Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2018/ДШМ/57

 

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 23 өдөр                         

    2018/ДШМ/57                                                            Зуунмод

Д.Т-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор И.Мөнхцэцэг,

Хохирогч Ш.Жаргалсайхан,

Хохирогчийн өмгөөлөгч С.Сувдмаа,

Нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Д.Т-д холбогдох 1834000480122 дугаартай 1 хавтас, 116 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 06 дугаар  сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1980 оны 08 сарын 05-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан .........тоотод оршин суух, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 15-ны өдрийн 244 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, Д.Т . /РД:Т...7/,

Шүүгдэгч Д.Т нь Төв аймгийн Батсүмбэр сумын 2-р баг Төмөр замын 306 дугаар точик гэх газар оршин суух иргэн Ш.Жаргалсайханд 2017 оны 08 сарын 27-ны өдөр 1000 боодол өвс бэлтгэж өгнө гэж хуурч, 3.500.000 төгрөг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Д.Т-д  холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

 Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолоор: 

      Шүүгдэгч Д.Т ийг бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  240 / хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Түмэндэмбэрэлд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч нь оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-с 600.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Жаргалсайханд олгож, хохирогч Ш.Жаргалсайхан нь 700.000 төгрөгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдаж, шүүгдэгч Д.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 Шүүгдэгч Д.Т давж заалдах гомдолдоо: “Миний бие Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийх ял шийтгэгдсэн. Үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшин, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2 500 000 төгрөгийг Ш.Жаргалсайханд төлсөн. Үлдэгдэл 1 000 000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Би эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, том хүү хөгжлийн бэрхшээлтэй, өөрөө явж, зогсож чаддаггүй, байнгын хүний асаргаанд байдаг. Бага охин 7 сартай, эхнэр 2 хүүхдээ хараад гэртээ байгаа учир би ажил хийж ар гэрээ тэжээж, амьдралаа авч явж байна. Иймд миний гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ухамсарлаж байгааг болон хохирлоо төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн нөхцөл байдал, амьдрал ахуйг минь харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, тэнсэж, үүрэг хүлээлгэх эсхүл хуульд заасан хамгийн бага торгуулийн ял шийтгэлийг оногдуулж өгнө үү ” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч С.Сувдмаа тайлбартаа: “Ш.Жаргалсайхан 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нөхрийнхөө тэтгэврийн зээлийг 2 жилийн хугацаатай 6 сая төгрөгийн зээлийг өвс авах зориулалтаар авсан. Нийт 3 500 000 төгрөг Д.Т-д өгсөн. Тэгээд өвсөө аваагүй тул Батсүмбэр сумын иргэн Цэцгээгээс 100 боодол өвс 7 000 000 төгрөгөөр авч хохирсон. Энэ хүний хохирлыг 600.000 төгрөгөөр барагдуулчихаад давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Хохирогч давхар зээл авч хохирсон. Иргэний журмаар нотлох баримт бүрдүүлж нэхэмжилнэ. Гэхдээ хохирлыг нэг мөр шийдвэрүүлэхийн тулд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ш.Жаргалсайхан гаргасан тайлбартаа: “Утсаар ярихад маргааш өгнө гээд л байдаг байсан. Тэтгэврийн хүү, өвснийхөө хүүгийн мөнгөтэй нөхөн төлүүлж авмаар байна. Анхан шатны шүүх хуралдааны өмнө 400.000 төгрөг, бэлнээр нийт 2 900 000 төгрөг авсан. Үлдсэн мөнгөө шүүх хуралдаанаас хойш төлнө гэж хэлээд төлөөгүй байгаа.” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор И.Мөнхцэцэг гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

 

Шүүгдэгч Д.Т нь 2017 оны 08 сарын 27-ны өдөр иргэн Ш.Жаргалсайханд 1 боодол өвсийг 3500 төгрөгөөр бодож 1000 боодол өвс  бэлтгэж өгнө гэж хуурч, 3.500.000 төгрөг залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т-н “...би Жаргалсайхан гуайтай утсаар холбогдоод 1000 боодол өвс өгөхөөр тохиролцож,  3.500.000 төгрөг авсан. Тухайн жил би өвс хадаагүй, өвсийг бэлдэж чадаагүй, мөнгийг хэрэглээд дууссан, асуухаар нь худал хэлснээр өдий хүрсэн” /хх-39-41,105/ гэх мэдүүлэг,

- хохирогч Ш.Жаргалсайханы “...би Дорнод, Сэлэнгээр өвс хаддаг, 1 боодол өвсийг 3500 төгрөгөөр бодоод 1000 боодол өвсийг 9 сарын дундуур бэлдэж өгнө гэж Д.Т анх хэлсэн. Өвсөө асуухаар “өвс бэлэн болсон бороо ороод, одоо ачаад хүргэж өгнө, би өвсийг тань Сэлэнгийн төвд оруулчихлаа, та жаахан хүлээж байгаарай, эхлээд захиалсан хүмүүсийнхээ өвсийг өгөөд дараа нь таны өвсийг өгнө, 10 Портер өвс бэлдээд тавьсан” гэж худал хэлж өдий хүрсэн. Хохирлоо гаргуулж авна /хх- 22,105/ гэх мэдүүлэг,

- гэрч Б.Зоригтбаатарын “...Д.Т миний ХААН банкны дансаар 3 сая төгрөг шилжүүлж авсан” /хх-27/ гэх мэдүүлэг,

- гэрч Б.Ариунжаргалын “...Манай нөхөр Д.Т ямар нэгэн хадпан тэжээл бэлтгэж байгаагүй, өвс тэжээл байхгүй” /хх-32-34/ гэх мэдүүлэг зэрэг хэрэгт ач холбогдол бүхий бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд  шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагатай нийцжээ.

 

  Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Д.Т-н үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг үнэлж, “Д.Т нь бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн”  гэж хууль зүйн дүгнэлт хийсэн нь  хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Т-н “анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, тэнсэж, үүрэг хүлээлгэх эсхүл хуульд заасан хамгийн бага торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь: шүүгдэгч Д.Т-н үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүх түүнийг тухайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож түүний гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн, хохирол төлж барагдуулахаа илэрхийлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, 240 цаг нийтэд тустай ажил хийх ял шийтгэл  оногдуулсан байна.

 Шүүгдэгч Д.Т 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсний дараа дахин гэмт хэрэг үйлдсэн тул нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх үндэслэлтэй гэж шийтгэх тогтоолд  дүгнэсэн байх ба түүний урьд ял шийтгүүлсэн байдал нь хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-53/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-47/-аар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг  харгалзан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаснаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл,  хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан байна.

Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Т-н “тэнсэх эсхүл хамгийн бага торгууль оногдуулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Т-н “ялыг хөнгөрүүлэх” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                      ШҮҮГЧИД                               Т.ЭНХМАА

                                                                                      Г.БОЛОРМАА