Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 223

 

ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “*******” ХХК

Хариуцагч: Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл 69.138.751 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Өмнөговь аймгийн ******* сумын Сум дундын шүүхээс шилжүүлснийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал, хариуцагчийн төлөөлөгч О.*******, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 06 дугаар сард орсон хүчтэй аадар борооны улмаас сумын айлуудын жорлон, бохирын нүхний бохир ус үерийн усаар туугдан хальж, төвийн айл өрх, нийтийн эзэмшлийн талбайг хамран бохирдуулан халдварт өвчин гарах аюултай нөхцөл байдал үүссэн учир өвчнөөс урьдчилан сэргийлж, халдваргүйтгэл хийсэн ажлын хөлсний дутуу 17.984.200 төгрөгийг ******* сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан өгч манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “*******” ХХК нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: 2015 оны 06 дугаар сард орсон хүчтэй аадар борооны улмаас сумын айлуудын жорлон, бохирын нүхний бохир ус үерийн усаар туугдан хальж, төвийн айл өрх, нийтийн эзэмшлийн талбайг хамран бохирдуулан халдварт өвчин гарах аюултай нөхцөл байдал үүссэн учир халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж халдваргүйтгэлийн ажил гүйцэтгэсний хөлсний дутуу 17.984.200 төгрөг, түүнийг 2015 оны 07 сарын 9-ний өдрөөс эхлэн 2016 оны 11 сарын 30-ныг дуустал хугацааны алданги 51.154.551 төгрөг, нийт 69.138.751 төгрөгийг ******* сумын ЗДТГ-аас гаргуулах тухай: 2016 оны 06 дугаар сарын 10-ны үед иргэн намайг Улаанбаатар хотод ажлаар явж байтал ******* сумын ЗДТГ-ын дарга Ц.*******, эмнэлгийн эрхлэгч их эмч Наранцэцэг нар утсаар ярьж үерийн нөхцөл байдал халдварт өвчин гарч болзошгүй байдалд хүрснийг танилцуулаад халдваргүйтгэл хийлгэх нэн шаардлагатайг тодотгосон. Би хариуд нь хэдий хэмжээний талбайд хийх юм бэ манайх 1м2 талбайг 380 төгрөгөөр хадваргүйжүүлдэг гэсэн мөн гудамж талбайд бодис цацах том машин хэрэгтэйг аймгийн эрүүл мэндийн газарт санал болгосон ингээд ЭМГазар сум машиныг олохоор болсон гэсэн хариуг өгсөн. Ингээд тэд үнээ буулгах тухай санап тавихаар нь би 1м2 талбайн үнээ 200 төгрөг болгое гэсэн тэгээд болж байна гэсэн хариу хэлсэн. Нийт халдваргүйтгэлд орох талбай 700.000 м2 гэсэн. Ингээд гэрээний талаар ярихад интернетээр гэрээний маягтаа авахаар тохирч Ц.******* дарга хаягаа өгсөн боловч манайх гэрээний нөхцөл бичсэн гэрээний маягтаа хэдэн удаа явуулсан ч ирэхгүй байна гээд байсан. Ингээд бид гэрээгүй болохоор жаахан харж байтал та нар ирсэнгүй гэрээ хийх гэж хүлээгээд байхдаа яадгийн тангараг өргөчихөөд гээд загнаад байсан. Гэрээ яахав? гэсэн тэр ямар хамаатай юм ирээд л хийчихгүй юу гэсэн. Ингээд бид 06-р сарын 18-ны өдөр очсон. Өглөө Хандизел гэдэг буудлын гадаа уулзаад шууд л за үнээ тохир гээд л шууд наймаалцдаг хүмүүс шиг л шаардсан манайд хямрал нүүрэлсэн үнэ өндөр байна үнээ буулгавал ажил эхэллээ гэсэн. Манайх нийтийн эзэмшлийн талбайгаа 1м2-ийг нь 120 төгрөгөөр /700.000 м2 талбай тул нилээд үнэтэй болно, энэ манай үнийг 68,43% иар буулгасан үнэ/ тэгээд айлууд нэн ядуу бас буулга гээд манай айлуудаас хашаагаа 30.000 аар хийлгэнэ гэж ******* дарга зүтгээд байсан. Ингээд ******* даргын санал болгосноор хашааны газрыг 30,000 төгрөг энэ нь манай үнийг 88,73%-иар. Мөн нийтийн эзэмшлийн талбайгаа 1м2-ийг нь 120 төгрөгөөр /энэ манай үнийг 68,43% иар буулгасан үнэ/ буулгасан. Үнэ бөгөөд эдгээр үнэ нь орлогоороо зарлагаа нөхдөг хувийн аж ахуйн хувьд дэндүү аж ахуйн дотоод хэрэгт албан тушаал ашиглан шахаж оруулсан үнэ гэж манайх үздэг. 00-д 2л бодис хийсний үнэ 19.000 төгрөг нийт 1 хашаа 49.000 төгрөгөөр хийлгэсэн ******* даргыг та үерийн далан байгууллаа гээд байгалын үерийн усны голдирлыг өөрчилж орхисноос ийм аюул боллоо хэзээ ч гэнээ бас үер болсон бас л нөхөн төлбөр өгнө гээд л бүртгээд явсан юу ч өгөөгүй гээд л бөөн хэрүүл үүсээд ******* дарга ч хамт явалгүй алга болсон. Бид байгаль орчны үнэн баттай, бас 1 залуутай 18 айлаар явсан. Энэ ажилд сумаас ус шүршдэг мото помпо 1 тн-ын усны сав, УАЗ машин гаргаж 2 хоног ажилласан. Мөн “Оюутолгой” ХХК-аас том гудманд ус цацагч машин гуйж ажиллуулж өгсөн энэ нь энэ сумын хариуцлагын хүрээнд гаргах л ёстой үүрэг байх. Бусад үйлчилгээг бид өөрсдөө хийсэн. 