| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2017/0010/и |
| Дугаар | 224 |
| Огноо | 2017-06-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, Ерөнхий шүүгч Р.Уранчимэг, шүүгч А.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.С
Хариуцагч: Н.У
Гэм хорын хохирол 8.540.002 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага 2.397.278 төгрөг нийт 10.937.280 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Н.Ундрахбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Э.Наранцацрал, иргэдийн төлөөлөгч П.Ариунаа, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Б.Суманхөлөг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Суманхөлөг миний бие МЗХНН, УБТЗ-ын Замын-Үүд дэх шилжүүлэн ачих ангид ачигчаар ажилладаг байсан ба сардаа 1.200.000 төгрөгийн цалин хөлс авдаг байсан. 2016 оны 02 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Н.Ундрахбаяр нь миний баруун хөлний цавь хэсэгт хутгалсанаар надад хүнд зэргийн гэмтэл тогтоогдож, улмаар би ажил төрөлөө хийж чадахгүй группэд гарсан. Би ажил төрөлөө хийж чадахгүй болохын зэрэгцээ давхар эрүүл мэнд, бие махбодиороо хохирсон, мөн банкны зээлээ төлж чадахгүй байдалд хүртэл хүрсэн. Би гэмтэж бэртсэнээсээ хойш Н.Ундрахбаяраас ажилгүй байсан хугацааныхаа цалин хөлсийг нэхэмжилсэн боловч баримтаа дутуу бүрдүүлсэн байсан учир авч чадаагүй /эрүүгийн журмаар шийдвэрлэгдэхэд/ бөгөөд групп тогтоолгосоны дараагаар ч байнгын эмчилгээнд явж эмчилүүлж байсан. Миний эмчилгээ хийлгүүлж байсан баримт болох 2016.12.07-нд ЭМЖЖ ХХК-нд өгсөн шинжилгээний төлбөр 70000, 2016.3.24-нд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн мөнгө 300.000 төгрөг зэргийг ажилгүй байсан хугацааны цалин хөлс дээрээ нэмж нэхэмжилмээр байна. Зарим нэг баримтаа би олохгүй байгаа. Дээрхи нэхэмжилсэн мөнгөн дүнгээр гэм хорын хохиролоо Н.Ундрахбаяраас гаргуулан авах хүсэлтэй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэг шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэг миний бие 2017 оны 06 сарын 02-ны өдрийн 11 цаг 30 минутанд болохоор товлогдсон Б.Суманхөлөгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Ундрахбаярт холбогдох иргэний хэргийи шүүх хуралдаанд Дорноговь аймгийн шүүх хуралдааны танхимаас онлайнаар оролцох хүсэлтийг гаргасан боловч Дорноговь аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэж, Дорноговь аймгийн шүүхийн байрны цахилгаан 2017 оны 06 сарын 02-ны өдрийн 10-12 цагийн хооронд цахилгааны хязгаарлалттай байхаар болсон тул онлайнаар оролцох боломжгүй болоод байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр, хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгч Б.Суманхөлөг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч Б.Суманхөлөг миний бие нэхэмжлэлийн шаардлагаа 2.397.278 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 10.937.280 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч Н.Ундрахбаяр нь миний биед хүнд гэмтэл учруулснаас болж одоог хүртэл би ажил төрөлгүй, банкны зээлээ төлж чадахгүй биеийн эрүүл мэндийн болон санхүү эдийн засгийн нөхцөл байдал маань маш их хүндрэлтэй бэрхшээлтэй зүйл ч их тохиолдох юм. Миний хувьд Н.Ундрахбаяраас гэм хорын зардлаа гаргуулан авахаар тус аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлтэй холбогдуулан хоёр удаа шуудан илгээсэн учир үүний зардал болох 7.800 төгрөг, өөрийн биед учирсан гэмтлээсээ болоод группт гарснаар хуучин ажиллаж байсан байгууллагаас надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж 466.592 төгрөгийг төлүүлсний зардал, /ажлын хувцас, гутлын өмсөж эдлээгүй сарын төлбөр 21.992, ээлжийн амралтын зөрүү 444.600/ анх орсон группын хугацаа дууссанаар дахин эмнэлэгт үзүүлж байгаад 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр группт буцаад орсон бөгөөд энэ хугацааны цалинг дундажлан тооцвол 2016 оны 12 дугаар сарын цалин 818.471 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын цалин 818.471 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 286.464 төгрөг, 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацааны цалин 1.923.406 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Н.Ундрахбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэргүй овогтой Ундрахбаяр миний бие 1979 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн. 38 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 2, хүүгийн хамт амьдардаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдож Дорноговь аймгийн Замын-үүд дэх Сум дундын анхан шатны шүүхээр 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 5 жил 10 хоногийн ял авч таслагдсан. Одоогоор Өмнөговь аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны аж ахуйн үйлчилгээнд ял эдэлж байна. Хохирогч Б.Суманхөлөгийн нэхэмжлэлтэй танилцаж үзээд хохирогч Б.Суманхөлөгийг шүүх хуралд биечлэн оролцуулах хүсэлтэй байгааг хүлээн авна уу гэжээ.
