Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/543

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

улсын яллагч М.Энхжаргал /томилолтоор/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А,

шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Х.Даваахүү

гэрч Х.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар : Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөхнүүд овгийн Н-н Э-д холбогдох эрүүгийн 1903 01425 0057 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Мянгад суманд 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эмээ, ах, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** тоотод оршин суудаг, Х овгийн Н-н Э, регистрийн дугаар пю*******, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.     

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар :  

Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 18 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Орбитын замд “Тоёота Ахио” маркийн ****** УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 47 настай Ч.А-ыг мөргөж, хүний амь нас хохироосон Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэх гэмт хэрэгт, мөн

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж өөрийн овог нэр, утасны дугаар тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :   

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 18 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Орбитын замд “Тоёота Ахио” маркийн 96-04 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Амаржаргалыг мөргөж, амь  насыг хохироосон, мөн   

автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж өөрийн овог нэр, утасны дугаар тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь :

            -  Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн: “...хүн мөргүүлсэн гэх цэгийг ул мөрөөр буюу зорчих хэсэг дээр ослоос шалтгаалан үлдсэн автомашины эвдрэл,  дугуйн мөр, явган зорчигчийн гутлын цахилгааны татуурга зэргийг үндэслэн тогтоож А үсгээр тэмдэглэв. Зорчих хэсгийн өргөн 7.6 метр, А цэгээс Б цэг хүртэл 12 метр, А цэгээс хойш замын хашлага хүртэл 2.4 метр, автомашин зүүнээс баруун тийш чиглэлд, явган зорчигч урдаас хойш чиглэлд явсан чиглэлийг схем зурагт тусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /1хх-03-06, 08-10/;

            - автомашинд үзлэг хийсэн...Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо, 64-2 тоот хашаанд Тоёота Аксио маркийн *** УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийв. Тээврийн хэрэгслийн зүүн урд талын буюу жолоочийн эсрэг талын цонх хагарч бутарсан...зүүн урд талын их гэрлийн крилоны хэсэг нь 20см шугам тавьж үзэхэд 10 см хиртэй хонхойн, будаг хуурч унасан байдалтай байв...машин дотор мөн тээврийн хэрэгслийн машины ореn таг байв...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-16-20/;    

- автотээврийн үндэсний төвийн техникийн шинжээчийн дүгнэлт : **** УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шил зүүн гар талдаа цөмөрч хагарсан, зүүн гар талын урд крыло бага зэрэг хуниралдсан, зүүн гар талын их гэрлийн тогтоогч сэнж хугарсан, зүүн гар талын толь сууриараа байхгүй зэрэг эвдрэл, гэмтлүүдтэй байна /1хх-187-202/,

- криминалистикийн шинжилгээний мөр судлалын шинжээчийн 213 дугаартай дүгнэлт : “...Хэргийн газраас хураан авсан эд зүйлийн 29 хэсэг нь *** УБЧ улсын дугаартай, цагаан өнгийн Т.Королла Аксио маркийн автомашины зүүн талын толины хагархай, 1 хэсэг нь бамбайны бэхэлгээний хагархай байна...****** УБЧ улсын дугаартай Т.Королла Аксио маркийн автомашины урд бамбаан зүүн урд буланд зулгаралт, зүүн урд гэрэл дохиод зулгаралт, зүүн урд далбаад хонхойлт, урд салхины шилний зүүн талд хагарал цууралт, хонхойлт, зүүн талын толь хагаралт, зүүн хаалганд зулгаралт байна. Эдгээр эвдрэл гэмтэл нь хатуу мохоо зүйлтэй харилцан үйлчлэлээр шинэ гарсан байна.../1хх-187-202/,

- Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 58 дугаартай дүгнэлт :  “Т.Аксио маркийн 96-04 УБЧ улсын дугаартай автомашины жолооч Н овогтой  Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэж заасныг зөрчсөн байх үндэслэлтэй /1хх-214/,

- цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 144 дугаартай дүгнэлт :...Талийгаач Ч.А-ын цогцост дух яснаас арагш суман заадас салсан шугаман хугарал, зүүн чамархайн дэлбэн, бага тархины баруун, зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, дух, зулай, дагзны хуйх, ясны шар хальсны цус хуралт, аарцаг ясны цагариг тасарсан хугарал, өвчүү ясны хоёрлосон хугарал, үнхэлцэг хальс, уушгины уг, бөөрний зөөлөн эдийн тархмал цус хуралт. Дагзны хуйх, зүүн мөр, ууцны зулгарсан шарх, духны хуучин шарх, зүүн чихний омог, хүзүү, баруун ташаа, хэвлий, баруун, зүүн шилбэний зулгаралт, хярзангийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед мохоо зүйлд цохигдох, мөргөгдөх, савагдах үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь аарцаг ясны цагариг тасарсан хугарал гэмтлийн улмаас уушгины артерийн өөхөн эмболоор хүндэрч амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ /1хх-171-179, 11-14/;

