Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0177

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                           Хэргийн индекс:166/2021/0173/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгч М.М.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Л-т холбогдох эрүүгийн 2118001570179 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг /малчин/, ам бүл-1, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, М.Л-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М..М.Л- нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дархан- Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багт байрлах Хайрхан уулын энгэрт Ц.Ц.Б-ийн адуунд нийлсэн С.С.О-ийн алдуул мал болох 1 тооны сартай халтар зүсмийн адууг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж худал хэлж завшсаны улмаас 1.200.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч М.М.Л- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч М.М.Л- 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дархан- Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багт байрлах Хайрхан уулын энгэрт Ц.Ц.Б-ийн адуунд нийлсэн С.С.О-ийн алдуул мал болох 1 тооны сартай халтар зүсмийн адууг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж холбогдох байгууллагад мэдэгдээгүй, өмчлөгч эзэмшигчид эргүүлэн өгөх санаагүйгээр өөрийн эзэмшилд авч гээгдэл эд хөрөнгийг завшсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч М.М.Л-ын үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 2118001570179 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.

                        Хохирогч С.С.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Дархан-Уул аймгийн Хонгор суманд Бэлүүт гэх газарт адуу, үхэр маллаж амьдардаг байсан юм. Гэтэл 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр адуугаа бэлчээрт нь гаргачхаад өвөлжөөгөө засаж янзлах гээд ажил их байсан учир адуугаа харах завгүй ажиллаж байгаад орой 20 цагийн орчим адуугаа бэлчээрээс хураах гээд очтол манай адуун дотроос 1 тооны адуу алдагдсан байсан. Тухайн үеэс өдийг хүртэл адуугаа эрэл сурал болж хайж яваад арга мухардаж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Миний алдагдсан адуу сартай халтар зүсмийн саран дэвсгэр чандмань тамгатай адуу байсан. Манай адуунууд ер нь Төв аймаг руу үе үе гүйчих гээд байдаг байсан. Уг адуу нь өмнө нь 2 удаа гүйж байсан. Эрэл сурал болж байж Баруунхараагийн нутгаас олж авч байсан.” гэх мэдүүлэг /хх 18, 23/,

            Гэрч Ц.Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...сартай халтар адуу хаанаас ирсэн адуу ямар учраас манай адуун сүрэгт явж байгаа юм болоо эзэн нь хүрээд ирээсэй гэж бодоод адуугаа хураачхаад гэр лүүгээ яваад өгсөн. Шарын гол сумын малчдаас уг адууны эзнийг сураглаад олохгүй байж байтал хэд хоногийн дараа манай Шарын гол сумын Санжинт баг Хаалгатын хөдөө тоотод суух Ш- буюу М.Л- гэх залуу манай гэрт ирээд энэ сартай халтар морь миний адуу байна гэж хэлсэн. Гэтэл Баачка гэх залуу чи өөрийн алдсан морио таньж байгаа юм уу гэж асуухад би морио таньж байна. Энэ сартай халтар морь минийх гэж хэлээд манай гэрээс аваад явсан” гэх мэдүүлэг /хх 30/,

            Гэрч Б.Л- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сард Хайрхан баг 26-06 тоотод гэртээ байж байтал манай нөхөр Ц.Б- нь гаднаас орж ирээд манай адуун сүргийг дагаад 1 тооны сартай халтар зүсмийн адуу бэлчээд байна гэж хэлсэн. Удалгүй 10 хоног орчмын дараа Шарын гол сумын Хаалгатын хөдөө мал малладаг зүс таних Ш- буюу М.Л- гэх залуу гэрийн гадаа ирчихсэн хашааны завсраар танай адуу хаана байгаа юм бэ гэж асуучхаад яваад өгсөн. Үүнээс хойш 7 орчим хоногийн дараа уг Шонхоо гэх залуу нь манай гэрт ахин ирээд манай адуунд гүйж ирсэн сартай халтар зүсмийн адууг аваад явсан.” гэх мэдүүлэг /хх 32/,

            Гэрч М.Д- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О- гэх залуу бид хоёр гэрийн гадаа байж байтал Шарын гол суманд өмнө манай туслах малчин байсан Ш- гэх залуу сартай халтар адуу хөтөлж ирээд энэ адууг зарна шүү гэж хэлсэн. Гэтэл надтай хамт зогсож байсан О- гэх залуу уг адууг сонирхоод байсан. О- гэх залуу уг адууг сонирхоод худалдаж авахаар болсон. Ш- тухайн үед ганцаараа явж байсан. Онол уг морийг худалдаж авчхаад нэг сар гаруй болсны дараа надад таалагдаад байхаар нь би О- 1 тооны халзан морь өгөөд дээр нь эмээлээ өгч байж миний бие авсан. Тэгээд удалгүй тэр сартай халтар адууг Ш- адуу биш гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг /хх 34/,

            Гэрч А.О- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.Л-т бор морио өгсний хариуд сартай халтар адууг нь авчхаад түүнийгээ ахин Д- ахад өгөөд оронд нь хүрэн халзан морь эмээл хоёрыг нь авчихсан болохоор надад хохирол учраагүй ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх 38/,

“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт:

“Саран дэвсгэртэй чандмань тамгатай, сартай халтар зүсмийн адуу 1 толгой нь 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 1200000 төгрөг байна. /хх 42-43/,

 

Шүүгдэгч М.Лхаг-Очирын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 56/,

 

Мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан тул яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.М.Л- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай, шунахай сэдэлттэй, гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Иймд шүүгдэгч М.Л- алдуул малыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны бөгөөд шударга ёсонд нийцнэ.

 

Хохирогч С.С.О-ийн “одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, алдсан адуугаа эргүүлж авсан” гэх хавтаст хэргийн  23-р хуудсан авагдсан мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч М.М.Л-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчтай зөвшилцсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасныг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М.Л-ыг алдуул малыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М.Л-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч М.М.Л-т оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй. 

 

   4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

 

   5. Шүүгдэгч М.М.Л-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

   6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

           

 

                                    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