| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2021/0172/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0189 |
| Огноо | 2021-07-23 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2021/0172/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч Х.Х.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-д холбогдох эрүүгийн 2018003760070 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автомеханик мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн 3-р хороо, *******, туслах цахилгаанчин ажилтай, ам бүл 5, аав, эгч, ах нарын хамт, урьд:
-2002 оны 08 сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн 131-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20000 төгрөгөөр торгох ялаар,
-2006 оны 05 сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.1-д зааснаар 1 сар баривчлах ялаар,
-2007 оны 01 сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2, 261-р зүйлийн 261.1-т зааснаар 3 жил 11 сар 7 хоногийн хорих ялаар,
-2013 оны 03 сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар,
-2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
-2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
-2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн Х.Б-
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Х.Х.Б- нь 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р багаас иргэн Ж.Ж.Т-ийн 09-** ДАА улсын дугаартай тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ “Самсунг жи-7” маркийн гар утсыг утсаар ярьчхаад өгьө гэж хуурч авч 230000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Х.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Эрүүгийн 2018003760070 дугаартай хэргээс:
Хохирогч Ж.Ж.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Анх намайг авч явсан залуу Хээтэйгийн 2б ороод буучихъя гэсэн. Тэгээд Хээтэйгийн 1а байрны Саран дэлгүүрийн урдуур өнгөрөөд түүний хажуугийн Болор гэх салоны урд зогсоол дээр зогссон чинь тэр залуу буугаад нэг явснаа буцаад ирсэн. Тэгээд “ахаа утсаа өгөөч би дэлгүүр орж яриад ундаа авчхаад ирье. Та намайг буцаагаад нүхэн гарц дээр хүргэж өгөөрэй” гэсэн. Тэгээд би өөрийн Самсунг Ж-7 маркийн гар утсаа өгсөн чинь аваад явсан. Тэгээд хүлээгээд байдаг ирдэггүй, бараг 30 орчим минут болоход ирээгүй. Би хүлээгээд ирэхгүй болохоор нь хүний утас гуйж өөрийнхөө дугаар руу залгасан чинь холбогдох боломжгүй болсон байсан.” гэх мэдүүлэг /хх 15-16/,
“Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт:
2019 оны “Самсунг Жи-7” маркийн гар утас /хэрэглэж байсан/ 1 ширхэг эд зүйлийн үнэлгээ 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 230000 /хоёр зуун гучин мянга/ төгрөг /хх 28-29/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-13/,
Шүүгдэгч Х.Х.Б-ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 68/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 113-138/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 146/,
Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 6/83 дугаартай хоригдол шилжүүлэх тухай прокурорын зөвшөөрөл /хх 149/,
409 дүгээр хаалттай хорих ангийн Х.Х.Б-ы 2021 оны 06 дугаар сарын 14-ны өдрөөр тасалбар болгон гаргасан ялын тооцоо /хх 151/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Х.Х.Б- нь 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р багаас иргэн Ж.Ж.Т-ийн 09-** ДАА улсын дугаартай тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлээд буухдаа түүний “Самсунг жи-7” маркийн гар утсыг утсаар ярьчихаад өгьө гэж хуурч аван 230000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Х.Б- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Х.Х.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хохирогч Ж.Ж.Т- нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй гэх тайлбар өгсөн тул шүүгдэгч Х.Х.Б-ыг бусдад төлөх төлбөргүй байна үзлээ.
Шүүгдэгч Х.Х.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Х.Х.Б- нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 443 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.
Иймд шүүгдэгч Х.Х.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 443 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 17 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 02 жил 03 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Х.Б- 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдсөн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д зааснаар дахин өршөөлд хамааруулах үндэслэлгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х.Б-ы урьдчилан цагдан хоригдсон 39 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.
Шүүгдэгч Х.Х.Б- нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х.Б-ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн залилан авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х.Б-ыг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 443 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 3 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х.Б-д оногдуулсан 2 жил 3 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х.Б-ы урьдчилан цагдан хоригдсон 39 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн өд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Х.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Х.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