Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0184

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                           Хэргийн индекс:166/2021/0080/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагч  Г.Уянга,

Шүүгдэгч С.С.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ц-д холбогдох эрүүгийн 2118000000068 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, С.Ц-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

С.С.Ц- нь 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэртээ иргэн Б.Б.Э-ын нүүр хэсэг рүү аяга шидэж эрүүл мэндэд нь зүүн доод эрүүний булан орчмын болон зүүн хоншоор хэсгийн 3 шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч С.С.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлгээ өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Эрүүгийн  2118000000068 дугаартай хэргээс:

Хохирогч Б.Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.С.Ц- нэг шил 0.75 гр Хараа архи гаргаж ирээд түүнийг нь хуваагаад ууж байхад манай эхнэр Н.С- гаднаас намайг авах гэж орж ирсэн. Архиа уугаад арай дуусаагүй байхад С.С.Ц-ын хажууд сууж байсан хэн гэдгийг нь сайн санахгүй байна босоод явахаар нь би С.С.Ц-ын хажууд нь очоод суусан чинь С.С.Ц- гартаа барьж байсан шаазан аягаараа миний зүүн талын эрүү рүү цохиод нөгөө аяга нь хагараад газар унасан” гэх мэдүүлэг /хх 11/,

            Гэрч Д.Н.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 14-ний өглөө би нөрийгөө С.Ц-ын гэрт очсон байгааг нь мэдээд нөхрөө авах гээд очсон. Тэгэхэд С.Ц- болон түүний эхнэр Г-, найзууд нь болох Г-, Г-, Ш-, манай нөхөр нар нэг шил архи задалчихсан ууж байсан юм. Тэгээд байж байтал С.Ц-ын эхнэр Ш- маргалдаад байсан юм. Тэгээд С.Ц- Ш- рүү агсрах гээд байхаар нь эхнэр нь наад С.Ц-ыгаа дуугүй байлгаач ээ гэхэд манай нөхөр Б.Э- С.Ц-ын хажууд очиж суугаад С.Ц-д хандаж эд нар маргалдаж л байна биз, чи дуугүй байж бай гээд хажууд нь очиж суугаад С.Ц-ыг тайвшруулж байтал С.Ц- уух гэж байсан архитай аягаараа манай нөхрийн зүүн талын эрүү рүү цохиод нөхөр маань нүүрээ дараад доошоо суухаар нь би очоод хартал нөхрийн маань зүүн талын хацар болон эрүүнээс нь цус гарч байсан юм. Тэгээд эмнэлэгт очиж үзүүлэхэд эрүү болон уруул нь зүсэгдсэн байна гээд нэлээн оёдол тавиулсан юм.” гэх мэдүүлэг /хх 21-22/,

 

            Гэрч Ө.Г- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 14-ний өглөө 09 цаг өнгөрч байхад би сэртэл манай гэрт Б.Э-, Ш- 2 ирчихсэн манай нөхөр болон Г-, Г- нар тойроод суучихсан нэг архи задлаад ууж байхаар нь би Б.Э-, Ш- хоёрт хандаж та нар ууж чадахгүй байж урд нь байнга л хэл ам болдог шүү гэтэл тэд нар үгэнд орохгүй архиа уугаад байсан. Тэгж байтал Б.Э-ын эхнэр Н.С- нөхрөө авах гэж ирээд нөхөр нь явахгүй архи уугаад суугаад байсан юм. Тэгээд би Ш- гээд залууг манай гэрээс яв гээд урд өмнө нь түүний эгчээс би мөнгө авах ёстой байсныгаа хэлэхэд Ш- надаас уучлал гуйгаад байж байхад тасхийх чимээ гараад эргээд хартал Б.Э- доошоо тонгойгоод зүүн талын хацраа гараараа дарчихсан эрүүнээс нь цус гарч байхаар нь би юу болсон бэ гэтэл тэнд байсан хүмүүс С.Ц- сая ууж байсан архитай аягаа шидсэн гэж хэлсэн. Тэгээд эхнэр нь хүүхдүүдээ дуудаад эмнэлэг рүү Б.Э-ыг аваад явсан юм.” гэх мэдүүлэг /хх 24/,

 

            Гэрч А.Ш- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эхнэр нь надад хандаж чи юу хийж байгаа юм, өчигдөр орой чи намайг хөөсөн гэхээр нь би эгчээ уучлаарай гэж байтал нэг аяга хагарах шиг чимээ гарахаар нь би хартал Б.Э- ах доошоо тонгойгоод суучихсан хаанаас нь мэдэгдэхгүй цус гарч байсан бөгөөд Б.Э- ах амаа гараараа дарчихсан байсан юм. Тэгэхэд би Б.Э- ахаас яасан бэ, юу болсон бэ? гэхэд тэр С.Ц- намайг аягаар цохичихлоо гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хх 29/,

 

            Гэрч Б.Г- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.С-тай ойр зуурын юм яриад сууж байхад тасхийх чимээ гарахаар нь хартал Б.Э- нүүрээ дараад доошоо тонгойчихсон нүүр амнаас нь цус гарч байхаар нь юу болов, яасан бэ гэхэд тэнд байсан бүх хүмүүс С.Ц- Б.Э- руу аяга шидчихлээ гэсэн юм.” гэх мэдүүлэг /хх 31/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 140 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.Б.Б.Э-ын биед зүүн доод эрүүний булан орчмын болон зүүн хоншоор хэсгийн 3 шарх тогтоогдлоо.

2.Дээрх шархнууд нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Б.Б.Э-ын биед илэрсэн гэмтэл шархнууд нь тус бүрдээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Уг гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд буюу 2021.02.14- НД үүссэн байх боломжтой.

5.Б.Б.Э-ын нүүрэнд илэрсэн шархны сорви нь өөрийн ердийн явцаар арилахгүй.

6.Б.Б.Э-ын зүүн гарын шууны өмнө илэрсэн шарх нь мэс ажилбарын үед зүүн хоншоор хэсгийн арьсны дутагдлыг нөхөх зорилгоор арьс авснаас үүссэн болно.

7.Б.Б.Э-ын биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх 37-38/,

 

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 06/,

 

Хохирогч Б.Б.Э-ын хохирол төлбөртэй холбоотой баримт /хх 18/, өвчний түүх /хх 73-84/,

 

Шүүгдэгч С.С.Ц-ын эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 58-59/, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолт /хх 61-67/, оршин суух хаягийн лавлагаа /хх 68/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч С.С.Ц- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэртээ “шалтаг шалтгаан”-гүйгээр хохирогч Б.Б.Э-ын нүүр лүү аяга шидэж, түүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

                       

Шүүгдэгч С.С.Ц- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч С.С.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирогч Б.Б.Э- нь хохирол төлбөртэй холбогдуулан ажилгүй байсан хугацааны орлого 1.500.000 төгрөг, хоол хүнс болон тээврийн хэрэгслийн шатахуун авсан зардал зэрэгт 314.000 төгрөг нийт 1.814.000 төгрөг нэхэмжилснийг шүүхэд ирүүлсэн нотлох баримт нь цаг хугацааны хувьд таарахгүй, түүнчлэн эмчилгээний бус зориулалтаар хэрэглэгдсэн бараа бүтээгдэхүүн гэж, мөн орлогыг тодорхойлох нотлох баримтгүй зэрэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.С.Ц- нь хохирогч Б.Б.Э-т хохирол төлбөртэй холбогдуулан 400000 төгрөг төлснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан ба шүүгдэгч С.С.Ц-ын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөлийн хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.С.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С.Ц-ыг 450 нэгжтэй тэнцэх буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч С.С.Ц-д оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

            4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Б.Э-ын 1.814.000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.С.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй..

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.ТӨМӨРХҮҮ