1. Дээрхи үнэ тогтоолт нь ******* даргын шахалтаар манайх айлын хашааны талбайг 1 м2 талбайг 42 төгрөг 85 мөнгөөр, нийтийн эзэмшлийн талбайг 120 төгрөгөөр хийнэ гэдэг маш хүнд. 2. Тэгээд ажлын дараа нэхэмжилсэн мөнгийг өгөлгүй удаан хугацаагаар алдагдалд оруулж, гэрээг баталснаа хэлэхгүй манай компанид нэг хувийг одоо хүртэл өгөөгүйгээр барахгүй анх 06 дугаар сард анхан шатны шүүх хурал болоход баталсан гэрээнийхээ хуулбар хувийг хэргийн материалд хавсаргасан байсан сая 11 дүгээр сард давж заалдах шатны шүүх хуралд өнгөн хувиа хавсаргасан байсан. 3. ******* дарга 2015 оны 11 дүгээр сард Нэмэлт гэрээ нэртэй Гэрээг зөвхөн дансаар мөнгө шилжүүлэхэд л ашиглах гэрээ гэж утсаар худлаа хэлж нэмэлт гэрээ хийх талаар би зөвшөөрсөн ингээд ерөнхий нягтлангаараа өгч явуулаад тэр ч мөн энэ бол ариутгалын гэрээ биш зөвхөн миний баримтанд үдэгдэх гэрээ гэж хэлж батлуулаад явсан гээд Амгалантай нэртэй бор хүн байсан. Гэтэл хавтаст хэрэгт анх ажил гүйцэтгэхэд хийсэн манай гэрээ, б. Нэмэлт гэрээ нэртэй гэрээг, в.Манай гэрээг өөрийн талын явцуу эрх ашигт нийцүүлэн ерөөс 5 сая төгрөгний халдваргүйтгэлийн ажил гүйцэтгэсний хөлс төлөх гэрээ болгон хийсэн бас огт хуурамч гэрээ байх юм. Гэрээ гэдэг бол хэн дуртай хүн толгойг нь батлаад доторхи зүйлүүдийг нь өөрчлөөд байдаг баримт биш гэж би бодож явдаг. Энэ бүгдээс харахад хамтран албан тушаалаа ашиглан залилан хийж байна. Би ******* даргад олон хэлсэн та залилан хийгээд байна шүү гэж, Эд нар надыг нэг муу гаргүй хөгшин авгай гэж ойлгоод залилсан. 4. Ц.******* дарга болон ******* БОАпбаны ажилтан нар биднийг нийтийн эзэмшлийн талбайг халдваргүйжүүлж байхад үер явсан гудамжуудын хаягийг л өгсөнөөс өөрөөр хамтарч ажиллаагүй байж биднийг ажиллаагүй, машин ажилласан гээд байдаг нь туйлийн харамсалтай санагдаж байна. Бид машины жолоочийн гаргасан тодорхойлолтыг хавсаргав. 5. Ц.******* гуай маш их тооцоо хийж хөлс мөнгө олгосон хүн болоод яриад байгаа ч дандаа миний өгсөн баримтыг өөртөө ашиглан түүн дээр өөрийн эрх ашигаа тусган тооцоолон яриад бас тэр зүйлээ баталгаажуулах гэж миний ажил тэмдэглэсэн дэвтрийн өөрт нь өгсөн хуулбар дээр төрийн сан гэсэн тэмдэг даруулсан байх нь ямар учиртай юм бэ? - Яагаад Шүүхийн бичиг хэрэгт байсан баримт дээр төрийн сан гэсэн дардас ирээд дарагдчихдаг байна? Яах гэж? 6. /Тиймээ би эрхтэн дутуу би өөрийн одоогийн амьдралын гэрэл зургийн нэг хувийг хавсаргав. /.Би ийм гээд гар хумхиж суусангүй ард түмний эрүүл мэндийн төлөө мэдлэг мэргэжлээ зориулсан нэгэн. Миний хийж яваа ажил нийгмийн эрүүл мэндийн чухал үйлчилгээ яг л эмнэлэгтэй адил түүнээс урьд нь явах естой үйлчилгээ одоо бидний энэ алдагдлаас болоод манай компани өр зээлд баригдан ажил үйлчилгээ бүрэн тасарсан. Би банкныхаа зээлийг 2 биенийхээ тэтгэвэрийг зээлж хийсээр өөрөө ч амьдрах аргагүй болж хоол унд, эм хэрэгсэлээр дутагдан эмнэлгийн ор хоногийн өртөгөө дийлэхгүй байсаар гэр бүлийн хүн хэвтэрт орсон. Би өөрөө мөнгөний бодол эстрэсст орсоор зүрхний өвчний дахилт ихэссээр хүндэрч одоо 1 минутад 45 удаа цохиж дамжуулах аппарат тавих хэмжээнд хүрээд байна. Бидний энэ хүнд байдлыг харгалзан үзэж үлдсэн мөнгийг олгож ажил үйлчилгээ болон тулгараад байгаа асуудлуудыг шийдэхэд туслаж өгөө ч гэж энэхүү өргөдлийг бичлээ. Иймд 2015 оны 6-р сард орсон хүчтэй аадар борооны улмаас сумын айлуудын жорлон, бохирын нүхний бохир ус үерийн усаар туугдан хальж, төвийн айл өрх, нийтийн эзэмшлийн талбайг хамран бохирдуулан халдварт өвчин гарах аюултай нөхцөл байдал үүссэн учир халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж халдваргүйтгэлийн ажил гүйцэтгэсний хөлсний дутуу 17.984.200 төгрөг, гэрээнд заасны дагуу түүнийг 2015 оны 07 сарын 9-ний өдрөөс эхлэн 2016 оны 12 сарын 15-ныг хүртэл хугацааны 0.5 хувийн алданги буюу 51.154.551 төгрөг, нийт 69.138.751 төгрөгийг ******* сумын ЗДТГ-аас гаргуулж өгч иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал над руу утсаар ярьсан. Засаг даргатай ирж уулз гэж хэлсэн. Би хариуд нь би хол газар явж чадахгүй, унааны зардал ч байхгүй, өвчтэй хүн хардаг учир энэ халуунд нэг ч өдөр орхиод явах боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагаа болох 69 сая төгрөгийг 10% бууруулж эвлэрч болно гэж хэлсэн. 152 хоногийг алданги тооцоогүй, нийт 69 сая төгрөгөөсөө 10%-ийг хасаад 62.224.000 төгрөг дээр эвлэрч болно. 