Хариуцагч Н.Ундрахбаяр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Н.Ундрахбаяр миний бие нэхэмжлэгч Б.Суманхөлөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжилсэн 2.397.278 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Нэхэмжлэгч Б.Суманхөлөг анх нэхэмжлэл гаргахдаа групп тогтоолгосныхоо зөрүү цалин нэхэмжилж нотлох баримтаар даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актыг хавсаргасан байдаг бөгөөд шагай ба тавхайн түвшинд цусны судас гэмтэх оноштойгоор ердийн өвчний жагсаалтын 1-10-36 заалтаар хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдаж 6 сараар тогтоогдсон байдаг. Гэтэл нэхэмжлэгч Б.Суманхөлөг нь 2017 оны 02 сарын 09-ний өдрийн Дорноговь аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмерийн магадлах комиссын шийдвэрээр Смешенная форма туюухость Аи II st гэсэн оноштой ердийн өвчний жагсаалтын 1-6-2 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалт 69 хувиар 12 сараар тогтоогдон группд орсон хугацааны цалингаа нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй гэж миний бие үзэж байна. Эрүүл мэндийн сайд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/39 А/12 дугаартай даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай тушаалын хавсралт ердийн өвчний жагсаалтын 6.2 заалт нь Хоёр чихний сонсгол: Дуу дамжуулах хэлбэрээр сонсголын түвшин /56-70дб/ ба мэдрэл-мэдрэхүйн холимог хэлбэрт /56-70дб/ бууралттай бол гэсэн заалтаар групп тогтоолгож цалин нэхэмжилж байгааг гайхаж байна. Нэхэмжлэгч Б.Суманхөлөг нь надтай найз нөхөд олон жил явсан хүний хувьд дүлий сонсгол муу хүн гэдгийг би мэднэ. Миний учруулсан гэмтлээс болж чихэнд нөлөөлнө гэсэн шинжээчийн дүгнэлт гараагүй учраас төлөх үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд байгаа 7.280 төгрөг, ажлын хувцас, гутлын өмсөж эдлээгүй сарын төлбөр 21.992 төгрөг, ээлжийн амралтын зөрүү 444.600 төгрөг зэрэг нь миний хариуцаж төлөх ёстой бодит хохирол гэж үзэхгүй байгаа тул хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч Н.Ундрахбаяр миний бие нотлох баримтын шаардлага хангаж шүүхээр нотлогдвол ялаа эдэлж дуусаад төлж барагдуулах болно гэжээ.
