Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2023/0336

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч С.Б

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн сумын Засаг дарга

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.Б

Хариуцагчийн өмгөөлөгч Г.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э

 

Хэргийн индекс: 159/2023/0007/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7, 56.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б-ийн “Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга Э.С нь тус сумын Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаар С.Б-ийг томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, С.Б намайг тус багийн Засаг даргын албан тушаалд томилсон тухай захирамж гаргахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч С.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Нэгдүгээрт: Монгол улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2-т зааснаар 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тус сумын Бэлчир 2 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх иргэдийн Нийтийн санал хураалтад би иргэн Д.Бтай өрсөлдөн 179 хүний санал авч 53.9 хувийн олонхын саналаар ялалт байгуулсан. 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаартай Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир 2 дугаар багийн иргэдийн Нийтийн хурлын анхдугаар хуралдааны “Зөвлөл байгуулах” тухай тогтоолоор Зүүнбүрэн сумын Бэлчир 2 дугаар багийн хурлын зөвлөлийг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, тус зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 04 тогтоолоор тус багийн засаг даргад хуулийн дагуу ялалт байгуулсан С.Б намайг томилуулахаар сумын засаг даргад уламжилсан. Монгол Улсын Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д “...Дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайд тухайн нэр дэвшигчийг томилохоос татгалзаж болно” гэсэн заалтыг үндэслэн Зүүнбүрэн сумын Засаг дарга Э.Саас 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1/76 дугаартай албан бичгээр 04 дугаартай тогтоолыг татгалзаж, тус хуралдааныг бүхэлд нь хүчингүй болголоо гэх хариуг, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 04 тоот албан бичгээр дахин С.Б-ийг томилуулахаар хүргүүлэхэд 1/89 дугаартай албан бичгээр сумын засаг даргаас татгалзсан, дахин санал хураалт явуул гэх хариуг ирүүлсээр байсан. Сумын Засаг даргаас хуулийн дагуу нэр дэвшүүлсэн хүнээс татгалзах эрх байгаа харин хурлыг бүхэлд нь хүчингүй болгох, дахин санал хураалт явуул гэж үүрэг, чиглэл өгөх ямар ч эрх байхгүйгээс гадна 2022 оны 1/76, 1/89 дугаартай тоотуудад гарын үсэг зурж хүргүүлсэн Зүүнбүрэн сумын Засаг дарга Э.С нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/11 дугаартай захирамжаар 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн өөрийнхөө хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн байсан. Мөн аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/98 дугаартай захирамжаар 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Э.Сыг Зүүнбүрэн зумын Засаг даргаар томилох тухай Б/81 дугаартай захирамжийг хүчингүй болгох” тухай захирамж хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Иймд дээрх 2 албан бичгийг гаргах эрх бүхий этгээд нь Э.С биш тул 2022 оны 1/76, 1/89 дугаартай албан бичгүүд нь хууль бус акт байхад шүүхээс хууль зөрчөөгүй байна гэж үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хоёрдугаарт: Намайг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Энэ үед Э.Сыг өөрийг нь ажлаас чөлөөлөх сонсголын ажиллагаа явагдаж байсан ба 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн. Аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/528 дугаартай захирамжаар намайг Засаг даргаас чөлөөлсөн байсан захирамжийг хүчингүй болгосноор 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс цалин бодогдож эхэлсэн. Миний хувьд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, хууль буруу хэрэглэсэн байх тул гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч С.Бэс “Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын “тус сумын Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаар С.Б-ийг томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тус багийн Засаг даргын албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Анхан шатны шүүх “... Зүүнбүрэн сумын Засаг дарга 2022 оны 04 дүгээр сард 1/76, 1/89 тоот хоёр удаагийн албан бичгээр Зүүнбүрэн сумын Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаар нэр дэвшигч С.Б-ийг томилохоос татгалзаж байгаагаа илэрхийлж, нэр дэвшигч нарын дунд дахин санал хураалт явуулж олонхийн санал авсан нэр дэвшигчийг багийн Засаг даргаар томилуулахаар дахин уламжлахыг хариу албан бичигтээ дурдсан нь нэр дэвшигчийг томилохоос татгалзсан эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй, хууль зөрчөөгүй, татгалзах эрхээ хэрэгжүүлсэн ...” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хууль буруу хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

3. Нэхэмжлэлийн нэг дэх шаардлага буюу “даалгах” нэхэмжлэлийн тухайд:

3.1. Зүүнбүрэн сумын Бэлчир 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас багийн Засаг даргад “олонхийн санал авсан” С.Б-ийг нэр дэвшүүлж хүргүүлсэн боловч хариуцагч тус сумын Засаг дарга 2022 оны 04 дүгээр сард 1/76, 1/89 тоот хоёр удаагийн албан бичигтээ нэхэмжлэгч С.Б-ийг багийн Засаг даргаар томилоогүй шалтгаанаа “... иргэн Д.Баас ирүүлсэн “багийн Засаг дарга сонгох сонгуульд өөр сумын харьяалалтай хүн санал өгсөн тул сонгуулийг хууль бус болсон” гэж үзэж байна” гэх гомдлын дагуу ... хуулийн 56.7-д заасныг үндэслэн татгалзаж байгаа ...” гэж дурдаж буцаажээ.