2015 оны 07 дугаар сарын эхээр манай ажлын хөлс орж ирэх байсан. Мөнгө орж ирээгүй учраас манай 4 ажилчин ажлаасаа гарах болсон. Байсан мөнгөө хүмүүстээ хувааж өгсөн. Манайхыг ажилчин байхгүй гээд үйл ажиллагааг хаасан. Хаагдсан учраас ямар ч мөнгөний эх үүсвэр байхгүй болсон. Манай орлого сүүлийн 3 жилд 16 сая төгрөгний орлого ордог, сардаа 1.336.314 төгрөгний орлого байдаг байсан. Хариуцагч талын мөнгө өгсөн саруудыг хасаад зайлшгүй өгөх мөнгөнөөс 0,5%-ийг хасч тооцоод 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 31-ийг дуустал 1 сая төгрөг өгсөн. Хоногийн алданги 114.924 төгрөг, 22 хононийн алданги 2.528.162 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 2 сая төгрөг орж ирсэн. Тэгээд энэ алданги нь 99.924 төгрөг болж буурсан, 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 2 сая төгрөг орж ирсэн. Ингээд алданги нь 89.924 төгрөг болж буурсан. Энэнээс хойш нэмж мөнгө орж ирээгүй учраас 2016 оны 12 дугаар сарыг дуустал 516.000 төгрөг нийтдээ 69.138.75 төгрөгний алданги гарсан. Үлдсэн 152 хоногийн алданги тооцоогүй. Алданги гарсан хоногийнхоо 50%-аар тооцож гаргасан. Нийтийн талбай үнийг 380 төгрөгийг 120 төгрөг болгож 68.43%-аар бууруулсан. Нийт 191.535 метр квадрат талбайг тогтсон үнээрээ хийгээгүйгээс болоод 13.106.300 төгрөгний ашиг олох байсныг бууруулах болсон. 152 хоногийн алданги 13.667.992 төгрөгний алдангийг тооцоогүй. Нийт 26, 27 сая төгрөгийг тооцоогүй нийгмийн эрүүл мэндийн төлөө би хийсэн. Гэрээний 4.1-т хамтарч зохион байгуулна гэсэн байгаа. Эрүүл мэндийн хууль үндэсний хөтөлбөрийн зааврын дагуу халдварт өвчин үүсч болзошгүй учрааас үйлчлүүлэгч байгууллага заавал хамтарч ажиллана гэсэн байдаг. Газар ухаад зүгээр машинаар бодисоо цацаад явах биш заавал заавар зөвлөгөөтэй ажиллах, хариуцлагатай ажил байсан учраас манай талаас ажлын цаг дууссан ч шөнө гэлтгүй ажлаа нэг бүрчлэн зааж хийсэн. Энд бол хүний оюун ухаан зайлшгүй хэрэг болдог байсан. Жолооч бол машинаа унаад баруун зүүн тийш рүлиэ удирдаж байсан болохоос биш нэг бүрчлэн бид нартай хамт ажиллаагүй. Оролцоогүй зүйлээ оролцсон гэж хэлж болохгүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулж ажилласан. Нийтийн эзэмшил 191.535 метр квадрат талбай болон 16 айлын өрхийн өмчлөлийн газарт ариутгал хийлгэнэ гэж гэрээ байгуулсан байдаг. Гүйцэтгэгч талаас гэрээний үүргээ биелүүлсэн. Тухайн бодисыг хүн болгон найруулдаггүй мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй субьект стандартын дагуу хийдэг. Тиймдээ ч ажлын үр дүн нь гарч халдварт  өвчин гараагүй. Өөрөөр хэлбэл ******* суманд болсон үерийн улмаас айл өрхүүдийн газар, нийтийн эзэмшлийн газарт талбай бохирдсоны улмаас ариутгал хийх шаардлагатай болсон учраас 2 тал үнэ хөлсөө тохиролцож энэ ажил хийгдсэн гэж үзэж байна. Гүйцэтгэгч талаас ажлаа 100% гүйцэтгэснийг хариуцагч талын тайлбараас харахад маргаад байгаа зүйл байхгүй байдаг. Урьдчилгаа мөнгө өгч авах тал дээр гэрээн дээр нэмэлт өөрчлөлт оруулж 5 сая төгрөгийг өгсөн учраас ажлын хөлс нь дууссан гэж яриад байдаг. Нэмэлт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэгч гэрээ байгуулагдсанаар хүчин төгөлдөр болно. Өөрөөр хэлвэл Иргэний хуулийн 56.1.1 хуульд заасан тайлбар байдаг. Эндээс хархад уг гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол нэхэмжлэгчийн зүгээс хүчин төгөлдөр буст тооцогдохоор нэхэмжлэл гаргаагүй. Мөн Иргэний хуулийн 343 зүйлд зааснаар ажил гүйцэтгэгч гэрээ хийгдсэн, мөн хуулийн 350 дугаар зүйл дээр ажил гүйцэтгэгчийн үүргийг тайлбарласан байдаг. Мөн хуулийн 351.1.3 захиалагчийн үүргийг тайлбарласан байгаа. Иргэний хуулийн 346 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага буюу манай зүгээс нэхэмжлээд байгаа ажил гүйцэтгэсний төлбөр болох 17.984.200 төгрөг, алданги 51.154.551 төгрөг нийт 69.138.751 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү? гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр сумын төвд ширүүн мөндөр, аадар бороо орсны улмаас уулын үерийн ус бууж, айлын гэр, байгууллага, аж ахуйн нэгжийн барилга байшин, гудамж талбай усанд автаж байгалийн гэнэтийн аюул бий болсон. Энэ үеэр сумын Засаг дарга, тамгын газрын хамт олон шөнийн бүтэн идэвхтэй ажиллаж, үерийн ус тогтож цаашаа явахгүй ус ихээр хуримтлагдаж байгаа хэсгийг хувь хүний экскэватор дайчлан ажиллуулж, далан саадыг сэтлүүлж үерийн усыг урсгах ажлыг зохион байгуулснаар үерийн аюулыг богино хугацаанд багасгаж арилгасан. Үерийн улмаас айлуудын жорлон, бохирын цооногууд усаар дүүрч гудамж, нийтийн зам, талбайг бохирдуулсан тул зуны халуун дулааны улиралд элдэв төрлийн халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Сум дундын эмнэлгийн эрхлэгч Ж.