Хариуцагч Н.Ундрахбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Суманхөлөгийг гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна. Шүүхээр тогтоосны дагуу хохиролыг төлөхийг бодож байна. Эвлэрэн хэлэлцэх хүсэлт байхгүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Наранцацрал шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаартай шүүхийн тогтоолоор хохирогч Б.Суманхөлөг нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан. Хариуцагч Н.Ундрахбаяр нотлох баримтын шаардлага хангаж нотлогдвол гарсан хохирол төлбөрийг барагдуулна гэсэн байр суурьтай шүүх хуралдааанд оролцож байгаа. Нэхэмжлэгч Б.Суманхөлөг нь ажилгүй байсан хугацааны цалин болон эмчилгээний төлбөр нэхэмжлэхдээ хэдэн төгрөгний цалин авдаг, хэдэн төгрөгний эмчилгээ хийлгэсэн эмнэлэгийн хуудас нь тодорхойгүй харагддаг. Хэргийн материалд авагдсан нотлох баримт нь засвартай учраас тооцоолол хийе гэхэд ойлгогдох зүйл байхгүй. Сард 1.200.000 төгрөгний цалинтай гэж байх боловч нийгмийн даатгалын дэвтэр дээрх бичигдсэн цалин хөлстэй тохирдоггүй. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ гарын үсэг зураагүй байдаг ба шийтгэх тогтоолоо хавсаргаж өгөөгүй нь харагддаг. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага дээр ярихад Б.Суманхөлөг нь анх групп тогтоолгохдоо хөдөлмөрийн чадвар алдалтын ердийн өвчний жагсаалтын 1.10.36 заалтаар хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдаж 6 сарын хугацаагаар тогтоогдсон байдаг. Үүний дараа 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Дорноговь аймгийн Эрүүл мэндийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 2 чихний сонсгол дуу дамжуулах хэлбэрээр сонсголын түвшин 56-70, мэдрэхүйн холимог хэлбэрт бууралттай гэсэн оноштойгоор ердийн өвчний хөдөлмөрийн чадвар алдалт 69 хувиар 12 сараар тогтоогдсон группд орсон, цалингаа нэхэмжлэж байгаа нь үндэслэлгүй гэж байна. Энэ нь бол Эрүүл мэндийн сайд, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн а/39, а/12 дугаартай даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалт хувь хэмжээ хугацааг шинэчлэн батлан тухай тушаалын хавсралтын ердийн өвчний жагсаалтын 6.2 дах хэсэгт 2 чихний сонсгол шууд дамжуулах хэлбэрээр сонсголын түвшин мэдрэл, мэдрэхүйн холимог хэлбэрт бууралттай бол гэж тогтоолгон нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй. Б.Суманхөлөгт учруулсан гэмтлээс болж чихэнд нөлөөлсөн гэсэн шинжээчийн дүгнэлт гараагүй байдаг ба нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлт, акт хавсрагдаагүй байгаа учраас үүнийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн нэмж нэхэмжлэсэн шуудангийн зардал 7.280 төгрөг, ажлын хөлс, гутлын эдлээгүй сарын төлбөр 21.992 төгрөгийг Н.Ундрахбаярын хохируулсан бодит хохиролд тооцохгүй гэдгийг хэлье. Мөн ээлжийн амралтын зөрүү 440.640 төгрөгийг нэхэмжлэсэн байдаг. Энэ нь болохоор Б.Суманхөлөг нь 2017 оны 01 дүгээр сард ээлжийн амралттай байсан гэсэн байгууллагын тодорхойлолт ирсэн байдаг. Энэ гэмт хэрэг нь 2016 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө болсон учраас үүнтэй холбоогүй. Хэргийн хүрээн дэх нотлох баримтаар бүрэн хангалттай нотлогдохгүй байна гэж үзэж байгаа учраас эдгээр үндэслэлийг харгалзан үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл /хх-1-2/, 0817877 дугаартай эмнэлгийн хуудас тэтгэмж олголт /хх-3/, 0817902 дугаартай эмнэлгийн хуудас тэтгэмж олголт /хх- 4/, 0865070 дугаартай эмнэлгийн хуудас, тэтгэмж олголт /хх-5/, бэлэн мөнгөний орлогын баримт /хх-6/, Б.Суманхөлөгийн нийгмийн даатгалын 0047164 дугаартай дэвтэрийн хуулбар /хх-7/, Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-8/, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын шүүхэд Улаанбаатар төмөр замын шилжүүлэн ачих ангийн хүний нөөцийн менежер Н.Үл-Явахын гаргасан тодорхойлолт /хх-9/, Б.Суманхөлөгийн хөдөлмөрийн чадвар алдсан хугацааны цалин хөлсний тооцоолол /хх-10/, ЭМЖЖ ХХК-ийн орлогын ордер /хх-11/, Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 45 дугаартай магадлал /хх-12-17/, Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн б/170 дугаартай албан бичиг /хх-23/, хариуцагчийн 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хариу тайлбар, хүсэлт /хх-24-25/, Б.Суманхөлөгийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хүсэлт /хх-26/, Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 84 дугаартай албан бичиг /хх-29/, Б.Суманхөлөгийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хүсэлт /хх-30-31/, хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-32/, 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-37/, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 121 дугаартай албан бичиг /хх-44/, Улаанбаатар төмөр замын Замын-Үүд шилжүүлэн ачих ангийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 53/147 дугаартай албан бичиг /хх-47/, Б.Суманхөлөгийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн цалингийн тодорхойлолт /хх-48/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийн хуулбар /хх-51/, Эрүүгийн хэргийн төв архивын мөнгөний тасалбар /хх-52/, Б.Суманхөлөгийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-53-54/, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-58/, Б.Суманхөлөгийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, баримт /хх-61-69/, Дорноговь аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 0034127 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-70/, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн итгэмжлэл /хх-71/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанчимэгийн хүсэлтүүд /хх-72, 101, 108, 110, 125-126, 154-155, 161-162/, Өмнөговь аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны хүний тоо бүртгэлийн байцаагчийн туслах, ахлах байцаагч Р.Алтанхуягийн тэмдэглэл /хх-86/, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн итгэмжлэл /хх-90-91/, хариуцагчийн хариу тайлбар /хх-104/, хариуцагчийн өмгөөлөгч Э.Наранцацралын хүсэлтүүд /хх-105-106, 119/, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тов, Б.Суманхөлөгийн нэг сард ажиллавал зохих цалингийн тодорхойлолт, Улаанбаатар төмөр замын Замын-Үүд шилжүүлэн ачих ангийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 53/273 дугаартай албан бичиг /хх-127/, тус ангийн даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б-437 дугаартай тушаалын хуулбар /хх-128/, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс ээлжийн амралт эдлэх ажилтнуудын нэрсийн жагсаалт /хх-129-130/, тооцооны хуудсууд /хх-131-132/, 2016 оны 02 дугаар сарын цаг ашиглалт цалин бодох тооцооны хүснэгт /хх-133/, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-143-146/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 146 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбар /хх-147/, Гэрч П.Түмэнцэцэгийг байцаасан тэмдэглэлийн хуулбар /хх-148/ зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Суманхөлөг нь Н.Ундрахбаярт холбогдуулж гэм хорын хохирол 10.937.280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Б.Суманхөлөг нь “... 2016 оны 02 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Н.Ундрахбаяр нь миний баруун хөлний цавь хэсэгт хутгалсанаар надад хүнд зэргийн гэмтэл тогтоогдож, улмаар би ажил төрөлөө хийж чадахгүй группэд гарсан. Би ажил төрөлөө хийж чадахгүй болохын зэрэгцээ давхар эрүүл мэнд, бие махбодиороо хохирсон, мөн банкны зээлээ төлж чадахгүй байдалд хүртэл хүрсэн...“ хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж,
Хариуцагч Н.Ундрахбаяр нь “...Б.Суманхөлөгийг гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна. Шүүхээр тогтоосны дагуу хохиролыг төлөхийг бодож байна...” хэмээн маргаж байна.
Хариуцагч Н.Ундрахбаяр нь 2016 оны 02 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд суманд иргэн Б.Суманхөлөгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний баруун хөлний цавь хэсэгт хутгалж биед нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 146 тоот шинжээчийн дүгнэлт, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 45 дугаартай магадлал, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Уг гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч Б.Суманхөлөгт учирсан гэм хорыг хариуцагч Н.Ундрахбаяр хариуцан арилгах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “ Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл / эс үйлдэхүй /-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “ Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан байна.
