Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2021/ ШЦТ/478

 

 

 

 

 

 

 

 

    2021         08         20                                    2021/ШЦТ/478

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч А.Азжаргал,

хохирогч А.Баттөр,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч  М.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011016940547 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, моторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, консулын 13 дугаар гудамжны 349 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 82 дугаар байрны 38 тоотод түр оршин сууж байгаа, Төв аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29, 39-р зүйлүүдийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 15000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, Боржигон ургийн овогт Б.Б

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Б.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Согоотын 75 дугаар гудамжны орчимд “зээлсэн мөнгөнийхөө үлдэгдлийг төл” гэх шалтгааны улмаас А.Баттөртэй маргалдаж, гар утсыг булааж авах гэж ноцолдож байх явцдаа зүүн гарын чигчий хурууг нь мушгиж А.Баттөрийн биед зүүн гарын чигчий хурууны шивнүүр ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч А.Баттөрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 75-1038 тоот гэрийнхээ хашааг янзлаад гудамжиндаа байж байгаад ойролцоо байх дэлгүүр лүү автомашинтайгаа орчхоод буцаад 75 дугаар гудамж руу ороод хашаа руугаа өгсөөд явж байхад танил Батзориг автомашинтайгаа миний өөдөөс зам дагуу таарсан. Тэгээд зам хааж зогсохоор нь би зогсоход Батзориг автомашины хаалгаар орж ирээд миний хажуу талд суусан. Тэгээд надаас манай эхнэрийн урьд 2011 онд зээлж байсан мөнгөний үлдэгдлийг төлөөч гээд надаас нэхээд уурлаад бухимдаад байсан. Тэгэхээр нь би “тэр мөнгийг манайх төлсөн, одоо ямар нэгэн мөнгөний үлдэгдэл байхгүй надтай хамаагүй асуудал, хэрэв ингээд байх юм бол би нэг мөсөн цагдаагаар шийдүүлье” гээд хоорондоо маргалдаад гар утсаа гаргаж ирээд цагдаа дуудах гэхэд Батзориг миний гар утсыг булааж авах гээд над руу дайрсан ба автомашин дотор бид хоёр ноцолдсон юм. Тэгж байгаад миний гар утсыг булааж авах гээд ноцолдож байгаад миний зүүн гарын чигчий хурууг мушгиад хугалсан ба миний толгойгоор автомашины урд талын шил мөргүүлээд үснээс зулгаагаад доош дарсан. Тэгэхээр нь би автомашиныхаа сигналыг удаан дарж хүмүүсийн анхаарал татаж байгаад автомашинаасаа гарч зугтаагаад эмнэлэг. цагдаагийн байгууллага дуудсан. Би анх зүүн гарын чигчий хуруу хугарсан талаар мэдээгүй ба эмнэлэгт ирээд үзүүлэхэд хугарсан талаар хэлсэн юм. Миний зүүн гарын чигчий хуруунд гэмтэл учирсан. Өөр гэмтэл байхгүй. Тухайн гэмтлийг Батзориг миний биед учруулсан ба миний хурууг хүчтэй мушгиад хугалсан...Надаас үндэслэлгүйгээр 2011 онд зээлсэн мөнгөний үлдэгдэл мөнгө гээд нэхээд түүнээс болоод миний хурууг гэмтээсэн...Автомашины шил хагарсан гэх асуудлыг Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны хэсгийн байцаагчид шалгуулсан ба одоо гомдол санал байхгүй. Би автомашины багажаас эд зүйлс алдаагүй тул гомдолгүй. Миний хурууг хугалсан асуудлаас болоод ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй болсон тул гомдолтой байна...Манай эхнэр 2011 онд Батзориг гэх хүнээс найзтайгаа хамт мөнгө зээлсэн юм. Тэгээд 2015 онд төлөөд дуусчихсан. Тэгтэл хүү гээд дахиад мөнгө нэхээд яваад байгаа юм. Энэ мөнгө нь надад хамаагүй асуудал байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 13х, 33-36х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 9373 дугаартай “...А.Баттөрийн биед зүүн гарын сарвууны хяналтын зураг дахин авах шаардлагатай байх тул дүгнэлт гаргах боломжгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 50-51х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1272 дугаартай “...А.Баттөрийн дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн рентген зурагт зүүн гарын чигчий хурууны шивнүүр ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. Гэмтэл авсан цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй байна “ гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 57-58х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 319 дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй “...А. Баттөрийн биед учирсан гэх зүүн гарын чигчий хурууны угийн шивнүүрийн ташуу зөрөөгүй сэлтэрсэн хугарал нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Энэ нь 2020.08.12-ны ГССҮТ-н эмчийн үзлэг, онош, 2020.08.12-ны зүүн сарвууны рентген зураг, 2020.11.06-ны зүүн сарвууны рентген зургуудаар батлагдаж байна. А. Баттөрийн биед учирсан зүүн гарын чигчий хурууны угийн шивнүүрийн ташуу зөрөөгүй сэлтэрсэн хугарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Хугарлын үед тухайн хэсгээр өвдөх, хавдах, улайх, хөхрөх, хөдөлгөөн хязгаарлагдах эмнэл зүйн шинжүүд илэрнэ. А.Баттөрд тухайн үед өвдөх, хөдөлгөөн хязгаарлагдсан шинжүүд илэрсэн байна. Хугарлын үед эмчилгээний заалтаар хөдөлгөөнийг хязгаарлаж, эдгэрэлтийг хурдасгах зорилгоор гөлтгөнөн боолтыг тавьдаг. Гөлтгөнөн боолт тавьсан үед гаднаас хараад эмч хугарлыг мэдэх боломжгүй, харин хугарал үүссэн байна гэж сэжиглэж болно. Иймд хугарлыг рентген, КТГ, МР1-Н оношилгоогоор батална. А. Баттөрд нь тухайн үед үед /2020.08.12/-ны зүүн сарвууны 2 байрлалын рентген зураг авагдсан байх ба уг рентген зургаар хугарал үүссэн, хугарал нь зөөлөн болон ясан бороо үүсээгүй шинэ хугарал байсан нь тогтоогдож байна. Чигчий хурууны шивнүүрт ташуу зөрөөгүй сэлтэрсэн хугарал гэмтэл нь эмчилгээ үр дүнтэй, хугарлын дараа эмчийн зөвлөсний дагуу эмчилгээ сувилгааны дэгийг зөв баримталсан тохиолдолд 7-14 хоног хугарлын хэсэгт зөөлөн бороо үүсч улмаар 30-45 хоног түүнээс дээш хугацаанд ясан бороо үүсэж эдгэрэх ёстой. Гэхдээ тухайн хүний нас, амьдралын хэв маяг /тамхи таталт, хооллолт, архаг хууч өвчин/ , ясны бүтэц, найрлага, цусан дах кали, кальци, Д-н хэмжээ, эрдэс бодисын хэмжээтэй шууд холбоотой ясны бороололт, эдгэрэлт харилцан адилгүй явагдана. Тархи доргилт 2020.08.12-ны шинжээч эмчийн үзлэг, гавал тархины КТГ-ээр тогтоогдоогүй байна. Иймд тухайн үед тархи доргилт гэмтэл учраагүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 125-129х/,

- Шинжээч эмч Т.Амартүвшингийн “ .2020.08.12-ны өдрийн ГССҮТ-ийн эмчийн үзлэг, онош, 2020.08.12-ны өдрийн зүүн сарвууны рентген зураг, 2020.11,06-ны зүүн гарын сарвууны рентген зургуудаар батлагдсан ба уг гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 9373 дугаартай дүгнэлт үндэслэлтэй. Харин 1272 дугаартай дүгнэлтийн 5 дугаар хариултаас бусад нь үндэслэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 135х/,

- Нийслэлийн түргэн тусламжийн төвд яаралтай тусламжийн эмч Б.Баясгалангийн гэрчээр өгсөн “...Би 2013 оноос хойш Нийслэлийн түргэн тусламжийн төвд яаралтай тусламжийн эмчээр ажиллаж байна. 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр би ажилтай байсан ба хоногийн үүрэг гүйцэтгэж байсан. 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр болсон асуудлыг сайн санахгүй байна. Гэхдээ ер нь бол зарим зүйлийг санаж байна. Энэ талаар яривал тухайн үед дуудлагад очиход гадаа гудамжинд олон хүмүүс байсан ба хоёр эрэгтэй хүн хоорондоо маргалдаад байсан ба үзүүлэх хүн хэн бэ гэдгийг олж тогтоогоод үзүүлэх гэж дуудлага өгсөн Баттөр гэх хүний биед үзлэгийг хийхэд биед ил харагдах гэмтэл шархгүй, даралт, пульс гайгүй байсан ба тухайн үед биеийн хаана ямар гэмтэл байгаа талаар асуухад “зүүн гарын сарвуу буюу чигчий хурууны ойролцоо үеэр хөндүүрлээд өвдөж байна” гэх зовуурь ярьж байсан. Тэгэхээр нь зүүн гарын тохой, бугалга, сарвуу хэсэгт үзлэгийг хийхэд гарын тохой, бугалга хэсэг хэвийн харин гарын сарвуу, чигчий хурууны үений хэсэгт хөндүүртэй байсан ба үенд гэмтэл учирсан байна гэж бодсон тул үзүүлэгчид хуруугаа рентген зураг авхуулж ямар гэмтэлтэй байгаа талаар очиж үзүүлэхийг зөвлөөд анхны тусламж үзүүлээд явсан. Намайг очиход асуудал болоод удаагүй байсан. Гарын сарвуу хэсэг айхтар хавдсан зүйл байгаагүй. Гараар хүрэхэд хөндүүртэй өвчтөнд зовуурьтай байсан. Гарын сарвуу хэсэг олон төрлийн жижиг яснаас бүтдэг юм. Тийм учраас гарын хуруу хугарч гэмтсэн тохиолдолд хавдаад хөдөлгөөн хязгаарлагдаад байдаггүй ба жижиг үеүд өөрсдөө мэдрэхүйтэй байдаг учраас гаднаас ил харах болон барихад мэдэгдэхгүй харин компьютерын рентген зургаар хугарсан эсэх талаар оношилно. Нүдэнд харагдах байдлаар хугарсан гэж оношлох боломжгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 177-178х/,

- хохирогч А.Баттөрийн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст 2020 оны 8 дугаар сарын 14-ны өдөр бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 12х/,

- Дүрслэл оношилгооны 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хариу /хх-ийн 52х/,

- осол тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 80х/,

- түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 175х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Б.Бийг, хохирогч А.Баттөрыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийн зүүн гарыг сарвуу хэсгээр нь мушгиж хохирогчийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс: “... энэ гэмт хэргийг үйлдээгүй, баруун гартай ноцолдсон, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн ... ” гэх утга агуулгаар гэм буруутай эсэхдээ маргалдан, мэдүүлэг талбар өгсөн болно.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, оролцогч нарын өгсөн дараах мэдүүлгүүдээс үзэхэд: шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр хохирогч А.Баттөр нь буруу талдаа жолооны хүрдтэй “Приус-20” загварын тээврийн хэрэгсэлтэй явж байсан, шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл дотор орж суухдаа хохирогчийн биеийн зүүн хэсэгт барлалтай суусан, улмаар маргаан болж хоорондоо ноцолдсон болох нь тогтоогдогдож байна. Мөн шинжээч болон бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг, түрэгний эмчийн гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр Б.Б нь уг гэмт хэргийг хийсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдож байх тул шүүгдэч, түүний өмгөөлөгч нарын зүгээс гэм буруугийн талаар маргаж буй мэдүүлэг, тайлбар няцаагдаж байна гэж шүүх үзэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохиролд хохирогч А.Баттөр нь нийт 4.500.000 төгрөг нэхэмжилсэн байх ба хавтас хэрэгт нийт 200.150 төгрөгийн баримт авагджээ. /хх-ийн 48 дугаар/ үүнээс 18.000 төгрөгийн баримт нь хөрөнгийн үнэлгээ хийгдсэн баримт байх тул энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж хохиролын хэмжээнээс хасч, нийт 182.150 төгрөгийг шүүгдэгч Б.Боос гаргуулж, хохирогчид олгуулахаар шүүх шийдвэрлэв.

 Харин бусад хохирол нэхэмжилсэн үнийн дүнг шүүх хэлэлцэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн зүгээс холбогдох баримтаа шүүхэд ирүүлэгүй тул шүүх энэ хэрэгтэй шууд холбоотой хохирол гэж үзэх үндэслэлгүй байна. Тиймээс хэлэлцэхгүй орхиж хобогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг ёсчлон баталжээ.

Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад: “...Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт: “...энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол Эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт: “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу Эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт: “Яллагдагч шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэмт буруутай эсэхийг шийдвэрлэсэний дараа энэ хуулийг хэрэглэнэ.” гэж тус тус хуульчилжээ.

 

Иймд Б.Бийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн өршөөлд хамруулахгүй байх гэмт хэрэгт ороогүй. Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй маргасан боловч хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбар,  дүгнэлтээр гэм буруутай болох нь тогтоогдсон тул  шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, түүнд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Боржигон овогт Б.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.10 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхээс шүүгдэгч Б.Бт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Боос нийт 182.150 /нэг зуун наян хоёр мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж, хохирогч А.Баттөр /РД:АЭ74071011/-д олгосугай.

 

4. Хохирогч А.Баттөр нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлыг  холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч А.Баттөр нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсэгт заасныг баримтлан прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.БАТГЭРЭЛ