3.2. Анхан шатны шүүх хариуцагчийг “хуульд заасан нэр дэвшигчийг нэг удаа татгалзах бүрэн эрхээ хэрэгжүүлсэн” гэж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /цаашид Хуулийн гэх/ 56 дугаар зүйлийн 56.7 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

3.3. Хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д “Дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайд тухайн нэр дэвшигчийг томилохоос татгалзаж болно” гэсэн заалт нь Засаг даргын албан тушаал улс төрийн албан тушаал болохынх нь хувьд дээд шатны Засаг даргад “томилохоос татгалзаж болно” гэж тусгайлан сонгох боломж олгосон зохицуулалт юм.

3.4. Харин “санал хураалт хууль бусаар явагдсан” гэх иргэний гомдолтой холбоотойгоор нэр дэвшигчийг томилоогүй асуудлыг дээрх заалтаар зохицуулаагүй. Учир нь нэгэнт санал хураалт хууль бусаар явагдсан тохиолдолд “тухайн нэр дэвшигчийг Хуулийн 56.5-д заасны дагуу хууль ёсоор нэр дэвшүүлсэн этгээд гэж үзэхгүй” тул томилох үндэслэлгүй, өөрөөр хэлбэл дээд шатны Засаг даргад хуулийн дагуу нэр дэвшээгүй этгээдийг томилох, эсхүл татгалзах гэсэн “сонгох боломж” эдлэх үндэслэлгүй.

3.5. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын иргэний гомдлын дагуу нэхэмжлэгчийг багийн Засаг даргаар томилоогүйг “санал хураалтыг хууль бусаар явуулсан” гэж үзэж, нэр дэвшүүлэх ажиллагааг хуульд нийцүүлэхээр авсан арга хэмжээ гэж үзэхээр байх тул шүүх энэ хүрээнд хариуцагчийн эс үйлдэхүй хуульд нийцсэн эсэхэд зайлшгүй дүгнэлт өгөх шаардлагатай.

3.6. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт өгөлгүй, “... Зүүнбүрэн сумын Засаг даргын зүгээс нэр дэвшигч С.Б-ийг багийн Засаг даргаар томилохоос татгалзсан тохиолдолд ... нэр дэвшигч нарыг тодруулж, дахин санал хураалт явуулж, олонхын санал авсан нэр дэвшигчийг Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаар томилуулахаар Зүүнбүрэн сумын Засаг даргад дахин уламжлах учиртай ...”  гэсэн нь үндэслэлгүй болжээ.

3.7. Хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар Сумын Засаг дарга нь тухайн иргэний гомдолд дурдсан санал хураалт хууль бусаар явагдаж, “олонхын санал” аваагүй хүнийг нэр дэвшүүлсэн болохыг тогтоогоогүй атлаа зөвхөн иргэн гомдол ирүүлсэн гэх шалтгаанаар иргэдийн Нийтийн хурлаас нэр дэвшүүлж ирүүлсэн С.Б-ийг томилохоос татгалзсан нь Хуулийн 56.6-д “Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, ... томилно.” гэж заасныг зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул “Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын “тус сумын Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаар С.Б-ийг томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тус багийн Засаг даргын албан тушаалд томилохыг даалгах” нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

4. Нэхэмжлэгчийн “ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлэх” шаардлагын тухайд:

4.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/09 дүгээр захирамжаар нэхэмжлэгчээс анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох Д.Быг тус багийн Засаг даргаар томилсон 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/38 дугаар захирамжаа хүчингүй болгосон, мөн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/528 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хариуцагчийн 2022 оны Б/32 дугаар захирамжийг хүчингүй болгосон байх бөгөөд үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс цалин бодогдож эхэлсэн нь өөрийнх нь тайлбараар тогтоогдож байна.

4.2. Иймд хариуцагчийн нэхэмжлэгчийг чөлөөлж, өөр этгээд томилсон тушаалууд тус тус хүчингүй болсноор ажлаа үргэлжлүүлэн эрхэлж байх тул хариуцагчийн хууль бус захирамжуудын улмаас учирсан хохирол буюу нэхэмжлэгчийн бодитой ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцож олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 56.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын “тус сумын Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаар томилохгүй байгааг хууль бус болохыг тогтоож, томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлөхийг хариуцагч Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Бэс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

                    ШҮҮГЧ                                                     Г.МӨНХТУЛГА

      ШҮҮГЧ                                                                С.МӨНХЖАРГАЛ