Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 38

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Дашням, 

Улсын яллагч А.Ганзориг,

Шүүгдэгч С.Бямбацогт, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Бямбацогтод холбогдох эрүүгийн 2016 2601 0632 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл-3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалантын 3-4 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй,

-урьд 2007 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 193 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цаг албадан ажил хийлгэх ялаар,

2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 337 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2008 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын 2974 дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн 02 жил 06 сар 16 хоногийн хорих ялыг өршөөгдсөн,

2010 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн сонгинохайрхан дүүргийн шүүхийн 254 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Тайжууд овогт Сэдбазарын Бямбацогт РД:УБ86011819, 

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч С.Бямбацогт нь урьд хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байхдаа давтан үйлдлээр 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 01 дүгээр гудамжны 10 тоотод байрлах иргэн Ч.Ганзоригийн эзэмшлийн “Оберер” нэртэй авто угаалгын газрын цонхыг хагалж, нэвтрэн орж шланк бууны иж бүрдэл, шүүгээний цоожийг эвдэж дриллэн өнгөлөгч, сэвний домокрад зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, Ч.Ганзоригт 1.050.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

-мөн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 2 дугаар гудамжны 8 тоотод оршин суух төрсөн ээж С.Нарантуяагийн монгол гэрээс 42 инчийн зурагтыг хулгайлан авч, С.Нарантуяад 900.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

-2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Ногоон чулуутын 2 дугаар гудамжны 8 тоотод оршин суух төрсөн ээж С.Нарантуяагийн монгол гэрээс угаалгын машин, гражаас автомашины бүтээлэг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, С.Нарантуяад 260.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулан, энэ гэмт хэргийн улмаас бусдад нийт 2.210.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

 

ТОДОРХОЙЛОХ нь:    

 

Тус хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг  судлахад:  

Шүүгдэгч С.Бямбацогт нь:  

- 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 01 дүгээр гудамжны 10 тоотод байрлах иргэн Ч.Ганзоригийн эзэмшлийн “Оберер” нэртэй авто угаалгын газрын цонхыг хагалан нэвтэрч, шланк бууны иж бүрдэл, шүүгээний цоожийг эвдэж дриллэн өнгөлөгч, сэвний домокрад зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, Ч.Ганзоригт 1.050.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,  

-мөн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 2 дугаар гудамжны 8 тоотод оршин суух С.Нарантуяагийн монгол гэрээс 42 инчийн зурагтыг хулгайлан авч, С.Нарантуяад 900.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,  

-2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Ногоон чулуутын 2 дугаар гудамжны 8 тоотод оршин суух С.Нарантуяагийн монгол гэрээс угаалгын машин, гражаас автомашины бүтээлэг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, С.Нарантуяад 260.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:  

- хохирогч Ч.Ганзоригийн:...2016 оны 3 дугаар сарын 12-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 1-10 тоотод байрлах “Оберер” нэртэй авто угаалгын газраа шалгахаар очиход гадны хаалгыг манай үеэл дүү Бямбацогт согтуу хөшөөд зогсож байхлаар нь....хөөгөөд явуулсан...22 цаг өнгөрөөгөөд буцаад ирэхэд манай угаалгын газрын автомашин орж гардаг том хаалга турбагаар гаднаас нь тулаастай байсан. Тэгээд би турбаг нь аваад хаалгыг таттал онгорхой байсан юм. Дотогш ороход угаалгын газрын арын цонх хагарчихсан...өрөөнд байсан багажны шкаб онгорхой, хамаг юмыг нь онгичоод гаргаад хаячихсан, дотор нь байсан сэвний домокрад, дриллэн өнгөлөгч...машин угаагч иж бүрэн буу алга болсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

- биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12-р хуудас/,

-иргэний нэхэмжлэгч Г.Нямсамбуугийн:...2016 оны 3 дугаар сарын 12-ны орой 21-22 цагийн орчим би өөрийн 87-88 УНС улсын дугаартай саарал өнгийн верна аксент маркийн машинтайгаа харих гээд Баянхошууны жанцангийн авто угаалгын үүдэнд явж байхад 30 орчим насны 170 см орчим өндөртэй шардуу царайтай залуу гар өргөсөн. Тэгээд би зогсож суулгахад 3, 4 дүгээр хороолол орно, эндээс юм аваад явъя” гээд замын хажууд байх угаалгын газрын урд хаалгаар ороод дотроос нь эзэн нь юм шиг дрилэн өнгөлөгч, сэвний демокрад, улаан өнгийн хайрцагтай иж бүрэн машин угаагч зэрэг төхөөрөмжүүдийг өөрөө гаргаж ирээд миний машины арын суудал дээр тавьсан юм. Тэгээд “би энэ угаалгын газрын ажилчин байгаа юм, манай дүү энэ газрыг ажиллуулдаг, дүү цалин өгөхгүй байгаа тэгээд оронд нь намайг дээрх эд зүйлсийг ав гэсэн. Тэгээд би энийг 3, 4 дүгээр хороолол оруулж зарах гэж байгаа юм” гэсэн. “Таксины мөнгөнд чи улаан хайрцагтай багажийг авбал ав” гэсэн. Тэгэхээр нь би хэрэггүй гэсэн. Тэгээд 3, 4 дүгээр хороолол орох гээд явж байтал тэр залуугийн баруун гарнаас нь цус гараад байхаар нь зурагтын хуучин эцсийн буудал дээр зогсоод гарыг нь угаалгасан. Замдаа би тэр залуутай хальт танилцаж өөрийн нэрээ хэлсэн. Тухайн үед тэр залуу надад нэрээ хэлж байсан, одоо санахгүй байна. 3, 4 дүгээр хорооллын эцсийн буудал дээр ирэхэд тэр залуу “миний гарнаас цус гараад байна, чи аптек ороод марал аваад өг, би гараа боох гэсэн юм” гэж хэлсэн. Тэгээд би марал авч өгөөд гарыг нь боолгосон. Тэгээд 3, 4 дүгээр хорооллын авто угаалгын газруудаар нөгөө юм аа зарна гээд нилээн явсан боловч зарж чадаагүй. Тэгээд тэр залуу “чи энэ зүйлүүдийг авчих, чамд хэрэгтэй” гэсэн. Би таксины мөнгө болох 10.000 төгрөгийн оронд улаан хайрцагтай зүйлийг авсан. Харин машин угаагч, дрилэн өнгөлөгч хоёрыг 60.000 төгрөгөөр худалдаж авсан. Би эдгээр зүйлсийг гэртээ авч очоод ерөөсөө хэрэглээгүй. Би тэр зүйлүүдийг хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Би тэр залуугаас таксины 10.000 төгрөг, мөн эд зүйлийг нь худалдан авсан 60.000 төгрөгөө нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,  

- хохирогч С.Нарантуяагийн:...2016 оны 3 дугаар сарын 10-ны өглөө 07 цагийн орчим нөхөр Сэдбазарын хамт ажилдаа явсан....хүү Бямбацогт гэртээ ганцаараа унтаад үлдсэн. Тэгээд би ажил дээрээ байж байтал манай охин Пүрэвгэрэл 13 цагийн үед над руу утсаар залгаад “Бямбацогт ах архи уучихсан байна” гэхээр нь би хүү Бямбацогтын гар утас руу залгахад утсаа авахгүй байхаар нь охин Хандсүрэн рүү залгаад “чи манайд очоод Бямбацогт гэртээ байна уу үз” гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Хандсүрэн над руу залгаад “хашаа болон гэрийн хаалга онгорхой байна, гэрт байсан зурагт байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би ажлаасаа чөлөө аваад 16 цагийн үед гэртээ ирэхэд 42 инчийн “Эл жи” маркийн зурагт алга болсон байсан.

2016 оны 3 дугаар сарын 12-ны өглөө 07 цагт нөхөр Сэдбазарын хамт ажилдаа явах гээд гэрээ цоожлоод гараад явсан. Өдөр 12 цагийн орчим охин Дүрэвгэрэлийг хашаагаа эргээд хар” гэж утсаар хэлсэн. Хэсэг хугацааны дараа манай охин Пүрэвгэрэл грашийн хаалга онгорхой байна. Та грашаа цоожилсон юм уу” гэхээр нь аавын чинь машины хучлага байна уу гэж асуутал байхгүй байна гэсэн. Тэгээд гэрийн хаалгыг хардаа гэтэл гэр цоожтой байна гэж хэлсэн. Тэгээд орой 18 цагийн орчим гэртээ ирэхэд манай гэрийн хаалга түгжжэтэй байсан. Би өөрөө онгойлгоод ороход гэрт угаалгын машин байхгүй байсан. Тэгээд хүү Бямбацогтыг  ирсэн байна гэж мэдсэн. Манай гэрийн 2 түлхүүр надад байсан. Бямбацогтод түлхүүр байх ёсгүй. Алдсан эд зүйлээ олж авмаар байна. Манай хүү Бямбацогт манай гэрийн зурагт, угаалгын машин болон автомашины хучлагыг захиран зарцуулах эрх байхгүй, дээрх эд зүйл нь манай нөхөр Сэдбазар бид 2-ын өмч байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 73-75, 97-98-р хуудас/,  

