Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0188

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                           Хэргийн индекс:166/2021/0171/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагч  Ц.Цэен-Ойдов,

Хохирогч Ш.Ш.М-,

Шүүгдэгч Ч.Ч.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.М-ад холбогдох эрүүгийн 2118000670152 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 28-ны хүлээн авч өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ч.М-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.Ч.М- нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, “Магнолия” супермаркетын гадна 72** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор, 2021 оны 01 дүгээр сарын 06, 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ш.Ш.М-г байнга буюу 3 удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодсон,

2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ш.Ш.М-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад

  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Ч.Ч.М- Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр манай 2 дүү Сэлэнгээс ирсэн юм. Хот руу явж байхдаа манайхаар ороод 1 шил архи уусан юм. Тэгээд 4-үүлээ манайд жаахан сууж байгаад би дуу дуулъя гэхэд эхнэр намайг чимээгүй бай гээд таавчикаар ам руу цохисон, тэгэхээр нь би хүмүүсийн хажууд яаж байгаа юм гээд хүүхдийн хуванцар сандлаар гарын мөр рүү нь цохисон. 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өглөө таксинд явж байгаад өдөр цайны цагаар ирэхэд эхнэр надад манай найзын төрсөн өдөр хамт явъя гэхээр нь би явахгүй, архи уучихна, чи сайхан яваад ирээ гэхэд эхнэр чи өөр хүмүүстэй зөндөө явдаг биз дээ гээд уурлаад над руу хоёр тоглоом авч шидсэн. Тэгээд би зөрүүлээд гарт тааралдсан зүйлээ шидэхэд, тэр нь тогоо байсан юм билээ. Гэхдээ эхнэр хойно ирээд зогссоныг мэдээгүй, санамсаргүй оногдчихсон. Ингээд би за хөгшөөн уучлаарай гээд  толгойных нь цусыг арчаад, цагдаа энэ тэр дуудаад яах вэ хө гээд байж байтал манайд эхнэрийн хамаатны нэг эгч ороод ирэхээр нь би зөрөөд гарч явсан. Тэгээд л цагдаа энэ тэр болсон.” гэв.

     Хохирогч Ш.Ш.М- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “би саяхан хагалгаанд орсон. Одоо дахиад хагалгаанд орно. Бөөрний чулууны хагалгаанд орж байгаа юм. Ирэх 7 хоногийн 3 дахь өдөр орно. 3 настай нялх хүүхэдтэй, хагалгаанд орохоор хүүхэд харах хүнгүй, бас өөрийн машинтай хот явбал арай өөр юм болов уу? гэж бодоод, энэ байдлыг харгалзан үзэж нэг айлын амьдралыг авч үлдмээр байна. Угаасаа хамтран амьдарч байгаа, цаашдаа ч хамтран амьдрах учраас одоо асуудал үүсгэмээргүй байна.” гэв.

Яллах болон цагаатгах талуудаас Эрүүгийн 2118000670152 дугаартай хэргээс дараах нотлох баримтыг судлав.

            Гэрч С.С- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 01 дүгээр сард манай эхнэр болох Мөнхжаргалын ах Ч.М-ын гэрт, би, эхнэр болох М- хамт очсон юм. Тухайн үед Ч.М-, түүний эхнэр Ш.М-, манай эхнэр М- бид 4 байсан бөгөөд хоол унд идээд, Ч.М- нэг шил архи гаргаж ирээд бид 4 хамт хувааж уугаад, дараа нь би гаднаас ойролцоо байх дэлгүүрээс нэг шил архи авч орж ирээд бид 4 мөн хувааж уусан юм. Тэгээд тухайн үед бид нар согтсон байсан бөгөөд би унтчихсан юм. Тэгсэн чинь манай эхнэр хажуу талаас татаж сэрээгээд би босож ирээд харахад 2 цагдаа гаднаас орж ирсэн байсан. Тухайн үед Ч.М- эхнэр болох Ш.М-той муудалцсан байдалтай байсан, 2 цагдаа нь Ч.М-ыг авч гараад буцаад орж ирээд бид нар амарсан. Дараа нь эхнэр болох М- надад, Ч.М-, Ш.М- хоёр муудалцаж, Ч.М- эхнэр рүүгээ “сандал шидсэн, цохисон” талаар хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь Ш.М- Ч.М-ыг “Чи гар, зайл” гээд орилоод байсан бөгөөд Ч.М- эхнэр бид 2 той гадагш гарч Дарханаас Улаанбаатар хот руу явах замд байдаг клонкын дэргэд буугаад үлдэж, бид хоёр Улаанбаатар хот руу явсан юм. Сүүлд Ч.М-тай ярихад “Би гэрээсээ хөөгдчихлөө” хамаатныдаа байж байна” гэж ярьсан.” гэх мэдүүлэг /хх 53-54/,

 

            Гэрч Ш.Д- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Оргил худалдааны төв рүү орчхоод гарч байсан, одоо цагийг нь тодорхой, нарийн сайн мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар бол 13 цагийн орчим байсан гэж бодож байна. Тэр үед над руу миний дүү Ш.М- залгахаар нь утсаа автал ярихгүй цаанаа миний цусыг гоожуулчихлаа гээд орилж байсан, тэгэхээр нь би сандраад Дэвшилийн 17 дугаар байранд дүүгийнхээ гэрт яваад ороход манай дүүгийн нөхөр Ч.М- өөдөөс уучлаарай хамт эмнэлэг явж оёулъя гэж байгаад гараад явсан. Харин дүү Ш.М-гийн цус нь духаар нь асгараад савтай цэцэг газар унаад гэрээр нь дүүрэн шороо цус холилдсон, тогоо гэрийн хойморт хивсэн дээр байсан.” гэх мэдүүлэг /хх 36/,

 

            Гэрч Ө.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн үед буюу 2021 оны 01 дүгээр сарын 07- ны өглөө өөрийн ээж Ш- овогтой Ш.М-той утсаар ярихад “Намайг Ч.Ч.М- нь шөнө унтуулсангүй зодлоо” гэхээр нь би тухайн үед хамт байгаагүй, Улаанбаатар хотод байх гэртээ байсан болохоор Дархан-Уул аймгийн цагдаад өөрийн гар утсаар манай ээжийг зодсон байна гэж гомдол гаргачихсан юм.” гэх мэдүүлэг /хх 38-41/,

 

            Гэрч Н.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би цагаан сарын үеэр өөрийн нөхөр Сэргэлэнбат болон 2 хүүхдийнхээ хамт 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цагийн үед очсон. Тэдний гэрт очоод хоол хийж идээд, 1 шил Соёрхол нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архийг 4-үүлээ хувааж уусан. ...Архи дуусгаад 23 цагийн үед амрахаар болоод би, нөхөр 2 хүүхэдтэйгээ газар унтаад, ах, эхнэртэйгээ орон дээр унтсан. Амрахаар хэвтсэнээс хойш 1 цагийн дараа ах, эхнэртэйгээ маргалдаад байсан. Би сонсож байгаад айлын асуудалд ороод яахав, юу юу ч болоогүй байхад хүний асуудалд ороод яахав гэж унтаад өгсөн. Тэгээд эхнэр нь маргалдаж байгаад цагдаа дуудсан байсан. Цагдаа нар ирээд “нээх сүртэй асуудал үүсээгүй байна, эндээ учраа олчихоо, гадуур өвчтэй байхад эрүүлжүүлэх байр луу авч яваад яах юм бэ, хоорондоо асуудлаа олчихоо” гээд хэн хэнийг нь үлдээгээд цагдаа нар явсан.” гэх мэдүүлэг /хх 38-41/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 111 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.Ш.Ш.М-гийн биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /хх 65-66/,

 

Хохирогч Ш.Ш.М-д эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тухай хуудас /хх 63-64/,

 

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 5/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-9/,

 

Шүүгдэгч Ч.Ч.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 91/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх  тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, оршин суух хаягийн лавлагаа /хх 93-96/  зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүх шүүгдэгчид холбогдох Эрүүгийн 2118000670152 дугаартай хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Ч.М- нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, “Магнолия” супермаркетын гадна 72** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор, 2021 оны 01 дүгээр сарын 06, 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ш.Ш.М-г байнга буюу 3 удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодсон,

2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ш.Ш.М-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэлээ.

Учир нь: Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Ч.Ч.М-, хохирогч Ш.Ш.М- нарын хоорондох эр эмийн хардалтаас үүссэн маргаан буюу 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, “Магнолия” супермаркетын гадна 72** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор “одонгийн найран дээр эрэгтэй багштай байн байн зургаа авхуулж байсан гэж хувийн сэдэлттэй маргаанаас үүдэлтэйгээр хардаж гар луу нь цохисноос цагдаад дуудлага өгч байсан байна.

Мөн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 17-14 тоотод шүүгдэгч Ч.Ч.М-ын дүү М-, нөхрийн хамт тэдний гэрт зочилсон байх үед гэрч Н.Мөнхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би цагаан сарын үеэр өөрийн нөхөр С- болон 2 хүүхдийнхээ хамт 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цагийн үед очсон. Тэдний гэрт очоод хоол хийж идээд, 1 шил Соёрхол нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архийг 4-үүлээ хувааж уусан. ...Архи дуусгаад 23 цагийн үед амрахаар болоод би, нөхөр 2 хүүхэдтэйгээ газар унтаад, ах, эхнэртэйгээ орон дээр унтсан. Амрахаар хэвтсэнээс хойш 1 цагийн дараа ах, эхнэртэйгээ маргалдаад байсан. Би сонсож байгаад айлын асуудалд ороод яахав, юу юу ч болоогүй байхад хүний асуудалд ороод яахав гэж унтаад өгсөн. Тэгээд эхнэр нь маргалдаж байгаад цагдаа дуудсан байсан. Цагдаа нар ирээд “нээх сүртэй асуудал үүсээгүй байна, эндээ учраа олчихоо, гадуур өвчтэй байхад эрүүлжүүлэх байр луу авч яваад яах юм бэ, хоорондоо асуудлаа олчихоо” гээд хэн хэнийг нь үлдээгээд цагдаа нар явсан.” гэх мэдүүлгээр шүүгдэгч, хохирогч нар нь үл ялих зүйлээр маргалдаж байсныг гэрч мэдүүлсэн, дуудлагаар ирсэн цагдаагийн ажилтан мөн зөвлөгөө өгөн буцсан болохыг гэрч мэдүүлжээ.

Дээрх цаг хугацаанд гарсан гэр бүлийн маргаан нь хүчирхийллийн шинжгүй, эхнэр нөхөр хоорондын үл ойлголцол, харилцаа хандлагаас үүссэн гэж үзэхээр байна. Хэрэв хүчирхийллийн шинж давамгайлж, хүний эрх, эрх чөлөөнд халдсан аливаа асуудал байсан тохиолдолд дуудлагаар очсон цагдаагийн алба хаагч холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэсэн байх учиртай.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Ч.М- “дуу дуулъя” гэхэд эхнэр Ш.Ш.М- тавчикаар ам руу цохиод байсан учраас цохиулсандаа сандал шидсэн гэж мэдүүлснийг хохирогч үгүйсгээгүй болно.

Иймд шүүгдэгч Ч.Ч.М-ын 2020 оны 10 дугаар сарын 21, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь нотлогдон тогтоогдоогүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ш.Ш.М-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдэл нь хохирогч Ш.Ш.М-гийн...”2021 оны 02 сарын 15-ны өдөр гэртээ байж байхад 13 цагийн орчим манай нөхөр Ч.М- гаднаас орж ирэхээр нь би нөхөртөө хандаж орой манай найз Б- даалуу аваад хүрээд ирээрэй, манайд тоглоё гэж хэлж байна лээ шүү, гэтэл манай нөхөр надад хандаж надад хэлэхдээ “тэд нар л болсон хойно архи дарс ууна” гэж байгаа гэхээр чи тоглоё гэж байхад яагаад архи дарс ууна гэж бодоод байгаа юм бэ, чи дургүй байгаа бол гараад явчихгүй юу,гэтэл чи намайг гараад яв гэж хэллээ, чи намайг гараад явсны дараа хэнтэй ч хамаагүй үлдэх гэж байна гэсэн” гэж хоорондоо эхнэр нөхрийн хүндлэл, хүлээцгүй зан, эр эмийн хардалтаас шалтгаалан хэрэлдэн маргалдаж, цэцэг авч газарт шидэх, тогтоо авч хохирогч руу шидэхэд хохирогчийн толгой оногдсон үйл баримт тогтоогдож байх тул хувийн таарамжгүй харьцаанаас үүсэлтэй гэр бүлийн маргаан /хэрүүл/-д шүүгдэгчийн догшин авир, хүчирхийлэл тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Энэ хэрэгт хохирогч Ш.Ш.М- нь шүүгдэгч Ч.Ч.М-аас нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан ба шүүгдэгч Ч.Ч.М-ын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөлийн хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн төмөр тогоог шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.14 дүгээр зүйлийн 2-д заасныг журамлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ч.М-ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2.Шүүгдэгч Ч.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч.М-ыг 450 нэгжтэй тэнцэх буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Ч.Ч.М-ад оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

5.Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн тогоог устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

            7.Шүүгдэгч Ч.Ч.М-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.ТӨМӨРХҮҮ