Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2023/0173

 

 

 

 

 

 

 

 

               Т.Х нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Т.Х

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга  

Гуравдагч этгээд: Ц.Б, Ж.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/613 дугаар захирамжийн Ц.Б, Ж.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 950 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 128/2022/0721/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т.Х Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/613 дугаар захирамжийн Ц.Б, Ж.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 950 дугаар шийдвэрээр: 

“Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.7, 38 дугаар зүйлийн 38.1, 38.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Х гаргасан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/613 дугаар захирамжийн Ц.Б, Ж.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/613 дугаар захирамжийн Ц.Б, Ж.Бнарт холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0950 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-т "Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.3-т “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараах зүйлүүдийг тодруулна”, 38.3.1-д “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх”, 38.3.2-т “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх”, 38.3.3-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх”-ийг тодруулан шалгаж байж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг шилжүүлэх ёстой байсан боловч хэрэгт авагдсан газар баталгаажилтын хувийн хэргийн баримт, талуудын тайлбар, бусад бичгийн нотлох баримтуудаар энэхүү тодруулах хянах ажиллагааг хариуцагч Нийслэлийн Засаг даргын зүгээс зохих ёсоор явуулсан, хуульд заасны дагуу маргаан бүхий захиргааны актыг гаргасан гэх үндэслэл нотлогдохгүй байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан холбогдох материалын шаардлага хангасан эсэхийг тодруулсны үндсэн гаргасан нь хэрэгт авагдсан газрын хувийн хэрэг буюу нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, итгэмжлэл, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, албан татвар, хураамж төлсөн тухай баримтууд, гуравдагч этгээдийн тайлбар зэргээр нотлогдож байгаа юм.

Төрийн байгууллага Газрын тухай хууль болон холбогдох журмын дагуу газрын эрх шилжүүлэх хүсэлт гаргасан талуудын хүсэлт, хавсарган өгсөн баримт бичгийн үндсэн дээр шийдвэрээ гаргасан бөгөөд нэхэмжлэгч тал болон гуравдагч нарын хооронд байгуулсан хэлцэл зэргээс харахад нэг талын хүсэл зоригийг хангасан шийдвэр бус болох нь тогтоогдож байгаа юм.

Иймээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч талын эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 950 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

            1.Нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн А/613 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 488 м.кв газрын эзэмших эрхийг Ц.Б, Ж.Б нарт шилжүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо тухайн үед газар эзэмшигч буюу одоогийн нэхэмжлэгч Т.Х өөрийн ээж Д.Ж 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр олгосон итгэмжлэл, уг итгэмжлэлийн дагуу Д.Ж 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ц.Б байгуулсан хэлцэл, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Д.Ж, Ц.Б, Ж.Б нарын байгуулсан газар ашиглах эрх шилжүүлэх гэрээ, мөн оны 12 дугаар сарын 19-ний өдөр Т.Х нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг тус тус үндэслэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

            Тухайлбал Т.Х хүсэлтэд “…488 м.кв газрын эзэмших эрхийг иргэн Ц.Б, Ж.Б нарт шилжүүлж байгаа тул эдгээр хүмүүсийн нэр дээр гэрчилгээ гаргаж өгнө үү…”,

 

            -Т.Х-с Д.Ж олгосон итгэмжлэлд “…488 м.кв талбай бүхий дээрээ хүүхдийн тоглоомын талбайтай газар доорх дулаан гараашны зориулалттай, гэр бүлийн хамтын хэрэгцээний газрыг бусдад худалдах, худалдах гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, гэрээг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэх, буцаан авах, лавлагаа авах, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах бүрэн эрхийг 3 жилийн хугацаагаар олгосон…”,

 

            -Эрх шилжүүлэх гэрээнд “…эрх шилжүүлэгч Т.Х-ыг төлөөлж Д.Ж, эрх шилжүүлэн авагч Ц.Б, Ж.Б нар газар эзэмших эрхээ үнэ төлбөргүй шилжүүлэхээр харилцан тохиролцсон агуулгатай байгаагаас гадна эдгээр гэрээ, хэлцэл, хүсэлтийг тухай бүр нь нотариатаар гэрчлүүлсэн байх тул Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхэд хавсаргах баримт бичгийн бүрдэл хангагдсан, мөн уг хүсэлтийн дагуу хариуцагчаас тодруулах ажиллагааг бүрэн хийсэн гэж үзнэ.

 

            2.Гэтэл шүүхийн шийдвэрт “…нэхэмжлэгч Т.Х нь гуравдагч этгээд Ц.Б, Ж.Б нарт өөрийн эзэмшлийн маргаан бүхий 488 м.кв газрыг хуульд заасны дагуу шилжүүлэх хүсэл сонирхолгүй, гуравдагч этгээд нарын хувьд ч худалдан авах, өөртөө шилжүүлэн авах хүсэл сонирхолгүй байсан нь тогтоогдож байгаа, хуульд зааснаар тодруулах, хянах ажиллагааг хийгээгүй нь тодорхой байхад хариуцагчаас гаргасан захирамжийг Газрын тухай хуульд заасны дагуу гаргасан, хууль ёсны дагуу нэхэмжлэгчээс гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх шилжсэн гэж дүгнэх боломжгүй…” гэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн бодит нөхцөл байдалд хамааралтай, нотолгооны ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, холбогдох хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байна. 

 

            Учир нь нотариатаар гэрчлүүлсэн дээрх гэрээ, хэлцэл, хүсэлтүүдийг хуурамч гэж нэхэмжлэгч талаас үгүйсгээгүй, нотариатын үйлдэлтэй холбогдуулан маргаагүй, энэ талаар шүүхийн ямар нэгэн шийдвэр гараагүй, иймд тухайн үед өөрийн хүсэл зоригоо илэрхийлж үйлдсэн, нотариатаар гэрчлүүлж хуульд заасан шаардлагыг хангасан бичиг баримтуудад үндэслэж гарсан маргаан бүхий захирамжийг хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй.

 

            3.Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэж заасан, иймд Монгол Улсын иргэдийн хооронд хийгдсэн гэрээ, газар эзэмшигч Т.Х бичгээр гаргасан болон гуравдагч этгээд нарын газар эзэмших эрхийг шилжүүлэх, шилжүүлэн авах хүсэлтүүд, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, албан татвар, хураамж төлсөн талаарх баримтыг хавсаргасан, өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан шаардлага хангагдсан, мөн шилжүүлэх гэж буй эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр, шилжүүлэн авах этгээд нь Монгол Улсын иргэн байгаа энэ тохиолдолд хариуцагчийг уг хуулийн 38.3-т заасан тодруулах ажиллагааг дутуу хийсэн гэж буруутгах үндэслэлгүй.

 

            4.Түүнчлэн шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Газар ашиглуулах эрхийг шилжүүлэх гэрээ”-г гэрчилсэн нотариатч С.Ц тухайн үед уг гэрээг гэрчлэхэд оролцсон иргэдийн хувийн байдлыг тогтоосон баримтууд, гэрээг гэрчлэхэд хөтөлсөн бүртгэлийн дэвтрийн хуулбарыг нотлох баримтаар шаардан авсан атлаа энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэсэнтэй нийцсэнгүй.

 

            5.Гуравдагч этгээд Ц.Б болон нэхэмжлэлд дурдсанаар нэхэмжлэгч Т.Х хойд эцэг П.Б 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 488 м.кв газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, мөн л нотариатаар гэрчлүүлсэн байгааг маргаан бүхий захирамжийг хүлээн зөвшөөрсөн үйлдэл гэж үзэхээс бус нэхэмжлэлийг хангах үндэслэл болгохгүй. 

 

   Учир нь гуравдагч этгээдээс 2019 онд Т.Х шилжүүлэн авсан газар эзэмших эрхээ дээрх гэрээгээр түүний зөвшөөрлийн дагуу хойд эцэгт нь үнэ төлбөргүйгээр буцаан шилжүүлэн өгөхөөр ийнхүү тохиролцсон, нөгөө гуравдагч этгээд болох Ж.Б хувьд уг газрын хамтран эзэмшигчээс татгалзаж, газар эзэмших эрхийг Ц.Б дангаар эзэмшихийг хүлээн зөвшөөрсөн болохоо бичгээр илэрхийлж, нотариатаар гэрчлүүлсэн байх тул маргаан бүхий захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэх боломжгүй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 950 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3, 38.4 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Т.Х гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн А/613 дугаар захирамжийн Ц.Б, Ж.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

  ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                             Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

                        ШҮҮГЧ                                                            Э.ЛХАГВАСҮРЭН