- гэрч Ж.Сэдбазарын:...Бямбацогт нь миний төрсөн хүү байгаа юм. 2016 оны 3 дугаар сарын 10-ны...16 цагийн орчим ажил дээрээ байж байтал эхнэр Нарантуяа “гэрийн хаалга онгорхой, гэрээс зурагт алга болсон байна гэж охин хэлж байна” гэсэн. Тэгээд эхнэр бид 2 гэртээ иртэл манай гэрт байсан “Эл жи” маркийн 42 инчийн зурагт алдагдсан байсан юм. Гэрт ирэхэд Бямбацогт байхгүй байсан.

2016 оны 3 дугаар сарын 12-ны өглөө 07 цагийн орчим эхнэр Нарантуяагийн хамт гэрээ цоожлоод ажилдаа явсан. Тэгээд өдөр 13 цагийн орчим эхнэр Нарантуяа “гражид байх машины хучлага чинь алга болсон байна гэж охин Пүрэвжаргал хэллээ” гэж хэлсэн. Тэгээд орой 158 цагт ажлаа тараад гэртээ ирсэн, эхнэр хаалганы цоожоо онгойлгоод гэрт ортол манай гэрийн хаалганы цоожинд ямар нэгэн эвдрэлгүй мөртлөө гэрт байсан угаалгын машин алга болсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 78-79, 99-р хуудас/,  

-иргэний нэхэмжлэгч Л.Нарантуяагийн:...2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 13 цаг 10 минутын үед манай ломбарданд угаалгын машин барьцаанд тавих гэсэн юм гэхээр нь манай ломбард зайгүй байна, авахгүй гэхэд “машин эвдэрчихсэн байгаа юм, сэлбэг авах гэсэн юм. 40.000 төгрөгөнд аваач гээд байсан болохоор нь би иргэний үнэмлэхээр үйлчилнэ гээд Ганболдын Лхагвадулам гэх иргэний үнэмлэхийг нь тулгаж үзээд “Томату” гэсэн бичигтэй, таган дээр ягаан өнгийн цэцгэн хээтэй цагаан угаалгын машиныг 40.000 төгрөгөөр 1 сарын хугацаатай барьцаанд авсан юм. Угаалгын машиныг хулгайн эд зүйл гэж мэдээгүй, 40.000 төгрөгөөр л нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 77-р хуудас/,  

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1987 дугаартай:...шинжилгээнд ирүүлсэн “5” дугаартай гарын мөр нь MN0000ШШГО02591, 2716736, MN0052100009518, MN0000СХД03098, MN000210026396, MN0002100061218 2556083 дугаараар 7 удаа бүртгэгдсэн Сэдбазар овогтой Бямбацогтын /УБ86011819/ баруун гарын чигчий хурууны “83” дугаартай гарын мөр нь мөн С.Бямбацогтын баруун гарын долоовор хурууны дардастай тохирч байна...гэх дүгнэлт /хх-ийн 105-116-р хуудас/,

- шүүгдэгч С.Бямбацогтын:...2016 оны 3 дугаар сарын 12-ны орой 21 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын гудамжинд байдаг манай ээж Нарантуяагийн дүү Сарантуяагийн хүү Ганзоригийн ажиллуулдаг угаалгын газар орох гээд хаалгыг нь гараараа татаад байж байтал Ганзориг машинтай ирээд “намайг юу хийж байгаа юм бэ” гэхээр нь би гэр рүүгээ орох гэж байна гэсэн чинь яваад өгсөн. Тэгээд би Ганзоригийг явсны дараа авто угаалгын газрын арын цонх буюу ертөнцийн зүгээр баруун тийш харсан цонхыг нь чулуугаар цохиж хагалаад дотогш ороод цаад талд нь байдаг жижиг өрөөнд ороод жижиг шкаб зүүдэг цагаан цоожтой байхаар нь цоожийг нь гараараа татаж онгойлгоод дотор нь байсан төмөр тасдагч дрилл, машин өнгөлөгч дрилл аваад угаалгын зааланд байсан автомашин угаагч усан бууг нь аваад машин ордог том хаалга нь дотроосоо дэвхдээд цоожилсон байхаар нь онгойлгож гараад зам дээрээс такси бариад 3, 4 дүгээр хорооллын эцсийн уулзвар хүргүүлээд таксины жолоочид угаалгын газраас авсан эд зүйлээ бүгдийг нь нийлүүлээд 60.000 төгрөгөөр зарсан.

2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр манай аав Сэдбазар, ээж Нарантуяа 2 өглөө 08 цаг өнгөрөөгөөд ажилдаа явсан юм. Тэгээд би гэртээ байж байгаад өдөр 12 цаг өнгөрөөгөөд гэрийнхээ “Эл Жи” маркийн 42 инчийн зурагтаа авч гараад гэрийнхээ урд зам дээрээс такси бариад хотын төв рүү хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хажуугийн ломбарданд 300.000 төгрөгөөр зарсан.  

2016 оны 3 дугаар сарын 12-ны өглөө 11 цаг өнгөрч байхад гэртээ очтол гэрийн хаалга зүүдэг цоожоор цоожилсон байхаар нь төмөр утсаар онгойлгож ороод угаалгын машиныг аваад мөн гражинд байсан автомашины ногоон эрээн өнгөтэй автомашины бүтээлгийг нь аваад такси бариад Баянхошууны 112-ын буудал дээр байдаг ломбарданд очоод таксины жолоочийг “би хөдөө явах гэсэн юм, мөнгөний хэрэг гараад та өөрийнхөө нэр дээр угаалгын машиныг тавиад өгөөч” гэж гуйгаад ломбарданд 40.000 төгрөгөөр тавьсан. Тэгээд таксины жолоочид мөнгөний оронд автомашиныхаа бүтээлгийг өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 50-52, 85-87, 118-р хуудас/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7, 58-61, 87-90-р хуудас/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 15-16, 19, 65, 68-р хуудас/,

- эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 22, 69, 95-р хуудас/ шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэмт хэрэг үйлдсэнээ зөвшөөрсөн тухай мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.  

 

Иймд шүүгдэгч С.Бямбацогтыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч, давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах  үндэслэлтэй байна.     

Хохирогч Ч.Ганзоригт алдагдсан эд зүйлийг буцаан өгсөн /хх-19/ байна. 

Хохирогч С.Нарантуяа мөн зарим эд зүйлсийг буцаан өгсөн /хх-65, 68/, үнэлгээгээр тооцоход /хх-69, 95/ LG маркийн 42 инчийн зурагт 1 ш*900.000=900.000  төгрөг төлөгдөөгүй боловч хохирогч нь хохирлоо нэхэмжлэхгүй, гомдол саналгүй болохоо бичгээр илэрхийлсэн.    

Иргэний нэхэмжлэгч Г.Нямсамбуу би тэр залуугаас таксины 10.000 төгрөг, мөн эд зүйлсийг нь худалдан авсан 60.000 төгрөг, нийт 70.000 төгрөг /хх-26-27/, иргэний нэхэмжлэгч Л.Нарантуяа 40.000 төгрөг тус тус нэхэмжилсэн /хх-77/-ийг хангах үндэслэлтэй.

Шүүгдэгч С.Бямбацогт нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан /хх-163/ байх ба тухайн үед Өршөөл үзүүлэх тухай 2015.08.11-ний өдрийн хуульд хамрагдаагүй шалтгаан нь тухайн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан, уг хоригийн дагуу Улсын Их Хурлаас Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2015.10.22-ны өдөр баталсан байх тул шүүгдэгч С.Бямбацогт өмнө үйлдсэн тухайн гэмт хэрэгт ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг Өршөөл үзүүлэх тухай 2015.08.11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.         

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулав.   

Шүүгдэгч С.Бямбацогт нь 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс /хх-35/ 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг /хх-119/ хүртэл 105 хоног цагдан хоригдсон хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.  

Хэрэгт эд мөрийн хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болно.   

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь :    

 

1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар нийт 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн шүүгдэгч С.Бямбацогтын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3, 261 дүгээр зүйлийн 261.2-т заасан гэмт хэргүүдэд ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.         

2. Шүүгдэгч С.Бямбацогтыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч, давтан  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

3. Шүүгдэгч С.Бямбацогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар шийтгэсүгэй.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Бямбацогтын биечлэн эдлэх 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.       

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бямбацогтын цагдан хоригдсон 105 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.      

6. Уг хэрэгт мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.     

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Бямбацогтоос 110.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Нямсамбууд 70.000 төгрөг, Л.Нарантуяад 40.000 төгрөг тус тус олгосугай.   

8. Шүүгдэгч С.Бямбацогтыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тооцсугай.     

9. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

10. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Бямбацогтод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.           

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР