Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/625

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

Улсын яллагч Б.Ундрах,

Шүүгдэгч Л.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.О-д холбогдох 2108002580571 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа тээврийн ажил эрхэлдэг, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо** дүгээр хороолол *** байр *** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, О овгийн Л-гийн О /РД:********/,   

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:  

Шүүгдэгч Л.О нь 2021 оны 01 сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Хуучин 22 товчооны орчимд хохирогч В.Г-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа мөн хавирга, цээжин тус газарт нь дугуйн дорцовоор тус тус цохиж хохирогчийн биед “доод уруулд язрал, баруун 5-р хавирганы цууралт” гэмтлийг учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь : 

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :   

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Л.О 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Хуучин 22 товчооны орчимд хохирогч В.Г-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :           

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хуучин 22-ын товчооны орчим бусдад зодуулсан...гэх тэмдэглэл /хх-02/,

- хохирогч В.Г-ын...Би 2019 оны хавар О гэх хүнээс **** ТЧ улсын дугаартай Шаланзны чиргүүл 11.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод 10.000.000 төгрөгийг өгсөн байгаа. Үлдсэн нэг саяыг бичиг баримтыг нь шилжүүлж өгөхөөр нь өгнө гэж хэлсэн юм. Ингээд 2019 оноос хойш намайг утсаар ярихаар нэг дээр шилжүүлж өгөхгүй явсаар байгаа...Намайг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Хуучин 22-ын товчооны ойролцоо өвс зардаг газар машинтайгаа зогсож байхад ирээд миний машины чиргүүлийн дугуйг салгах гэж байхаар нь дроцовыг нь авах санаатай ноцолдоод бөөн юм болсон... О миний нүүр лүү гараараа 2-3 удаа цохиж, баруун талын хавирга, цээж тус газарт цохиод байсан...Орой нь хавирган тус газар өвдөөд маргааш нь эмнэлэгт үзүүлсэн...Шүүх эмнэлэгт 8000 төгрөгөөр үзүүлсэн, цээжний томографи 150,000 төгрөгөөр авхуулсан, 3000 төгрөгөөр наалт авч баруун талын хавирган тус газартаа наасан. Нийт 158,000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-19-20, 48/,  

- гэрч Г.Э-ын...2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр М, Э нарын хамт байж байсан чинь үл таних 3 хүн ирээд Г-ын чиргүүлийн дугуйг нь тайлж авна гээд боолтыг нь тайлаад байхаар нь Г-т утсаар хэлсэн...Г өөрөө ирээд дугуй тайлж байсан хүнтэй уулзаад маргалдаад, ноцолдоод зууралдаад байхаар нь Г-ыг салгасан...гэх мэдүүлэг /хх-65-66/,  

- гэрч Г.М-н...2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хуучин 22 товчооны өвс борлуулах задгай талбайд байсан. Би Г, Э, Б, З нарын хамт байж байсан чинь үл таних залуу ирээд Г-тай уулзаж байгаад маргалдаад эхэлсэн. Тэгээд тэр хүмүүс Г-аас чиргүүл зарсан мөнгө нэхээд байсан...Г тэр хүнд чиргүүлний нэрийг шилжүүлж өгөөд мөнгөө ав гэж хэлсэн чинь Г-тай маргалдсан залуу бичиг баримт байхгүй, би мөнгөө авна гээд маргалдаж байгаад салаад явсан. Ингээд 1 цаг гарангийн дараа Г-тай маргалдсан залуу буцаж нэг залуутай хамт ирээд Г-ын машины чиргүүлийн дугуйг тайлах гэсэн чинь Г ирээд чи чиргүүлийн бичиг баримтыг шилжүүлэн өгчихөөд мөнгөө ав гэж хэлсэн чинь Г-тай маргалдсан залуу надад чиргүүлийн бичиг баримт байхгүй. Би мөнгөө авна гээд Г луу дайрсан, түүний баруун тал руу дугуйны дорцовоор 1 удаа цохисон. Тэгэхээр нь Э ахын хамт очиж Г-ыг салгаж аваад тэр залуугаас дугуйны дорцовыг авсан юм...Тэгээд тэр залуу Г-ын нүүр лүү нь гараараа 1 удаа цохисон. Тэгээд Г-ын уруулаас цус гарсан байгаа харагдаж байсан...гэх мэдүүлэг /хх-49/,  

- гэрч С.Э-ын... 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хуучин 22 товчооны өвс борлуулах задгай талбайд Г, М, Б нарын хамт байж байсан чинь үл таних залуу ирээд Г-тай уулзаж байгаад маргалдаад эхэлсэн....Тэгээд тэр залуу Г-ын баруун тал руу дугуйны дорцовоор 1 удаа цохисон...Тэгээд тэр залуу Г-ын нүүр лүү нэг удаа цохисон. Тэгээд Г-ын уруулаас цус гарсан харагдаж байсан. ...гэх мэдүүлэг /хх-51/,  

- гэрч Л.Л-ын...2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дүү Л.О намайг би хүнээс мөнгө авах гэсэн юм, хамт яваад өгөөч гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо хуучин 22-ын товчооны ойролцоо байдаг өвс зардаг газарт өдрийн 16 цагийн үед очсон. Ингээд манай дүү О мөнгө авах Г-аас мөнгө нэхээд...О чиргүүлийнхээ дугуйг тайлж авна гээд буцаж багаж аваад ирсэн. Тэгээд О чиргүүлийнхээ дугуйг тайлах гээд байж байсан чинь дугуй тайлуулахгүй гээд дүү О-тай Г маргалдсан. Тэгээд би О-ыг салгаж аваад цагдаагийн газарт ирээд өргөдөл өгсөн юм...гэх мэдүүлэг /хх-54/,

- шинжээчийн дүгнэлт...В.Г-ын биед доод уруулд язрал, баруун 5-р хавирганы цууралт гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх баруун 5-р хавирганы цууралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх доод уруулд язрал гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй /хх-11-12/,  

- шүүгдэгч Л.О-ын...2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр таньдаг хүмүүс Г-г Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо хуучин 22-ын товчооны ойролцоо өвс борлуулдаг газар өөрийнхөө машинтай надаас авсан чиргүүлтэйгээ зогсож байна гэхээр нь ах Л, найз Б нарын хамт 12 цагийн орчим Г-гийн байгаа газар хуучин 22-н товчооны ойролцоо очоод Г-тай уулзаад мөнгөө нэхтэл намайг танихгүй хүн шиг буруу харж, тоохгүй байхаар нь би “чи ингэж байвал өөрийнхөө чиргүүлийг авъя, чамд буцаагаад мөнгийг нь өгье, эсвэл чи надад 1.000.000 төгрөгөө өг” гэж хэлтэл үгүй гэхээр нь би дугуйгаа тайлж авна гээд тайлахаар дроцов барьтал булаасан...маргалдсан тухай мэдүүлэг /хх-62/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно. 

Тодруулбал, шүүгдэгчийн гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хооронд обьектив зайлшгүй шууд хамаарал буюу шалтгаант холбоо тогтоогдсон бөгөөд тус гэмтлийг хохирогч өөрөө өөртөө эсхүл шүүгдэгчээс өөр бусад этгээд учруулсан гэж үзэх баримтат үндэслэл, баримтгүй байх тул  шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрөөгүй нь тус хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй байна.  

Иймд шүүгдэгч Л.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэх 158,000 төгрөгт хамаарах /хх-94/ нотлох баримтгүй байх тул хангах боломжгүй, харин хохирогч нь  гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нь  нээлттэй үлдээв.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :                 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, хувиараа тээврийн ажил эрхэлдэг, хувьдаа тээврийн хэрэгсэлтэй болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдсан /хх-35, 39, 40, 42, 44-45, 55, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан болно.       

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.     

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.          

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Л.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-д оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.              

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О 600.000 төгрөгийн торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.     

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.       

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Л.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

  

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ГАНБААТАР