| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/1019/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/598 |
| Огноо | 2021-06-04 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/598
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч М.Очбадрах,
шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар :
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох 2002 00398 0246 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ********* ХХК-д сошиал хөгжүүлэгч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ** дүгээр хороолол *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Б-ы Э, регистрийн дугаар *********.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан тариа” ХХК-ний хашаанаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 132 грамм цэвэр жинтэй, өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт нойтон ургамлыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн,
мөн өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ** УБЭ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 16.3474 грамм цэвэр жинтэй, өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан тариа” ХХК-ний хашаанаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 132 грамм цэвэр жинтэй, өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт нойтон ургамлыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн,
мөн өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 16.3474 грамм цэвэр жинтэй, өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь :
- хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг/хх-ийн 4-6/,
- хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 7-11/,
- ****** УБЭ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн, эд зүйл хураан авсан, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-18, 19-20/,
- Б.Э-ы биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зураг /хх-21-22/,
- хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх-ийн 36-37/,
- гэрч Б.Х-ы: “2020 оны 07-р сарын 30-ны өдөр 15 цагийн үед найз Элбэгсайхан над руу утсаар яриад ханьтай хойшоо Гүнтийн зуслан руу явчихаад ирье гэж буцахдаа ээжийн чинь гэрийн гадаа хүргэж өгнө гэж хэлээд намайг 7 буудал дээрээс машинтай ирж аваад бид 2 хамт Гүнтийн зуслан руу явсан ба замдаа Э надад мансууруулах төрлийн өвс гэж зүйл байдаг талаар хальт ярьсан...Гүнтийн зуслангийн тэнд улаан өнгийн модон хашааны гадаа очиж зогсоод Э машинаас буугаад хашаа руу түрүүлж ороод намайг хүлээж бай гэсэн...Э хашаа руу ороод нээх удаагүй “гар утсаа алга болгочихлоо” гэхээр нь хашаа руу хамт ороход Элбэгсайхан цагаан өнгийн гялгар ууттай өвс түүгээд тавьчихсан байсан тэгээд би “энэ юу юм бэ” гэж асуухад нээх юм хэлээгүй, өвс түүх гэж явсныг мэдээгүй гэх мэдүүлэг /хх-43-44/,
- гэрч Н.Э-ийн :...2020.07.28-ны өдөр 08 цагийн үед манай төв хамгаалалт руу залгаж миний дугаарыг аваад танай ар гүнтэд байгаа хашаанаас эмийн ургамал уламжлалт аргаар хэрэглэдэг ургамал түүж болох уу та зөвшөөрөл өгөөч гэж залгасан, би үгүй гэж хэлсэн....2020.07.30-ны өдөр 16 цагийн үед над руу сахиул залгаж манай хашаанд нэг хүн ороод өвс түүгээд байсныг нь хөөгөөд гаргачихлаа, тэр газарт нь очоод үзтэл 2 ууттай ургамал түүсэн байна гэж хэлсэн гэх мэдүүлэг/х-ийн 41-42/,
- гэрч М.Д-ийн:...2020.07.29-ний өдөр хашаан дотор нэг эрэгтэй, эмэгтэй, 2 хүн манай хашаанд орсон байсан. Тэгээд би хөөе хашаанаас гар гэж хэлтэл гараад явсан ба тэр 2-н байсан газар би очтол ууттай ургамал түүсэн байсан. Тэгээд би гэртээ авчраад манай эхнэр зураг дарсан тэгээд би харуулдаа мэдэгдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 48/,
- гэрч Д.Н-ын:...манай хашаанд орж ирээд өвс түүж байхаар нь өвсийг нь аваад хөөгөөд явуулсан. Өвсийг нь цагдаа нарт өгсөн гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 46/,