- амь хохирогчийн гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн “өвчний түүх” /1хх-236-243/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-гийн: “...Ослын талаар мэдэх зүйл байхгүй, буяны ажил нь Өмнөговь аймагт болсон. Энэ хүүхдийн ирээдүй их бүрхэг байна, ганц аав нь хамаг юмыг нь зохицуулан сургууль соёлд нь явуулж байсан, гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1хх-45/,

- хохирогчийн төлөөлөгч А.А-ын :...Би аавтайгаа хамт амьдарч байсан, одоо ганцаараа үлдэж байгаа, аав минь намайг харж хандаж, бүх зүйл дээр тусалж дэмжиж миний бүх хэрэглээг хангаж байсан тул өөрөө хохирогчоор оролцох шийдвэр гаргасан. Гомдолтой байна, оршуулгын зардал бусад зардлыг төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1хх-47/,

- Т.Золжаргалын иргэний нэхэмжлэгч, хариуцагч, гэрчээр өгсөн: Тэр өдөр манай хүү Б хашаанаас машин унаад гарч байгааг нь би харсан...цэнэглэгч нь яаралтай хэрэгтэй байсан тул машинаа өгч явуулсан...Гэртээ ирэхгүй байхаар нь утас руу нь залгатал утсаа авахгүй байсан. Өглөө нь Э над руу залгаад машинаар хүн мөргөсөн гэж хэлсэн...Тус автомашиныг манай нөхөр М-ын дүү Ш.М 2018 оны 04 дүгээр сард аваад 2019 оны 08 дугаар сард манайд, надад зарсан...Энэ автомашин миний эзэмшлийнх мөн юм...Автомашины толь хугарсан, шил хагарсан, хаалга зурагдсан байсан...гэх мэдүүлэг /1хх-85, 88, 118/,    

- иргэний хариуцагч Ш.М-н: “...Энэ автомашиныг 2018 оны 05 дугаар сард урьдчилгаа өгөн Нэт капитал банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч 15,200,000 төгрөгөөр би өөрөө худалдаж авсан. Түүнээс хойш унаж хэрэглэж байгаад 2019 оны 09 дүгээр сард эхнэр М-ын төрсөн ах М-дод зарсан. Банк бус санхүүгийн байгууллагын зээл дуусаагүй байгаа учраас нэрээ шилжүүлж өгч амжаагүй байгаа гэх мэдүүлэг /1хх-78/,

- гэрч М.Б-ын...2019 оны 12 дугаар сарын 22-ны орой ...Э машин жолоодоод Н урд суугаад Д бид 2 хойно сууж явсан. Тухайн үед 19:00 цаг өнгөрч байсан. Нарангийн голоос Орбит руу явдаг шинэ засмал зам дээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүг рүү явж байтал замын хойд талаас гэнэт согтуу хүн машинтай ойрхон гараад ирсэн. Тэгэхээр нь Э тоормосоо гишгээд баруун дарсан чинь автомашиныхаа зүүн хэсгээр мөргөөд бид бүгд сандраад хоорондоо юу ч ярилгүй шууд явсан...Э-ын гэрт очоод машинаа хартал зүүн талын толь хугарсан, байхгүй болсон, салхины шил зүүн талдаа хагарсан, зүүн карлон бага зэрэг хонхойсон байсан...Ээжийн машин болох тоёота аксио маркийн **** УБЧ улсын дугаартай автомашиныг Э-ын гэрийн хашаанд үлдээгээд явсан тухайн өдөр ээж над руу маш их залгасан би айгаад гар утсаа аваагүй гэртээ харьж хоноогүй...” гэх мэдүүлэг /1хх-108-110/,

