаас чөлөөлсөн болохыг нь хурал хийж өөрт нь ойлгуулж, зөвшөөрүүлсэн болно. Д.Эрдэнэбатын гаргасан гомдлыг бид зөвшөөрөхгүй. Харин 10 дугаар сард 17 хоног ажилласан хугацааны цалин 340 000 төгрөгөөс ус, ундаа зээлээр авч уусан 42 800 төгрөгийг хасч 297 200 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэжээ. (хх-ийн 23 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Эрдэнэбат нь, хариуцагч “Цагаан Цахир Уул” ХХК-иас "ажлын хөлс 600 000 төгрөгийг гаргуулах"-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч Д.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Д.Баярсайхан нар нь шүүхэд гаргасан ажлын хөлс 600 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагынхаа 302 800 (гурван зуун хоёр мянга найман зуу) төгрөгөөс татгалзаж, “Цагаан Цахир Уул” ХХК-иас 297 200 (хоёр зуун ерэн долоон мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулахаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одмаа нь 297 200 (хоёр зуун ерэн долоон мянга хоёр зуу) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөхгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч “Цагаан Цахир Уул” ХХК-д холбогдох, Д.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй, "ажлын хөлс 600 000 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэрэгт зохигчид 297 200 (хоёр зуун ерэн долоон мянга хоёр зуу) төгрөгт эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Д.Эрдэнэбатын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 18 650 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 9 325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 9 325 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч “Цагаан Цахир Уул” ХХК-иас 9 325 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Эрдэнэбатад тус тус олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч “Цагаан Цахир Уул” ХХК -нь 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