Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 077

 

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Б сумын 1 дүгээр багийн оршин суугч Т.Кийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Бсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад  холбогдох,

            “Бсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/17 дугаар тогтоолын хавсралтын “Усчин” булаг”-гэх газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”  шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.К, түүний өмгөөлөгч С.Тилеуберди, хариуцагч Бсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Х, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.К шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Т К Бсумын 1 дүгээр багийн иргэн. ИТХ-ын дарга Х.Х нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/123 тоот тогтоол гаргаж Бсумын Хатуу багийн “Усчин булаг” гэх газарт айлуудыг зусуулах шийдвэр гаргаснаар айлууд одоо зусаж байгаа юм. Бсумын Засаг дарга А/89 тоот захирамжийг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гарган иргэдийн олонхын саналыг үндэслэн ““Усчин булаг”-ийг зуслангаас чөлөөлөх тухай” захирамж гаргасан өмнөх жилүүдэд бас адил тус газрыг жилийн жилд өвөлжөө гэж үзэж багийн иргэдийн Нийтийн Хурлын олонхын саналаар “Усчин булаг” гэдэг өвөлжөөг зуслангаас чөлөөлөхөөр багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол гаргасан юм. Уг багийн Нийтийн Хурлын тогтоолыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас  уг тогтоолыг хэвээрээ баталсан юм.

Гэтэл нэг хоногийн дараа уг тогтоолыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийг хууль бус дахин хуралдуулж /ард иргэдэд мэдэгдэхгүй/ уг тогтоолыг хүчингүй болгож ард иргэдийн саналыг үл ойшоож хууль бус тогтоол гарган “Усчин булаг”-т айл зусуулахаар тогтоол гаргасан байдаг. ИТХ-ын даргын гаргасан тогтоолоор Хатуу багийн “Усчин булаг” гэх өвөлжөөний газарт айл зусуулахаар шийдвэр гаргасан нь тус өвөлжөөнд байдаг 11 айл болон Т.К миний эрхийг ноцтой зөрчиж, өвөлжөөнд зусаж байгаа айлуудын мал тус өвөлжөөний бэлчээрийг сүйтгэж, улмаар бидний мал идэх өвсгүй болгож байна.

Тус “Усчин булаг”-т өвөлждөг айлууд өөрсдөө тухайн газарт зусахгүй өвөлжөөгөө хамгаалж өөр газар зусаж байхад Бсумын 4 дүгээр багийн иргэд тус газарт зусаж өвөлжөөг сүйтгэж биднийг хохироож байна. Энэ талаар удаа дараа сумын Засаг дарга болон аймгийн Засаг дарга нарт хандсан боловч тус зусаж байгаа айлуудыг өвөлжөөнөөс чөлөөлөх, албадан нүүлгэх гэсэн боловч иргэд биелүүлэхгүй байсаар сүүлд Засаг дарга Х.Хайв бид шийдвэрлэж чадахгүй юм байна, хуулийн байгууллагад хандаарай гэсэн хариу өгсөн болно. Урьд нь тус “Усчин булаг” гэх газрыг өвөлжөө гэдэг талаар Засаг дарга болон Хурлын дарга нар олон удаа шийдвэр гаргаж байсан бөгөөд Засаг дарга, Хурлын дарга нар хоорондоо ойлголцохгүй байгаагаас болоод ард иргэдийн эрх ашиг зөрчигдөж байна. Манай сумын хувьд захирах, захирагдах ёс алдагдсанаас болоод нэг дарга нөгөө даргын шийдвэрийг эс зөвшөөрч ард иргэдийг чирэгдүүлж байна. “Усчин булаг” гэх газрыг өвөлжөө гэдгийг дарга нар мэдсээр байж нэг нэгийн шийдвэрийг үгүйсгэж байгаагаас болоод бидний мал өвөлдөө бэлчих, бэлчээргүй болж жилийн жилд малчид бид хохирч байна. Тогтоолыг хүчингүй болгосны дараа бэлчээрийн газраа ашиглуулах гэрчилгээ авахыг хүсэж байгаа.