- гэрч Б.Д-ийн...2019 оны 12 дугаар сарын 22-ний өдөр...Б-ын гэрт байж байгаад ээжийг нь орой ажлаас нь ирсний дараа Б ээжийнхээ цагаан өнгийн автомашиныг нь унаад бид 3 Энхээ гэдэг найзынд нь очсон...Э Б-ын ээжийнх нь машиныг бариад Гүнгэрваа захын уулзвараас ертөнцийн зүгээр баруун эргээд шинэ замаар Орбитын тойрог чиглэлтэй явж байхад замын хажууд явган хүний замаар явж байсан согтуу эрэгтэй гэнэт хажуугаас зам руу ороод ирэхээр нь Э жолооны хүрдээ баруун тийшээ дарсан чинь тухайн хүнийг жолоочийн эсрэг талын толь болон салхины шилээрээ мөргөх шиг болсон...Бид сандралдаад тэр чигээрээ явсан...гэх мэдүүлэг /1хх-120-121/; 

- гэрч Ж.Н-гийн...Э тэр хүнийг мөргөсөн, автомашинаа зогсоолгүй замаар давхисан...тухай мэдүүлэг /1хх-128-129/, 

- гэрч Х.Д-ийн...2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ...Гүнгэрваа захаас Орбит руу явах шинэ замаар эргэн зүүнээс баруун чиглэлд явж байгаад жаахан өгсүүр хэсгээс уруудах үед эсрэг талын урсгалаар тод гэрэлтэй машин зөрж өнгөрсөн. Энэ үед миний явж байсан урсгалын гол хэсэгт толгой нь урагшаа харсан нэг хүн хэвтэж байхыг хараад тоормос гишгээд нөгөө хүн рүү тулаад зогссон. Тухайн үед сандраад машинаасаа буулгүй цагдаад дуудлага өгсөн. Би буугаад харахад миний машинаас 50-60 см зайтай урд хэсэгт 50 орчим насны эрэгтэй хүн толгой нь урагшаа чиглэлтэй харсан, нүүр нь дээшээ харсан байдалтай байхаар нь “та яаж байна зүгээр үү” гэхэд нүд, гар нь хөдлөөд юм ярьж чадахгүй байхаар нь 103 дугаарт “зам дээр хүн машин дайруулсан байна” гэж мэдэгдсэн. Би мөргөөгүй, зам дээр хэвтэж байсан тэр хүний хажууд нь цагаан өнгийн эвдэрсэн толь болон жижиг хагархай хэсэг зүйлс байсан…гэх мэдүүлэг /1хх-90-91/,

- гэрч Т.Г-ийн...2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр...би замаа хартал зам дээр хүн хэвтсэн байхыг хараад нөхөртөө “хүн хэвтэж байна, зогсоорой” гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр тоормосоо гишгээд зогссон...гараад хартал яг машины урд дээшээ харсан 50 орчим насны эрэгтэй хүн хэвтэж байсан тэр хүнээс архи үнэртэж байсан, би ахаа та зүгээр үү гэж асуутал тэр ах нүдээ нээгээд ийш тийшээ хараад хариу өгөхгүй байсан...Анх би машинаас буухад зам дээр хэвтэж байсан ахын ойр орчимд автомашины цагаан толь, хагарч бутарсан толины суурь хэсгүүд байсан гэх мэдүүлэг /1хх-103-104/, 

- шүүгдэгч Н.Э-ын...2019 оны 12 дугаар сарын 22-ны орой 18 цаг 40 минутын Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Орбитын замд өөрийн найз М.Б-ын унаж ирсэн Т.Аксио маркийн ***** УБЧ дугаарын автомашиныг жолоодож яваад явган зорчигчийг мөргөж, ослын газрыг орхиж явсан...Ийм осол гаргасандаа харамсаж, гэмшиж байна...гэх мэдүүлэг /2хх-07/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч нар худал дүгнэлт гаргасан, техникийн шинжээч үзлэгийн тэмдэглэл худал үйлдсэн, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.

Хохирогчийн амь нас хохирсон нь шүүгдэгч Н.Э-ын болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотойг нотолж буй дээрх нотлох баримтууд, мөн түргэний эмч, жолооч нарын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-1хх-135, 137/ зэрэг нотлох баримтаар амь хохирогчийг зам дээр хэвтээ байдалтай байгааг гэнэт харж тулсан тэр даруйд автомашинаа зогсоож улмаар дуудлага өгсөн жолооч Х.Д-ийг тус гэмт хэрэгт холбогдуулах үндэслэл, нотлох баримт тус эрүүгийн хавтаст хэрэгт байхгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.     