- гэрч Б.У-ийн...Тухайн өдөр би 18:30 цагийн үед гэртээ байж байтал манай нөхөр хашаанд 2 хүн орсон байна, ийм юм үлдээгээд явчихлаа гээд 100-н гялгар ууттай ургамал бариад гэрийнхээ гадна ирсэн. Тэгэхээр нь би дарга нарт мэдэгд гэж нөхөртөө хэлсэн...Тэгээд цагдаа нар ирэхэд нь манай нөхөр нөгөө газраа зааж өгөөд, тухайн газраас нь олдсон гялгар ууттай ургамлыг Амарсайхан мөрдөгчид хүлээлгэн өгсөн...гэх мэдүүлэг /хх-179/,
- гэрч Б.А-ы...тухайн үед манаач нь сая 2 хүн өвс түүж байгаад зугтаалаа гэж хэлээд надад цагаан өнгийн гялгар ууттай өвс гэх бодисыг хүлээлгэж өгсөн. Б.Э нь цэнхэр өнгийн Тоёота Приус-20 маркийн машинд суугаад зугтаахаар нь араас нь машинтай хөөж саатуулсан...Би уг өвч гэх бодисыг нь манаач Д-оос хүлээж аваад мөрдөгч М-г ирж үзлэг хийх хүртэл нь үрэгдэж устахаас хамгаалах зорилгоор Э-ы машинд нь түр хийсэн байсан. Харин нэг гялгар ууттай ургамал нь угаасаа машины шалавчин доор байсан...гэх мэдүүлэг /хх-181/,
- гэрч Г.М-ийн...Хэргийн газарт очоод цэнхэр өнгийн Тоёота Приус-20 маркийн **** УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн...жолоочийн эсрэг талын шалавчны доод хэсгээс цагаан өнгийн гялгар ууттай ургамлыг гаргаж өгснийг хураан авсан. Мөн цагаан өнгийн гялгар ууттай өвс гэх бодисыг жолооч Э нь “Алтан тариа” ХХК-ийн хашаанаас түүсэн нь үнэн, хүн хүрээд ирэхээр нь орхиод, хаяад явсан гэж хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 180/,
- гэрч О.Б-ийн...Би Б.Э-ыг хальт таних ба түүнтэй 2020 оны 06-07 сарын үеэр 7 буудал дээр таарсан. Би Б.Э-д ямар нэгэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис өгч, худалдаж байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 182/,
- шинжээчийн дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан ургамал мэт зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol / нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно /хх-52-54/,
- шинжээчийн дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн “340,2 грамм ягаан ууттай ургамал” гэж хаягласан цаасан ууттай үндэс бүхий ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна /хх-65-67/,
- шинжээчийн дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн “Б. Э У3********** 2020.07.30” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно /хх-56-58/,
- шүүгдэгч Б.Э-ы...Би нэг гялгар ууттай өвс гэх бодисыг нь “Алтан тариа” ХХК-ийн хашаанаас түүсэн юм. Гэхдээ би түүж байгаад манаач нь хүрээд ирэхээр нь түүж байсан гялгар ууттай өвс гэх бодисоо тэнд нь орхиод явсан. Харин нөгөө гялгар ууттай өвс гэх бодисыг танихгүй хүнээс авсан...Би тэр Б-ийн талаар ямар нэгэн зүйл мэдэхгүй...Би тэр машинаас гарсан хуурай өвсийг биедээ хадгалж байсан ба цагдаа ирэхээр нь айгаад машины шалавчин доор хийсэн. Би гэм буруугаа ойлгож байгаа... гэх мэдүүлэг /хх-189-190, 77, 85/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч тухайн яллах дүгнэлтээр тогтоосон гэмт хэрэг үйлдсэнийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд шинжээч нар худал дүгнэлт гаргасан, гэрч нар худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.
Харин шүүгдэгч нь “Алтан тариа” компанийн хашаанаас “сэтгэцэд нөлөөлөх бодис түүж бэлтгэсэн” нь 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр, тус бэлтгэсэн үйлдлээс өмнө 2020 оны 07 дугаар сарын эхэн үе, улсын баяр наадам болох гэж байхад “сэтгэцэд нөлөөлөх бодис”-ыг үл таних хүн өгсний дагуу хадгалж улмаар биедээ авч явж байгаад 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр сэтгэцэд нөлөөлөх бодис агуулсан ургамал түүж бэлтгэсний дараа цагдаа нарт баригдан автомашиныг нь зогсоох арга хэмжээ авахыг мэдсэн даруйд өөрийн биед хадгалж байсан сэтгэцэд нөлөөт бодисыг автомашины шалавчин дор нуусан тухай шүүгдэгч мэдүүлсэн байна.