Иймд сумын ИТХ-ын даргын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хууль бус гаргасан А/17 тоот тогтоолын хавсралт хэсгийн “Усчин булаг” өвөлжөөнд холбоотой хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ямар нэгэн шийдвэрийг гаргахдаа ИТХ болон Засаг дарга тухайн ард иргэдийн Нийтийн Хурлын төлөөлөгчдийн саналыг харгалзаж гаргах ёстой. 1 дүгээр багийн иргэдийн  Нийтийн Хурлаас “Усчин булаг” гэх газрыг зуслан болгохгүй гэсэн шийдвэр гарч, тэр нь уламжлагдаад Засаг даргад ирсэн байхад, Бсумын захирах захирагдах ёс алдагдсанаас болж, ИТХ болон Засаг даргаас тус тусдаа өөр шийдвэр гарснаас болж ард иргэдийн эрх ашиг зөрчигдөж байна. Тухайн үед 1 дүгээр багийн ард иргэд Засаг даргад хандсан боловч Засаг даргаас иргэдийн Нийтийн Хурлын ард иргэдийн саналыг үндэслэж, хуулийн дагуу шийдвэр гаргана гэсэн албан тоотыг тухайн үеийн Засаг дарга Х.Хайвд өгснөөр, Засаг дарга ИТХ-аас гаргасан тогтоолын эсрэг “зусаж болохгүй” гэсэн шийдвэр гаргасан. ИТХ-аас 2 удаагийн тэмдэглэл үйлдэж ирүүлсэн. Тус тэмдэглэлд хуралд оролцсон хүмүүсийн гарын үсэг нь эргэлзээтэй байгаа. Г.Давхарбаярын хэлж байгаагаар тухайн хуралдааны  тэмдэглэл нь 2019 оны 06 дугаар сарын 19-нд хөтлөгдсөн болохоос тухайн хуралдаан нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр болсон.

 Маргааш нь дахин хуралдсан байна. Тухайн 19-ний өдрийн хуралд Г.Давхарбаяр оролцоогүй. 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хуралдахад тухайн Г.Давхарбаярыг оруулахгүй, Өсерхан гэдэг хүний оруулсан. Тэр хүн Х.Хавдалмаликийн хамаатан байна. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т “...Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нутгийн онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын нөөц нутаг гэсэн ерөнхий хуваарийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган батална” гэж заасан. Жил болгон баталж байсан бол ийм маргаан гарахгүй байх байсан.

52.2-т “...Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана. Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ. Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно”, 52.10-т “...Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ” гэсэн заалттай.

Нэхэмжлэгчийн ямар эрх ашиг зөрчигдөж байна вэ гэхээр, Засаг даргын орлогч Х.Хавдалмалик тухайн “Усчин булаг” гэх газрыг зуслан болгохгүй гэсэн шийдвэр гаргаж өгсөн. Үүний дараа Засаг дарга Х.Хайваас мөн адил зуслан болгохгүй гэсэн  шийдвэр гарсан. Уг маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгосноор өмнөх зуслан болгохгүй гэж шийдсэн эрх зүйн актууд хэвээрээ үлдэнэ. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулаагүйгээс болж маргаан гарч байгаа. Цаашид энэ газрыг өвөлжөө болгож шийдвэр гаргуулахын тулд тогтоолыг хүчингүй болгох хүсэлтэй байгаа.

Иймд Бсумын ИТХ-аас гаргасан тогтоол үндэслэлгүй гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Бсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус сумын 1 дүгээр багийн иргэн Т.Кийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Бсумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн гаргасан А/17 тоот тогтоолын хавсралт хэсгийн “Усчин булаг” өвөлжөөнд холбоотой хэсгийг хүчингүй болгуулах талаарх нэхэмжлэлтэй холбоотой дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Хатуу багийн “Усчин булаг” хэмээх газрыг урьд дээр үеэс сумын иргэд зусаж ирсэн. Урьд жилүүдийн зусуулах тухай сумын ИТХ-ын тогтоол, сумын Засаг даргын захирамжууд байдаг. Манай сум бэлчээрийн хомсдолтой учир байнга маргаан дагуулж байдаг.

1 дүгээр багийн иргэд 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт намарждаг ба 4 дүгээр багийн иргэд 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт тохиролцон зусаж ирсэн уламжлалтай. 1 дүгээр багийн ИНХ-аас “Усчин булаг”-ийг зуслангаас чөлөөлөх тогтоол гарсан байсан, 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас “Усчин булаг”-ийг зуслан болгох тогтоол гарч, Тэргүүлэгчдийн хуралдаанаар  авч хэлэлцээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалт, Газрын тухай хуулийн газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах нийтлэг шаардлагын 52 дугаар зүйлийн 52.7.10 дахь заалтуудыг үндэслэн Тэргүүлэгчдийн олонхын саналаар зуслан болгохоор шийдвэрлэсэн юм.

Т.К нь “Усчин булаг”-ийн аманд өвөлждөг байсан ба сумын Засаг дарга А.Болатын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Т.Бауыржаны эзэмшилд байсан газрыг Т.Кт газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэн эзэмшүүлэх 78 тоот захирамжаар шилжүүлэн эзэмшүүлж, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр сумын газрын даамал С.Альфарабитай гэрээ байгуулсан,  эзэмшигчид олгосон газрын хэмжээ нь 700 м2 газар юм. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дугаар зүйлд эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох гэсэн заалтуудыг зөрчиж 5 жилийн дараа хууль зөрчин байшин барьж үүний дараа маргаан үүсгэж эхэлсэн.