Мөн хохирогч нь тухайн үед явган зорчигчийн үүргийг зөрчсөн байх боловч  тухайн хохирогчийн амь насанд учирсан аюултай гэмтлүүд, шүүгдэгчийн унаж явсан автомашинд учирсан эвдрэл гэмтлүүдийн талаарх нотлох баримт, авто осол болсон газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, шүүгдэгч, холбогдох гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтын эх сурвалжаас үзэхэд жолооч Н.Э тухайн үед замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасныг зөрчсөн үйлдлийг зөвтгөх буюу түүнд холбогдох гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, үндэслэл тогтоогдоогүй байхаас гадна гэмт хэрэг учрал болсон тухайн зам, орчны нөхцөл байдалд тээврийн хэрэгсэл жолоодон явсан жолоочийн үүргийн зөрчил нь явган зорчигчийн үүргийн зөрчилтэй харьцуулшгүй ноцтой байсан гэж үзэх үндэслэлтэй байна.          

Иймд шүүгдэгч Н.Э-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн “зам тээврийн осолд холбогдсон жолоочийн үүрэг”-т хамаарах 3.5 а/, б/, в/, г/ заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Д.Н-ийн амь насыг хохироосон, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд шүүгдэгч Н.Э нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас нэхэмжилсэн хохирлыг /1хх-69-76, 2хх-55-63/ бүрэн төлсөн буюу Ч.А-т 4,052.000 төгрөг, А.А-д 942,000 төгрөг тус тус төлсөн /2хх-128/ байна.

Шүүх хуралдаанд хохирогчийн төлөөлөгч А.А нь “аавыг нас барснаас хойш тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох хүртэл хугацааны буюу 2.500.000 төгрөг, талийгаачийн цалингийн зээлийн үлдэгдэл болох 2.619.509 төгрөг”-ийг тус тус нэхэмжилсэн байх боловч холбогдох нотлох баримт болон хууль зүйн үндэслэл тодорхойгүй, өөртөө анх тэжээгчээ алдсан тэтгэмж тогтоолгосон гэх боловч хэзээ, ямар хэмжээгээр тогтоосон эсэхэд хамаарах нотлох баримтгүй байх тул тус шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй, харин гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын төлбөрийн зөрүү болон бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.           

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :        

Шүүгдэгч өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, тухайн гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, тухайн үед амь хохирогч согтуурсан үедээ гарц, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарсан буюу тохиолдлын шинжтэй нөхцөл  байдалтай байх ба шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирлыг төлсөн нь нотлох баримтын эх сурвалжтай байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай гэж үзнэ.   

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 5, найз эмэгтэй нь төрсөн буюу нялх хүүхэдтэй, “Мөнгөн самнаа” ХХК-д ажиллаж байсан болон түүний амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын зарим эх сурвалж хэрэгт авагдсан /1хх-139, 141, 222-230, 232, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлэх 1 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгжээр торгох ялын 15 /арван тав/ нэгжийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож буюу 60 хоногийг нэмж, шүүгдэгч Н.Э-ын биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 01 жил 02 сарын хугацаагаар тогтоож, тус хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч 2019 оны 12 дугаар сарын 22-ны гэмт хэрэг үйлдсэн, түүнийг 2020.02.10-ны өдөр буюу түүнд холбогдох гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан /2хх-19-23/ байх ба энэ талаар хэргийн оролцогч нар маргаагүй буюу хүсэлт гаргаагүй болохыг тэмдэглэв.

Шүүгдэгч 2020.12.23-ны өдрөөс /2хх-140/ хойш 2021.05.28-ны өдрийн байдлаар нийт 156 хоног цагдан хоригдсон, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, тус хэрэгт нэг ширхэг компакт диск, шүүгдэгчийн 1264499 дугаартай B ангиллын жолоочийн үнэмлэх тус тус хураагдсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Э-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон гэмт хэрэг, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.      

2. Шүүгдэгч Н.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.   

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2.1-т  зааснаар шүүгдэгч Н.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгжээр торгох ялын 15 /арван таван/ нэгжийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож 60 хоног буюу 2 сарыг нэмж нэгтгэн шүүгдэгч Н.Э-ын биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ын биечлэн эдлэх 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ын цагдан хоригдсон 156 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.  

6. Хохирогчийн төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.        

7. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.  

8. Шүүгдэгч Н.Э-ын 1264499 дугаартай B ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.   

9. Шүүгдэгч Н.Э-ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.   

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.ГАНБААТАР