Наранцэцэгтэй утсаар ярьж бохирдсон нийтийн зам талбай, гудамж, айлуудын жорлон, бохирын цооногуудыг хэрхэн яаж ариутгал, халдваргүйжуулалт хийдэг талаар зөвлөгөө авахад аймагт “*******” гэж ариутгал, халдваргүйжилт хийдэг мэргэжлийн байгууллага байдаг гэж ******* гэдэг хүний утсыг надад өгсөн. Уг утсаар залгаж ******* гэдэг хүнтэй дээрх нөхцөл байдлаа танилцуулахад манай байгууллага очиж хийж өгье. Хир хэмжээний талбай, айл өрхийн жорлон, бохирын цооног ариутгах юм гэж асуухад үерт өртсөн зам талбай, гэр хорооллынхоо талаар хэлж өгсөн. Тэгээд үнэ өртөг нь ямар байх талаар асуухад 1мкв талбайг 200 төгрөгөөр хийдэг юм. Бид сайн чанарын бодисоор ариутгалыг хийж өгнө гэсэн. Их газар ариутгал, халдваргүйжилт хийх учир энэ үнэ чинь өндөр байна. Өшөө бууруулаач гэхэд 120 төгрөгөөр хийе гэсэн. Тэгээд утсаар хэд хэдэн удаа ярилцаж хийлгэхээр болсон. Гэрээний загварыг и-мэйл хаягаар явууллаа гэсэн боловч миний и-мэйл хаягаар ирээгүй тул сүүлд ******* гуай өөрөө гэрээг хийж ирүүлсэн. Ариутгалын ажлыг сумын эмнэлэгтэй хамтарч хийхээр төлөвлөгөө гарган Засаг даргаар батлуулан ажилласан. 06-р сарын 18-ны өглөө “*******” ХХК-ний хүмүүс ирсэн. Энэ өдрөөс эхлэн үерийн усанд их өртсөн Дөрөлж, Цаг уур гэр хорооллын айлуудын хашааны газар, жорлон, бохирын цооногуудыг ариутгаж эхэлсэн. Энэ ажилд “” ХХК-ний гудамж талбай усалдаг 25 тн-ын багтаамжтай усны 46-73УНГ автомашиныг авч ажиллуулсан боловч айлын хашаанд ариутгал хийлгэхэд хашаан дотор эргэж тойрч багтахгүй байсан тул “Тамгын газрын МЭҮТ-ийн автомашиныг гаргаж, 1тн-ын усны сав тавьж, хүний машин угаадаг носасыг, шаланктай авчирч байгаль хамгаалагч Г.*******ыг 4 хоног, С.*******, Ө.*******, Р.******* нарыг тус бүр нэг хоног хамт ажиллуулж, ариутгал хийхэд ашигласан усны 282.000 /хоёр зуун наян хоёр мянга/ төгрөг, автомашины бензин шатахууны зардал 136.000 /нэг зуун гучин зургаан мянган/ төгрөгийг Тамгын газраас гаргаж шийдвэрлэсэн. Нэг айлын хашааны газар дунджаар 750 мкв гээд 120 төгрөгөөр үржихэд 90.000 төгрөг болж байсан тул ийм мөнгө төлөөд ариутгал хийлгүүлэх айл байхгүй тул багасгаж, хашааны газрыг 30.000 төгрөг, жорлон, бохирын цооногийг 19.000 төгрөг, нийт 49.000 төгрөгөөр ариутгал хийлгүүлж, төлбөрийг айлуудын ихэнх нь бэлэн мөнгөөр хийсэн. Энэ компанийн хүмүүс Дөрөлж, Цаг уурын хорооллын үерийн усанд их автсан 16 айлуудын хашааны газрыг ариутгасан. Бусад айлуудын зөвхөн жорлон, бохирын цооногуудаа ариутгасан. Тус компанийн ажилчин нийт 638 айлд очсон боловч 300 айл нь ариутгал хийлгүүлээгүй, 224 айл эзэнгүй байсан, 114 айлд ариутгал хийсний 72 айлын жорлон, бохирын цооногт ариутгал хийж хөлс 1.368.000 /нэг сая гурван зуун жаран найман мянга/ төгрөг, 14 айлын хашаа, бохирын цооногт ариутгал хийж 686.000 /зургаан зуун наян зургаан мянга/ төгрөг, нийт 2.054.000 /хоёр сая тавин дервөн мянга/ төгрөгийг айлуудаас бэлэн мөнгөөр тооцоо хийж авсан байна. Нийт 41 айлын жорлон, бохирын цооногт, 2 айлын хашаанд 839.000 /найман зуун гучин есөн мянган/ төгрөгний ариутгалын ажил хийгээд төлбөрөө аваагүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй 4, өндөр настан 1, нийт 5 айл үнэ төлбөргүй /95.000 төгрөг/ хийсэн байна. Сумын төвийн гудамж, засмал замын ариутгалыг “” ХХК-ний гудамж талбайг усалдаг 25тн-ын багтаамжтай усны автомашинаар 5 удаа явж ариутгал, халдваргүйжилт хийсэн. Энэ ажилд эдний компаниас хийсэн ажил нь машины усны саванд дээшээ гарч 2 сав ариутгалын бодис хийхээс өөр үйлдэл огт хийгдээгүй. Энэ машин нь өөрөө усаа цацруулаад явчихдаг болохоор ариутгал хийхэд ямарч ажиллагаа ороогүй. Иймд гудамж, замыг ариутгахад ажлын ямарч хөлс тооцогдох үндэсгүй. Эдний компани энэ ажлын цалин хөлсийг тооцож нийт 22.974.179 /хорин хоёр сая есөн зуун далан дөрвөн мянга нэг зуун далан есөн/ төгрөг нэхэмжилсэн. Энэ мөнгө нь манай сумын Засаг даргын жилийн нөөцийн зардлаас давсан хөрөнгө тул манайх ийм зардал гаргах үндэслэлгүй гэж үзээд хийсэн ажлынх нь тооцоог ажилчдын 11 өдөр ажилласан ажлын хөлс, илүү цагийн хөлс 2.365.452 хоёр сая гурван зуун жаран таван мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөг, ” ХХК-ний жолоочийн ажпын хөлс 78.000 /далан найман мянган/ төгрөг, ариутгал хийлгээд мөнгөө өгөөгүй 41 айлын зардал 839.000 /найман зуун гучин есөн мянган/ төгрөг, ариутгалын бодисны үнэ зэргийг тооцоод 5.000.000/ таван сая/ төгрөг олгохоор Засаг даргатай ярилцаж шийдвэрлэсэн. "*******” ХХК ажилчдынхаа ажлын хөлсөө бодохдоо хэвийн бус нөхцлийн нэмэгдэл, онцгой байдлын гамшгийн нөхцөлд ажилласан гэж ажлын хөлсөө 3 дахин үржүүлж үндэслэлгүй тооцоолсон байна. 