Зусаж байгаа айлуудад багийн Засаг даргаар мэдэгдэх хуудас тараалгаж, өвөлжөөнөөс дээш зусуулах, малаа дээшээ бэлчээрлүүлэх тухай айл бүрд мэдэгдэж ажилласан. Нэхэмжлэгч Т.К ч он удаан жил “Усчин булаг”-ийн зусланд зусаж байсан.  

“Усчин булаг” газар Бсумын 2 багийн иргэдийн хамтарч зусдаг газар. 1993 онд албан ёсоор хэлэлцүүлэг хийж, зуслангийн газар болгож шийдэж байсан. 2018 онд өвөлжөөний газар болгож шийдсэний дараа Засаг дарга Х.Хайв албан ёсоор зуслангийн газар болгон шийдэж байсан. Өмнөх бичиг баримтуудыг харж байхад “Усчин булаг” газрыг зуслангаар шийдэж байсан нь Хурлын тогтоолоор харагдаж байсан. ИТХ-ын Тэргүүлэгчид албан ёсоор ярилцаад Хатуу багийн “Усчин булаг” газрыг өвөлжөө гэж үзэж, олонхын саналаар тогтоол гаргаж байсан. Нутгийн иргэдийн байдлыг харгалзан үзэхэд “Усчин булаг”-т 15-20 айл зусаж, 3 айл өвөлждөг. Бүх газарт байшин бариад байх юм бол зусдаг газар байхгүй, бүх газар өвөлжөөний газар болно гэж Тэргүүлэгчдийн олонхын саналаар шийдэж байсан. Тэрнээс биш би өөрөө ганцаараа шийдээгүй.

Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй учраас хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Кээс Бсумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Хад холбогдуулан гаргасан “Бсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/17 дугаартай тогтоолын хавсралтын “Усчин булаг” гэх газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж, маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгож  шийдвэрлэлээ.

Бсумын 1 дүгээр багийн /тогтоолд “Хатуу баг” гэж тусгасан/ иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаас “Зуслангаас чөлөөлөх тухай” 06 дугаар тогтоол[1] гарч, тус  багийн нутаг дэвсгэрт орших “Усчин булаг” гэх газрыг зуслангаас чөлөөлөхөөр шийдвэрлэж, саналыг сумын Засаг даргад хүргүүлсэн, энэ тогтоолыг үндэслэж сумын Засаг дарга нь  2019 оны  06 дугаар сарын 28-ны өдрийн “Усчин булгийг зуслангаас чөлөөлөх тухай” А/89 дүгээр захирамжийг[2], 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Албадан нүүлгэх тухай” А/91 дүгээр захирамжийг[3] тус тус гаргасан, энэ хооронд буюу 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Зусах газар, зусланд гарах, хадланд орох, намаржаа, өвөлжөөнд буух, оторт гарах тухай” А/17 дугаар тогтоолын[4] хавсралтаар  Буга багийн  буюу 4 дүгээр багийн иргэдийг “Усчин булаг” гэх газарт Т.Кийн өвөлжөөнөөс дээшээ  зусуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ИТХ-ын даргын гаргасан тогтоолоор “Хатуу баг”-ийн “Усчин булаг” гэх өвөлжөөний газарт айл зусуулахаар шийдвэр гаргасан нь тус өвөлжөөнд байдаг 11 айл болон Т.К миний эрхийг ноцтой зөрчиж, өвөлжөөнд зусаж байгаа айлуудын  өвөлжөөний бэлчээрийг сүйтгэж, улмаар бидний малыг идэх өвсгүй болгож байна. Тус “Усчин булаг”-т өвөлждөг айлууд өөрсдөө тухайн газарт зусахгүй өвөлжөөгөө хамгаалж, өөр газар зусаж байхад Бсумын 4 дүгээр багийн иргэд тус газарт зусаж өвөлжөөг сүйтгэж биднийг хохироож байна” хэмээн тайлбарлан маргажээ.

Бсумын Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг шилжүүлэн эзэмшүүлэх тухай” 78 дугаар захирамжаар[5] Т.Бауыржаны өвөлжөөг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн,  2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 000633214 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг[6] олгогдсон,  мөн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр газар эзэмших гэрээг[7] байгуулсан, нэхэмжлэгч нь  уг газарт  өвлийн байшин, амбаар, хашаа хороо зэрэг үл хөдлөх хөрөнгийг барьж амьдарч байгаа  зэрэг үйл баримтууд нь  хэрэгт авагдсан шүүхээс хийсэн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг[8] болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчаас гаргасан нэхэмжлэгчийг “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн тайлбар нь үндэслэлгүй, нэхэмжлэгч нь хуульд заасан журмын дагуу уг газрыг эзэмшсэн, эрх бүхий албан тушаалтны газар эзэмшүүлсэн шийдвэр нь хүчин төгөлдөр, нэхэмжлэгч нь уг газрын хууль ёсны эзэмшигч мөн  гэж шүүхээс дүгнэлээ.

Шүүхээс хийсэн газрын үзлэгээр нэхэмжлэгч Т.Кийн амьдарч буй өвөлжөөнөөс маргаан бүхий захиргааны актын дагуу зуссан  иргэдийн  хамгийн ойр, захын гэрийн буурь  хоорондын зай 428 м болох нь тогтоогдож байгаа бөгөөд ийнхүү ойр зайтайгаар айлууд зуссанаас өвөлжөөний орчмын бэлчээр талхлагдаж, сүйтгэгдэж болзошгүй байна гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзлээ.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” гэж,  52 дугаар зүйлийн 52.1-т “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нутгийн онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын нөөц нутаг гэсэн ерөнхий хуваарийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган батална” гэж, 52.6-т “ Энэ хуулийн 52.1-д заасан ерөнхий хуваарь, 52.4, 52.5-д заасан газрын хэмжээ болон уг газрыг ашиглуулахтай холбогдсон журмыг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтуудаар  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  газрын асуудлаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуульчилсан, үүнд,  сумын Засаг даргын өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах, ийнхүү батлахдаа хуульд заасан дээрх нөхцөл байдлуудыг харгалзаж сумын иргэдийн тухайн жилд өвөлжих, хаваржих, зусах, намаржих, оторлох газрын  ерөнхий хуваарийг гаргаж  газар зохион байгуулалтын  төлөвлөгөөнд тусгах, мөн гаргасан ерөнхий хуваарийн дагуу тухайн газрыг ашиглах журмыг тогтоох асуудлуудыг  тус тус шийдвэрлэхийг хамруулжээ.

 Бсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2019 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах үед   тухайн жилд өвөлжих, хаваржих, зусах, намаржих, оторлох газрын  ерөнхий хуваарийг гаргаагүй болох нь,  иргэд нь  өвөлжөө, намаржаа, зуслан, хаваржаа, оторт гаргах үед бэлчээрийг хэрхэн, яаж ашиглах талаар журам тогтоогоогүй зэрэг нь   хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан  тайлбар, сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр баталсан 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр[9] тус тус тогтоогдож байна.

Мөн  Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол дараах газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана”, 6.2.1-т “бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар” гэж, 52.2-т “Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана. Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ. Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно” гэж, 52.10-т “Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан.

Сумын  1 дүгээр багийн иргэд нь  2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн багийн Нийтийн  хуралдаанаар “Усчин булаг” хэмээх газарт айлуудыг зусуулахгүй байх, зусуулсан тохиолдолд өвөлжөөний бэлчээрт сөргөөр нөлөөлөх асуудлын талаар хэлэлцэж  “Зуслангаас чөлөөлөх тухай”   06 дугаар тогтоолыг ,  мөн сумын Засаг даргын  2019 оны  06 дугаар сарын 28-ны өдрийн “Усчин булгийг зуслангаас чөлөөлөх тухай” А/89 дүгээр, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Албадан нүүлгэх тухай” А/91 дүгээр захирамжуудыг тус тус гаргасан нь  хуулийн дээрх  заалтуудтай нийцжээ.

Гэтэл хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд бэлчээрийн асуудлаас улбаалан үүссэн зуслангийн маргааныг шийдвэрлэсэн сумын Засаг даргын шийдвэр хүчинтэй байхад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дах заалтыг баримтлан  тухайн нутгийн онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзахгүйгээр  шийдвэр гаргасан нь хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн өвөлжөөний ойр орчмын бэлчээрийг ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, цаашид мөн  зөрчигдөж болзошгүй  гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2, 52.10-т заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Кээс  гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Бсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/17 дугаартай тогтоолын хавсралтын “Усчин булаг” гэх газарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                      

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          З.ГҮЛБАРША

 

 

 


[1] Хэргийн 16-18, 34-40 дүгээр хуудас

[2] Хэргийн 22 дугаар

[3] Хэргийн 21 дүгээр хуудас

[4] Хэргийн 23-24 дүгээр хуудас

[5] Хэргийн 30 дугаар хуудас

[6] Хэргийн 29 дүгээр хуудас

[7] Хэргийн 71-72 дугаар хуудас

[8] Хэргийн 116-118 дугаар хуудас

[9]Хэргийн 121-133 дугаар хуудас