Нэхэмжлэгчийн 0504517 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт / хх-53-54/ 2015 оны 03 сараас 2016 оны 02 дугаар саруудад авсан нийт цалин хөлс 10.830.694 төгрөгийг 12 сард хувааж тооцвол нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин хөлс 902.558 төгрөг байх ба тэтгэвэрийн дэвтэрт /хх-7/ бичигдсэн тэтгэвэрийн мөнгө болох 251.000 төгрөгийг хасч тооцвол нийт 651.558 төгрөгийг нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон 0095719 дугаартай актаар /хх-8/ тогтоосон хугацаа буюу 6 сараар тооцвол 3.909.346 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин нэхэмжлэгчийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн мөнгө 300.000 төгрөгийг эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол гарахаас өмнө төлж барагдуулсан гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгэсэн нотлох баримтыг ирүүлээгүй, хөдөлмөрийн гэрээг цуцалсны төлбөр 466.592 төгрөг, 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацааны цалин 1.923.406 төгрөг нь хариуцагч Н.Ундрахбаярын учруулсан гэм хорын улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ЭМЖЖ ХХК-нд өгсөн шинжилгээний төлбөр 70.000 төгрөг, шуудан илгээсэн зардал 7.800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй гэж тус тус үзэн нийт 7.027.934 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан 0817877 дугаартай эмнэлгийн хуудас тэтгэмж олголт /хх-3/, 0817902 дугаартай эмнэлгийн хуудас тэтгэмж олголт /хх- 4/, 0865070 дугаартай эмнэлгийн хуудас, тэтгэмж олголт /хх-5/, Б.Суманхөлөгийн нийгмийн даатгалын 0047164 дугаартай дэвтэрийн хуулбар /хх-7/, Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-8/, Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 45 дугаартай магадлал /хх-12-17/,/, Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 84 дугаартай албан бичиг /хх-29/, хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-32/, 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-37/, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 121 дугаартай албан бичиг /хх-44/, Улаанбаатар төмөр замын Замын-Үүд шилжүүлэн ачих ангийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 53/147 дугаартай албан бичиг /хх-47/, Б.Суманхөлөгийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн цалингийн тодорхойлолт /хх-48/, Б.Суманхөлөгийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-53-54/, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-58/, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн итгэмжлэл /хх-71/, Өмнөговь аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны хүний тоо бүртгэлийн байцаагчийн туслах, ахлах байцаагч Р.Алтанхуягийн тэмдэглэл /хх-86/, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн итгэмжлэл /хх-90-91/, Улаанбаатар төмөр замын Замын-Үүд шилжүүлэн ачих ангийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 53/273 дугаартай албан бичиг /хх-127/, тус ангийн даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б-437 дугаартай тушаалын хуулбар /хх-128/, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс ээлжийн амралт эдлэх ажилтнуудын нэрсийн жагсаалт /хх-129-130/, тооцооны хуудсууд /хх-131-132/, 2016 оны 02 дугаар сарын цаг ашиглалт цалин бодох тооцооны хүснэгт /хх-133/, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-143-146/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 146 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбар /хх-147/ зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “ бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон ба харин бэлэн мөнгөний орлогын баримт /хх-6/, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын шүүхэд Улаанбаатар төмөр замын шилжүүлэн ачих ангийн хүний нөөцийн менежер Н.Үл-Явахын гаргасан тодорхойлолт /хх-9/, Б.Суманхөлөгийн хөдөлмөрийн чадвар алдсан хугацааны цалин хөлсний тооцоолол /хх-10/, ЭМЖЖ ХХК-ийн орлогын ордер /хх-11/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийн хуулбар /хх-51/, Эрүүгийн хэргийн төв архивын мөнгөний тасалбар /хх-52/, Дорноговь аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 0034127 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-70/, Б.Суманхөлөгийн нэг сард ажиллавал зохих цалингийн тодорхойлолт, Гэрч П.Түмэнцэцэгийг байцаасан тэмдэглэлийн хуулбар /хх-148/ зэрэг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй байна
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэг нь шүүх хуралдаанд онлайнаар /зайнаас/ оролцох хүсэлтээсээ татгалзаж, эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “ Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно “ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хариуцагч Н.Ундрахбаяр нь нэхэмжлэгч Б.Суманхөлөгийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлтийг /хх-25/ гаргасан боловч шүүх хуралдааны ирцтэй холбоотой санал гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Ундрахбаяраас 3.909.346 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Суманхөлөгт олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 7.027.934 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Суманхөлөг нь улсын тэмдэгтийн хураамжид 189.946 төгрөг төлөхөөс чөлөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Ундрахбаяраас 77.499 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР
ШҮҮГЧИД Р.УРАНЧИМЭГ
А.ЭНХТӨР