2015 онд улс орон санхүүгийн хямралд орж Сангийн яам бүх гүйлгээг хяналтандаа авч, зөвхөн зайлшгүй шаардлагатай зүйлд санхүүжилтийн эрхийг нээж өгч ажилласнаар 11-р сарын 21-ний өдөр 1.000.000 /нэг сая/ төгрөгийг шилжүүлж, үлдсэн 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг онд нь багтааж шилжүүлж чадаагүй. Тэгээд он гаргаад санхүүгийн алба хуучин оны гэрээгээр мөнгө шилжүүлэх боломжгүй гэсэн тул гэрээний төлбөрт өөрчлөлт оруулах гэрээг хийж 2016 оны 02, 03-р сард 2 удаа 2.000.000 /хоёр сая/-аар мөнгийг шилжүүлж өгсөн. Компанийн захирал ******* гуайн хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг талаас нь хандсан асуудал бидний зүгээс огт гаргаагүй. Энэ бол тухайн хүний хувийн бодол байх. Иймд тус компанийн гаргасан 17.984.200 /арван долоон сая есөн зуун наян дөрвөн мянга хоёр зуун/ төгрөгний нэхэмжлэлийг дараах үндэслэлээр манай Тамгын газар төлөх боломжгүй болно. Үүнд: 1. ******* ХХК-ний ажилчдын ажилласан хоногийн цалингийн тооцоог ажлын хөлс, илүү цагийн хөлсийг оруулаад тооцоход 2.365.452 /хоёр сая гурван зуун жаран таван мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөг, дээр нь“” ХХК-ний жолоочийн ажлын хөлс 78.000 /далан найман мянган/ төгрөг, ариутгал хийлгээд мөнгөө өгөөгүй 41 айлын зардал 839.000 /найман зуун гучин есөн мянга/ төгрөгийг оруулаад тооцоход нийт ажлын хөлс 3.282.452 /гурван сая хоёр зуун наян хоёр мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөг гарч байна. 2. Эдний компани ажлын хөлсөө гамшгийн үед ажилласнаар тооцож ажлын хөлсөө 3 дахин, 7 хоногийн амралтын өдрийг 2 дахин өсгөж бодсон нь “Гамшгийн тухай хуулийн 33.3, Хөдөлмөрийн хуулийн 51.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж тооцсон байна. 3. Сумын нийтийн гудамж, замын ариутгалд “******* ххк”-ний ажилчид зөвхөн автомашины усанд хэдэн литр ариутгалын бодис хийснээр өөр ажил хийгээгүй байж нийтийн эзэмшлийн гудамж, замын ариутгал халдваргүйжилт хийсэн ажлын хөлс гэж нэхэмжилсэн байгаа нь үндэслэлгүй зардал байна. “” ХХК-ний усны автомашин нь усаа өөрөө цацдаг тул нийтийн эзэмшлийн гудамж, замыг ариутгахад өөр хүн ажиллах шаардлагагүй учир ажлын хөлс тооцогдох үндэслэлгүй болно гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эвлэрэн хэлэлцэх боломжгүй. Удирдлагууд шинээр томилогдсон. Ямар хэрэг маргаанаас болоод байгааг нэхэмжлэгч талтай уулзаж ярилцаж танилцъя гэж ярьсан. Мөн Засаг даргын санхүүгийн алба сайн мэдэхгүй байгаа учраас уулзаж, танилцая гэсэн. Тэгээд нэхэмжлэгч тал уулзаж ярилцах боломжгүй гэсэн учраас манай байр суурьнаас эвлэрэх боломжгүй гэсэн тайлбарыг гаргасан. ******* сумын Засаг даргын тамгын газар нь “*******” ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ариутгал хийлгүүлэхээр гэрээ байгуулсан. Гэрээн дээр нийтийн эзэмшилийн талбайн ариутгасан хөлсийг Засаг даргын тамгын газар, айлд өрхүүдийг ариутгасан хөлсийг ариутгалын компани өөрөө хариуцаж иргэдээс гаргуулна гэж гэрээ байгуулсан байна. “*******” ХХК нь гэрээ байгуулаад очиж ажиллахдаа ариутгалын бодистой очсон. Бусад гэрээгээр хийж гүйцэтгэх ажлаа Засаг даргын тамгын газар тухайн хүнийг харилцан ойлголцож хүндэлсний улмаас гэрээний 60-70%-г манай Засаг даргын тамгын газар гүйцэтгэсэн байна. “*******” ХХК-тай гэрээ байгуулаад харилцан тохиролцоод тус компани нь 191.535 метр квадрат талбайг зааж өгсөн айл өрхүүдийн хашааг ариутгаж бүх ажлаа хийж гүйцэтгэгчихээд манайхаас тэдэн төгрөг боллоо гэсэн нэхэмжлэлээ өгсөн тохиолдолд Засаг даргын тамгын газар бүх талаас хариуцаж ажилласан. Гэтэл гэрээнийхээ үүргийг гүйцэтгэхдээ Засаг даргын тамгын газрын ихэнхи хувийг гүйцэтгэж оролцсон. Тэнд ажилласан машин тэрэг гээд бүх талаас нь хариуцаж ажилласан. Тухайн компани нь зөвхөн машины кабенд сууж яваад ариутгалынхаа бодисыг найруулж дээшээ гарч усанд ариутгалынхаа бодисыг хийдэг гэсэн тайлбаруудыг өгсөн байдаг. Манай Засаг даргын тамгын газар нь “*******” ХХК-тай ажилласан ажлын хөлс,илүү цагийн хөлсийг оруулаад 2.365.452 төгрөг, “Хан гүрд” ХХК-ийн жолоочийн ажлын хөлс 75.000 төгрөг, ариутгал хийлгээд мөнгөө өгөөгүй 41 айлуудын 839.000 төгрөг, нийт 3.282.452 төгрөг өгсөн. Мөн дараа нь 72 айлын жорлон бохирдлын цооног ариутгал хийсний хөлс1.368.000 төгрөг, 14 айлын ариутгал хийсний 686.000 төгрөг, нийт 2.054.000 төгрөгийн айлуудаас авсан байдаг. Ингээд Засаг даргын тамгын газраас гэрээ байгуулж 5.000.000 төгрөгийг тухайн суманд ирж ажилласан ажлын хөлсийг тохирсон үнийн дүн гэж үзэж олгосон байна. Манайхаас гэрээгээ 100% гүйцэтгээд ажлаа хийсэн тохиолдолд энэ үнийн дүнг гэрээ байгуулсан учраас төлөх шаардлагатай байсан. Манай хамтарч ажилласан учраас нэхэмжилсэн үнийн дүнг дангаараа төлөх боломжгүй гэсэн тайлбарыг өгч байна. Тухайн Засаг даргын тамгын газар 2009-2012 онуудад өөр өөрийгөө санхүүжүүлдаг, улсын төсвийг бүрдүүлдэг байсан. 2012 оноос бүх орон нутагт төвлөрүүлж байгаа бүх орлогыг аймаг татаж авч төвлөрүүлдэг болсонтой холбоотойгоор Засаг даргын тамгын газар бол нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 69.138.751 төгрөгийг манай зүгээс төлөх боломжгүй төсвийн байгууллага учраас төлөх боломжгүй. Манайхаас зохих төлбөрийг төлсөн. Ариутгалын бодис буюу заавар зөвлөгөө хэлж ажилсаныг бол үгүйсгэхгүй. Хүн хүч техник хэрэгсэл, гарч байгаа зардлыг Засаг даргын тамгын газар хариуцсан. Гэрээгээрээ бол 2 тал харилцан тохиролцсон байдаг. Манайхаас 191.535 метр квадрат газрыг хэмжиж талбайн зургийг гаргаж өгсөн, мөн айл өрхүүдийн судалгааг гаргасан. Мөн Тамгын газрын байгаль хамгаалагч усны сав гэх зэрэг шаардлагатай зүйлүүдээр хамтарч ажилласан гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл /хх-1-2/, “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-3/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх-4/, Б.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-5/, Өмнөговь аймгийн ******* суманд болсон аадар борооны улмаас үүссэн хөрсний бохирдлыг арилгах, халдварт өвчин үүсэхээс урьдчилан сэргийлэх халдваргүйтлийн гэрээ /хх-6-8, 28/, гэрэл зураг /хх-8а,137/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайханы 1-р багийн засаг даргын тодорхойлолтууд /хх-9, 13, 138/, “*******” ХХК-ийн нэхэмжлэх /хх-10/ Өмнөговь аймгийн ******* сумын төвийн айл өрх, нийтийн эзэмшлийн газарт ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил хийх гэрээний төлбөрт өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар /хх-11, 27/, Б.*******гийн хүсэлт /хх-12, 78, 166 /,С.Мөнхбаярын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-14, 139/, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар /хх-13, 140/, Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 03/147 дугаартай албан бичиг /хх-22/, хариуцагчийн төлөөлөгчийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хариу тайлбар /хх-23-26/, Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн а/237 дугаартай захирамж /хх-30, 159/, халдвар өвчнөөс урьдчилан сэргийлж, үерт автсан айл өрхийн хашаа, жорлон, бохирын цооногт ариутгал, халдавргүйжилт хийх ажлын төлөвлөгөө /хх-31/, төлбөрийн хүсэлт /хх-32-34, 160-162/, нэхэмжлэх /хх-35/, Өмнөговь аймгийн ******* суманд болсон аадар борооны улмаас үүссэн хөрсний бохирдлыг арилагх халдварт өвчин үүсэхээс урьдчилан сэргийлэх халдваргүйтлийн ажлаа тайлагнасан ажлын хөлс хүссэн өргөдөл /хх-36-42, 152-159/, ариутгал хийлгэсэн айл өрхийн судалгаа /хх-43-69/, Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 03/258 дугаартай албан бичиг, Г.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-77/, Б.Батбаатарын нэхэмжлэх /хх-83/, “” ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн тодорхойлолт /хх-84, 85/,    Өмнөговь аймгийн эрүүл мэндийн газрын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 295 дугаартай албан бичиг /хх-86/, Өмнөговь аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 137 дугаартай албан бичиг /хх-87/, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-91/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-92-94/, ЭМ технологийн цуврал биобүтээгдэхүүн халдваргүйтлийн биобэлдмэл “Тамир-ЭМ” техникийн шаардлага MNS 6445:2014 /хх-95-99/, Татварын албаны татвар төлөгчид хүргүүлэх мэдэгдэх хуудас /хх-100/, татварын өрийн тооцоолол /хх-101/, “*******” ХХК-ийн захирлын 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/03 дугаартай тушаал /хх-102/, “*******” ХХК-ийн ахуйн хортон шавьж устгал халдваргүйтгэлийн үйлчилгээний үнийн жагсаалт /хх-103/, Онцгой байдлын Ерөнхий газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 54 дугаартай мэдэгдэл /хх-105/, ШТМ-ын зарлагын падан /хх106/, Б.