| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2021/0178/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0190 |
| Огноо | 2021-07-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2021/0178/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Хохирогч Д.Д.А-,
Шүүгдэгч Л.Л.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.А-т холбогдох эрүүгийн 2118000000160 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зүтгүүрийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Л.А-
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Л.Л.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 05 дугаар сарын 23-ны өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, 5 дугаар хэсэг, 15 дугаар байрны 1 дүгээр гудамжинд Д.А- маргалдан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний зовхи, зүүн нүдний зовхи, амны хөндий, ууц нуруу, зүүн хөлийн шилбэ, гуянд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.А- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлгээ өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Хохирогч Д.Д.А- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр над руу 17:00 цагийн үед манай найз З.Ч- над руу гараад ирээч гэж залгасан. Тэгээд н.Ч- байж байгаад би гадагшаа бие засах гээд гарсан. Тэгтэл энэ хүн хойноос гарч ирээд намайг машин руугаа чирсэн. Тэгээд миний өмд энэ тэрийг тайлаад хүчиндэх гэж оролдсон. Тэгээд би эсэргүүцэхэд сүртэй юм бэ пизда чинь гэсэн. Ингээд намайг машиндаа түгжчихсэн. Тэгээд хэсэг байж байгаад гарч ирээд машинаас буу пизда минь, гичий чинь энэ тэр гэж доромжилсон. Тэгээд буух гэтэл миний хөлөөс чирээд жалга руу оруулаад тэнд намайг зодсон. Толгой руу цохиод, хүзүү энэ тэр боосон. Намайг болиоч гэтэл зөндөө хэлэхэд зодоод байсан. Тэгээд би гараараа түлхээд одоо болъё гэж гуйн байж болиулсан. Тэгээд явах гэтэл хармаанд утас байхгүй байсан, миний утсыг яасан олж өг гэхэд энэ хүн жалганд унасан байсан гээд олж өгсөн. Миний утсыг олж өгөхөөр нь би н.Ч- руу залгаад танай найз чинь намайг зодоод байна гээд орилоод уйлахад найз н.З- нь гарч ирээд дагуулаад явсан.” гэв.
Эрүүгийн 2118000000160 дугаартай хэргээс:
Гэрч З.Ч-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн үед би найз З- гэрээс нь очиж аваад үйлчилгээний арын 20 дугаар байрны гадаа машинаа тавиад манай найз залуу болох З- машинд суугаад бид хэд Л.А- гэх манай найз залуугийн найзынх нь гэрт очсон. Тэнд бид нар хоорондоо танилцаж хөзөр тоглоод 2 литрийн 4 ширхэг пиво уусан. З- ойр ойрхон тамхи татах гээд гадаа жорлон руу гараад байсан. З- байшинд хэсэг сууж байгаад би харилаа гэхээр нь ууж байгаа юмаа дуусгачхаад явъя гэж хэлсэн. Гэтэл Л.А- утсаар яриад гараад явчихсан. З- араас нь гарах гэж байхаар нь хайчих гэж байгаа юм гэхэд тамхи татах гэж байна гэсэн. Зулаа гадаа гараад удалгүй над руу залгаад уйлаад хашгираад байхаар нь Золжаргал бид хоёр гадагшаа гарахад Л.А- хашааны үзүүрт зогсож байхаар нь би Л.А- луу гүйгээд очсон.Би тэгээд З- дээр яваад очсон чинь намайг чирээд, нүүр лүү гараараа цохиод зодчихлоо гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 51-52/,
Гэрч С.З- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч- утас руу Зулаа залгаад орилохоор нь би гүйгээд гарахад З- А- 2 хашаанаас нэлээн хол зайтай газар хэвтчихсэн хоорондоо зууралдаад байж байсан. Би очоод салгахад А- цаашаа алхаад явсан.” гэх мэдүүлэг /хх 53-54/,
Насанд хүрээгүй гэрч Д.М- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...З- эгчийн хоёр нүд хөхөрсөн, нурууных нь доод хэсгээр зулгарсан, баруун хөлийнх нь гуя нь хөхөрсөн байсан. Тэгээд З- эгч амаа ангайгаад хоолойгоо надад харуулахад хоолойных нь баруун тал дотор талдаа улайсан байсан. Дараа нь би З- эгчийн толгойг нь бариад үзтэл дагз хэсэг нь хавдсан байсан.” гэх мэдүүлэг /хх 60/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 319 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Д.Д.А-ын биед тархи доргилт, баруун нүдний зовхи, зүүн нүдний зовхи, амны хөндий, ууц нуруу, зүүн хөлийн шилбэ, гуянд цус хуралт зулгаралт тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжгой.
3.Д.Д.А-ын биед илэрсэн дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.
4.Д.Д.А-ын биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх 73-74/,
Хохирогч Б.Э- хохирол төлбөртэй холбоотой баримт /хх 22-24/,
Шүүгдэгч Л.Л.А-ын эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх 84-85/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 92/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Хохирогч Д.Д.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...”намайг машин руугаа чирсэн. Тэгээд миний өмд энэ тэрийг тайлаад хүчиндэх гэж оролдсон” гэж мэдүүлж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Л.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 22- 23-нд шилжих шөнийн 01 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, 5 дугаар хэсэг, 15 дугаар байрны 1 дүгээр гудамжинд “шалтаг шалтгаан”-гүйгээр хохирогч Д.Д.А-ыг зодож түүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.А- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Л.А-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хохирогч Д.Д.А- нь хохирол төлбөртэй холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 800.000 төгрөг, эмчилгээний зардал 276.000 төгрөг нийт 1.276.000 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс ажилгүй байсан хугацааны цалин 800.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангалтгүй тул хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Л.Л.А-аас эмчилгээний зардал 276 000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Д.Д.А- нь ажилгүй байсан хугацааны цалин 800000 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй ба шүүгдэгч Л.Л.А- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулахаа илэрхийлэн “Хохирол төлбөрийг төлнө. Нотлох баримтаа гаргаад ирвэл ажилгүй байсан хугацааны цалинг төлнө” гэх мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгснийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэхэд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан ба шүүгдэгч Л.Л.А-ын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөлийн хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Л.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л.А-ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Л.Л.А-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Л.Л.А-аас 276000 төгрөг гаргуулан хохирогч Д.А- / -д олгосугай
5.Хохирогч Д.Д.А-ын ажилгүй байсан хугацааны цалин 800000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шүүгдэгч Л.Л.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