Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0200

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0174/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч У.И-н өмгөөлөгч П.Батжаргал,

Шүүгдэгч О.О-ын өмгөөлөгч Ө.Ганзориг,

Шүүгдэгч У.И-, О.О- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт О--гийн О-ад, 22.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан гэмт хэрэгт Б овогт У--ийн И-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918008240025 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сум, 13-р баг, ........ оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт О--гийн О- /РД: /,

Монгол Улсын иргэн, 1963 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ХХХХХ ажилтай, ам бүл 1, Дархан-Уул аймаг, Дархан сум, 16-р баг, .... оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт У--ийн И- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас О.О-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, У.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруу, үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч О.О- нь нийтийн албан тушаалтан буюу Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа шийдвэр гүйцэтгэлийн 14070021 дугаартай хэргийн төлбөр авагч У.И-н ашиг сонирхлын үүднээс шийдвэр гүйцэтгэлийн 13070019 дугаартай хэргийн төлбөр авагч Ким Шин Гүгийн гүйцэтгэх хуудас хаагдаагүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болоогүй байхад “Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороонд байрлах 65 хувийн гүйцэтгэлтэй Ү-ХХХХХХХ улсын бүртгэлийн дугаартай У.И-н өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээхийг мэдэгдье” гэсэн 03/2769 дугаартай албан бичгийг хүргүүлж, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээр гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний төлөө У.И-гээс 5,000,000 төгрөгийг А.З-гийн Хаан банкны ХХХХХХХХХ дугаартай дансаар авсан;

 

Шүүгдэгч У.И- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч О.О-ад 5,000,000 төгрөгийн хахууль өгсөн болох нь:

 

Гэрч Д.Б-ын “...манай Цай Хун сургууль Дархан сум, 10 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж байсан. Хүүхдийн тоо нэмэгдэж сургуулиа өргөтгөх шаардлага гарсан учраас шинээр сургуулийн байр барих, худалдан авах шаардлага тулгарсан. 2017 оны хавар 3, 4 дүгээр сарын үед Дархан сум, 14 дүгээр багийн нутагт үл хөдлөх хөрөнгө зарна гэх зарлалын дагуу утсаар нь холбогдоход И- гэх хүн холбогдсон. Би И-н зарна гэсэн дутуу баригдсан барилгыг худалдан авахаар уулзаж бичиг баримтын бүрдлийг нь үзэхэд У--ийн И- гэх хүний нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй барилга байсан, 6000 гаран м2 газартай гэсэн боловч гэрчилгээ гараагүй байсан. Иймд И-д бичиг баримтын бүрдлийн хангасны дараа бид нар банкнаас зээл хөөцөлдөж төлбөрийг барагдуулна гэж хэлсэн. И- нь газрын болон барилгын бичиг баримт бүрдсэн гэж хэлсэн учраас 2017 оны 05 дугаар сараас хойш банкны зээл хөөцөлдөж явсаар байгаад 2017 оны сүүлээр зээл гарсан. Тухайн барилгыг У.И-гээс нийт 700,000,000 төгрөгийн өртгөөр худалдаж авахаар гэрээ байгуулсан, ...Одоо миний хувьд У.И- гэх хүнтэй ямар нэгэн өр төлбөрийн тооцоо байхгүй” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 1-2/

Гэрч П.Навчаагийн “...нөхөр бид хоёр 2017 оны 08 дугаар сард одоо сургуулийн үйл ажиллагаа явуулж байгаа барилгын гүйцэтгэл дутуу барилга байхад нь У.И- гэх хүнээс нийт 700,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. У.И-д 350,000,000 төгрөгийг сургуулийн шинэ барилгыг Голомт банкны барьцаанд тавьж зээл авч бэлнээр өгсөн. Үлдэгдэл 350,000,000 төгрөгт хуучин сургуулийнхаа барилгыг өгсөн юм...Би О.О- гэх хүнийг огт танихгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 3/,

Гэрч Б.Б-ын “... Би 2017 оны 11 сард Дархан-уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Шийдвэр гүйцэтгэлийн тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр томилогдсон. 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төлбөр авагч Шинэ Дархан коллежийн өмгөөлөгч Ж.Э-ын гомдол гаргасан учраас гүйцэтгэх баримт бичгийг өмнө нь ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан О-аас шаардаж авсан. Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1/1368 дугаартай өмчлөл шилжүүлэх тухай албан бичгээс хойш хийгдсэн ажиллагаа байгаагүй, ... Миний хувьд иргэн У.И-г Шинэ Дархан коллежид төлөх ёстой 50,000,000 сая төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлөхгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулж байна гэж үзээд энэ асуудлыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн боловч 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 322 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 6-7, 18-19/,

Гэрч А.Хонгорзулын “...XXXXXX коллежийн захирал К Ш Г-ийн нэхэмжлэлтэй шийдвэр гүйцэтгэлийн 13070019 дугаартай хувийн хэрэг, иргэн У.И-н нэхэмжлэлтэй 14070021 дугаартай хувийн хэрэг материал хуулбар хэлбэрээр байгаа. 14070021 дугаартай хувийн хэрэг нь манай байгууллагын цахим бүртгэлд төлбөр авагчид буцаасан төлөвтэй байх тул эх хувь нь иргэн У.И-д байгаа гэж ойлгож байгаа. 13070019 дугаартай хувийн хэрэг нь эх хувиараа байгаа боловч цахим бүртгэлд бүртгэгдээгүй байна. Материалтай танилцаад үзэхээр 14070021 дугаартай хувийн хэрэг нь цахим төлбөр авагчийн хүсэлтээр буцсан, буцаах хүсэлт нь хувийн хэрэгтээ байдаггүй. Цахим бүртгэлийн төлөвт буцаасан байдаг. 13070019 дугаартай хувийн хэрэг нь хүчин төгөлдөр тогтоол шийдвэр байхгүй, талууд хоорондоо төлбөр барагдуулах гэрээ хийж харилцан тохиролцсон байдаг. Өөрөөр ямар нэгэн шийдвэр гаргаж шийдвэр гүйцэтгэлийн хэрэг хаасан, дууссан тогтоол байхгүй байна.

... Шийдвэр гүйцэтгэлийн аль нэг тойрогт харьяалуулж бүртгэлд авагдаагүй учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулаагүй. Төлбөр авагч талаас хүсэлт гаргаагүй, төлөөлөх эрх нь дуусгавар болсон Э гэх хүн 2020 оны 09 дүгээр сарын дундуур уг асуудлыг дэвшүүлж үлдэгдэл 50 сая төгрөг нэхэмжилж ирсэн. Төлөөлөх эрхээ хууль ёсны болгож ир гэж тайлбарлаад явуулсан.

... Мөн намайг анх ажилд томилогдож ажил хүлээлцэхэд 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “Дууссанд бүртгэгдсэн гомдол гаргасан гүйцэтгэх баримт бичиг”-д 14070021 дугаартай 166 хуудастай гүйцэтгэх баримт бичгийг хүлээлгэн өгсөн болохоор ажиллагаанд байгаагүй... Би үзлэг хийх явцад оролцсон. 03/2769 дугаартай албан бичиг нь манай байгууллагын архивын баримт бичигт байхгүй байсан. Байгууллагын албан бланк бичиг хэргийн ажилтан болон шийдвэр гүйцэтгэгч нарт байдаг” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 13-15/,

Гэрч А.З-гийн “... О.О- Дархан-уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2010 онд надтай анх танилцахдаа шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сард Солонгос улс руу нуруугаа эмчлүүлэхээр явсан. 2017 оны 11 билүү 12 сард ажлаас халагдсан тушаал нь ирсэн. Уг нь Солонгос улс руу явахдаа чөлөө аваад явлаа гэж байсан гэтэл О.О-ыг Солонгос улсад байхад нь халагдах тушаал нь Улаанбаатар хотоос шуудангаар гэрийн хаягаар ирсэн... О.О- бид хоёр тухайн үед байрны зээлтэй байсан болохоор хуримтлуулж байсан мөнгө байгаагүй. О.О- нэг хүнээс 5,000,000 төгрөг зээлсэн. Хэн гэдэг хүнээс мөнгө зээлсэн гэдгийг нь мэдэхгүй. Зээлсэн мөнгө нь хүүтэй эсэхийг мэдэхгүй байна, хэзээ эргүүлж өгөх талаараа надад хэлээгүй. Дээрх 5,000,000 төгрөгийг миний Хаан банкны ХХХХХХХХ дугаартай дансаар авсан. ... И- гэж хүн танихгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 20-22, 3-р хх-ийн 69-72/,

Гэрч Ц.С-ын “... Би Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлтэй хорих ангид 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд Архив бичиг хэргийн ажилтнаар, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс Сургалт хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс жирэмсний болон хүүхэд харах чөлөө авсан байгаа.

Индекс нь 03 дугаараар ахлах шийдвэр гүйцэтгэгч гарын үсэг зурж баталгаажуулан албан бичиг явуулж болдог байсан. 03 индексийн 2769 дугаар олгосон эсэхээ одоо би санахгүй байна. Намайг байхгүй байгаа тохиолдолд яаралтай албан бичигт надаас сүүлд өгсөн дугаарыг асууж байгаад дугаар олгодог асуудал байсан. Гэхдээ би яг энэ албан бичигт хэрхэн дугаар олгосон эсэхээ санахгүй байна. ...

03 дугаартай индекст тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч О.О- гарын үсэг зурж баталгаажуулж дугаар авдаг байсан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 73-76/,

Гэрч Ж.Н-ын “... Шүүхийн шийдвэр биелэгдээгүй байхад хөрөнгийг эрх сэргээх ямар ч үндэслэл байхгүй. Шүүхийн шийдвэр бүрэн биелэгдсэн, эсвэл талуудын гаргасан хүсэлтийн дагуу хөрөнгийн эрхийг цуцлах ёстой байгаа. Хэрэв шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусаагүй, төлбөр барагдуулаагүй байгаа тохиолдолд битүүмжилсэн, барьцаалсан хөрөнгийн эрхийг сэргээж болохгүй. ... 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр манай шийдвэр гүйцэтгэх албаны даргаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх танилцуулгыг тодорхой бичиж Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн байгаа. Төлбөр авагч иргэн У.И- нь Шинэ дархан коллежид 50,000,000 сая төгрөгийг төлөх тухай гэрээг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан байна. ...Тэгэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болоогүй байхад буюу 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр О.О- нь хөрөнгийг эрх сэргээх албан тоотыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн нь үндэслэлгүй байна” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 80-82/,

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э-ын “... XXXXXX коллежийн захирал Бүгд найрамдах Солонгос улсын иргэн К Ш Г, ЭЭЭЭЭ ХХК-ийн захирал П С Ж нарын хооронд “Шинэ барилга худалдах, худалдан авах” гэрээний үүргийн биелэлтээс үүссэн маргаан 2011 онд анх эхэлсэн. Тус маргаан Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 415 дугаартай тогтоолоор ЭЭЭЭЭ ХХК-ийн захирал П С Ж-оос К Ш Г-т 392,560,665 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрийг Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн шүүгчийн 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2488 тоот "Шүүхийн шийдвэрийн албадан гүйцэтгүүлэх тухай" шүүгчийн захирамж мөн 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 349 дугаартай “Гүйцэтгэх хуудас” гарсан. Уг төлбөрийг сайн дураар төлөөгүй П С Ж-оос Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ үед П С Ж-оос иргэн У.И- 200 орчим сая төгрөгийн төлбөр барагдуулах шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас гаргуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа давхар явагдаж байсан. ... Тэгэхэд П С Ж өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сум 14 дүгээр багт байрлах дутуу баригдсан барилгыг төлбөр авагч К Ш Г, У.И- нарт худалдан борлуулах замаар төлбөрийг төлж барагдуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үлдээж Солонгос улс руугаа буцсан. Тухайн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Шийдвэр гүйцэтгэх албаны тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч О.О- нь У.И-д давуу тал бий болгож К Ш Г-т төлөгдөх 50,000,000 төгрөгийг барагдуулаагүй байхад “Гүйцэтгэх хуудсыг хааж” У.И-гийн нэр дээр дутуу баригдсан барилгын өмчлөх болон захиран зарцуулах эрхийг сэргээж өгснөөр К Ш Г-т 50,000,000 төгрөгийн хохирол учирсан. Иймд тухайн барилгыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан У.И-гээс К Ш Г-т учирсан хохирол болор 50,000,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 35-38/,

Яллагдагч О.О-ын “... Би Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэгчээр 2010 оноос хойш ажиллаж байгаад 2016-2017 онд ахлах шийдвэр гүйцэтгэгч болж дэвшин томилогдсон. Энэ хугацаанд Пак Сон Жин-оос 392 сая төгрөг ХХХХ ХХК-д гардуулж олгох шүүхийн шийдвэр гарч 2012 оны 10 сард надад хуваарилагдан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төлбөр барагдуулахын тулд Пак Сон Жин-ы өмчлөлийн дутуу баригдсан 65 хувийн гүйцэтгэлтэй Дархан сумын 14-р баг 2-р хороололд байрлах барилгыг 2 удаа дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй. Дуудлага худалдаа явагдах процесс явагдаж байх үед У.И- гэж хүн П С Ж-оос 100,000 ам долларын авлагатай шүүхийн шийдвэр гаргуулж ирсэн. Ингээд П С Ж-оос 2 төлбөр авагч бий болсон. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн /хуучин/ 48.7-д зааснаар талуудад нийт төлбөрийн үнийн дүнд санал болгосон. Төлбөр авагч ХХХХ ХХК болон У.И- нарын хэн нь ч төлбөртөө тооцож дээрх дутуу баригдсан барилгыг аваагүй.

ХХХХ ХХК болон У.И- нар нь харилцан тохиролцоод У.И-гийн нэр дээр дээрх дутуу баригдсан барилгын өмчлөх эрхийг шилжүүлж өгөөд У.И- нь Шинэ дархан коллежид төлбөрийг барагдуулахаар болж 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр У.И-гийн нэр дээр шилжүүлж өгсөн. Гэтэл У.И- нь тохиролцсон хугацаанд худалдан борлуулж чадаагүй тул У.И-н дээрх дутуу баригдсан барилгыг тухайн үед манай тасгийн даргаар ажиллаж байсан Г.Б Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст албан бичиг хүргүүлж захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.

Энэ өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ямар нэгэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй байсан. Энэ хугацаанд ХХХХХ ХХК болон У.И- нартай холбогдож худалдан борлуулах боломж байна уу, сонирхогч этгээд байна уу гэж байнга холбоотой байсан. Энэ үед би Шийдвэр гүйцэтгэх албанд тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаалд томилогдсон байсан.

2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр У.И- над дээр ирээд Ц Х дунд сургуульд П С Ж-ы барилгыг зарахаар болчихлоо. Шинэ Дархан коллежийн захирал Ким Шин Гүг-тэй уулзаад ирлээ. Эхний ээлжид 100,000,000 төгрөг өгөөд үлдсэн 50,000,000 төгрөгөө дараа нь төлөхөөр тохиролцоод ирлээ гэж хэлсэн. Би тухайн үед К Ш Г-ийн орчуулагч Ц.О-тэй утсаар ярьж холбогдон У.И-гийн ярьсан зүйлийг тодруулж шалгахад У.И-гийн хэлсэн зүйл батлагдсан. Тэгээд би У.И-гийн нэр дээрх өмчлөх эрхийн бүртгэлтэй байсан Дархан сумын 14-р баг, 2-р хороололд байрлах 65 хувийн гүйцэтгэлтэй байсан барилгын захиран зарцуулах эрхийг сэргээх албан бичгийг Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн. Миний энэ үйлдэл нь У.И-д давуу эрх олгосон хууль бус үйлдэл байсан. Тухайн үедээ бол худалдан борлогдоогүй удчихсан барилгыг төлбөр авагч маань өөрөө худалдан борлуулахаар болсон байсан тул хуулийн дагуу ажлаа хийж байна гэж бодож байсан.

Гэтэл хуулийн дагуу ажилласан бол тухайн үед би У.И-гийн нэр дээр байсан барилгын захиран зарцуулах эрхийг сэргээж өгөхгүйгээр худалдаж авч байгаа Цай Хун дунд сургууль буюу худалдан авагч талыг оролцуулж хурал хийж мэдэгдэн дээрх захиран зарцуулах эрхийг сэргээж Ц Х дунд сургуулиас худалдаж авч байгаа төлбөрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд байршуулж тухайн үеийн хуулиар хувь тэнцүүлж төлбөр авагч нарт шилжүүлж өгөх ёстой байсныг зөрчиж У.И-д дээрх барилгыг худалдан борлуулж өөрийн дансаар төлбөрөө авах боломжийг бий болгож өгсөн нь миний буруу үйлдэл байсан.

... Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга дээрх албан бичигт гарын үсэг зурж явуулах эрхтэй. Гэхдээ газрын дарга ажлын байрандаа байхгүй, ээлжийн амралттай байх үед орлон гүйцэтгэгчээр тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч гарын үсэг зурах эрхтэй байсан. 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр намайг дээрх албан бичгийг явуулах үед албаны дарга ажил дээрээ байсан эсэхийг санахгүй байна. Би өөрөө дур мэдээд дээрх албан бичгийг явуулсан.

Тухайн үед бичиг хэргийн ажилтан Т байхгүй оронд нь нэг эрэгтэй ажилтан /нэрийг нь санахгүй/ сууж байсан. Дугаар авах гэтэл дугаар өгч мэдэхгүй байхаар нь би өөрөө сүүлд өгсөн албан бичгийн дугаарыг хараад дээрх албан бичигт дараагийн дугаарыг олгож бичээд байгууллагын архивт үлдэх 1 хувиа өгөхөө мартчихсан юм. Би У.И-д өгөөд явуулчихсан,  …Би У.И-д 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 3/2769 дугаартай албан бичгийг гаргаж өгөхдөө “Надад хэдэн төгрөг өгөөрэй” гэж хэлэхэд У.И- ямар нэгэн хариу хэлэлгүй гараад явчихсан юм. Тэгээд 2017 оны 09 сар санагдаж байна, Дархан-Уул аймгийн Эрдэнэс плазагийн үүдэнд эхнэр Золзаяагийн хамт явж байгаад У.И-тэй тааралдсан юм. Уулзахдаа ажлаа өгчихсөн, Улаанбаатар хот руу томилогдоод, явахгүй гээд ажлаасаа гарч байгаа. Эхнэр төрөх гээд ажилгүй явж байна хэдэн төгрөг байна уу гэж асуухад одоохондоо өгөх мөнгө алга хэд хоногоос ярья гэж хэлсэн.

Би тэр өдрөөс хойш ганц нэг удаа У.И- ах руу утсаар залгасан боловч утсаа аваагүй. Миний нуруу өвдөөд Солонгос явах гээд У.И- ах руу хэд хоногийн дараа утсаар залгахад намайг дансаа өгчих, мөнгө зээлүүлж байгаа шүү гэж хэлэхээр нь ямар ч байсан өгчих, Солонгос явж ирээд бага багаар нь өгөөд дуусгана гэж хэлээд санаанд байснаар нь эхнэрийнхээ хаан банкны ХХХХХХХХХ дугаартай дансыг өгөхөд 5,000,000 төгрөг шилжүүлсэн байсан. Би мөнгөний хэмжээ хэлээгүй байхад 5,000,000 төгрөг шилжүүлсэн болохоор тухайн тэр мөнгийг Солонгос улс руу явахдаа замын зардал, онгоцны тийз гэх мэт зүйлд зарцуулаад дуусгасан. Солонгос улсын эмнэлэгт 1 сар гаран физик эмчилгээ хийлгэж байгаад ирсэн” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 61-64/,

Яллагдагч У.И-гийн “... 2013 оны эхээр Өмнөд Солонгос улсын иргэн Пак Сон Жин гэх захиралтай компаниас өр авлага үүсээд шүүхийн шийдвэрээр 380,000,000 сая орчим төгрөгийг надад гаргуулахаар шийдвэрлэж байсан. Шүүхийн шийдюэр гүйцэтгэх газраас өр төлбөрийг маань хурдан барагдуулж өгөхийг шаардахаар Дархан сум, 14 дүгээр баг 2 дугаар хороололд байрлах П С Ж захирлын барьсан барилга болох 150 м­­­2 зоорины давхартай 1 давхар нь дутуу баригдсан барилгыг дуудлага худалдаанд оруулаад өрийг барагдуулна гэж хэлдэг байсан. Тухайн байр нь 2 удаагийн дуудлага худалдаагаар зарагдаагүй. Энэ үед П С Ж захиралтай компаниас 300 гаран сая төгрөг гаргуулан авах шүүхийн шийдвэр гарчихсан байсан... Би К Ш Г захиралд барилгыг 65-95 хувь хүртэл хийж гүйцэтгэсэн тайлангаа танилцуулаад Цай Хун сургуульд 700,000,000 сая төгрөгөөр худалдаж байгаагаа мэдэгдээд өөрт 150,000,000 төгрөг өгөх санал тавьсан чинь К Ш Г зөвшөөрсөн. Би бэлнээр 350,000,000 төгрөг аваад 100,000,000 төгрөгийг шууд өгөхөөр үлдсэн 50,000,000 төгрөгийг Ц Х сургуулийн хуучин байрыг худалдан борлуулаад өгөхөөр тохирсон, …Би шүүхийн шийдвэрээс 2017 оны хавар материалаа татаад авчихсан байсан. Яагаад татаж авах шалтгаан болсон бэ гэхээр шүүхийн шийдвэрийг биелүүлэх ямар ч ажиллагаа хийхгүй байсан. Энэ үед К Ш Г буюу ХХХХХ коллежийн өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн эсвэл зөвшөөрөл авснаар барилгыг барьцаанд тавих, бусдад шилжүүлэх эрх үүсэхээр байсан учраас Шүүхийн шийдвэртэй харилцаж байсан, …2018 оны 06 сард өмгөөлөгч Эрдэнэбаатар нь надтай хэлцэл байгуулсан. Би хэлцэлд заасан хугацаанд 50,000,000 төгрөгийг өгөөгүй нь миний буруу. Би боломж гарвал 50,000,000 төгрөгийг нь өгөх бодолтой байна... О.О- нь шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа ажлаа хийдэггүй түүнээс болж бид 2 олон удаа маргалдаж байсан. Үүнээс болж бие биеэ мэддэг болсон. Бид хоёр дотно найз нөхдийн харилцаа байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 4-5, 18-19/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-04/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 01-р сарын 05-ны өдрийн 31 дугаартай шийдвэрээр “ЭЭЭЭ” ХХК /захирал П С Ж/-ийн нэхэмжлэлтэй, “ХХХХХ коллеж” ХХК /захирал Ж Ё Д, К Ш Г/-д холбогдох, 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн "ХХХХХХ коллеж шинэ барилга худалдаж авах" гэрээний  дагуу үлдэгдэл төлбөр 339,585,000 төгрөг, хүү 105,542,000 төгрөг, нийт 445,127,000 төгрөг гаргуулах тухай, “ХХХХХХ коллеж” ХХК-ийн 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн "Шинэ Дархан коллеж шинэ барилга худалдаж авах" гэрээний дагуу хийгдсэн төлбөр 392,530,665 төгрөг, алданги 196,265,332 төгрөг, нийт 588,795,997 төгрөгийг “ЭЭЭЭЭ” ХХК-иас гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд “ЭЭЭЭЭ” ХХК-ийн “ХХХХХХ” ХХК-д холбогдуулан гаргасан 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн "ХХХХХХХ коллеж шинэ барилга худалдаж авах" гэрээний  дагуу үлдэгдэл төлбөр 339,585,000 төгрөг, хүү 105,542,000 төгрөг, нийт 445,127,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “ЭЭЭЭЭ” ХХК-иас 392,530,665 /гурван зуун ерэн хоёр сая таван зуун гучин мянга зургаан зуун жаран тав/ төгрөгийг гаргуулж, “ХХХХХХ” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Монгол Цлсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэж, шийдвэр хүчин төгөлдөр болж, 2012 оны 9-р сарын 04-ний өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, 2012 оны 9-р сарын 28-ны өдөр П С Ж-ий “Ж Э Э Т К”-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-р баг, 2-р хороололд байрлах 65 хувийн гүйцэтгэлтэй дутуу баригдсан барилгын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлжээ.

2013 оны 7-р сарын 5-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 895 дугаартай шүүгчийн захирамжаар У.И-н БНСУ-ын П С Ж-д холбогдуулан бэлнээр 100,000 ам доллар, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-р баг, 2-р хороололд байрлах дутуу барилгад оруулсан хөрөнгө 140,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дагуу 2013 оны 9-р сарын 10-ны өдрийн 3152 дугаартай захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр шийдвэрлэжээ.

Ингэснээр БНСУ-ын иргэн П С Ж, түүний  “ЭЭЭЭЭ” ХХК-иас  дээрх 2 шийдвэрийн дагуу нийт 100,000 ам доллар, 532,530,665 төгрөг гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах явцад П С Ж  100,000 ам доллар, 532,530,665 төгрөгийг дутуу баригдсан барилгыг борлуулан төлөхийг зөвшөөрч, 2 төлбөр авагч хоорондоо харилцан тохиролцож барилгын өмчлөгчөөр У.И-г бүртгүүлжээ.

Төлбөр авагч “ХХХХХХ коллеж” ХХК шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа удаашралтай байгаа тул авах ёстой 392,530,665 төгрөгөөс 150,000,000 төгрөгийг авбал шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгоход татгалзах зүйлгүйгээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон У.И- нарт мэдэгджээ.

БНСУ-ын иргэн П С Ж, түүний  “ЭЭЭЭЭ” ХХК-ийн барилгын өмчлөгч солигдон У.И- болсон боловч барилгыг захиран зарцуулах буюу бусдад худалдах, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт нэр шилжүүлэх бүрэн эрх 150,000,000 төгрөгийг нөгөө төлбөр авагч “ХХХХХХ коллеж” ХХК, захирал К Ш Г-т бүрэн төлснөөр нээгдэх ёстой байжээ.

Гэтэл Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч О.О- нь шийдвэр гүйцэтгэлийн 13070019 дугаартай хувийн хэргийн төлбөр авагч К Ш Г-ийн гүйцэтгэх хуудас хаагдаагүй байхад “Дархан сум, 14 дүгээр баг, 2-р хороонд байрлах 65 хувийн гүйцэтгэлтэй Ү-2003014219 улсын бүртгэлийн дугаартай У--ийн И-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээхийг мэдэгдье” гэсэн 03/2769 дугаартай албан бичгийг 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж, У.И- дээрх барилгыг худалдан борлуулах боломжтой болжээ.

2017 оны 9-р сарын 17-ны өдөр О.О-ын эхнэрийн Хаан банкин дахь 5045524732 дугаартай дансанд У.И- 5,000,000 шилжүүлсэн байна.

Дээрх үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй байна.

Харин У.И- уг гүйлгээг “зээл” гэж, О.О- Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн бичгээ “хууль ёсны дагуу хийгдсэн ажиллагаа” гэж тайлбарлаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар төлбөр авагч төлбөр авахаас татгалзаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан, төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн, төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох бөгөөд шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагч, төлбөр төлөгчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай мэдэгдэх ёстой атал үндэслэлгүйгээр нэг төлбөр авагчийн төлбөр бүрэн төлөгдөж дуусаагүй байхад тухай үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд явуулах албан бичиг явуулсан нь хууль бус, гүйцэтгэх ёсгүй үйлдэл байна.

Уг албан бичгийг явуулснаар Ц.И-д эдийн ашигтай байдал бий болжээ.

Авлигын эсрэг хуульд зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч буюу төрийн тусгай албан хаагч албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны төлөө өөртөө болон бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосныг “авлига” гэж үзэх бөгөөд О.О- нь шийдвэр гүйцэтгэгчийн хувьд “Дархан сум, 14 дүгээр баг, 2-р хороонд байрлах 65 хувийн гүйцэтгэлтэй Ү-ХХХХХХХ улсын бүртгэлийн дугаартай У--ийн И-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээхийг мэдэгдье” гэсэн албан бичиг явуулснаар “ХХХХХХХХ коллеж” ХХК /захирал Ким Шин Гүг/ төлбөрөө бүрэн барагдуулж авах баталгаа болж байсан үл хөдлөх хөрөнгө өөр өмчлөгчид шилжиж, “ХХХХХХХколлеж” ХХК /захирал К Ш Г/ нарын “ЭЭЭЭЭ” ХХК-иас 392,530,665 /гурван зуун ерэн хоёр сая таван зуун гучин мянга зургаан зуун жаран тав/ төгрөгийг гаргуулж, “ХХХХХХ коллеж” ХХК-д олгох тухай Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 01-р сарын 05-ны өдрийн 31 дугаартай шийдвэр бүрэн биелэгдэх боломжгүй болжээ.

Төрийн албан хаагч албан үүргээ хэрэгжүүлэхдээ төрийн албан хаагчийн ёс зүйг чанд сахиж, өргөсөн тангарагтай үнэнч байх үүрэгтэй бөгөөд албан үүргээ хэрэгжүүлэх явцад танилцаж, албан ажлын холбоотой байсан этгээдээс, албаны ёс зүй,хуулиар хүлээсэн үүргээ умартан, хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдын дансыг ашиглан 5 сая төгрөг авсан үйлдэл нь хахууль авах, У.И- 5 сая төгрөг шилжүүлсэн нь хахууль өгөх гэмт хэргийн  шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч О.О-ыг нийтийн албан тушаалтан буюу Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, төрийн тусгай албан хаагчаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээр гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний төлөө бусдаар дамжуулан хахууль авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан,

Шүүгдэгч У.И-г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүхийн хэлэлцүүлэгтУ.И-гээс К Ш Г-т учирсан хохирол болор 50,000,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэж мэдүүлж байх боловч энэ хэрэгт уг иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

 Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших ба авлига, албан тушаалын гэмт хэргийн обьект нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал юм.

 

Авлигын гэмт хэргийн улмаас нийтийн эрх ашгийг зөрчигдөж, хууль хэлбэрэлтгүй мөрдөгдөх, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмуудыг гажуудуулж, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулалд аюул учруулж, олон нийтийн төрд итгэх итгэл сулардаг тул хохирогч нь Монголын Улсын нийт ард түмэн, Үндсэн хуулийн байгуулал, төр байдгаараа бусад төрлийн гэмт хэргээс ялгаатай.

 

У.И- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 150,000,000 төгрөгийг бүрэн барагдуулаагүй байхад дээрх албан бичгийг явуулсан тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, төлбөр авагч К Ш Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандах замаар уг нэхэмжлэлээ шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч О.О-ын үйлдсэн хэрэгтээ хийж буй дүгнэлт хийж буй байдал, үйлдсэн хэргийн шинж чанар, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 05 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуульд /шинэчилсэн найруулга/ 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Эрүүгийн хууль өөрчлөлт оруулах тухай” хуулиар өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч У.И-н гэмт хэрэг үйлдсэн өдөр буюу 2017 оны 09 дугаар сарын 12-ны өдөр уг хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байжээ.

 

2020 оны 1-р сарын 10-ны өдрийн хуулиар уг зүйл хэсгийг  “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчилсөн ба У.И-н үйлдсэн хахууль өгөх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 9-р сарын 12-ны өдөр дууссан, уг хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч О.О-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9-р зүйлд заасан “өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахгүй” гэмт хэрэгт хамаарч байна.

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд “гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулах”-аар заасан, шүүгдэгч О.О- нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5,000,000 сая төгрөгийг АТГ-ын Төрийн сан 100900033401 тоот дансанд урьдчилан байршуулсан байх тул  уг 5,000,000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О-ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч У.И-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Боржигон овогт О--гийн О-ыг нийтийн албан тушаалтан буюу Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээр гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний төлөө бусдаар дамжуулан хахууль авсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан,  Б овогт У--ийн И-г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн;  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  1.10 дугаар зүйлийн 1.5  дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1.2  дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Буян овогт У--ийн И-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Шүүгдэгч О.О-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 05 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-ад оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.О-ад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 05 /таван/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс тоолсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-ын АТГ-ын Төрийн сан 100900033401 тоот дансанд гэмт хэрэг үйлдэж олсон орлого утгаар урьдчилан байршуулсан 5,000,000 /таван сая/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний нэхэмжлэгч К Ш Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхисон болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч У.И-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД