Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
Хэргийн индекс | 149/2017/00079/И |
Дугаар | 00131 |
Огноо | 2017-04-06 |
Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 00131
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Баянбулгийн А-13 тоотод оршин суух, 1993 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 24 настай, эмэгтэй, Өөлд овогт Лхагважавын Бүтэдийн /РД:ТА93120204/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Баянсуудлын 1-16 тоотод оршин суух, 1993 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, Заншир овогт Баяндэлгэрийн Батмөнхөд холбогдох /РД:ЙГ93120614/
хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Бүтэд, түүний өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, хариуцагч Б.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Баянжаргал нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Л.Бүтэд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Б.Батмөнхтэй 2015 оны 10 дугаар сард танилцаад 12 дугаар сард нь Батмөнхийн гэрт нь очиж хамт амьдрах болсон. Гэтэл Батмөнхийн эцэг, эх нь хүүгээ надтай суулгахгүй гэж дургүйцсэн. Тэгэхээр нь би Батмөнхөд би гэртээ харилаа гэж хэлэхэд байж бай болох байх гэдэг байсан. Тэгээд би арга буюу 2016 оны 01 дүгээр сарын дундуур гэртээ буцаж ирсэн. Батмөнх энэ үед манай гэрт араас ирэхдээ дандаа согтуу ирдэг байсан. Цаг ерөөсөө харгалзахгүй өглөө, өдөр, орой, үүрийн 4-5 цагт ч ирдэг байсан. Эцэг, эх нь хүүгийнхээ араас хүрч ирээд манай гэрийнхнийг хэл амаар доромжилчихоод хүүгээ хүчээр авч явдаг байсан. Тэгээд би жирэмсэн болсноо 2016 оны 03 дугаар сарын эхээр мэдээд Батмөнхөд хэлэхэд хүүхдээ авахуул гэдэг байсан. 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн өглөө Батмөнх нь манайд найзтайгаа хамт ирж архи уучаад намайг зодсон. Би тэгэхээр нь цагдаад хэлэх гээд явахад машиндаа хүчээр суулгачихаад явуулахгүй байсан. Би хүүхдээ гаргахдаа Батмөнхөөс туслалцаа үзүүлээч гэж хүсэхэд зугатаад алга болсон. Төрснийхөө дараа би Батмөнхийг ирж уулзаач гэж хэлэхэд хүрч ирээгүй. Батмөнх нь одоо хүртэл хүүхдээ хараагүй, бараг хэзээ төрсөн, ямар нэртэй болохыг нь ч мэдэхгүй. Би охин Батитгэлэнг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрүүлсэн. Одоо миний асрамжинд бойжиж байна. Иймд охин Батитгэлэнгийн төрсөн эцгээр Б.Батмөнхийг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Батмөнх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Л.Бүтэд бид хоёр 2015 оны 10 дугаар сард танилцаад 12 дугаар сард нь манай гэрт хамт амьдарч байсан нь үнэн. Л.Бүтэд нь өмнө нь өөр хүнтэй сууж хүүхдээ авахуулж байсан гэсэн яриа байсан учир аав, ээж хоёр маань сонсчоод бид хоёрыг хамт амьдрахыг дургүйцээд байсан юм. Миний хувьд Бүтэдийг гэрээсээ явуулахгүй байж бай гэж хэлж байгаагүй. Дуртай цагтаа ирж очиж явдаг байсан. Би одоо өөр хүнтэй хамт амьдраагүй ч гэсэн үерхдэг хүүхэн бий. Тэр хүүхэн энд Мандал суманд байдаггүй. Иймд би нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Л.Бүтэд, хариуцагч Б.Батмөнх нар нь 2015 оны 10 дугаар сард танилцан гэр бүлийн харилцаатай болж 2016 оны 04 дүгээр сар хүртэл нэг гэрт хамт амьдарч байсан ба тэдний дундаас 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр охин Өөлд овогт Бүтэдийн Батитгэлэн төрсөн, одоо эх Л.Бүтэдийн асрамжинд эрүүл бойжиж байгаа болох нь зохигчдын тайлбар, ¹4322000415 гэсэн бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Бату ӨЭМТ-ийн тодорхойлолт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Л.Бүтэд, хариуцагч Б.Батмөнх нар нь гэр бүлийн хамтын амьдралын хугацаандаа гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байсан тул охин Батитгэлэнгийн төрсний гэрчилгээг авахдаа эх Л.Бүтэдээр овоглон авсан байх ба охин Б.Батитгэлэнгийн төрсөн эцэг нь Б.Батмөнх мөн болохыг тогтоон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн хариуцагч Б.Батмөнх нь охин Б.Батитгэлэнгийн эцэг биш гэж маргаж шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй бөгөөд харин өөрийн хүүхэд мөн гэдэгт эргэлзэхгүй, хүлээн зөвшөөрч байх тул эцэг тогтоох шинжилгээ хийлгэхээр Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн Шүүх эмнэлгийн хэлтсийг шинжээчээр томилох шаардлагагүй байна гэж үзэв.
Иймд нэхэмжлэгч Л.Бүтэдийн хариуцагч Б.Батмөнхийг охин Б.Батитгэлнгийн эцгээр тогтоолгож, сар бүр тэтгэлэг гаргуулж охин Б.Батитгэлэнг тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Л.Бүтэд нь төлбөрийн чадваргүй болох нь түүний тайлбар, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн судалгаа, Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Хариуцагч Б.Батмөнхөөс тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож 21470 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн нэгдсэн сангийн 130400941 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Бүтэдийн Батитгэлэнгийн эцгээр Баяндэлгэрийн Батмөнхийг тогтоосугай
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Өөлд овогт Бүтэдийн Батитгэлэнг 11 нас хүртэл тухайн бүс нутагт болон хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан охин Б.Батитгэлэнг 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Батмөнхөөс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Бүтэдийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч Б.Батмөнхөөс тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 21470 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн сангийн 130400941 тоот дансанд оруулсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Д.Батсайханд даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.