Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 310

 

 

 

 

   2017 оны 05 сарын 29 өдөр

   Дугаар 156/ШШ2017/00310

                    Хэнтий аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

156/2017/00031/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 24-3 тоотод оршин суух, Боржигон овогт Эрдэнэжаргалын Цолмонд (СЭ-90072310) холбогдох,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 37-446 тоотод оршин суух, Хорьтон овогт Лхагвасүрэнгийн Одмаа (СО-91092609)-гийн нэхэмжлэлтэй,

"гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах" тухай хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: хариуцагч Э.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

 

Нэхэмжлэгч Л.Одмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Би 2006 онд Э.Цолмонтой танилцаж 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүү Ц.Амарбаясгалан төрсөн юм. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2014 оноос тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү Ц.Амарбаясгалан миний асрамжинд өсөж торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү Ц.Амарбаясгаланг миний асрамжинд үлдээж, Э.Цолмонгоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү  гэжээ. (хх-ийн 1тал)

 Хариуцагч Э.Цолмон нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 онд Л.Одмаатай танилцаж, 2009 онд гэрлэлтээ батлуулж, 2010 онд хүү Ц.Амарбаясгалан төрсөн. Бид үл ойлголцол маргаанаас болж тусдаа амьдарч байна. Гэрлэлтээ цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Хүү Ц.Амарбаясгаланд хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу сар бүр төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хүү Ц.Амарбаясгалантай уулзаж байх боломжийг олгож өгнө үү гэв. (хх-ийн 26, 53 тал)

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ: 

 

                 Нэхэмжлэгч Л.Одмаа нь хариуцагч Э.Цолмонгоос гэрлэлтээ цуцлуулж, хүү Ц.Амарбаясгаланд хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зохигчид 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүү Ц.Амарбаясгаланг төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар, №0336360/65 дугаартай төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, (хх-ийн 9 тал) иргэний үнэмлэхийн хуулбар, (хх-ийн 10 тал)  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч зохигчид нь эвлэрээгүй байна. (хх-ийн 11 тал)

Иймд зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Зохигчид нь 2014 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, (хх-ийн 1, 20, 53 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар зохигчид нь 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Ц.Амарбаясгаланг эх Л.Одмаагийн асрамжинд үлдээхээр харилцан тохиролцож, эцэг Э.Цолмон нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн байна. (хх-ийн 53 тал)

Зохигчид нь энэ талаар маргаагүй байна гэж шүүх дүгнэв.

Иймд гэрлэгчдийн хооронд хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаангүй байна гэж үзэж 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Ц.Амарбаясгаланг эх Л.Одмаагийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.

Мөн зохигчдын тайлбарыг үндэслэн тэдний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдав.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Л.Одмаа нь миний бие саяхан амаржсан бөгөөд нялх биетэй тул шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нь өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ: 

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Хорьтон овогт Лхагвасүрэнгийн Одмаа, хариуцагч Боржигон овогт Эрдэнэжаргалын Цолмон  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Ц.Амарбаясгаланг эх Л.Одмаагийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Ц.Амарбаясгаланг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай хүүхдэд амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, эцэг Э.Цолмонгийн сар бүрийн цалин, орлогоос тэтгэлэг гаргуулж хүү Ц.Амарбаясгаланд олгосугай.

4. Зохигчид нь хамтран өмчлөх, дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Л.Одмаад даалгасугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэгтэй болохыг дурьдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүү Ц.Амарбаясгаланг эцэг  Э.Цолмонтой уулзуулж байхыг эх Л.Одмаад даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Одмаа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Цолмонгоос 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Дүүриймаад даалгасугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.ЦЭРЭНДУЛАМ