Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 30

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
         Нэхэмжлэгч: Иргэн Ч.Б-ийн  нэхэмжлэлтэй, 
       Хариуцагч: Аймгийн ******* В.Р-ид холбогдох аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/30 дугаар захирамж миний хувьд хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоож, 2019 оны ээлжийн амралтыг биеэр эдлүүлэх, 20 хоногт ноогдох ээлжийн амралтын олговрыг олгохыг аймгийн ******* В.Рид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв. 
       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 


 Нэхэмжлэгч Ч.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:  Миний эхний үндэслэл нь ээлжийн амралтаа хууль ёсоор эдлэх ёстой гэж үзэж байна. Үүнийг дараах 8 үндэслэлээр тайлбарлая. 1.Монгол Улсын Үндсэн хуулийн 16.4-т заасан байгаа. Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй гэж заасан. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэж байгаа. Монгол Улсын иргэний хувьд хуульд заасан үндсэн эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдлэх ёстой гэж заасан байгаа. 2.Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.6 дахь заалт байгаа.  Хөдөлмөрийн тухай хуульд заасан ээлжийн амралт эдлэх баталгаагаар хангагдана гэсэн байгаа. Үүнд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд энэ баталгаагаар хангагдах ёстой гэж үзэж байна. 3.Хөдөлмөрийн тухай хуулийн 79.1-т ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ гэж заасан. 55.1 дэх хэсэгт ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно. Хөдөлмөрийн хуульд заасан ээлжийн амралтаа биеэр эдлэх, энэ хугацаанд заасан олговроо авах хуулийн зохицуулалт байна. Үүнийг эдлэх эрхтэй гэж үзэж байна. 4.Аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/27 дугаар захирамж байгаа. Эрх бүхий этгээдийн хуульд заасан албажиж надад танилцуулагдсан шийдвэрийн дагуу амарч байсан. 5.Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалын нэг дүгээр хавсралтаар баталсан ээлжийн амралт олгох зааврын нэгдүгээр хавсралтын дагуу аймгийн Засаг даргын орлогчийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай мэдэгдлийг албан ёсоор өгсөн байгаа. Үүний дагуу амралтаа авч амарч эхэлсэн байгаа. 6.Мөн дээрх сайдуудын хамтарсан тушаалын дагуу ээлжийн амралт олгох зааврын 2-рт ажил олгогч нь бүх ажилтныг жил бүрийн ээлжийн амралтаа заавал биеэр эдлүүлэх бололцоогоор хангаж эдлүүлнэ гэж заасан байгаа. Би 2019 онд багтаж ээлжийн амралтаа биеэр эдлэх эрхтэй. 7.Амралтын мэдэгдэх хуудас аваад 5 хоног, амарч эхлээд 3 хонож байхад миний амралт баталсан захирамжийг хүчингүй болгосон. Би мэдээгүй байхад миний ээлжийн амралт олгосон захирамж хүчингүй болсон. Ээлжийн амралт баталсан захирамж гараад амарч байхад цаг хугацааны хувьд сүүлд нь захирамж хүчингүй болгох шийдвэр гаргаад миний эрх зүйн байдлыг дордуулаад хууль буцааж хэрэглэдэггүйтэй адил буцааж үйлчлэхгүй хууль бус захирамж гаргасан. Миний төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Хуулийг буцааж хэрэглэх асуудал байж болохгүй. Процессын хуулиудаар буцааж хэрэглэхээр бол иргэнд аль ашигтай хуулийг хэрэглэдэг. Миний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэрийг гаргасан нь хууль бус гэж үзэж байна. 8.Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль гээд бүх хууль тогтоомжид миний амрах эрх байгаа. Үүний дагуу эрхээ эдлэх ёстой байдаг. Б/30 дугаар захирамж нь хуулийн ганцхан үндэслэлтэй. Тэр нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.3 засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл ерөнхий сайд тус тус хүчингүй болгоно гэсэн байгаа. Энэ заалт амралтын хуваарийг хүчингүй болгуулахад зориулагдсан заалт биш. Засаг даргын гаргасан захирамж нь хууль тогтоомжийг зөрчсөн гэж эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд засаг дарга миний энэ шийдвэр хууль тогтоомж зөрчсөн байна. Тийм учраас үүнийгээ би хүчингүй болгох ёстой юм байна гэж үзэж хүчингүй болгосон шийдвэр бусад хуулийн үндэслэлүүдийг бичиж байж энэ захирамжийг гаргах ёстой. Гэтэл хууль тогтоомжоор олгогдсон хууль зөрчсөн бол та хүчингүй болгоно гэсэн ерөнхий заалтыг барьсан. Ямар хуулийн зүйл заалтыг яаж зөрчсөн нь тодорхойгүй. Үүнийг тогтоосон этгээд байхгүй. Дээр нь аймгийн ******* гэдэг хүн хэмжээгүй эрх дархтай хүн биш. Хууль тогтоомж зөрчсөн гэдэг нь нэгдүгээрт мэдээжийн үйл явдлаар тогтоогдоно эсхүл тодорхой эрх бүхий байгууллагын шийдвэрээр хууль зөрчсөн гэдэг зүйл нотлогдох ёстой. Гэтэл ямар ч хуулийн үндэслэлгүй шийдвэрийг гаргасан байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж байгаа. Аймгийн засаг даргаас ирүүлсэн тайлбартаа Хөдөлмөрийн тухай хуулийн ямар заалтыг зөрчсөн талаар тодорхойгүй байгаа. Зөрчсөн гэж бичээгүй байгаа. Нийцээгүй гэж байгаа. 2 сайдын хамтарсан ээлжийн амралтын зааврыг зөрсөн гэж байх шиг байгаа юм. Үүн дээр өмнөх хурал дээр яригдсанаар бичгээр санал авах ёстой гэсэн зүйлүүд ярьж байгаа. Бичгээр гэсэн зүйл байхгүй. Орчин үед мэдээллийн технологийн цахим засаглалын үед бичгээр санал авдаг зүйл байхгүй. Дараагийн асуудал нь албан тушаалтнуудын ажлын уялдааг хангаагүй гэж заасан. Ямар уялдааг хангаагүй гэдэг нь тодорхойгүй. Захирамжид заасан 91 хүн хоорондоо уялдаагүй  байсан юм уу? эсхүл Ч.Б гэдэг хүн уялдаагүй байсан юм уу? маш ойлгомжгүй байна. Ажлын уялдаа холбоо ярих гэж байгаа бол ажлын уялдаа холбоог баталсан журмалсан заавар, дүрэм, журам байх ёстой. Энэ нь байхгүй. Тайлбарт хариуцагч бичсэн байсан. Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцох ёстой, баяр наадмын үйл ажиллагаанд оролцох ёстой гээд энэ тайлбар биш. Энэ нь цаг үеийн ажлууд, Засаг даргын тамгын газрын ажлын байрны тодорхойлолтод чи Үндсэн хуулийг хэлэлцүүлнэ, чи баяр наадмын зохион байгуулалтад орно гэдэг ийм зүйл байхгүй. Ямар нэгэн тушаал шийдвэр дээр байхгүй цаг үеийн шинжтэй асуудал байгаа. Энэ асуудлыг амарч байх хугацаандаа ч наадмын комисс дээр ирээд хуралдах боломж байгаа. Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг өмнө нь Улсын Их Хурлын тамгын газраас бичиг ирэхэд заавал Ч.Б та оролцоорой гэсэн үг үсэг байхгүй. Би тэрийг Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа харсан хүний хувьд, иргэдийн Хуралд онлайнаар хэлэлцүүлэгт орж байсан хүний хувьд баталгаатай хэлж чадна. Дараагийн асуудал Б/30 дугаар захирамж дээр Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэсэн болохоос Хөдөлмөрийн тухай хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн гэдэг нь маш тодорхойгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан утга агуулгын илэрхий алдаатай, иргэний эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах илт хууль бус байгаа. Энэ ээлжийн амралтыг хүчингүй болгож байгаа захирамжийг утга агуулгын хувьд илэрхий алдаатай гэж үзэж байна. Яагаад гэхээр хууль зүйн үндэслэл нь ч тодорхойгүй, захирамжлах хэсэгт заасан ажлын уялдаа холбоо гэдэг нь тодорхойгүй, хэн хаанаа ямар уялдаа холбоогүй байгаа нь ч тодорхойгүй бусад өөр ашиг сонирхлын үүднээс гаргасан илт хууль бус захирамж гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар бүлэгт заасны дагуу захиргааны шийдвэрийг гаргахдаа захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч оролцох, түүний хуульд заасан эрхийг эдлүүлэх, хууль зүйн болон бусад мэргэжлийн зөвлөгөө өгөх, туслалцаа авах эрхийг эдлүүлэх, бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох, сонсох ажиллагаа явуулах, оролцогч баримт бичигтэй танилцах зэрэг үйл ажиллагаа хийгдээгүй. Захиргааны байгууллага хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах үүрэгтэй байгаа. Үүнийг захиргааны байгууллага өөрөө биелүүлээгүй. Баримт бичигтэй танилцах ямар ч боломж олгоогүй. Ийм шийдвэр гарсан гэдгийг би мэдээгүй. Захиргааны ерөнхий хуулийн бүх заалтыг зөрчсөн асуудал байна. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5, 40.3, 40.4-т заасныг зөрчсөн. Захиргааны актад тухайн захиргааны актыг гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заагаагүй байгаа. Үүн дээр 40.2.5 дээр захиргааны актыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг бичгээр гаргасан захиргааны актын шаардлагад ийм зүйлийг хангасан байх ёстой. Аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/27 дугаар ээлжийн амралтын хувиар батлах тухай захирамж гарч уг захирамжийн 1-р хавсралтаар Ч.Б миний ээлжийн амралтыг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 20 хоногийн хугацаагаар амрах хувиар баталсан. Ингээд гарын үсгээ зураад ээлжийн амралт олгох тухай мэдэгдлийг надад өгөөд 06 дугаар сарын 14-ний өдрөөс би амарч эхэлсэн. Гэтэл шинээр томилогдсон ******* В.Р 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ажилдаа ирсэн. 06 дугаар сарын 17-ны өдөр ажилдаа ирж, ирсэн өдрөө Б/30 дугаар захирамжийг гаргасан. Миний ээлжийн амралтын захирамжийг хүчингүй болгосноос хойш 6 хоногийн дараа ажлаас халсан. Ингээд хуулийг буцааж хэрэглэдэггүйтэй адил ******* В.Рийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/30 дугаар захирамж яагаад намайг 06 дугаар сарын 14-ний өдөр амраад эхэлсэн байхад буцаж үйлчлээд байдаг юм. 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл ирсэн. Үүний дагуу 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажлын жилийн ээлжийн амралтыг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 20 хоногоор олгов гээд аймгийн Засаг даргын орлогч Ж.Гын ээлжийн амралт олгох мэдэгдэл баталсан хавсралтын дагуу надад ирсэн. Нягтланд нэг хувь, надад нэг хувь өгсөн. Миний ээлжийн амралтын мөнгө орох байх гээд амраад байж байтал намайг ажлаас халсан байсан. Намайг ажлаас халагдсаны дараа 6 сарын ээлжийн амралтын мөнгийг шилжүүлсэн байсан. 20 хоногоор таны мэдэгдэл над дээр ирсэн. Дараа нь та ажлаас халагдсан учраас таны ажилласан 6 сард бодогдох мөнгийг дараа нь шилжүүлнэ гэсэн тайлбарыг надад өгсөн.

 Дараагийн асуудал ерөнхий сайдын захирамж өөрөө захиргааны акт учраас захиргааны хуулийн процессын дагуу явагдаж төрийн байгууллагын албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар гэж байгаа. Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 68 дугаар тушаалаар баталсан албан хэрэг хөтлөлтийн заавар байгаа. Хуультай нэгэн адил хүчин төгөлдөр стандартууд байгаа. Баримт бичгийн бүрдлүүд, тэдгээрт тавигдах шаардлага. МNS-5141 баримт бичгийн төрөл тодорхойлолт MNS5140 гэсэн стандартуудаар захиргааны актыг мэдэгдэх, хүчин төгөлдөр болох гэдэг хуулийн заалтын дагуу захиргааны албан хэрэг хөтлөлт өөрөө тогтсон журамтай байдаг. Түүнээс тэнд нэг хүн тушаал шийдвэр гаргалаа гээд тэр даруйдаа хэрэгждэг асуудал байхгүй. Монгол Улсын Их Хурлаас батлагдаж байгаа хууль, Төрийн мэдээлэл сэтгүүл дээр хэвлэгдсэнээр хүчин төгөлдөр үйлчилнэ гэсэн заалтууд байгаа. Үүнтэй адилхан хууль батлагдаад хэвлэгдсэнээс, эсхүл хуульд заасан хугацаанаас гэж тодорхой заасантай адил ерөнхий сайдын захирамж дээр батламжилсан процесс болсон болохоос энэ нь Захиргааны ерөнхий хуулийн дагуу түүнд мэдэгдээд акт хэзээ хүчин төгөлдөр болох вэ гэдэг нь заалтаар албан хэрэг хөтлөлтийн зааврын дагуу бичиг хэргээр дамжиж эрх бүхий хүмүүст хянагддаг. 
Үндсэндээ Засаг даргын Тамгын газар гэдэг айл 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Төрийн ажил хэн нэгэн дарга томилогдсоноос үл хамаарч үргэлжлээд явж байдаг дүрэм журматай. Бүх зүйлийг улс төрийн албан тушаалтантай хамаатуулж ойлгох нь маш өрөөсгөл ойлголт. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дээр заасан байгаа. Аймаг нийслэл, сум дүүргийн Засаг даргын ажлын албанд Тамгын газар байх бөгөөд дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж байгаа. Тэгэхээр Засаг даргын ажлын алба гэж заасан болохоос Засаг даргын Тамгын газрын дарга гэж заагаагүй. Яагаад энэ хуулинд дээр ингэж заасан гэхээр 6 хэлтэс түүнд харьяалагдах 60 гаруй мэргэжилтэн хууль дүрмийнхээ дагуу үйл ажиллагааг явуулдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.   

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Ч.Б албан ёсны Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга мөн. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны 60 дугаар тогтоол байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн ээлжийн амралтаа эдэлнэ гээд байгаа. Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд ажилтан жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ээлжийн амралтыг эдлүүлж, амралтын хугацааны олговрыг гаргуулахыг аймгийн *******д даалгах нэхэмжлэлийн шаардлага, хүсэлтийг гаргаж байна. Иргэн хүн хуулийн дагуу жил бүр ээлжийн амралт эдлэх ёстой. Монгол Улсын хууль аймгийн Засаг даргын Б/30 дугаар захирамжид захирагдахгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн үндсэн зарчим нь хууль дээдлэх. Захирамжаа хуульд нийцүүлж гаргах ёстой болохоос хуулийн эсрэг гаргаж болохгүй. Аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/30 захирамж хуурамч, илт хууль бус, өөр захирамж хүчингүй болгох байтугай өөрөө хүчингүй зүйл. Нэгдүгээр үндэслэл хуульд нийцэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 79.1 дүгээр зүйлд ажилчинд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалаар баталсан ээлжийн амралт олгох зааврын 2-т ажил олгогч нь бүх ажилтныг ажлын жил бүр ээлжийн амралтаа заавал биеэр эдлэх бололцоогоор хангаж эдлүүлнэ гэж байгаа. Ажил олгогчид шууд үүрэг болгосон байгаа. Зааврын 3-т ажил олгогч нь ажилтны ээлжийн амралтын хувиарыг тэдний саналыг үндэслэн зохицуулж баталсан хуваарийн дагуу ээлжийн амралт олгох мэдэгдлийг санхүү болон ажилтанд олгоно гэж байгаа. Хоёрдугаар асуудал нь аймгийн ******* ажилд орсон анхны өдрөө 98 ажилтны амралтын хувиар баталсан хуульд нийцсэн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосон цаг хугацааны хувьд авч үзэхэд Захиргааны ерөнхий хууль, захиргааны акт гаргах зүйл заалтуудын хүрээнд авч үзэхэд боломжгүй гэдэг нь ойлгомжтой байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэж байгаа. 4.2.6-д бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэж оролцоог хангана. 13.3-т оролцогчийг шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулах, 15 дугаар зүйл оролцогчийн эрхийг хангах, 24 дүгээр зүйл шийдвэр гарах ажиллагаанд хамрах бодит нөхцөл байдлыг тогтоох гэж байгаа. Энэ хамгийн чухал, бодит нөхцөл байдлыг тогтоох ёстой. Ач холбогдол бүхий мэдээлэл цуглуулах ёстой. Оролцогчийг сонсох, захиргааны хяналтын хувийн хэрэг хөтөлнө. Хяналтын дагалдах хуудас гаргах зэрэг захиргааны хяналтын үед хийгдэх ёстой зэрэг Захиргааны ерөнхий хуулийн дээрх заалтуудад заасан ямар ч ажиллагаа хийгдээгүй. Энэ захирамж 17-ны өдөр гарахад Тамгын газрын дарга байсан хүн танилцаагүй байна. Тэгэхээр дагалдах хуудас байхгүй, албан бус гэдэг нь ойлгомжтой байна. Гуравдугаарт энэ захирамжийг бодит нөхцөл байдлаас харахаар эрүүгийн гэмт хэргийн шинжийг агуулсан, хуурч мэхлэх шинжтэй. Энэ захирамж цаана нь хувь байгаа эсэх нь эргэлзээтэй. Аймгийн захиргаа хууль зүйн хэлтэстэй, захиргааны удирдлагын мэргэжлийн байгууллага ийм захирамж гаргах ёсгүй. Шаардлага гарвал Цагдаад хандана. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29-ийг үндэслээд Б/27 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь хууль буруу хэрэглэсэн бөгөөд уг заалт нь *******д эрх олгосон болохоос ажиллагчдын амралтын хувиарыг хүчингүй болгох үндэслэл биш. Энэ нь уг хуулийн 29.2 Засаг даргыг хуульд нийцээгүй захирамжийг хүчингүй болго гэсэн болохоос тэрийг тавьж байгаад амралтын хувиарыг баталсан захирамжийг хүчингүй болгуулж болохгүй. Б/30 дугаар захирамжийн 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, ажлын уялдааг хангаагүй ээлжийн амралт олгох тухай 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгосугай гэсэн захирамж хүчингүй болгосон заалтад Захиргааны ерөнхий хуульд нийцсэн зүйл нэг ширхэг ч байхгүй. 4.2.1-т захирамж гаргахдаа хуульд үндэслэсэн зүйл байхгүй. 42.3 захиргааны актыг бичгээр гаргахдаа хууль зүйн үндэслэлийг заах гэж байгаа. Үүн дээр хууль зүйн үндэслэл заасан зүйл байхгүй. 40.3-т захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага, захиргаан акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл заалтыг тодорхой заана гэснийг хэрэглээгүй, илт хууль бус болох нь тодорхой байна. Ажлын уялдаа холбоог хангаагүй нь ямар хуулийн хэд дэх заалтыг зөрснийг тодорхой заах ёстой байсан.  Б/27 дугаар захирамж Хөдөлмөрийн тухай хуулийн 79-т заасан хуульд нийцсэн захирамж байгаа. 2019 оны 06 дугаар сарын 17-нд 10 гаруй хүн амарсан. Цэцэрлэг сургуулийн 57 хүнийг амрахыг В.Р дарга 17-ны зөвлөгөөн дээр зөвшөөрсөн байдаг. Ингээд 70 хувь нь Б/27 тоот захирамжаар баталсан хуваариар амарсан байгаа. Тэгэхээр 70 хувийн гүйцэтгэлтэй Б/27 дугаар захирамжийг хүчингүй болгуулах ямар ч үндэслэл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв. 
         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүхэд гаргасан хариу тайлбар  болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Аймгийн Засаг даргын орлогчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн Б/27 дугаар захирамж нь 06 дугаар сарын 11-ний өдөр гарсан байгаа. Гарахдаа хууль тогтоомжид нийцээгүй, гарах ёсгүй захирамжийг орлогч гаргасан байгаа. Ерөнхий сайдын захирамжаар аймгийн Засаг даргыг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 70 дугаар захирамжаар томилсон байхад орлогч захирамж гаргаж байгаа нь хуульд нийцээгүй. Энэ нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.7-д засаг дарга огцорсон, ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд Засаг даргын бүрэн эрхийг аймгийн Засаг даргын орлогч бүрэн хариуцна гэж байгаа. 06 дугаар сарын 11-нд аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд томилсон байхад ээлжийн амралт олгох захирамж гаргаж байгаа нь үндэслэлгүй. Мөн аймгийн Засаг даргын захирамж хүчингүй болгох тухай 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/30 дугаар захирамжид Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, албан тушаалтны ажлын уялдааг хангаагүй гэж хүчингүй болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд ээлжийн амралт олгох талаар зохицуулсан байгаа. 79 дүгээр зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалаар ээлжийн амралт олгох зааврыг баталсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийг хэрэгжүүлэхээр журмыг баталсан байдаг. Журмын заалт нь тухайн ажил олгогч юм уу шийдвэр гаргах эрх бүхий субъект нь тухайн байгууллагын албан хаагчдын уялдааг харж жилийн эхэнд ээлжийн амралтын хуваарийг батална гэж заасан байгаа. Энэ журмыг хууль тогтоомжоор гаргасан захирамж зөрчсөн. Яагаад гэхээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор аймгийн баяр наадам зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг салбар хороотой нь баталсан. Нэхэмжлэгч өөрөө баяр наадмыг зохион байгуулах төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллахаар байсан. Мөн аймгийн төрийн байгууллагуудын дарга нарын шуурхай зөвлөгөөн дээр аймгийн засаг дарга томилогдож ирээд шуурхай зөвлөгөөн хийсэн байгаа.  Үүн дээр түрүүний үндэслэлээ дурдаад Ерөнхий сайд 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 70 дугаар захирамжаар батламжилж албан тушаалдаа томилогдсон гэсэн байдлыг нийт дарга нарын шуурхай дээр танилцуулсан байдаг. Мөн Засаг даргын зүгээс өгсөн үүрэг нь тэмдэглэл дээр ч гэсэн байгаа.  Ажлаа хийдэггүй дарга нар олон байна. Шуурхайд ирээгүй дарга нарыг нэг цагийн дараа миний өрөөнд дуудна уу? ажлаа хийхгүй сургалт семинарт яваад байгаа. Мөн морь уяад явж байгаа дарга нарыг ажлыг нь хийлгэхийг төрийн захиргааны удирдлагын хэлтэст үүрэг чиглэл өгсөн байдаг. Нэгж байгууллагын ажлын уялдааг хангаагүй. Бүх дарга нар нь 7, 8 сард амардаг. Аймгийн засаг дарга захирамжаараа томилдог дарга нарыг ээлжийн амралтын хувиарыг 7, 8 сард батлаад өгсөн. Бүгд амралтын байдалтай. Шинээр ирсэн ******* тодорхой үүрэг даалгавар өгсөн. Тухайн үеийн нөхцөл байдал ийм байсан гэдэг нь тэмдэглэлээс харагдана. Дараагийн асуудал нь нэхэмжлэгчийг тухайн үед ээлжийн амралт олгох захирамжийг хүчингүй болгосон. Нэхэмжлэгч амарч байгаа гэх хугацаандаа ажиллаж байсан. 6 сарын цалинг бүтнээр олгосон байгаа. Мөн 7 сард эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалын дагуу ажлаас халагдах чөлөөлөгдөхөд ээлжийн амралтын тооцоог хийж дуусгах гэсэн заалтын дагуу ээлжийн амралтыг ажилласан хугацааны 10 хоногийн ээлжийн амралтыг олгосон учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.
         Хариуцагчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэгдүгээрт нэхэмжлэгчийг гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Мөн дээрээс нь нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэдэг үндэслэл нь манайхаас гэрч асуулгах хүсэлт гаргахад тайлбар хэлсэн. Нэхэмжлэгч өөрийн биеэр би Б/30 захирамжийн хавсралт хэсэг буюу Ч.Б-ийн ээлжийн амралтыг баталсан хуваарийг хүчингүй болгуулахгүй. Тэгэхээр ээлжийн амралт биеэр эдлэх ээлжийн амралтын нөхөн олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь хангагдахгүй болчихоод байна гэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлага дээрээ Б/30 дугаар захирамжийн өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгуулна гэж байгаа. Тэгвэл Б/30 тоот захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь хавсралтад байгаа нэхэмжлэгчийн ээлжийн амралтыг баталсан хэсэг байгаа. Өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж байгаа бол хавсралт хэсэг дээр ярих ёстой. Б/30 захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулъя гэж бичээгүй гэж ойлгож байна. Энэ мэтчилэн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Мөн нэмж хэлэхэд Б/30 тоот захирамж миний хувьд хүчингүй болохыг тогтоолгоё гэж байгаа. Нэхэмжлэгчийн хувьд Б/30 тоот захирамж нь хүчингүй болохыг тогтоолгохоор бусад 97 хүний хувьд хүний хувьд төгөлдөр үлдэх юм уу? гэдэг асуудал байна. Нэхэмжлэл гаргаж байгаа бол нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх ёстой. Түүний үндэслэл тодорхой байх ёстой. Хоёрдугаар асуудал Захиргааны ерөнхий хуулийн 92-96 дугаар зүйл хүртэл захиргааны актад гомдол гаргах журам гэж байгаа. 93.1 дээр иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагад гаргана гэж байгаа. Энэ нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгээгүй. Өөрөөр хэлбэл аймгийн засаг даргын захирамжийг хууль бус гэж үзвэл тухайн аймгийн ******* өөрөө эсхүл дээд шатны албан тушаалтан болох Монгол Улсын Ерөнхий сайд хүчингүй болгох эрхтэй байдаг. Захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага заавал урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдэх ёстой байдаг. Шууд шүүх хүлээж авах ёсгүй. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахгүй байх нэг үндэслэл, гуравдугаарт маргаан бүхий Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/30 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай захирамжийг хууль бус гэж байна. Энэ захирамж хууль бус байсан уу? гэдгийг ярихын өмнө эхлээд энэ захирамжаар хүчингүй болгосон Говь-Алтай аймгийн засаг даргын орлогчийн баталсан 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/27 тоот захирамж өөрөө хүчин төгөлдөр юм уу? Хуульд нийцсэн юм уу? гэдгийг ярих ёстой. Б/27 тоот ээлжийн амралтын хуваарь баталсан захирамж нь дараах үндэслэлүүдээр хууль зөрчсөн учраас ******* бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.3-т зааснаар бүрэн эрхийнхээ хүрээнд хүчингүй болгосон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 79-д нийцүүлэн гаргасан эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 2000  оны 166 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан ээлжийн амралт олгох тухай заавар гэж байгаа. Энэ зааврын 3 дугаар хэсэгт ажил олгогч нь ажилтнуудын ээлжийн амралтын хуваарийг тэдний саналыг үндэслэн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдуулахгүйгээр календарийн жилийн эхний улиралд багтаан гаргах ба баталсан хуваарийг энэ зааврын 1-т заасан ээлжийн амралт эдлэх, санхүү болон ажилтанд олгоно гэж байгаа. Үүнээс Б/30 захирамж дурдаад байгаа Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэдэг агуулга гарч ирж байна. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь ээлжийн амралтыг календарийн жилийн 1-р улиралд багтааж баталдаг. Ээлжийн амралтаа батлуулж байгаа ажилтныхаа саналыг авдаг байх нь хамгийн чухал нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр батална гэж байгаа. 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Ерөнхий сайдын захирамжаар шинээр ******* томилсон захирамж гарсан байгаа. Гэтэл тухайн үед Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан одоогийн нэхэмжлэгч Ч.Б Засаг даргын орлогчийн баталсан ээлжийн амралтын хуваариар Засаг даргыг томилогдсоноос 3 өдрийн дараа буюу 06 дугаар сарын 14-ний өдрөөс эхлээд ээлжийн амралтаа авах гэж байсан. Үүнээс юу харагдаж байна гэхээр Засаг даргын тамгын газрын дарга нь Засаг даргын ажлын албаны дарга бөгөөд Засаг даргыг чиг үүргээ хэрэгжүүлэх, аймгийн хэмжээний удирдлагаа хэрэгжүүлэхэд нь туслах чиг үүрэг бүхий албан тушаалтан, түүний дотоод нэгжийн дарга. ******* шинээр томилогдож ирээд ажлаа хүлээж аваад ажил байдалтайгаа танилцаад явах байтал тамгын газрын дарга нь зөрж амрах гээд байдаг. Энэ нь тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдах байдалд хүрч байна. Мөн дээрээс нь улсын баяр наадам болох гэж байсан. Үндсэн хуулийн хэлэлцүүлэг явагдах гээд олон ажлууд байхад хамгийн чухал албан тушаалтан болон шинээр томилогдсон *******д туслах чиг үүрэг бүхий Тамгын газрын дарга нь зөрөөд амраад явах гэж байхад шинээр томилогдсон ******* үйл ажиллагаагаа яаж явуулах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Б/27 тоот захирамжийг баталсан албан тушаалтан болох аймгийн засаг даргын орлогч баталсан байгаа. Гэвч Ерөнхий сайдын захирамжаар Говь-Алтай аймгийн ******* 06 дугаар сарын 11-ний өдөр захирамжаар томилогдсон байдаг. Гэтэл ерөнхий сайдын захирамж ирсэн байхад Засаг даргын орлогч өөрөө эрх хэмжээ хэтрүүлж хүнийн нөөцтэй холбоотой шийдвэр гаргаж байгаа нь хууль бус. Засаг даргын орлогч нь Засаг даргыг ажлаас халагдсан, засаг даргыг шинээр томилогдох хүртэл бүрэн эрхийг хэрэгжүүлж хариуцлагыг өөрөө хүлээдэг. 06 дугаар сарын 11-ээс өмнө энэ шийдвэр гарсан бол гаргасан албан тушаалтан гэдэг дээр эрх зүйн хувьд маргаан гарахгүй байх боломж байсан. Тэгэхээр Засаг даргыг томилогдсоноос хойш гарч байна гэдэг нь Б/27 тоот захирамж нь өөрөө хууль бус, баталсан албан тушаалтан нь хуульд заасан эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэсэн зүйл харагдаж байна. Мөн дээрээс нь Б/30 дугаар захирамжаар Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийгээгүй. Оролцогчийн эрхийг хэрэгжүүлээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж байна. Нэхэмжлэгч өөрөө аймгийн Засаг даргын Тамгын гарын дарга жирийн иргэн биш. Энэ байгууллагын үйл ажиллагаанд оролцоод зохино байгуулалтыг хийгээд явдаг удирдлагуудын нэг, тэр утгаараа 06 дугаар сарын 17-ны өдрийн шуурхай зөвлөгөөн дээр оролцсон. Хуралд юу яригдсан гэхээр хавтаст хэрэгт байгаа баримтын хүрээнд шинээр томилогдсон ******* Б/27 тоот захирамжийг ямар үндэслэлээр хүчингүй болгох гэж байгаа талаар мэдээлсэн байдаг. Тухайн хуралд оролцсон удирдлагууд бүгд мэдсэн. Үүнээс юу харагдаж байна гэхээр сонсох ажиллагаа явуулаагүй гэж байгаа. Захиргааны актыг өмнө нь ямар үндэслэлээр хүчингүй болгох гэж байгааг өмнө нь мэдсэн тохиолдолд сонсох ажиллагаа явуулахгүй байж болохоор заасан байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 28-д сонсох ажиллагааг хийхгүй байх тохиолдлуудыг заасан байгаа. 28.1.1 дээр нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол, мөн 27.2.2 тухайн захиргааны актаар эрх ашиг хөндөгдөж байгаа этгээдүүд 20-оос дээш байвал өмнө нь энэ этгээдүүд хурал цуглаан, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдсэн байвал сонсох ажиллагаа хийхгүй байж болохоор байгаа. Гэтэл энэ захиргааны актаар 98 оролцогчийн эрх ашиг яригдаж байгаа. Нөгөө үндэслэл нь Б/30 тоот захирамжид захиргааны акт гаргах бодит нөхцөл байдлыг тодорхой заагаагүй гэж байгаа. Бодит нөхцөл байдлыг заасан. Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, хамгийн чухал нь нэгж байгууллагын ажлын уялдааг алдуулсан гэдэг чинь Түрүүний хэлсэн сайдын тушаал зааварт дурдагдсан нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр ээлжийн амралтын хуваарийг батална гэж заасан байгаа. Мөн 40.4-т заасан зүйлүүдийг ямар тохиолдолд тодорхой заахгүй байж болох вэ гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 40.5-д дараах тохиолдолд энэ хуулийн 40.5-д заасан шаардлага хамаарахгүй гэж байгаа. 40.5.2 дээр хаяглагдсан этгээдэд захиргааны актын үндэслэл тодорхой, ойлгомжтой байгаа. Эсхүл бодит нөхцөл байдал хууль зүйн үндэслэлийг өмнө нь мэдэж байсан бол заавал заах шаардлагагүй. Аймгийн хэмжээний бүх төрийн байгууллагын удирдлагууд орсон шуурхай зөвлөгөөн дээр актыг яагаад хүчингүй болгох гэж байгаа талаар ******* тайлбарлаад 98 албан тушаалтанд мэдэгдсэн учраас захирамж хүчингүй болгохдоо бодит нөхцөл байдлыг заагаад сонсох ажиллагаа явуулах шаардлага байхгүй гэдэг нь харагдаж байна. Ээлжийн амралтаа биеэр эдэлнэ, ээлжийн амралтын 20 хоногийн олговроо авна гэж байгаа. Үүнийг би үр дагавар нь юм байна гэж ойлгож байна. Ээлжийн амралт гэдэг асуудал дээр нэхэмжлэгч тал акцент өгөөд яриад байгаа учраас энэ захиргааны акт гарснаар ээлжийн амралтаа эдэлж чадаагүй гэж байгаа юм байна гэж ойлголоо. Ээлжийн амралтыг биеэр эдлүүлэх, нөхөн олговор олгуулах шаардлага нь 06 дугаар сарын 20-нд гарсан ажлаас халах тухай захирамжтай хамт нэхэмжлэлийн шаардлагаар явах ёстой. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хууль болон ээлжийн амралт олгох зааврын 13, 15 дээр тодорхой байгаа. Ажил олгогч ажлаас халагдахаас бусад тохиолдолд хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол биеэр эдлээгүй ээлжийн амралтын оронд мөнгөн олговор олгож болохгүй. Ажлаас халагдах үед ажил олгогч түүнтэй ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ гэж байгаа. Б/30 тоот захирамжийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч Ч.Бд ээлжийн амралтаа биеэр эдлэх болон, ээлжийн амралтын олговор авах эрх үүсэхгүй. Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл Улаанбаатар хотод захиргааны хэргийн шүүх дээр байгаа гэсэн. Түүнтэй хамт энэ шаардлага хамт явж байх ёстой. Энэ Б/30 тоот захирамж хүчингүй боллоо ч нэхэмжлэгчид ээлжийн амралтаа биеэр эдлэх болон, нөхөн олговор авах эрх үүсэхгүй. Хоорондоо 2 өөр агуулгатай. Нэхэмжлэлийн шаардлагатай захирамжийн үр дагавар авцалдахгүй байна. Өөрөөр хэлбэл ажилд эгүүлэн тогтоолгох ажлаас хууль бусаар халагдсанаа тогтоолгох тухай шаардлагатай хэрэг дээр энэ шаардлага гарах байсан. Мөн аймгийн *******тай хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байгаа. Ажлаас үндэслэлгүй халагдсан эсэхийг шүүх эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа учраас хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэж үзнэ. Б/27 тоот захирамжийн хууль зүйн үндэслэл дээр 06 дугаар сарын 11-ний өдөр аймгийн засаг дарга Ерөнхий сайдын захирамжаар томилогдоод байхад энэ өдөр Засаг даргын орлогч ээлжийн амралт батлаад 06 дугаар сарын 12-нд Ч.Б-ийн ээлжийн амралтын мэдэгдлийг хүлээж аваад өөрөө гарын үсэг зурсан байгаа. ******* томилогдсон байхад тухайн албан тушаалтныг томилох чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан өөрөө ээлжийн амралтын мэдэгдэл дээр гарын үсэг зурах эрхтэй. Өөрөөр хэлбэл засаг дарга 06 дугаар сарын 11-нд томилогдсон учраас ээлжийн амралтад ******* ажлаа хүлээж авснаас хойш ээлжийн амралтын мэдэгдэл дээр өөрөө гарын үсэг зурах эрх нь нээгдсэн байна. Шинээр ******* томилогдсон байхад Засаг даргын орлогч нь эрхээ хэрэгжүүлээд байсан. Энэ байдлуудаас болоод Б/27 гэсэн захирамж өөрөө хууль бус захирамж юм.  Хууль бус захирамжийг хүчингүй болгох эрх нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.3-т аймгийн *******д бүрэн олгогдсон байгаа. 

         Ээлжийн амралтын тооцоог ажилтан ажлаас халагдсан тохиолдолд хийхээр хуульчилж өгсөн байгаа. Ээлжийн амралтаа биеэр эдлүүлэх 20 хоногийн олговор олгуулах гэдэг шаардлага нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагатай хамт хэлэлцэгдэх ёстой. Өөрөөр хэлбэл энэ хүн 6 сар дуустал олговроо авч 06 дугаар сарын 20-нд ажлаас халагдаад хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон мөртлөө  өнөөдрийн байдлаар маргаан үүсгээд тухайн маргаан нь эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байхад 06 дугаар сарын 20-оос 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ээлжийн амралтаа эдлэх үү? үгүй юу гэдгийг энэ шүүх хурлаар шийдэх боломжгүй. Нягтлан бодогч гэрчээр орж ирэхдээ ч хэлсэн. Бүтэн жил ажилласан тохиолдолд бүтэн олгоно. Ажлаас халагдсан тохиолдолд ажилласан хугацаанаас олгодог гэсэн. Тэгэхээр ажилд эгүүлэн тогтоолгох маргаан нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй учраас энэ захирамж хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагад хамааруулж шийдэх боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг янз бүрээр тайлбарлаж байгаагаас нь нэхэмжлэгч өөрийнхөө нэхэмжлэлийнхээ үндэслэл шаардлагыг тодорхой бодитойгоор тайлбарлаж чадахгүй байгаа нь харагдаж байна. Нэхэмжлэгчийн маргах хүрээ гэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн яг хэдийг үндэслэж гаргаад байгаа нь ойлгомжгүй. Б/30 актыг хэрэгжсэн байна гэж үзэж байна. Яагаад гэхээр нэхэмжлэгчийн тайлбарт би 14-өөс хойш 20 хүртэл ажилдаа ирж очоод байсан гэж байгаа. Ээлжийн амралтаа эдэлж байгаа хүн ажилдаа ирж очоод байх шаардлага байхгүй. Тэгэхээр ажлын байран дээрээ ажиллаж байсан байна. Мөн баяр наадмын комисс Засаг даргын ажлыг хүлээлцэх комисс гэх мэт 06 дугаар сарын 17-нд гарсан Засаг даргын захирамжууд, ажлын хэсэгт ороод ажлын хэсгийн ахлагч нарийн бичгийн даргаар батлагдсан байгаа. Амарч байгаа хүнийг батлах шаардлага байхгүй. Мөн түрүүн шинжлэн судалсан хавтаст хэрэгт байгаа цалингийн хуулбараар 06 дугаар сарын 20 хүртэл бүрэн цалин нь ажилласнаар орсон. Мөн нягтлан бодогчийн хэлж байгаагаар 06 дугаар сарын 20-оос хойш халагдсан гэдгийг мэдээгүй гэж байгаа.  Энэ захиргааны акт хэрэгжсэн байна. Тухайн 17-ны өдөр хурал зөвлөгөөнд ороод явж байсан байна. Захиргааны акт хэрэгжсэн бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргаагүй бол өөр байдлаар гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдэх боломжгүй. Яагаад гэхээр шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэдэг. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Аль актын аль хэсгийг хүчин төгөлдөр бус болгуулах гэж байгаа юм. Энэ захиргааны актыг хүчингүй болгосноор ямар эрх ашиг сэргэх гээд байгаа гэдэг чухал байна. Ямар эрх ашгаа сэргээлгэх гэж байгаа нь ойлгомжгүй. Ээлжийн амралтаа биеэр эдэлнэ олговор олгоно гэж байна. Энэ чинь энэ шаардлагатай хамааралтайгаар шийдэгдэх зүйл биш. Ажилд эгүүлэн тогтоогдсон тохиолдолд үлдсэн ажлаас халагдсанаас хойших хугацааны олговор олгогдоод нэхэмжлэлийн шаардлагаа хамт нэмж гаргавал олгогдоод явах юм. Тийм учраас нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.
Гэрч Н.Н нь шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтэй: Тамгын газрын дарга 6 сард ээлжийн амралтаа авах гэж байна гээд мэдэгдэх хуудсаа өгсөн. Дараа нь ажлаас халдахаар 6 сард амралтын мөнгийг бодох гэхээр цалингийн санд мөнгө байхгүй байсан тул 7 сард ажлаас халагдсан учраас дуусгалтын тооцоо хийж 10 хоногоор өгсөн. 2019 оны 1-6 сард ногдох 10 хоногоор бодож олгосон. Амралтын мөнгө 895.000 төгрөг өгсөн гэв. 


ҮНДЭСЛЭХ нь:


         Есөнбулаг сумын иргэн Ч.Б 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Засаг даргын “Захирамж хүчингүй болгуулах тухай” 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/30 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагад тодруулга хийж, 2019 оны ээлжийн амралтын ажлын 20 хоногт ногдох олговрыг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах, Б/30 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийн өөрт хамаарах хэсгийг хууль бус болохыг тогтоолгох буюу ээлжийн амралтын хуваарь баталсан шийдвэрийн надад хамаарах хавсралтыг хүчингүй болгож, аймгийн *******д миний ээжлийн амралтыг баталсан шийдвэр шинээр гаргахыг даалгахаар нэхэмжлэл гаргасан.
          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Ч.Б миний 2019 оны ээлжийн амралтыг биеэр эдлүүлж, аймгийн Засаг даргын 2019 оны Б/30 дугаар захирамж миний хувьд хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоож, 20 хоногт ногдох ээлжийн амралтын олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн дагуу олгохыг аймгийн ******* В.Рид даалгахыг хүсч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.    
         Иймд шүүх дээрх нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын хүрээнд дүгнэлт өгөх нь зүйтэй байна.
        1.Аймгийн Засаг даргын 2019 оны Б/30 дугаар захирамж миний хувьд хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
        Аймгийн Засаг даргын орлогч Ж.Г 2019 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн Б/27 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийг тус тус үндэслэн 1-т Засаг даргын Тамгын газрын дарга, сумын *******, агентлаг, албадын дарга, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын 2019 оны ээлжийн амралтын хуваарийг хавсралтаар тус тус баталж, 2-т Сумын *******,  агентлаг, албадын дарга, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын ээлжийн амралтын хуваарьт хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газар /Ч.Б/-т даалгасан. Захирамжийн хавсралтад: “Ч.Б ажилласан жил 11, амралтын хоног 15, нэмэгдэл амралтын хоног 5, нийт амрах хоног 20, амрах огноо VI/14-нөөс ажилд орох огноо VII/17” гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны ээлжийн амралтын хуваарийг баталсан байна. 
        Хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтаас үзэхэд 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн *******ар В.Рийг Монгол Улсын Ерөнхий сайд томилсон байх бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн өглөө аймгийн төвийн албан байгууллагуудын дарга, эрхлэгч нарын шуурхай зөвлөгөөний хийж, тухайн өдөр ажлаа хүлээн авсан байгаа нь хэргийн оролцогч нарын тайлбар, шуурхай зөвлөгөөний тэмдэглэлд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батжаргал “... Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 06 дугаар сарын 11-ний өдрийн захирамжаар тус аймгийн *******ар В.Рийг томилсон билээ. *******ар томилогдсон В.Р танийг үг хэлэхийг урьж байна” гэж хэлсэн, 2019 оны 06 дугаар сарын 17-ны “Ажлын хэсэг байгуулах тухай” Б/29 дүгээр захирамж зэргээр тогтоогдож байна. Аймгийн ******* ажлаа хүлээн авсан өдрөө Б/30 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамж гаргаж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, албан тушаалтнуудын ажлын уялдааг хангаагүй “Ээлжийн амралт олгох тухай” 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/27 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/74 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 үндэслэн аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/30 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3” гэсний дараа доор дурдсан заалтыг нэмсүгэй гээд “Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалаар батлагдсан “Ээлжийн амралт олгох заавар”-ын 3 дахь заалтыг” гэж захирамжид нэмэлт оруулах тухай захирамж гаргасан байна.  
         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол ******* өөрөө өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй боловч хууль зүйн үндэслэл нь тодорхой байх шаардлагатай. Мөн захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т зааснаар захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заасан байх шаардлагыг хангасан байна.
          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-т “Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ” гэж зааснаар аймгийн Засаг даргыг шинээр томилогдох, ажлаа хүлээн авах хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг аймгийн Засаг даргын орлогч Ж.Г хэрэгжүүлж байсан төдийгүй, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын  амралтын хуваарь батлах захирамж гаргасныг аймгийн ******* Б/30 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж хүчингүй болгож байгаа нь хууль зүйн хувьд учир дутагдалтай төдийгүй Хөдөлмөрийн тухай хуулийн ямар зүйл заалтад нийцээгүй нь тодорхой бус байна. 
        Тодруулбал: Төрийн албан хаагч Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.6-т  заасан Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралт эдлэх баталгаагаар хангагдах, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т “Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ…” гэж заасан хуулиар олгогдсон ээлжийн амралтаа эдлэх иргэний үндсэн эрхийг хязгаарласан байгааг тогтоож, нэхэмжлэгч Ч.Б-ий хувьд аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/30 дугаар захирамж хүчин төгөлдөр бус гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр аймгийн Засаг даргын Тамгын газраас 2019 оны 10 дугаар 04-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 60 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” тогтоолыг нотлох баримтаар гаргуулан авсан. Нэхэмжлэгч ажлаас халагдахаас өмнөх хөдөлмөрийн харилцаатай холбоотой захиргааны актыг хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоолгох нэхэмжлэл гаргасан байгаа нь цаг хугацааны тухайд ач холбогдолтой байна.
Шуурхай зөвлөгөөний тэмдэглэлд “...наймаг Монгол Улсын Ерөнхий сайд 06 дугаар сарын 11-ний өдөр батламжилсан байхад түүнээс хойш өнөөдрийг хүртэл гаргасан ээлжийн амралттай холбоотой захирамж болон бусад Засаг даргын орлогч Ж.Гын гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгоно...” гэж тэмдэглэгдсэн нэхэмжлэгч Ч.Б шүүх хуралдаанд “...Ж.Гын захирамжтай холбоотой хууль бус зүйл байвал хүчингүй болгуулна гэдэг зүйл ярьсан гэв...” гэсэн тайлбараас үзэхэд 2019 оны 06 дугаар сарын 17-ны шуурхай зөвлөгөөн дээр тухайн асуудлын талаар яригдсан гэж үзэхээр байна. 
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралд “...алдагдуулахгүйгээр ажилтнуудын ээлжийн амралтын хуваарийг зохицуулж батална гэж байгаа. Алдагдахаас өмнө сэргийлээд алдагдуулахгүйгээр зохицуулсан. ******* шинээр ирээд ажлаа хүлээж авахад түүний аппаратын дарга буюу Засаг даргын Тамгын газрын дарга байхгүй байна. Энэ тохиолдолд ******* яаж албан үүргээ хэрэгжүүлэх юм…” гэж тайлбарлаж байгаа ч аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, сумын *******, агентлаг, албадын дарга, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын 2019 оны ээлжийн амралтын хуваарийг баталсан аймгийн Засаг даргын орлогчийн Б/27 дугаар захирамж албан тушаалтнуудын ажлын уялдааг хангаагүй эсэхийг шүүх үгүйсгэхгүй гэхдээ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга ээлжийн амралтаа эдлэж байгаатай холбоотой тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдана гэж үзэх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
2. 2019 оны ээлжийн амралтыг биеэр эдлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Шүүх аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/30 дугаар захирамж нэхэмжлэгч Ч.Б-ий хувьд хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоож, хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн байх тул аймгийн Засаг даргын орлогчийн амралтын хуваарь баталсан 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/27 дугаар захирамжийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны ээлжийн амралтын хуваарь” баталсан хавсралт хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бөгөөд Ч.Б Хөдөлмөрийн тухай хуульд заасан ээлжийн амралтаа биеэр эдлэх эрх нээлттэй байна. Ч.Б-ий ээлжийн амралтаа эдлэх эрх нь сэргээн тогтоогдсоноор аймгийн *******д ээлжийн амралтыг эдлүүлэхийг даалгах шаардлагагүй бөгөөд энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  
         3. 20 хоногт ногдох ээлжийн амралтын олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн дагуу олгохыг аймгийн ******* В.Р-ид даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б-ий ээлжийн амралт 2019 оны 6 дугаар сарын 14-нөөс 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 20 хоногийн ээлжийн амралтын хуваарь батлагдсан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...6 дугаар сарын 14-ны өдрөөс өдрөөс хойш амарсан учраас ажлын цаг бариагүй. ******* огцорсон байсан учраас ирж очоод явж байсан. Тухайн үед аймгийн Засаг даргын орлогч байсан. Орлогч надаас тодруулах зүйл байсан учраас ирж очоод явсан...” гэсэн тайлбар, хавтас хэргийн материалд авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт 4 сар 1924573 төгрөг, 5 сар 1929573 төгрөг, 6 сарын цалин 1914573 төгрөг бичигдсэн, хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн Ч.Б-ий цалингийн жагсаалтад 5 сар 1929573 төгрөг, 6 сар 2690861 төгрөг, 7 сард 895633 төгрөг олгосон мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Н.Нийг шүүх хуралдаанд гэрчээр асуусан тайлбарт “...6 сарын цалинг бодсон. 6 сард манайх албан хаагчдад урамшуулал өгсөн ...6 сарыг дуустал бодсон. Чөлөөлөгдөнө гэж мэдээгүй учраас бүтэн бодсон ...Тамгын газрын дарга 6 сард ээлжийн амралтаа авах гэж байна гэж мэдэгдэх хуудсаа өгсөн. Дараа нь ажлаас халдахаар 6 сард амралтын мөнгийг бодох гэхээр цалингийн санд мөнгө байхгүй учраас 7 сард ажлаас халагдсан учраас дуусгалтын тооцоо хийж ... 2019 оны 1-6 сард ногдох 10 хоногоор бодож олгосон...” гэсэн тайлбар зэргээс Ч.Б 2019 оны 06 дугаар сарын 14-нөөс ээлжийн амралтаа авсан гэх боловч нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээр 6 дугаар сарын цалин бүтэн олгогдсон, аймгийн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчийн гаргаж өгсөн цалингийн жагсаалтад 6 сар цалинг 2690861 төгрөг, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалаар баталсан “Ээлжийн амралт олгох заавар”-ын 15 дахь хэсэгт ажилтан ажлаас халагдах үед ажил олгогч нь түүнтэй ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ гэж зааснаар Ч.Б ажлаас халагдсаны ээжлийн амралтын 10 хоногийг олговор олгосон зэрэг ээлжийн амралтын олговрын талаар маргаантай байна. 
 Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.6-т “захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж зааснаар 20 хоногт ногдох ээлжийн амралтын олговрыг олгохыг даалгах шаардлага бүхий маргааныг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна. 
          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.5, 106.3.13 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/30 дугаар захирамж нэхэмжлэгч Ч.Б-ий хувьд хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоож, 2019 оны ээлжийн амралтыг биеэр эдлүүлэхийг аймгийн *******д даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар Ч.Б-ий 20 хоногт ногдох ээлжийн амралтын олговрыг олгохыг аймгийн ******* В.Рид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг буцаасугай.       
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Э.ЗОЛБАДРАХ