*******гийн өргөдөл /хх-111-115, 134-141/, Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 03/374 дугаартай албан бичиг /хх-143/, 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хариу тайлбар /хх-144-148/, Өмнөговь аймгийн ******* сумын төвийн айл өрх, нийтийн эзэмшлийн газарт ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил хийх гэрээний төлбөрт өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх-149/, Өмнөговь аймгийн ******* суманд болсон аадар борооны улмаас үүссэн хөрсний бохирдлыг арилгах, халдварт өвчин үүсэхээс урьдчилан сэргийлэх халдваргүйтлийн гэрээ /хх-150-151/, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-167/, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх-184-189/, “*******” ХХК-ийн дотоод журам /хх-190-192/, үерийн усанд өртөж хохирол амссан айл өрх, аж ахуйн нэгжийн судалгаа /хх-199/, Депозит дансны харилцагчийн монгол хуулга /хх-200-201/, “Голомт банк” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 785 дугаартай тодруулга /хх-206/, Өмнөговь аймгийн ******* сумын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/12 дугаартай албан бичиг /хх-226/, төлбөрийн хүсэлтүүд /хх-232-234/, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хариу тайлбар /хх-2-1-5/, Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн б/17 дугаартай захирамж /хх-2-41/, “*******” ХХК-ийн 2012 оны 04 дүгээр улирлын санхүүгийн тайлан /хх-2-49-53/, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлүүд, шийдвэрүүд, давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлүүд, магадлал зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас 69.138.751 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

******* ХХК нь /захирал Б.*******/ нь Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газар /Ц.*******/-тай 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тус суманд хүчтэй аадар бороо орсны улмаас сумын төвийн айлуудын бие засах газрын бохир үерийн усаар туугдан хальж, сумын төвийн айл өрх, нийтийн эзэмшлийн талбайг хамран бохирдуулж халдварт өвчин гарах нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлж, халдваргүйтгэлийн ажлыг айл өрхийн өмчлөлийн газар болон нийтийн эзэмшлийн талбайд 1 метр квадрат талбайг 120 төгрөгөөр хийхээр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “ Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй байна “ зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба талууд гэрээг бичгээр байгуулаагүй боловч Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ, хөлс төлөх арга, хугацааг талууд тогтоосон, гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна.

Дээрхи гэрээний дагуу ******* ХХК нь  2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс  07 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Өмнөговь аймгийн ******* сумын төвийн айлууд, нийтийн эзэмшлийн 191.535 метр квадрат талбайд  халдваргүйтгэлийн ажил хийж ажил гүйцэтгэсний хөлс 5.000.000 төгрөг авсан болох нь талуудын тайлбараар нотлогдож, зохигчид энэ талаар маргахгүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч “ ... Энэ ажилд эдний компаниас хийсэн ажил нь машины усны саванд дээшээ гарч 2 сав ариутгалын бодис хийхээс өөр үйлдэл огт хийгдээгүй. Энэ машин нь өөрөө усаа цацруулаад явчихдаг болохоор ариутгал хийхэд ямарч ажиллагаа ороогүй. Иймд гудамж, замыг ариутгахад ажлын ямарч хөлс тооцогдох үндэсгүй...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлээ нотолж тайлбар гаргаж байх боловч Эрүүл мэндийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.5 дахь хэсэгт  хүний эрүүл мэнд болон нийгэмд аюул учруулах халдварт өвчин, хордлого, осол, гэмтэл гаргахгүй байх нөхцөл бүрдүүлж, аюулгүй байдлыг хангасан ажил, үйлчилгээ явуулах үүрэг нь эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаарх аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг гэж заасан байна.

Иймд Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт зааснаар захиалагч  нь гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй бөгөөд нийтийн эзэмшлийн талбайд халдваргүйтгэлийн ажил хийсэн 191.535 м2 * 120 төгрөг = 22.984.200 төгрөгнөөс талуудын маргахгүй байгаа 5.000.000 төгрөгийг хасч тооцвол нийт 17.984.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн 2015 оны 07 сарын 9-ний өдрөөс эхлэн 2016 оны 11 сарын 30-ныг дуустал хугацааны алданги 51.154.551 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт “ хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ “ гэж зааснаар талууд ажил гүйцэтгэхээс өмнө бичгээр гэрээ байгуулсан нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн үндэслэлгүй нэхэмжилсэн 51.154.551 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-3/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх-4/, “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-3/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх-4/, Өмнөговь аймгийн ******* суманд болсон аадар борооны улмаас үүссэн хөрсний бохирдлыг арилгах, халдварт өвчин үүсэхээс урьдчилан сэргийлэх халдваргүйтлийн гэрээ /хх-6-8, 28/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайханы 1-р багийн засаг даргын тодорхойлолтууд /хх-9, 13, 138/, “*******” ХХК-ийн нэхэмжлэх /хх-10/, халдвар өвчнөөс урьдчилан сэргийлж, үерт автсан айл өрхийн хашаа, жорлон, бохирын цооногт ариутгал, халдавргүйжилт хийх ажлын төлөвлөгөө /хх-31/, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-91/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-92-94/, Өмнөговь аймгийн ******* сумын төвийн айл өрх, нийтийн эзэмшлийн газарт ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил хийх гэрээний төлбөрт өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх-149/, Өмнөговь аймгийн ******* суманд болсон аадар борооны улмаас үүссэн хөрсний бохирдлыг арилгах, халдварт өвчин үүсэхээс урьдчилан сэргийлэх халдваргүйтлийн гэрээ /хх-150-151/, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-167/, Депозит дансны харилцагчийн монгол хуулга /хх-200-201/, Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн б/17 дугаартай захирамж /хх-2-41/, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлүүд, шийдвэрүүд, давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлүүд, магадлал зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “ бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн шаардлагыг  хангасан, гэрч Г.*******ын мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан харшлах шалтгаангүй байна, харин Б.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-5/, Өмнөговь аймгийн ******* сумын төвийн айл өрх, нийтийн эзэмшлийн газарт ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил хийх гэрээний төлбөрт өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар /хх-11, 27/, Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн а/237 дугаартай захирамж /хх-30, 159/, төлбөрийн хүсэлт /хх-32-34, 160-162/, нэхэмжлэх /хх-35/, Өмнөговь аймгийн ******* суманд болсон аадар борооны улмаас үүссэн хөрсний бохирдлыг арилагх халдварт өвчин үүсэхээс урьдчилан сэргийлэх халдваргүйтлийн ажлаа тайлагнасан ажлын хөлс хүссэн өргөдөл /хх-36-42, 152-159/, ариутгал хийлгэсэн айл өрхийн судалгаа /хх-43-69/, Б.Батбаатарын нэхэмжлэх /хх-83/, “” ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн тодорхойлолт /хх-84, 85/,  үерийн усанд өртөж хохирол амссан айл өрх, аж ахуйн нэгжийн судалгаа /хх-199/ зэрэг нь хуульд заасан журмыг зөрчиж цуглуулсан нотлох баримт, түүнчлэн гэрэл зураг /хх-8а,137/, С.Мөнхбаярын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-14, 139/, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар /хх-13, 140/, Өмнөговь аймгийн эрүүл мэндийн газрын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 295 дугаартай албан бичиг /хх-86/, Өмнөговь аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 137 дугаартай албан бичиг /хх-87/, ЭМ технологийн цуврал биобүтээгдэхүүн халдваргүйтлийн биобэлдмэл “Тамир-ЭМ” техникийн шаардлага MNS 6445:2014 /хх-95-99/, Татварын албаны татвар төлөгчид хүргүүлэх мэдэгдэх хуудас /хх-100/, татварын өрийн тооцоолол /хх-101/, “*******” ХХК-ийн захирлын 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/03 дугаартай тушаал /хх-102/, “*******” ХХК-ийн ахуйн хортон шавьж устгал халдваргүйтгэлийн үйлчилгээний үнийн жагсаалт /хх-103/, Онцгой байдлын Ерөнхий газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 54 дугаартай мэдэгдэл /хх-105/, ШТМ-ын зарлагын падан /хх106/, “*******” ХХК-ийн дотоод журам /хх-190-192/, “Голомт банк” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 785 дугаартай тодруулга /хх-206/, “*******” ХХК-ийн 2012 оны 04 дүгээр улирлын санхүүгийн тайлан /хх-2-49-53/ зэрэг нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Эрүүл мэндийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.5 дахь хэсэг, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас 17.984.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 51.154.551 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар “*******” ХХК нь улсын тэмдэгтийн хураамж 503.643 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас 247.871 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.УГТАХБАЯР