Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 00134

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Сансарын ¹ 70 тоотод оршин суух, 1960 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 57 настай, эрэгтэй, Боржигин овогт Пунцагийн Баясгалангийн хүсэлттэй /РД:МЭ60122376/

Маз-509 маркийн автомашины жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Баянжаргал нар оролцов.

Тодорхойлох нь:

 

            Хүсэлт гаргагч П.Баясгалан шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1960 онд төрсөн. Би 1978 онд 10 дугаар ангиа төгсөж 1979 онд авто жолоочийн курс төгсөөд 1979 ондоо цэрэгт явж ирээд 1982 оны 07 дугаар сарын 01-нээс Зүүнхараа орон сууцны 1 дүгээр ангид бетончноор ажилд орж 1982 оны 11 дүгээр сараас бохирын тэрэгний жолоочоор ажиллаж байгаад 1984 онд ажлаасаа гарсан.

1985 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Авто тээврийн 42 дугаар баазад Маз 509 маркийн машины жолоочоор ажилд орсон. Ингээд 1988 онд авто тээврийн 42 дугаар баазад зохион байгуулалтын өөрчлөлт орж нэр нь өөрчлөгдөн Мод бэлтгэлийн аж ахуй болсон ба бид үргэлжлүүлэн Маз-ын жолоочоор 1991 оны 10 дугаар сарын 01 хүртэл ажиллаад мөн Мод бэлтгэлийн аж ахуй хувьчлагдан Ой модны шинэс ХК болоход мөн үргэлжлэн ажилласан. Одоо би тэтгэврээ тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийхдээ Маз 509 маркийн авто машины жолоочоор ажиллаж байсныг автын жолоочоор ажиллаж байсан гэж бичсэн мөн нийгмийн даатгалаас ажилд орсон, гарсан тушаалаа аваад ир гэсэн. Би Сэлэнгэ аймгийн архивт очиж өөрөө материалаа шүүсэн боловч цалингийн тодорхойлолт, зарим тушаалын материалыг авчирсан ба зарим тушаал нь байхгүй байна.

Иймд намайг 1985 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 01 хүртэл авто тээврийн 42 дугаар баазад Маз 509 авто машины жолоочоор, 1988 оны 07 дугаар сарын 01-нээс 1991 оны 10 дугаар сарын 01 хүртэл Мод бэлтгэлийн аж ахуйд Маз 509 маркийн авто машины жолоочоор ажилласан 6 жил 5 сар 4 хоногийг цуглуулсан нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

            Хүсэлт гаргагч П.Баясгалангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Бороогийн ¹ 28 тоотод оршин суух, 1970 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 47 настай, эмэгтэй, Боржигон овогт Чойнорын Мөнгөнцэцэгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдаанд П.Баясгалангийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. П.Баясгалан нь 1978 онд 10 дугаар ангиа төгсөөд 1979 онд жолоочийн курст суралцаж төгсөөд тэр ондоо цэргийн албанд татагдан яваад 1982 онд цэргийн албанаас халагдаж ирээд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Барилга орон сууцны 1 дүгээр ангид бетончноор ажилд орж 1982 оны 11 дүгээр сараас бохирын тэрэгний жолоочоор ажиллаж байгаад 1984 онд ажлаасаа гарсан байдаг юм. Тэгээд 1985 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс авто тээврийн 42 дугаар баазад Маз 509 маркийн машины жолоочоор ажилд орсон. Ингээд 1988 онд Авто тээврийн 42 дугаар бааз нь зохион байгуулалтын өөрчлөлтөнд орж Мод бэлтгэлийн аж ахуй болон хувирсан. Энэ үед Баясгалан нь уг байгууллагад мөн л Маз 509 маркийн машины жолоочоор үргэлжлүүлэн ажилласан. 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мод бэлтгэлийн аж ахуй нь мөн өөрчлөгдөж ой модны Шинэс ХК болоход бас Маз 509 машиныхаа жолоочоор үргэлжлэн ажилласан байдаг юм. Одоо тэтгэврээ тогтоолгох гэтэл автын жолоочоор ажилласан байна хэрэв нотлох баримт байгаа бол Маз 509 маркийн машины жолоочоор ажилласан гэдгээ тогтоолго гэсэн учир шүүхэд хандсан. Архиваас шүүлгэхэд зарим тушаал нь гарч ирэхгүй олдохгүй байгаа юм. Иймд Маз 509 маркийн авто машины жолоочоор ажиллаж байсныг нь холбогдох нотлох баримтуудыг үндэслэн тогтоож өгнө үү гэв.

 

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч Боржигин овогт Пунцагийн Баясгаланг Тээврийн яамны харьяа Зүүнхараа хот дахь авто тээврийн 42 дугаар баазад 1985 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Маз-509 маркийн автомашины жолоочоор, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Зүүнхараагийн мод бэлтгэлийн аж ахуйд 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Маз-509 маркийн автомашины жолоочоор тус тус ажиллаж ажил олгогчтой хөдөлмөрийн харилцаа үүсгэж байсан нь 1983 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Барилга орон сууцны 1 дүгээр ангиас олгосон хөдөлмөрийн дэвтрийн ажлын тухай мэдээ хэсэгт бичсэн бичилт, 1985, 1986, 1987, 1988, 1991 онуудын цалингийн тооцооны хүснэгтэд П.баясгалан Маз 509 маркийн машины жолооч гэснээр, Тээврийн яамны харьяа Зүүнхараа хот дахь авто тээврийн 42 дугаар баазын даргын 1988 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ¹ 68 дугаартай өөр газар шилжүүлэх тухай тушаал, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Зүүнхараагийн мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн ¹ 104 дугаартай ажилд томилох тухай тушаал болон хамт ажиллаж байсан Т.Эрдэнэтуяа, Д.Эрдэнэчулуун, Д.Цагаанхүү нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, тэднийг гэрчээр асууж мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул П.Баясгалангийн Тээврийн яамны харьяа Зүүнхараа хот дахь авто тээврийн 42 дугаар баазад, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Зүүнхараагийн мод бэлтгэлийн аж ахуйд Маз 509 маркийн автомашины жолоочоор  ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Хүсэлт гаргагч П.Баясгалангийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                  Тогтоох нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт заасныг баримтлан Боржигин овогт Пунцагийн Баясгаланг Тээврийн яамны харьяа Зүүнхараа хот дахь авто тээврийн 42 дугаар баазад 1985 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Маз-509 маркийн автомашины жолоочоор, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Зүүнхараагийн мод бэлтгэлийн аж ахуйд 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Маз-509 маркийн автомашины жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч П.Баясгалангийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Б.ХЭРЛЭН.