Яллах дүгнэлтэд шүүгдэгчийн үйлдсэн сэтгэцэд нөлөөт бодис агуулсан “нойтон“ ургамал бэлтгэсэн болон сэтгэцэд нөлөөт бодис агуулсан “хуурай” ургамлыг хадгалж байсан ялгаатай үйлдлүүдийн хугацааг 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэж нэгтгэн нийлмэл байдлаар бичсэн байх боловч сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан нь удааширсан үйлдлээр үргэлжлэн 2020 оны 07 дугаар сарын 30-ны таслан зогсоогдсон гэж үзэхээр байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан буюу удааширсан үйлдэл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулах үндэслэлтэй, мөн тус хадгалсан үйлдэл буюу хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар маргаагүй, тус хадгалсан хугацааны эхлэлийг тодорхойлуулах нь, түүнчлэн тухайн хадгалж байсан гэх ургамлыг олж авсан эх сурвалж тодорхойгүй гэж үзэн хууль зүйн талаас дүгнээгүй зэрэг нь тус тус тухайн хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй зэрэг үндэслэлийн хүрээнд тус хэргийг прокурорт дахин буцаахгүйгээр прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээ хязгаарын хүрээнд шүүгдэгчийг гэм буруутайд тооцон шийдвэрлэсэн болно.
Мөн шүүгдэгч хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалах үйлдлийн хувьд тухайн бодисыг шүүгдэгч өөрийн эзэмшил, хяналтад байлгасан үйлдлийг ойлгох ба харин “хаана, юунд нуусан” эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүйг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Б.Э-ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөр тогтоогдоогүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгч Б.Э тус гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, “Монголиан Контент Девелопмент фактори” компанид сошиал хөгжүүлэгч, төрийн бус байгууллагын сайн дурын ажилтан гэх тодорхойлолт, оюутан боловч сургуулиас чөлөө авсан, хувийн хөрөнгө, орлогогүй, сэтгэц хэвийн болон түүний ар гэрийн амьдрал ахуй болон хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдаж /хх-49, 70-71, 98, 101-114, 139/ судлагдсан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, харин хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын зохих арга хэмжээ авхуулах тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзэв.
Харин шүүгдэгч хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалах үйлдлийн хувьд тухайн бодисыг шүүгдэгч өөрийн эзэмшил, хяналтад байлгасан үйлдлийг ойлгох ба шүүгдэгч нь 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр сэтгэцэд нөлөөлөх бодис агуулсан нойтон ургамал түүж бэлтгэсэн нь илэрч улмаар цагдаа нарт баригдан автомашиныг нь зогсоох арга хэмжээний үед өөрийн биед хадгалж байсан сэтгэцэд нөлөөлөх бодис агуулсан хуурай ургамлыг автомашины шалавчин дор нуусан тухай мэдүүлснийг үгүйсгэх боломжгүйгээс гадна тухайн тээврийн хэрэгслийг анхнаасаа сэтгэцэд нөлөөлөх бодисыг хадгалах ”агуулах, нуувч” байдлаар тасралтгүй эзэмшиж, ашиглаж байсан гэж үзэх эргэлзээгүй үндэслэл, баримтгүй төдийгүй тухайн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн өмчлөлийнх биш /хх-39/ байх тул *** УБЭ улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг хураах эсхүл үнийн дүнг шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгох үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн ба энэ талаарх шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт үгүйсгэгдээгүй болно.
Шүүгдэгч Б.Э 1 хоног баривчлагдсан /хх-73-75/, мөн 2021.01.29-ны өдрөөс /хх-223-226/ хойш 2021.06.04-ний өдрийн байдлаар 126 хоног нийт 127 хоног цагдан хоригдсон байх тул эдлэх ялд оруулан тооцох, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүйг дурдаж, харин эд мөрийн баримтаар хураагдсан бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд байгаа /хх-199/ : “132 грамм цэвэр жинтэй нойтон ургамал, 16.3474 грамм цэвэр жинтэй, өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, хэргийн газрын нөхөн үзлэгээр дээжлэн авсан 340.2 грамм жинтэй ногоон өнгийн ургамал /үндэстэй/ зэрэг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг зохих журмын дагуу устгахыг Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б.Э-ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ы эдлэх 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ы цагдан хоригдсон 127 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт хураагдаж, Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд байгаа : 132 грамм цэвэр жинтэй нойтон ургамал, 16.3474 грамм цэвэр жинтэй, өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, хэргийн газрын нөхөн үзлэгээр дээжлэн авсан 340.2 грамм жинтэй ногоон өнгийн ургамал /үндэстэй/ зэрэг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг зохих журмын дагуу устгахыг Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.
7. Шүүгдэгч Б.Э-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2021.06.04-ны өдрөөс эхлэн тооцсугай.
8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э- авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР